УБ -6°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Passion in the City 0%
Passion in the City: Гэрэл зургийн Гамма агентлагийн 30 жилийн ой тохиож байна
Passion in the City
Нүүр хуудас / Passion in the City / Passion in the City: Гэрэл зургийн Гамма агентлагийн 30 жилийн ой тохиож байна

Passion in the City: Гэрэл зургийн Гамма агентлагийн 30 жилийн ой тохиож байна

Д.ЖавхланД.Занданбат
Д.Жавхлан, Д.Занданбат
Сэтгүүлч
2026.11.20 · 3 унших

Монголд зах зээлийн шуурга өрнөж хувийн хэвшил дөнгөж байгуулагдаж байх үед гэрэл зургийн тэр тусмаа баримтат гэрэл зургийн анхны хувийн агентлагийг гэрэл зурагчин С.Цацралт, Ц.Батзориг, Л.Ганзориг нар зориглон үүсгэн байгуулсан юм. Тухайн үед хүмүүсийн гэрэл зургийн тухай ойлголт одоогийнх шиг өргөн дэлгэр байсангүй. Тэд өнгөрсөн цаг хугацаанд агентлагийн ёс зүйн зарчмаа ягштал баримтлан олон гэрэл зургийн төрлөөр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар ийнхүү 30 жилийн ойтойгоо золгож байна. 

Гэрэл зургийн Гамма агентлагийн 30 жилийн хугацаанд авсан гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт энэ сарын 22-ны өдөр Дүрслэх урлагийн нэрэмжит Занабазарын музейд олны хүртээл болох гэж байгаа юм. Ийнхүү бид Passion in the City булангийнхаа энэ удаагийн дугаарт гэрэл зургийн Гамма агентлагийг онцолж, тэдний 30 жилийн түүхийг залуу насных нь дурсамж, гэрэл зураг, мэдрэмжийн хамт хүргэж байна.

Гамма агентлагийн гүйцэтгэх захирал Л.Элбэгзаяа

элбэн.jpg

-Та Гамма агентлагтай хэдэн жилийг хамт үдэж байна вэ? 

-Гамма агентлагтайгаа би 28 жил болж байна.

-Гэрэл зурагтай холбогдсон цагаасаа хойш мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Мэдрэмж  байна. Өөртөө таалагдсан зургаа хальснаас цаасан дээр буулгасан тэр үе. Яг өөрийн санаж бодсоноо цаасан дээр буулгах үедээ маш гоё мэдрэмж мэдэрч байсан.

-Гамма агентлагийн 30 жилийн ойд зориулсан ном, үзэсгэлэнг та нэг өгүүлбэрээр илэрхийлбэл та юу гэж дүгнэх вэ?

-Монгол Улсын 30 жилийн түүхийг харуулсан ном, үзэсгэлэн байх болно.

Гамма агентлагийн дизайнер Д.Болд

cover-6.jpg

-Та анх Гамма агентлагт хэзээ нэгдэж байв? 

-2002 онд “Ирмүүн” агентлагт анх хэвлэлийн дизайнерын сууриа тавьж байлаа. 2004 онд ажлын шугамаар Гамма агентлагаас зургийн файл авахаар очихдоо их сүрдэж билээ. Тэр цагаас хойш удалгүй хоёр жилийн дараа “Гамма”-гийн дизайнераар ажиллахаар болсон юм. 

-Гэрэл зурагтай холбогдсоноосоо хойш та юунаас хамгийн их хүсэл тэмүүлэл мэдэрч байна даа?

-Зурагчдаараа л бахархана шүү дээ. Гэрэл зурагчны нүдээр хардаг болох юм сан гэх нууцхан хүсэл хааяа төрнө. Нэг орчинд өрнөж буй зүйлийн зургийг аваад харьцуулаад харахад тэд илүүц хэсгийг хасаад, яг ямар санаа илэрхийлэх гэж байгаагаа илүү тодорхой,  өгүүлэмжтэй гаргаж, гэрэл сүүдрээр донжтой тоглосон байдаг. 

Гэрэл зурагчдынхаа бүтээсэн зургийн түүхийг сонсоод, юуг харуулахыг зорьсныг мэдэх үед би яг тэр хэм хэмжээг нь алдагдуулахгүйгээр зургийг цаасан дээр буулгаж чадвал үнэхээр сайхан санагддаг. Технологи хөгжихийн хэрээр гэрэл зураг төрөл бүрийн дэлгэц дээр харагдах байдал болон цаасан дээр хэвлэгдэхдээ хүссэн өнгөний ялгарал, яг бодиттойгоо ойр буух тэр мөчид хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Цаашид оффсет хэвлэлийн технологи дээр гэрэл зургийн өнгийг хүссэнээрээ гаргахыг хүсэж байна даа.

-Энэ жил танай агентлагийн 30 жилийн ой болж байна. Энэ удаагийн ном, үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээ илэрхийлбэл?

-Манай агентлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн үүсгэн байгуулсан ах нар, бидний үе, мөн хойших залуус дүү нар гэсэн гурван үе нийлэн нэгэн цогц бүтээл гаргаж байгаагаараа онцлогтой. Энэ ном, үзэсгэлэнгийн агуулга ямар нэгэн хязгаарт баригдалгүй, өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй тусгаж, бодит амьдралыг хүүрнэн өгүүлж, үйл явдлыг баримтжуулснаа дэлгэн харуулж буй явдал болж байна даа.

Гамма агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж

cover-5.jpg

-Гамма агентлагт нэгдсэнээс хойш хэдэн жилийг хамт үдэж байна вэ? 

-Би өмнө нь өдөр тутмын сонинд ажилладаг байсан юм. Анх Гамма агентлагтаа 2008 онд орж ирж байлаа.

-Гэрэл зурагтай холбогдсон цагаас хойш мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмж, хүсэл тэмүүллийнхээ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

-Сайн зураг авахаар их гоё мэдрэмж төрдөг. Би 2010 оны зудын сурвалжилгын зургуудаа их сайн зураг болсон гэж боддог юм. Тухайн үед хэвлэл мэдээлэл хүмүүс төдийлөн тоогоогүй л дээ. Гэхдээ дараа нь 2017 онд нүүрс тээврийн зам сурвалжилга Ройтерс агентлагт нийтлэгдэж, гаднын том хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон хүнд хүрэх үед цаашид илүү ихийг хийх маш том хүсэл тэмүүлэл төрж, эрмэлзэл маань нэмэгдсэн юм.

-Энэ жил Гамма агентлагийн 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд гаргаж буй ном, үзэсгэлэнг та нэг өгүүлбэрээр дүгнэвэл?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдал, хүмүүсийн аж амьдрал зэргийг та бүхэн манай ном болон үзэсгэлэнгээс харах боломжтой.

Гамма агентлагийн гэрэл зурагчин Д.Давааням

cover-3.jpg

-Гамма агентлагтай хэдэн жилийг хамт үдэж байна даа? 

-20 жилийн өмнө буюу 2006 онд анхны бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Тухайн үед Гамма агентлагийн Элбэгзаяа ахаар дамжуулж, Цацаа ахтайгаа танилцаад, удалгүй  Гамма агентлагтайгаа нэгдэж байлаа.

-Та юунаас хамгийн хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ? 

-Гэрэл зурагчин хүн үзэсгэлэн, номоо гаргах үед гэрэл зургаас авдаг тэр мэдрэмж, хүсэл тэмүүлэл нь өөр түвшинд хүрдэг. Түүнээс л их хүсэл тэмүүлэл мэдэрч цаашид олон шинэ зүйл хийж бүтээх эрмэлзэл төрдөг дөө.

-Гамма агентлагийн 30 жилийн ой болж байна. Энэ жилийн ном, үзэсгэлэнгийн талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Агентлагийн маань 30 жилийн ойн үзэсгэлэн, ном цаг үеийн тохироо нь яг сайхан бүрдсэн гэж бодож байна. Баримтат гэрэл зураг, үзэсгэлэн ном товхимол гаргах тал дээр бид эргэлтийн цэг дээрээ явж байна уу гэж харж байгаа. Цаг үеэ дагаад сүүлийн жилүүдэд гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлтийн үнэ цэнийг илүү мэдэрч, гэрэл зураг, ном зэргийг их авч хадгалдаг болсон. Та бүхэн ч бас энэхүү соёлыг түгээж бидний нэг хэсэг болох ном, үзэсгэлэнг үзэж сонирхоорой гэж хүсэж байна.

Гамма агентлагийн гэрэл зурагчин Б.Нямгэрэл

cover.jpg

-Гамма агентлагтайгаа хэдэн жилийг хамт үдэж байна вэ? 

-Гамма агентлагтайгаа 25 жилийг хамт туулж байна даа. 

-Гэрэл зурагтай холбогдсон цагаас хойш танд төрж байсан хамгийн сайхан мэдрэмж, хүсэл, тэмүүллээсээ хуваалцахгүй юу?

-Музейн үзмэрүүдийн зураг авалтыг хэлнэ. Хүмүүсийн төдийлөн олж хараад байдаггүй нуугдмал өнцгүүдийг гэрэл зураг, гэрэлтүүлэг хоёроор хослуулан илэрхийлж, тэрхүү зургийг хүмүүс хараад “Өө, ийм нарийн уран хийцтэй байсан юм уу” гэж хэлэхийг сонсох үед их таатай санагддаг юм.

-Энэ жил танай агентлагийн 30 жилийн ой тохиож байна. Энэ жилийн ном, үзэсгэлэнг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?

-Бид цаашид илүү бүтээлчээр ажиллаж, гэрэл зургаар дамжуулан түүх бүтээх ёстой гэж бодож байна.

Гамма агентлагийн гэрэл зурагчин Б.Инжинааш

cover-1.jpg

-Та Гамма агентлагтайгаа хэдэн жилийг хамт үдэж байна вэ? 

-Би 19 жилийг хамт үдэж байна даа.

-Гэрэл зурагтай холбогдсон цагаасаа хойш мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмж, хүсэл тэмүүллээсээ хуваалцаач?

-Гэрэл зураг авч эхэлснээс хойш мэдэрсэн хамгийн сайхан зүйл бол урьд өмнө огт танихгүй байсан хүмүүс, газар орон, амьдралын олон янзын ертөнцтэй танилцаж, тэдгээрийн нэг хэсэг болж чадсан явдал. Камер миний өмнө маш олон хаалгыг нээж өгсөн. Харин хамгийн том хүсэл тэмүүлэл маань өнөөдрийг хүртэл гэрэл зураг авах хүсэл минь хэвээр байгаа явдал болов уу. Маргааш ямар агшин, ямар учрал намайг хүлээж байгааг мэдэхгүй ч камераа аваад гарах хүсэл одоо ч надад байдаг.

Гамма агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбат

cover-2.jpg

-Гамма агентлагтайгаа хэдэн жилийг хамт үдэж байна вэ? 

-3 жилийг хамт үдэж байна. Би хамгийн отгон гишүүн нь байгаа юм.

-Гэрэл зурагтай холбогдсон цагаасаа хойш мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмж, хүсэл, тэмүүллээсээ хуваалцахгүй юу?

-Сайн зураг авах үед юм болов уу. Тэр “сайн дарсан” гээд байгаа зургийг мэргэжлийн хүмүүс шүүж, алдаа оноо, магтаал, шүүмж бүгдийг хослуулан ярьж үнэхээр сайн зураг гэдгийг нь тодорхойлох цаг үед л хамгийн сайхан мэдрэмж төрдөг дөө.

-Энэ жил танай агентлагийн 30 жилийн ой болж байна. Ойн хүрээнд гаргаж буй ном, үзэсгэлэнг та нэг өгүүлбэрээр дүгнэх юм бол?

-Бидний аз жаргалтайгаар хамтдаа ярилцаж, мэтгэлцэж, маргалдаж, бүтээлч сэтгэлгээгээр хандсан бүтээл.

cover-4.jpg
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчдийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Д.Занданбат
Д.Занданбат
Гэрэл зурагчин · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.