УБ -1°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Solution Journal 0%
Ц.Уянга: Боловсролын бодлого улс төрийн өөрчлөлтөөс үл хамааран тогтвортой үргэлжилдэг байх нь чухал
Solution Journal
Нүүр хуудас / Solution Journal / Ц.Уянга: Боловсролын бодлого улс төрийн өөрчлөлтөөс үл хамааран тогтвортой үргэлжилдэг байх нь чухал

Ц.Уянга: Боловсролын бодлого улс төрийн өөрчлөлтөөс үл хамааран тогтвортой үргэлжилдэг байх нь чухал

Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч
2026.09.28 · 5 унших

Хүн хэдэн нас хүртлээ суралцах ёстой вэ? Энэ асуултад тодорхой нас зааж хариулах боломжгүй болсон цаг үе иржээ. Технологи, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хэрэгцээ хурдтай өөрчлөгдөхийн хэрээр нэг удаа эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ насан туршдаа ажилладаг уламжлалт хэв маяг ч өөрчлөгдөж байна. Тиймээс Solution Journal булангийнхаа энэ удаагийн дугаарт хурдтай хөгжин, өөрчлөгдөж  буй энэ цаг үед Монголын дээд боловсролын салбар хэрхэн хөгжиж буй болон тулгамдсан ямар асуудлууд байгаа талаар МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн ахлах багш, доктор Ц.Уянгатай ярилцлаа.

“Боловсрол бол насан туршийн үйл явц”

fin-2.jpg

“Хүн амьдралынхаа ихэнх хугацаанд ямар нэг хэлбэрээр суралцсаар байдаг. Хамгийн анх гэр бүлийн орчноос эхлэн, сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, их, дээд сургууль гээд боловсрол эзэмших үе шатууд үргэлжилнэ. Сүүлийн жилүүдэд дэлхийн боловсролын чиг хандлагад хүн насан туршдаа суралцах ёстой гэсэн ойлголт улам хүчээ авч байна л даа. Учир нь хөдөлмөрийн зах зээл дээр шаардагдах ур чадвар байнга өөрчлөгдөж байна. Технологи хөгжихийн хэрээр өнөөдөр хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадвар хэдэн жилийн дараа хангалтгүй болж, өөр шинэ ур чадвар, мэдлэг шаардлагатай болох нь бий. Тиймээс хүн өөрийн ур чадварыг байнга шинэчлэн сайжруулснаар нэг ёсондоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцэх юм. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт харьцангуй тэнцвэржин эдийн засаг болон хүмүүсийн сайн сайхан байдалд эергээр нөлөөлөх юм.

Боловсрол гэдэг бол нийгэмд идэвхтэй амьдрахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн иргэн бэлтгэх үйл явц гэж судлаачийн хувьд ойлгодог. Улс орон хөгжиж, иргэд нь сэтгэл хангалуун, сайн сайхан амьдрахын тулд энэ салбар зайлшгүй чухал.” 

“Их сургуульд илүү олон сонголт бий болж байна”

“Монголын дээд боловсролын салбарын хөгжлийг эргээд харахад, МУИС 1942 онд байгуулагдсан нь Монголд орчин үеийн дээд боловсролын тогтолцоо бүрэлдэх чухал эхлэл болсон түүхтэй. Эхэндээ олон улсын жишигтэй ижил бүтэц бий болон, байгалийн ухаан, нийгмийн ухаан, багшийн чиглэл зэрэг салбаруудаар төрөлжин хөгжсөн байдаг. Харин 1990-ээд оноос нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор манай улсын дээд боловсролын салбар барууны, тэр дундаа АНУ-ын боловсролын загвараас кредит систем тэргүүтэй олон арга туршлагыг суран хэрэгжүүлсэн шүү дээ. 

2000-аад оны эхэн үед бид их сургуульд элсэхдээ тухайн мэргэжлээ шууд сонгож, элсэлтийн шалгалтын оноогоор тэр мэргэжлээрээ суралцдаг байлаа. Тэр үед 16-17 настай хүүхэд насан туршийнхаа мэргэжлийг тэр богино хугацаанд сонгох хүнд шийдвэртэй нүүр тулдаг байсан. Түүнийгээ элссэнийхээ дараа өөрчлөх, өөр чиглэлээр суралцах, давхар мэргэжил эзэмших боломж ч харьцангуй хязгаарлагдмал байсан л даа. Байгалийн ухааны мэргэжил сонгосон бол тэр шинжлэх ухааныхаа л хичээлийг үзэх боломжтой, нийгмийн ухаан сонговол нийгмийн ухааны хичээлээ л үзнэ гэх мэт.

fin-9.jpg

Харин өнөөдөр энэ тогтолцоо илүү уян хатан болж байна. Жишээлбэл, МУИС-д элссэн оюутан эхний жилдээ ерөнхий суурь буюу олон салбарын суурь хичээлүүдийг судлан дараа хавар нь мэргэжлээ сонгох, эсвэл хос мэргэжил эзэмших зэрэг боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, оюутан анх сонгосон мэргэжилдээ баригдахгүйгээр өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн суралцах боломж нэмэгдсээр байна. Өмнө нь сургуулиас гаргаж өгсөн хуваарийн дагуу хичээлээ үзээд явдаг байсан бол одоо оюутан өөрөө хичээлийн хуваариа сонгох боломжтой. Үүний зэрэгцээ цагийн ажил хийх, өөрийгөө хөгжүүлэх, бусад чиглэлээр мэдлэг эзэмших боломжууд бий болж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварт нь ч сайнаар нөлөөлж байна.

Мөн их сургуульд элсэх боломж ч нэмэгдсээр байгаа. Тухайлбал, элсэлтийн шалгалтад хүссэн оноогоо авч чадаагүй бол МУИС-д “иргэнээр” суралцах боломж бий. Тухайлбал “иргэн” гэдэг статусаар элсэн 15 орчим кредит судалж байгаад элсэлтийн шалгалтаар оноогоо ахиулан МУИС-д элссэн тохиолдолд өмнө үзсэн хичээл, кредитээ тооцуулах боломжтой байдаг. Энэ нь тогтсон, уламжлалт арга барилаас арай өөрөөр, өөрийн нөхцөл байдал, сонирхол, боломжид тохируулан сонголт хийх хувилбарууд бий болж байна гэсэн үг юм. Үүний зэрэгцээ их, дээд сургуулиудын суралцах орчин, үйлчилгээ ч өмнөх үеэс харьцангуй сайжирсан байгаа.

Их сургуулийн тухайд сургалт, судалгаа, нийгэмд үйлчлэх гэсэн гурван үндсэн чиглэлтэй. Судалгаагаар бий болгосон шинэ мэдлэгийг сургалтад оруулж, улмаар нийгэмд хэрэглэх нь их сургуулийн үндсэн үүргийн нэг. Судалгаа нь мэдлэгийн эдийн засаг болон инновацын тогтолцооны суурь болдог. Тиймээс их сургууль шинэ мэдлэг үйлдвэрлэдэг байгууллага байх ёстой. Тиймээс шинэ мэдлэгийг бүтээн, нийгэмд хэрэгтэй идэвхтэй иргэдийг бүтээхийн тулд салбар дундын хөтөлбөртэй байх нь чухал болж байна. Ирээдүйд тулгарах асуудлууд зөвхөн нэг салбарын хүрээнд шийдэгдэхгүй. Байгалийн ухаан, нийгмийн ухаан, технологи зэрэг өөр өөр чиглэлийн мэдлэгийг нэгтгэж байж шинэ бүтээл, инновац бий болох боломжтой.”

Хоорондоо хамааралтай боловч ажлын талбар дээр нэгдэн ажиллахад хүндрэлтэй байдаг салбар шинжлэх ухааны зааг дээр хөтөлбөр боловсруулан, мэргэжилтэн бэлтгэх шийдэл олон улсад үр дүнгээрээ тэргүүлж байна. Манай оронд ч энэ салбар, тэнхим дундын хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн боловсролыг Монгол Улсад эзэмшүүлэх, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, олон соёлын орчинд бусадтай хамтран ажиллах чадвартай иргэн бэлтгэх зорилгодоо нэг алхам ойртох аж.

“Өнөөдрийн мэдлэг маргааш хуучирч болох хурдтай хөгжлийн эрин үед бид амьдарч байна”

fin-17.jpg

“Их сургуулиуд хичээлийнхээ хөтөлбөрийг ойр ойрхон тогтмол шинэчилдэг. Энэ нь дэлхий хэр хурдтай өөрчлөгдөж байгаатай холбоотой юм. Даяаршил, технологийн хөгжил хурдацтай явагдаж байгаа өнөө үед бидний өнөөдөр ярьж байгаа шинэ мэдлэг, мэдээлэл маргааш гэхэд ахиад шинэчлэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. 

Хөтөлбөрийг нэг удаа боловсруулаад олон жил өөрчлөхгүй байхын оронд багш нар хичээлээ тогтмол шинэчилж, орчин үеийн судалгаа, шинэ мэдлэгийг сургалтад нэвтрүүлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд хичээл бүрийн агуулгын тодорхой хэсгийг жил бүр шинэчлэх байдлаар тасралтгүй сайжруулах шаардлагатай. Ингэж байж оюутанд зөвхөн өнөөдөр хэрэгтэй мэдлэгийг өгөхөөс гадна цаашид судалгаа шинжилгээ хийх, олон улсын түвшинд ажиллахад нь чиглүүлэх боломжийг нээж байгаа юм. Тиймээс сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг жил бүр л хийгдэж байдаг формаль ажил гэж ойлгож болохгүй. Энэ бол боловсролын чанарыг хадгалах зайлшгүй процесс шүү дээ. Тиймээс багш хүн ч гэсэн тасралтгүй суралцах шаардлагатай болж байгаа юм. Шинэ мэдлэг, судалгаа, мэдээлэл хаана гарч байна, түүнийг байнга судалж, мэдлэгээ шинэчилж байж оюутанд орчин үеийн мэдээллийг хүргэнэ шүү дээ.

Гэхдээ мэдээллийн сан дахь шинэ өгүүлэл, судалгааг багш бүр тогтмол уншиж, мэдэх боломж хязгаарлагдмал. Тиймээс өнөөгийн боловсролын чиг хандлага багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалт руу шилжиж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, багш бүхнийг мэддэг, оюутан зөвхөн хүлээн авдаг гэсэн ойлголтоос илүүтэй багш, суралцагч хоёр хамтдаа суралцдаг байх шаардлагатай болжээ.”

Их сургуулийн тогтолцоо, чиг хандлага өөрчлөгдөхийн зэрэгцээ түүний бэлтгэж буй төгсөгчийн өрсөлдөх орчин ч өөрчлөгдөж байна. Өнөөдөр оюутан Монголын хөдөлмөрийн зах зээлээс цаашлаад олон улсын түвшинд мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх шаардлагатай болжээ. Тэгвэл Монголын дээд боловсрол энэ шаардлагад хэр нийцэж байна вэ? 

Монголын дээд боловсрол олон улсын жишигт хүрэх нь…

fin-15.jpg

“Монголын дээд боловсролын тогтолцоонд сүүлийн жилүүдэд томоохон өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, 2023 онд боловсролын тухай хуулиуд цогцоороо шинэчлэгдсэн байдаг. Энэ шинэчилсэн зохицуулалтаар дээд боловсрол нь нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, олон соёлын орчинд ажиллаж, амьдрах чадвартай, ёс суртахуунтай иргэн бэлтгэх зорилготой болсон. Энэ нь Монгол Улсын “Алсын хараа 2050”-д дэвшүүлсэн дээд боловсролыг олон улсын стандартад хүргэх зорилготой уялдаж байгаа юм. Үүний хүрээнд дотоодын их, дээд сургуулиудыг олон улсын шалгуур үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлэх болсон. Тухайлбал, Times Higher Education буюу THE-ийн үзүүлэлтийг ашиглан дотоодын их, дээд сургуулиудыг эрэмбэлснээр шилдэг их сургуулиудад дэмжлэг олгох, Монголын их, дээд сургуулиуд олон улсын түвшинд хаана байгаагаа харж, цаашид юугаа сайжруулах шаардлагатайг тодорхойлоход ч дөхөм болж байгаа юм.

Мөн сургуулиудыг эрэмбэлэх тогтолцоо бий болсноор тэргүүлэх чиглэлүүдэд шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэсэн төрийн санхүүжилт, дэмжлэгийг илүү оновчтой хуваарилах боломжтой болж байна гэж харж байгаа. Байгаль орчин, хөдөө аж ахуй, инженерчлэл зэрэг улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлд мэргэжилтэн бэлтгэхэд ийм бодлого маш чухал.

Гэхдээ бодлогын түвшинд тавьсан зорилго, бодит биелэлтийн хооронд зөрүү бий. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын санхүүжилтийн дийлэнх хэсэг сургалтын төлбөрөөс хамааралтай байдаг юм. Ингэснээр судалгаанд зарцуулах хөрөнгө хомсдох асуудал их гардаг. Уг нь их сургууль гэдэг чинь зөвхөн хичээл заадаг, мэдлэг дамжуулдаг байгууллага биш шүү дээ. Судалгаа хийн шинэ мэдлэг үйлдвэрлэн, түүнийгээ сургалтаар дамжуулан эргэлтэд оруулж, улмаар мэдлэгийн эдийн засгийн суурь болох хүмүүн капиталыг бий болгох учиртай юм. Харин энэ тогтолцооны зарим хэсэг Монгол Улсад маань хангалттай тогтоогүй л байна.

Үүний нэг жишээ нь, хөдөлмөрийн зах зээл болон их, дээд сургуулийн мэргэжил бэлтгэх чиглэлийн зөрүү юм. Улсын тэргүүлэх чиглэлд шаардлагатай байгалийн шинжлэх ухааны судлаачид болон инженер зэрэг мэргэжилтэн зах зээлд дутагдаж байхад бизнес, хууль зэрэг чиглэлд элсэгч хэт их байх асуудал олон жил яригдаж байгаа. Энэ тохиолдолд бид элсэгч цөөн байгаа тэргүүлэх чиглэлүүдийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатай. Багш мэргэжлээр элсэгчдэд тэтгэлэг олгодог шиг хэрэгцээтэй чиглэлүүдэд тэтгэлэг олгох, суралцах хугацаанд нь ажлын байран дээр дадлага хийх боломж бүрдүүлэх зэрэг бодлого хэрэгтэй байна.”

fin-5.jpg

-Гадаадын их, дээд сургуулиудад шилжин суралцах, мөн манай орныг зорин ирэх оюутны тоо хэр их байна вэ? 

-Манай орны 15 мянга гаруй оюутан хилийн чанадад суралцдаг гэсэн тоог ЮНЕСКО гаргасан байдаг. Гэтэл манай Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллээр бол гадаадад 2,000 гаруй оюутан суралцаж байгаа гэдэг. Тэгэхээр энэ 2,000 оюутан бол яг элчин сайдын яаманд бүртгэгдсэн мэдээлэл бөгөөд суралцагчдын мэргэжлийн чиглэл, нас, хүйс зэрэг үзүүлэлт нь тодорхой харагддаг. Харин өнөө 15 мянган суралцагчийн мэдээлэл бол ийм тодорхой биш л дээ. Манай оюутнууд англи хэлээр ярьдаг барууны орнууд, мөн Европын орнуудад суралцах нь түгээмэл. Үүн дээр сүүлийн жилүүдэд Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад суралцах нь эрс нэмэгдэж байна. 

Харин манай орны гадаад оюутны тухайд гэвэл 2025-2026 оны хичээлийн жилд дэлхийн 35 орны 4,355 суралцагч Монголыг зорин иржээ. Тэдний мянга хүрэхгүй нь бакалавр, үлдсэн нь магистр, докторын түвшинд суралцаж байна. Манай орны гадаад оюутнуудын 86 орчим хувь нь урд хөршөөс ирсэн байна. Ер нь хөрш зэргэлдээ оронд, тив дотроо шилжин суралцахад зардал бага байхаас эхлээд давуу тал их бий шүү дээ. 

Уг нь олон улсын жишигт нийцсэн сургуулийн гадаад оюутны тоо бол нийт оюутны 2,5 хувиас багагүй байх ёстой байдаг. Манайд бол 0,01 хувьд ч хүрэхгүй байна. Тиймээс гадаад оюутнаа татахын тулд бид юу хийх ёстой вэ гэвэл хамгийн наад зах нь англи хэл дээр хичээлээ үзэх боломжоор нь хангаж өгмөөр байна. Мөн хөтөлбөрийн чанар, сургалтын хэл, оюутанд үзүүлэх үйлчилгээ, сургуулийн орчин, зардал, тухайн улсын болон сургуулийн маркетинг зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. 

-Мөн манай улс “Ерөнхийлөгчийн илгээлт - 2100” хөтөлбөрөөр жил бүр шилдэг оюутнуудаа гаднын шилдэг их сургуулиуд руу тэтгэлгээр суралцуулж байгаа шүү дээ. Энэ хэр үр ашигтай, оновчтой хөтөлбөр вэ?

-Энэ бол байх ёстой хөтөлбөр мөн үү гэвэл мөн. Гэхдээ боловсрол судлалд бол үүнийг “элитийн тогтолцоо” гэж нэрлэдэг юм. Яагаад гэвэл энэ хөтөлбөр цөөн тооны оюутанд хүрч байгаа дэмжлэг. Эдгээр оюутан шилдэг их сургууль төгсөн, мэдлэг чадвараа ахиулаад Монголдоо буцаж ирэхгүй бол яах вэ. Нөгөө бидэнд тулгамдаад байгаа “тархины гоожилт” гэдэг үзэгдлийг л нэмэгдүүлнэ шүү дээ. Тиймээс энэ хөтөлбөрийг илүү үр ашигтай байлгахын тулд аль болох Монголын их, дээд сургуулиудтайгаа хамтарсан хөтөлбөр болгон уялдуулах нь чухал гэж боддог. Жишээ нь хоёр жил эх орондоо сураад, хоёр жил гадаадад сураад хос дипломтой болдог ч юм уу. Энэ нь боловсон хүчнээ авч үлдэх, мөн дотоод, гадаадын их сургуулийн хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг давуу талтай.

“Ранк” юуг хэлдэг вэ?

Их сургуулийн чанар, олон улсын түвшинд нийцэж буй эсэхийг сургалтын хөтөлбөрөөс гадна судалгааны үр дүн, багш, оюутны орчин, олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон хүчин зүйл хөндөгдөнө. Эдгээрийг тодорхой шалгуураар хэмжиж, сургуулиудыг хооронд нь харьцуулан эрэмбэлдэг систем бол “эрэмбэлэх” юм. Сүүлийн жилүүдэд Монголын их, дээд сургуулиуд ч олон улсын эрэмбэд багтаж эхэлсэн. Энэ нь манай сургуулиудын хувьд ямар ач холбогдолтой, яг юуг нь хэмждэг талаар үргэлжлүүлэн тодрууллаа.

fin-10.jpg

“Их, дээд сургуулийн чанарыг зөвхөн нэр хүндээр нь дүгнэх боломжгүй юм. Тухайн сургууль олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. Монголд бол энэ үүргийг хөтөлбөрийн магадлан итгэмжлэл гүйцэтгэдэг юм. Магадлан итгэмжлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, сургалтын орчин, оюутны үйлчилгээ, санхүү зэрэг олон үзүүлэлтийг авч үзнэ. 2022 оны байдлаар үндэсний хэмжээнд хэдэн зуун хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар хөтөлбөрөө үнэлүүлж байгаа сургуулиуд ч бий. Сүүлийн жилүүдэд манай хувийн их, дээд сургуулиуд ч хөтөлбөрийнхөө чанар, магадлан итгэмжлэлд илүү анхаарч эхэлсэн нь сайшаалтай зүйл мөн.

Харин дэлхийн их, дээд сургуулиудыг чансаагаар  нь эрэмбэлэх /ranking/ нь үүнээс харьцангуй өргөн хүрээтэй ажил. Times Higher Education зэрэг эрэмбэлгээний системүүдэд академик өгөгдөл, судалгааны бүтээл, судалгааны чанар, олон улсын хамтын ажиллагаа, сургалт, багш-оюутны харьцаа, үйлдвэрлэлтэй хамтын ажиллагаа, сургуулийн орлого зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг. Жишээлбэл, тухайн сургуулийн эрдэмтэд дэлхийн мэдлэгийн санд хэр их хувь нэмэр оруулж байна вэ? Өндөр нөлөөлөл бүхий судалгаа хэр олон байна вэ? Гадаадын оюутан хэдэн хувьтай вэ, үйлдвэрлэлтэй хэр зэрэг хамтардаг вэ? гэх мэт үзүүлэлтүүдийг хардаг байх нь. Монгол Улс ч энэ системд орж эхэлж байна. Дотоодын 61 их, дээд сургуулийг Times Higher Education-ийн үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлэх ажил хийгдсэн. МУИС 2025 онд анх удаа THE-ийн дэлхийн ranking-д 5001+ ангилалд багтсан. Мөн МУИС-ийн байгалийн ухааны салбар тусдаа үнэлгээгээр 1001+ ангилалд эрэмбэлэгдсэн. МУИС-ийн хувьд сүүлийн таван жилд олон улсын мэдээллийн сан, тэр дундаа Scopus-д бүртгэгддэг сэтгүүлүүдэд мянга гаруй өгүүлэл хэвлүүлсэн нь судалгааны үзүүлэлтэд нөлөөлж байгаа. Олон улсын хамтын ажиллагаа ч мөн эрэмбэд чухал “жин” даадаг.

fin-12.jpg

Мөн Times Higher Education Impact Rankings гэж бий. Энэ нь их сургуулиуд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудад хэрхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлдэг. Монголын хувийн их, дээд сургуулиудаас Отгонтэнгэр, Сити зэрэг сургуулиуд энэ төрлийн үнэлгээнд орж байгаа нь дотоодын сургуулиуд олон улсын үнэлгээний системд оролцох боломж нэмэгдэж байгааг харуулж буй сайн мэдээ юм.

Гэхдээ эрэмбийн тухай ойлголтыг “дэлхийн шилдэг 100-д орох” өрсөлдөөнөөр хязгаарлах нь учир дутагдалтай гэдгийг хэлмээр байна. Анх дэлхийн их, дээд сургуулиуд шилдэг оюутан, шилдэг багшийг татах, нэр хүндээ өсгөх зорилгоор энэ ранк гэдэг зүйл гарч ирэн хоорондоо өрсөлдөж ирсэн байдаг. Ер нь эдийн засгийн даяаршил, боловсролын зах зээлжилттэй холбоотой гэж ойлгож болно.

Харин өнөөдөр бол дэлхийн боловсролын урт хугацааны зорилго нь тогтвортой хөгжилтэй улам бүр холбогдож байна. Тиймээс их, дээд сургуулиуд зөвхөн эрэмбийн төлөө өрсөлдөхөөс гадна нийгэм, эдийн засаг, байгаль орчинд бодит хувь нэмэр оруулдаг хариуцлагатай байгууллага болох чиглэл рүү шилжих хандлагатай байгаа.”

Их сургуулиудыг эрэмбэлэх нь нэг талаас бизнес, зах зээлийн шинжтэй харьцуулалт аж. Гэвч энэ үзүүлэлт яах аргагүй элсэгчдэд нөлөөлөх нэг хэлбэр мөн. Тиймээс ч хөгжиж буй орнуудын хувьд олон улсын стандартад хүрэх, дэлхийн эрэмбэд өөрийн байр суурийг ахиулах зорилго одоо ч чухал хэвээр.

“Сайд солигдох бүрд бодлого өөрчлөгдөх ёсгүй” 

Боловсролын чанарын тухай яриа их сургуулийн доторх сургалт, судалгааны асуудлаар хязгаарлагдахгүй өргөн юм. Тухайлбал, сурагчийн анх боловсрол эзэмшиж эхэлсэн үеэс их сургууль төгсөх хүртэлх бүх шат хоорондоо уялдаатай учраас нэг түвшинд хийсэн өөрчлөлт нөгөө түвшиндээ заавал нөлөөлнө. Тиймээс боловсролын салбарыг бүхэлд нь авч үзэхэд бодлогын тогтвортой байдал, залгамж чанар ямар байх ёстой вэ гэдэг асуудал гарч ирэх аж.

fin-6.jpg

“Боловсролын салбар бол улс орны амин чухал салбаруудын нэг. Энэ салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь бодлогын залгамж чанар юм. Яамны бүтэц өөрчлөгдөх, сайд солигдох бүрд өмнөх бодлого үргэлжлэхгүй, шинээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх тохиолдол их байдаг. Түүнчлэн олон улсын сайн туршлага байна гээд л түүнийг шууд авч хэрэгжүүлэх хандлага ажиглагддаг ч тухайн бодлого Монголын нөхцөлд үнэхээр тохирч байна уу, нутагшиж чадаж байна уу, үр дүн нь ямар байна вэ гэдгийг үнэлж, дүгнэх нь маш чухал. Өөр улсын туршлагаас суралцах нь мэдээж буруу биш ээ. Харин Монголын нийгэм, эдийн засаг, боловсролын орчинд хэрхэн хэрэгжихийг нь тооцож, хэрэгжүүлснийхээ дараа үр дүнг нь хэмжих шаардлагатай. Ямар нэг бодлого хэрэгжүүлсэн л бол дараагийн шинэ бодлого руу шууд шилжихээс урьтаж өмнөх бодлого үр дүнгээ өгсөн эсэхийг үнэлэх тогтолцоо хэрэгтэй байна. Энэ асуудал бол их дээд сургуулиас гадна сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролд ч хамаатай. Тухайлбал, хүүхэд сургуулийн өмнөх боловсролд юу сурсан, хэрхэн нийгэмшсэн, бага боловсролд ямар суурь мэдлэг эзэмшсэнээс дунд боловсролд хэрхэн суралцах нь хамаардаг шүү дээ. Улмаар энэ бүхний нийлбэр нь их, дээд сургуульд амжилттай суралцах, цаашдын ажил мэргэжил, карьерын боломжтой нь ч холбогдоно. Тиймээс боловсролын шат бүрийн хоорондын уялдааг цогцоор нь авч үзэх шаардлагатай.

Жишээлбэл, бага боловсролд хүүхдийг тоглоомоор дамжуулан сургах бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол бид эхлээд багшаа бэлдсэн байх хэрэгтэй шүү дээ. Багш нь ийм аргачлалаар хичээл заахад бэлтгэгдсэн үү, хүүхдийг хэрхэн тоглуулах вэ, сургалтын орчин нь бүрдсэн үү гэдгийг хамтад нь төлөвлөх хэрэгтэй. Үүнтэй адил гуравдугаар ангиас англи хэл заахаар шийдлээ гэхэд түүнийг заах багшийн нөөц хангалттай эсэх, шаардлагатай хүний нөөц, орчин нөхцөл бүрдсэн эсэхийг зэрэг тооцох ёстой.

Өөрөөр хэлбэл, нэг бодлогын шийдвэр олон зүйлтэй зэрэг уялддаг. Тиймээс боловсролын салбарт аливаа шинэчлэлийг системтэйгээр төлөвлөж, хэрэгжилтийг нь бодитоор үнэлэх нь чухал.”

Монголд их сургуулийн төлбөр үнэтэй юу?

fin-9.jpg

Монголын дээд боловсролын тогтолцоо, олон улсын үнэлгээ, бодлогын асуудлыг ярьсны дараа оюутан, гэр бүлийн түвшинд хамгийн шууд мэдрэгддэг нэг асуудал урган гарч ирнэ. Энэ бол сургалтын төлбөр болон дээд боловсролын санхүүжилт. Тиймээс энэ хэсэгтээ бид монгол сургуулиудын төлбөр бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байдаг, боловсролын салбар хэр хэмжээнд санхүүжиж байгааг хөндөхийг зорилоо.

“Дээд боловсролын сургалтын төлбөр өндөр байна гэсэн асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Гэхдээ сургалтын төлбөрийг бүтэн жилийн дүнгээр нь харахаас өмнө тухайн сургалтын зохион байгуулалт, кредитийн системтэй нь хамт авч үзэх нь зөв юм. Сургалтын төлбөрийг их, дээд сургуулийн зүгээс тогтоохдоо судалгаа шинжилгээнд үндэслэн тодорхой хугацаанд шинэчилж явдаг. Энэ утгаараа нэг жилийн сургалтын төлбөрийг боломжийн гэж би боддог. Учир нь Монголын их, дээд сургуулиуд кредит системээр хичээллэдэг бөгөөд оюутан өөрийн боломжид тохируулан тухайн улиралд хэдэн кредит судлахаа зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл заавал бүх хичээлээ нэг дор авч, нэг жилийн дотор бүх ачааллаа үүрэх шаардлагагүй шүү дээ. Боломж нөхцөлөөсөө хамааран шаардлагатай кредитээ судлаад явж байж болно. Ялангуяа ахисан түвшний оюутнууд ажил, мэргэжилтэйгээ хослуулан суралцах ч боломжтой.

Гадаад улс орнуудын сургалтын төлбөрийн тогтолцоо харилцан адилгүй байдаг. Европын зарим оронд дээд боловсролын зардлын ихээхэн хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Жишээлбэл Германд бол суралцагч багахан төлбөр төлөөд л их сургуульд сурч болно. Харин Их Британи зэрэг англи хэлтэй, зах зээлийн чиг баримжаатай орнуудад сургалтын төлбөр харьцангуй өндөр бөгөөд ялангуяа гадаад оюутны төлбөр дотоодын оюутнаас ялгаатай байх тохиолдол бий. АНУ-д ч дотоодын болон гадаад оюутны төлбөр ялгаатай тогтоогдох загвар байдаг шүү дээ. Монголд ч бий.  Гэхдээ бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Олон улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ таван хувиар боловсролын салбараа санхүүжүүлдэг. Гэтэл манай оронд ердөө нэг хувийг л зарцуулдаг. Гэтэл хөгжингүй орнуудын ДНБ хэд билээ, манайхтай харьцуулахад өндөр тоо гарна. Манай боловсролын салбар ийм хэмжээний л санхүү, дэмжлэгтэйгээр урагшилж, хөгжих гэж хичээж яваа юм шүү дээ.”

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа!

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.