Олон улсын шилмэл бүтээлүүдийг Монголынхоо үзэгчдэд хүргэж, үндэсний уран бүтээлчдийнхээ цар хүрээг дэлхийд таниулдаг "Улаанбаатар" (UBIFF) олон улсын кино наадам энэ жил 18 дахь удаагаа үүд хаалгаа нээлээ. Уран бүтээлчид болон кино сонирхогчдын хувьд онцлох үйл явдлуудын нэг болох тус наадмын нээлтийг бид "Passion in the City" цувралынхаа энэ удаагийн дугаараар онцлон зорилоо. Кино урлагт хайртай үнэнч үзэгч хийгээд энэхүү салбарт сэтгэл зүрхээ зориулан уран бүтээлээ туурвисаар яваа Монголын кино урлагийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлогч найруулагчдын урам зориг, сэтгэгдлийг багтаасан сурвалжилгаа уншигч танд толилуулъя.
Б.Батдэлгэр: Олон уран бүтээлчийн сэтгэл зүрх шингэсэн, хүний сэтгэлд хүрэх чанартай бүтээлээр дэлхийн кино наадмуудад Монголынхоо нэрийг гаргахыг зорьж байна

- Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын кино наадам манай кино урлагийн салбарт ямар үнэ цэн, орон зайг бий болгож байна гэж та харж байна вэ?
- “Улаанбаатар” олон улсын кино наадам өдгөө уран бүтээлчид маань цэвэр чанар, чансаагаараа өрсөлддөг, өөрсдийгөө сорьдог томоохон наадам болж чадсан байна. Миний хувьд тус наадамд өмнө нь хэд хэдэн удаа оролцож байсан болохоор жил ирэх тусам хэрхэн өсөж, чанаржиж байгааг хажуугаас нь харж яваа гэхэд болно. Кино сонирхогчид ч, салбарынхан маань ч “бүтээлээ заавал энэ наадамд сойж үзэх юм сан” гэж зорьдог, хүсэн хүлээдэг тийм л чухал орон зай болжээ.
- Энэ удаагийн “Улаанбаатар” кино наадам өмнөх жилүүдээс юугаараа өөр, ямар шинэлэг өнгө аястай санагдаж байна вэ?
- Энэ жилийн наадам өмнөх жилүүдийг бодвол маш цэгцтэй, өндөр чанартай бүтээлүүд өрсөлдөж байгаагаараа онцлог байна. Өмнө нь олон кино аваад, олон төрлөөр шагнал гардуулдаг байсан бол энэ удаа сонгон шалгаруулалт нь илүү чамбай болж, шигшигдсэн цөөн бүтээл оржээ. Тэр дундаа олон улсын наадмаас шагнал авсан чансаатай кинонууд өрсөлдөж байгаа нь энэ наадмын шүүлт, түвшин ямар байгааг бэлхнээ харуулж байна.
- Та энэ удаагийн наадамд ямар уран бүтээлээр оролцож байна вэ. Киноныхоо гол санаа болон хүргэх гэсэн зорилго, хүлээлтээсээ товч хуваалцвал?
- Миний хувьд 2012 оноос кино урлагийн салбарт туслахаас эхлээд жүжигчнээр ажиллаж байсан бол 2019 оноос бие даан кино найруулж эхэлсэн. Яг бие даан найруулагчаар ажиллаад 7 дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн наадамд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” уран сайхны киногоороо оролцож байна. Дайн ба эх орны сэдэвтэй энэ кино маань кино театруудаар нээлтээ хийгээд үзэгчдэд хүрээд явж байна.
Манай кино саяхан Москвагийн олон улсын кино наадмын шилдэг 20 киноны нэгээр шалгарч, 50 жилийн дараа Монголоос уг наадамд оролцоод ирсэн. Мөн үүнтэй зэрэгцээд ОХУ-ын өөр нэгэн кино наадмаас “Гран-при” шагнал хүртсэн сайхан мэдээтэйгээр энэ удаагийн “Улаанбаатар” кино наадамдаа оролцож байна.
Кино уран бүтээл өөрөө хүний сэтгэлийг хөдөлгөж байх ёстой. Кино бүтээхэд маш олон хүн цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан болохоор тэднийхээ хөдөлмөрийг хөсөрдүүлэхгүйн тулд их хичээсэн. Бүтээл маань үзэгчдийн сэтгэлд хүрэхийн хажуугаар энэ наадамд шалгарч, оролцож байгаа нь бидний ажилд өгч байгаа том үнэлгээ болов уу.
- Кино урлагийн салбарт ажиллахад танд хамгийн их эрч хүч, урам зориг өгдөг мөч хэзээ вэ. Цаашид энэ салбарт хийж бүтээхийг зорьж буй хамгийн том хүсэл тэмүүлэл тань юу вэ?
- Зохиолын судалгаа, эрэл хайгуул хийж, киноны бэлтгэл ажлаа базаагаад, жүжигчид болон уран бүтээлийн багаа цуглуулах яг тэр мөч надад хамгийн их эрч хүч, урам зориг өгдөг. Бэлтгэл ажлын энэ үе шат өөрөө маш сайхан байдаг бөгөөд үүний дараа жинхэнэ "дайны талбар" буюу зураг авалтын ажил эхэлдэг дээ.
Цаашдын уран бүтээлийн хувьд, бид саяхан Монголын хатдын түүх, ордны амьдралын илэрхийлэмжийг харуулах “Харц хатан” уран сайхны киноны зураг авалтаа дуусгаж, одоо эвлүүлгийн шатанд орсон. Ирэх жил үзэгчдэд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Алсын хараа, хүсэл тэмүүллийн хувьд зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахыг хүсэхгүй байна. Москва, Солонгос, Канн, Данангийн зэрэг олон улсын кино наадмуудад оролцож байсан туршлагадаа үндэслэн, Монголын кино урлагийг дэлхийн түвшинд гаргах, тэрхүү том дэвжээнд хөл тавихад нь өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээж байна.
О.Урантуяа: Монгол хүний зүрхэнд байдаг нүүдэлчдийн ахуй соёл, мөн чанарыг “Явуулын хүн говьд” бүтээлээрээ дамжуулан харуулахыг зорьсон

- Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын кино наадам манай кино урлагийн салбарт ямар үнэ цэн, орон зайг бий болгож байна гэж та харж байна вэ?
- “Улаанбаатар” олон улсын кино наадам бол уран бүтээлч хүний хувьд бүтээлээ өрсөлдүүлэх юм сан гэж хүсдэг, тэсэн ядан хүлээдэг наадмуудын нэг. Ялангуяа Монгол эх орондоо дэлхийн кино урлагтай хөл нийлүүлэн, дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, уран бүтээлчдийг хооронд нь сорьж өрсөлдүүлж байгаа нь маш том үнэ цэн юм.
Миний хувьд анх 2017 онд “Явуулын хүн” киногоороо оролцож байсан цагаасаа хойш тус наадмыг тогтмол сонирхон судалж ирсэн. Энэ жилийн хувьд “Явуулын хүн говьд” кино маань шалгаруулалтын уралдаант хэсэгт орж, 10 сарын 18-нд үзвэрийн нээлтээ хийлээ. Наадмыг 18 дахь удаагаа тасралтгүй зохион байгуулна гэдэг бол маш их хөдөлмөр, кино урлагийг хөгжүүлэх гэсэн үнэнч хүмүүсийн үзэл санаа шингэдэг учраас би маш хүндэтгэлтэй, аз жаргалтайгаар оролцож байна.
- Энэ удаагийн “Улаанбаатар” кино наадам өмнөх жилүүдээс юугаараа өөр, ямар шинэлэг өнгө аястай санагдаж байна вэ?
- Энэ жилийн наадмаар сэтгэл маш дүүрэн байна. Дэлхийн киночдын шандас сорьдог Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн Фиорд (Fjord) кино ирж, наадмын нээлтийг хийлээ. Бидэнд тэр бүр А зэрэглэлийн кино наадамд шалгарсан мэргэжлийн түвшний кинонуудыг өргөн дэлгэцээр үзэх боломж ховор шүү дээ. Миний хувьд хөтөлбөрт багтсан бүх киног цаг заваа зориулан үзэж байгаа.
- Та энэ удаагийн наадамд ямар уран бүтээлээр оролцож байна вэ. Киноныхоо гол санаа болон хүргэх гэсэн зорилго, хүлээлтээсээ товч хуваалцвал?
- Миний хувьд 1998 онд Харцага дээд сургуулийг МУСГЗ Б.Нагнайдорж багшийн удирдлага дор кино, телевиз, театрын найруулагчаар суралцаж төгссөн. Тэр цагаас хойш кино, медиа салбартай ажил, амьдралаа холбоод 20 гаруй жил болжээ.
Энэ удаагийн наадамд “Явуулын хүн говьд” киногоороо оролцож байна. Киног маань үзсэн багш нар болон үзэгчдээс “Монгол үнэртсэн кино байна” гэсэн сэтгэгдэл маш их ирж байгаа. Монгол ахуй, соёл, монгол үг хэллэгтэй кино ийм байх болов уу гэсэн уран бүтээлчдийн өнгө төрх, үзэл санааг харуулж чадсан гэж үзэгчид дүгнэж байгаад баяртай байгаа.
Найруулагчийн хувьд бид “Монгол” гэж цээжээ дэлдэхдээ юугаа эрхэмлэх ёстой юм бэ гэдгийг харуулахыг зорилго болгосон. Бидний үндэс оршихуй бол бидний ахуй буюу нүүдэлчдийн соёл. Энэ бол маш зөөлхөн, чимээгүй кино. Гэр дотроо хоймортоо сууж байгаа аав, тэмээгээ унаад явж байгаа хүүхдүүд, ингэ хөөсөлж байгаа ээж гээд тэр хөөсөндөө дэлхий ертөнцийг аргадаж, хөөсөлж чадаж байгаа соёл өөрөө манай киноны бүх тайлал, зангилаа юм.
- Кино урлагийн салбарт ажиллахад танд хамгийн их эрч хүч, урам зориг өгдөг мөч хэзээ вэ. Цаашид энэ салбарт хийж бүтээхийг зорьж буй хамгийн том хүсэл тэмүүлэл тань юу вэ?
- Сүүлийн үед “би ямар азтай мэргэжилтэй хүн бэ” гэж их боддог болсон. “Багийнхантайгаа сууж, шинэ санаа, шинэ уран бүтээлийн тухай ярилцах тэр мөчүүд хамгийн сонирхолтой. Найруулагчийн мэргэжил маань өөрөө өдөр бүр огт өөр ертөнц рүү аялах боломж олгодог болохоор ажлаасаа, мэргэжлээсээ л хамгийн их эрч хүч, урам зоригийг авдаг даа.
Уран бүтээлч хүнд маш олон мөрөөдөл, төлөвлөгөө бий. Анхны “Явуулын хүн” кино маань Василий Шукшины зохиолоос сэдэвлэн, хангайд хийгдсэн, хөдөө эзгүйрч буй тухай болон эх нутгийн үнэт зүйл, хүн чанарын тухай байсан. Харин “Явуулын хүн говьд” киноны хувьд үйл явдал нь үргэлжлэхгүй ч үзэл санаа нь үргэлжилж, Монголын үндэсний ялгарал, дэлхийд оршин буй мөн чанар юу юм бэ гэдгийг эрэлхийлсэн. Энэ нь монгол хүн бүрийн зүрхэнд байдаг сэдэв тул “Явуулын хүн” төсөл цааш үргэлжилнэ.
Мөн бидний амьдарч буй цаг үе, нийгэм маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Биднийг өсөх насанд интернэт нэвтэрч, хүн бүрийн гарт очсон нь визуал соёл, олон талт ертөнцийг хүлээн зөвшөөрөх том хувьсгал болсон. Иймд цаашид энэ шинээр нэвтэрч буй технологийн үр шим, соёл болон уламжлалт ахуйг харьцуулсан, нийгмийн хувьсгалыг харуулсан өөр өөр жанрын уран бүтээлүүд хийхийг зорин ажиллаж байна.
Б.Гарамханд: Киног кино театрт үзэх тэр гайхамшигтай мэдрэмжийг мэдрэх хүсэл хэзээ ч унтрахгүй байх

- Та энэ удаагийн наадамд ямар уран бүтээлээр оролцож байна вэ. Киноныхоо гол санаа болон хүрэх гэсэн зорилго, хүлээлтээсээ товч хуваалцвал?
- Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадамд “Нийгмийн дайсан” киногоороо оролцож байна. Бид өнөөдөр сошиал эрин рүү шилжих томоохон шилжилтийн үе дээрээ явж байх шиг. Анх киногоо манай нийгмийн нэлээн бухимдалтай сэдвүүдийн нэг гэж барьж авч хийсэн. Гэтэл кино маань Төв Азийн орнуудаар борлуулагдаж эхэлсэн бөгөөд эндээс сошиал эриний шилжилт улс орон бүрд ижил төстэй шинж чанартайгаар явагдаж байгаа учир уг киноны маань сэдэв зөвхөн Монголын бус нийтлэг олон улсын асуудал болсоныг харуулж байгаа юм.
- Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын кино наадам манай кино урлагийн салбарт ямар үнэ цэн, орон зайг бий болгож байна гэж та харж байна вэ?
- Миний хувьд медиа салбарт 20 гаруй жил, харин кино урлагийн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ажиглахад “Улаанбаатар” олон улсын кино наадам бол манай улсад тууштай олон жил зохиогдож байгаа нэр нөлөөтэй, үр дүнтэй томоохон наадмуудын нэг юм. Нэг наадам 18 дахь жилдээ тасралтгүй зохиогдоно гэдэг олон улсын кино наадмуудын зэрэглэлд ч өндрөөр үнэлэгддэг. Тиймээс энэхүү үндэсний кино наадам маань амжилттай, тогтвортой явагдаж байгаа нь гаднын уран бүтээлчдийн анхаарлыг Монгол руу хандуулахад маш том үүрэг гүйцэтгэж байна гэж хардаг даа.
- Энэ удаагийн “Улаанбаатар” кино наадам өмнөх жилүүдээс юугаараа өөр, ямар шинэлэг өнгө аястай болж байна вэ?
- Кино наадам маань нээлтээ хийгээд удаагүй байгаа учраас яг одоогоор дотоод онцлог, энэ жилийн гол өнгө төрхийг дүгнэхэд арай эрт байх болов уу гэж бодож байна. Гэхдээ “Улаанбаатар” кино наадам жил бүр маш сайн зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг, олон улсын чанартай кинонуудыг авчирч, Монголын үзэгчдэд хүргэж чаддаг учраас энэ наадмын чансаанд би хэзээ ч эргэлздэггүй.
- Кино урлагийн салбарт ажиллахад танд хамгийн их эрч хүч, урам зориг өгдөг мөч хэзээ байдаг вэ. Цаашид энэ салбарт хийж бүтээхийг зорьж буй хамгийн том хүсэл тэмүүлэл тань юу вэ?
- Хүн бүрд л хийж бүтээх сэн гэх мөрөөдөл, төлөвлөсөн ажлууд байдаг байх. Гэхдээ кино бол хийгдэж дуусаад үзэгчдэд хүрснийхээ дараа л өөрийгөө тайлбарладаг урлаг. Сүүлийн үед цар тахлын нөлөөгөөр ч тэр үү, дэлхий даяар кино театрын үзэгчид цөөрөх хандлага ажиглагдаж байна. Хүмүүс кино гэх гайхамшгийг зурагт, таблет, эсвэл гар утас гэх мэт жижиг дэлгэцээр үзэх болсон. Гэхдээ хүмүүсийн киног кино театрт үзэх тэр гайхамшигтай мэдрэмжийг мэдрэх хүсэл хэзээ ч унтрахгүй байх гэж боддог. Тиймээс миний цаашдын хүсэл тэмүүлэл, хэрэгжүүлэх кино төслүүд маань дандаа “Cinema” буюу дэлгэцийн бүтээлүүд байх болно.
Ч.Хоролдорж: Өөрөө туулж яваа нийгмийнхээ амьд түүх, мэдрэмжийг кино урлагаар дамжуулан үзэгчидтэйгээ хуваалцахыг хүсдэг

- Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын кино наадам манай кино урлагийн салбарт ямар үнэ цэн, орон зайг бий болгож байна гэж та харж байна вэ?
- “Улаанбаатар” олон улсын кино наадам бол Монгол шиг кино урлаг нь хөгжиж байгаа улсын хувьд маш чухал, үнэ цэнтэй наадам. Ялангуяа дэлхийн томоохон наадмуудаас шагнал хүртсэн, тухайн жилийнхээ хамгийн сайн гэж сонгогдсон автор буюу зохиогчийн кинонуудыг үзэх ховорхон боломжийг үзэгчдэд олгодгоороо гол давуу талтай.
Түүнээс гадна Монголынхоо кино уран бүтээлчдийг дэмжиж, уралдаант хэсгүүдэд шинээр бүтээгдсэн, шилдэг монгол кинонуудыг үзэгчдэд хүргэдэг нь бидэнд маш том дэмжлэг, урам зориг болдог. Өргөн утгаараа энэ наадам дэлхийн болон Монголын киноны чанарыг тодорхойлдог болохоор уран бүтээлчид, кино сонирхогчдын хувьд жил бүр хүлээлттэй байдаг. Цаашид илүү олон үзэгчтэй наадам болоосой л гэж хүсдэг дээ. Үзэгчид олон болж байж манай кино урлаг хурдан хөгжих болов уу.
- Энэ удаагийн “Улаанбаатар” кино наадам өмнөх жилүүдээс юугаараа өөр, ямар шинэлэг өнгө аястай санагдаж байна вэ?
- Жил бүрийн наадам өөр өөрийн онцлогтой байдаг. Мэдээж аль улсын ямар кинонууд сонгогдсон, түүнийг хэн бүтээсэн бэ гэдгээсээ шалтгаалдаг болохоор түүгээрээ илүү, үүгээрээ муу гэж хэлэх аргагүй. Үзэгчид үргэлж л шинийг хүсэж байдаг болохоор онцгойгүй жил гэж бараг байхгүй дээ. Харин зохион байгуулалтын хувьд сүүлийн жилүүдэд баримтат киноны хэсэгтэй болсонд нь энэ чиглэлээр уран бүтээл хийдэг хүний хувьд их талархалтай байгаа.
- Та энэ удаагийн наадамд ямар уран бүтээлээр оролцож байна вэ. Киноныхоо гол санаа болон хүргэх гэсэн зорилго, хүлээлтээсээ товч хуваалцвал?
- Миний хувьд кино найруулагч, продюсероор ажилладаг. Кино урлагийн салбарт ажиллаад 10 гаруй жил болжээ. Гэхдээ 10 гаруй жил гэдэг нь тасралтгүй кино хийсэн гэсэн үг биш, медиа төслүүд болон дэлгэцийн бүтээлүүд дээр давхар ажиллаж ирсэн. Өнөөдрийг хүртэл хэд хэдэн богино кино, “Шарга даага” уран сайхны кино, “Цагаан хадны өнгө” гээд бүрэн хэмжээний баримтат кино найрууллаа.
Анх 2013 онд “Улаанбаатар” кино наадам олон улсын тодотголтой болж эхэлсэн тэр жил миний “Шарга даага” кино нээлтийн киногоор сонгогдон гарч байсан бол энэ жил “Цагаан хадны өнгө” бүрэн хэмжээний баримтат киногоороо оролцож байна. Уг киногоо нийт 6 жил баримтжуулан хийсэн. Нүүрс тээврийн зам дээр ажиллаж байгаа жолооч нар, тэр дундаа олон эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа Майхүү гэх эмэгтэй жолоочийн амьдралын төлөөх тэмцлийг харуулсан юм. Кино маань 2026 оны 6 сараас эхлэн дэлхийн томоохон кино наадмууд болох Нью-Йоркийн "Трайбека" болон Их Британийн "Шеффилд ДокФест" наадмын уралдаант хэсэгт сонгогдож, Цюрихийн кино наадмаас "Filmpreis der Zürcher Kirchen" шагнал хүртсэн. Мөн хамгийн сүүлд Бусаны олон улсын кино наадмын "Wide Angle" хөтөлбөрт шалгарч үзэгчдэд хүрээд байна. Ер нь олон улсын кино наадмуудад тасралтгүй оролцоод явж байгаа.
- Кино урлагийн салбарт ажиллахад танд хамгийн их эрч хүч, урам зориг өгдөг мөч хэзээ вэ. Цаашид энэ салбарт хийж бүтээхийг зорьж буй хамгийн том хүсэл тэмүүлэл тань юу вэ?
- Мэдээж хийсэн уран бүтээлээ нээсний дараа үзэгчид түүнийг хэрхэн өөр өөрийнхөөрөө ойлгож, хүлээж авч байгааг харах л хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байдаг. Нээлтийн дараах асуулт хариултын хэсэг дээр тэд надаас болон манай кино багийнхнаас юу асууж байна, ямар сэтгэгдэлтэй байна гэдгийг сонсож, мэдрэхээс л хамгийн том урам зоригийг авдаг.
Цаашид маш сайн уран бүтээлүүд хийхийг хүсэж, төлөвлөсөн зохиол санаанууд бий. Би уран бүтээлдээ өөрөө амьдарч, туулж яваа нийгмийнхээ асуудал, эргэн тойронд байгаа хүмүүсийн мэдрэмжийг кино болгон үзэгчидтэйгээ хуваалцахыг зорьдог. Тэгэхээр өөрийн мэдэрсэн, хэлэхийг хүссэн тэр түүхүүдээ үзэгчидтэйгээ хуваалцах нь миний гол хүсэл тэмүүлэл юм даа.
Б.Болортуяа: Амьдралд хэцүү үе тулгарахад, хэт их сэтгэл хөдлөлд автсан үедээ кино үзэхээр дотор уужирч, тайвширдаг

- Та энэ удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
- Би кино урлагт маш их дуртай, шимтэн үздэг хүн л дээ. Сэтгэл санаа хямрах, амьдралд хэцүү үе тулгарахад эсвэл хэт их сэтгэл хөдлөлд автсан үедээ кино үзэхээр дотор уужирч, тайвширдаг юм. “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар мэддэг болоод 2-3 жил өнгөрсөн байна. Дэлхийн шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн хүмүүс шүүж байж үзэгчдэд хүргэдэг учраас жил бүрийн энэ 7 хоногийг догдлол дүүрэн, тэсэн ядан хүлээж байгаад зорьж ирж үздэг дээ.
- Энэ жил наадмын хүрээнд үзэгчдэд хүргэх уран бүтээлүүдээс та аль киног онцлох вэ?
- Миний хувьд энэ жил хэд хэдэн кинонд ихээхэн хүлээлт тавиад байна. Одоогоор “Rose”, “Fatherland” болон нээлтийн “Fjord” (Фиорд) зэрэг кинонуудыг илүү судалж, үзсэн. Киноны нарийн ширийнийг хараахан үзэж амжаагүй байгаа ч үнэлгээ өндөртэй байсан учраас их сонирхол татаж байгаа.
- Кино урлагийн үнэ цэн, нийгэм болоод хүмүүст үзүүлэх нөлөө, ач холбогдлын талаар та ямар бодолтой байдаг вэ. Ер нь бидний амьдралд кино урлаг хэр чухал юм бол?
- Кино бол урлагийн маш гайхалтай төрөл. Урлагийн зарим төрөл ойлгоход жаахан хэцүү байх нь бий. Кино урлаг харин нийгэмд шууд хүрэх чадвартайгаараа онцлогтой гэж боддог юм. Киноноос мэдэрсэн тэр сайхан мэдрэмж, ухаарлыг хүн хэзээ ч мартдаггүй, маш том амьдралын сургамж болж үлддэг. Би хувьдаа тулаант, адал явдалт гэхээс илүү драма төрлийн кинонуудад дуртай. Зарим кино хүмүүст таалагдахын тулд хүчээр аз жаргалтай төгсгөх гээд байдаг шүү дээ. Харин яг бодит амьдрал дээр юу болж байгааг, нийгмийн үнэн төрхийг байгаагаар нь харуулж чаддаг чанартай бүтээлүүд л надад маш гүн мэдрэмж төрүүлдэг дээ.
- Та юунаас хамгийн их урам зориг авдаг вэ. Цаашид өөрийн ажиллаж буй салбартаа хийж бүтээхээр зорьж буй хамгийн том хүсэл тэмүүлэл тань юу вэ?
- Нэгдүгээрт, гэр бүл, хоёрдугаарт, өөрийнхөө дуртай зүйлийг хийж, тэндээсээ сайхан мэдрэмж мэдрэх үедээ л хамгийн их урам зориг авдаг даа. Өөрийн зорьсон зүйлийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгээд, түүнийхээ үр дүнг үзэх тэр агшин үнэхээр гайхалтай. Миний хувьд хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын салбарт ажилладаг. Монгол шиг хөгжиж буй оронд гаднаас хөрөнгө оруулалт татах, босгох гэдэг маш сорилттой ажил байдаг. Тиймээс ирээдүйд эх орныхоо хөгжилд, хөрөнгийн салбарт тодорхой хэмжээний бодит хувь нэмэр оруулах юм сан гэж зорьж байна. Мөн мэдээж гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүст үргэлж тус дэм болж, сайн сайхан бүхнийг түгээхийг хүсдэг.
Б.Амарсанаа: Хүний амьдралын богино хугацааг баяжуулж, утга учиртай болгодог зүйлийн нэг нь урлаг, уран зохиол, тэр дундаа кино урлаг

- Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын кино наадмын ач холбогдол, үнэ цэнийн талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- Би кино шүүмжлэгч, кино наадмын хөтөлбөр боловсруулагч мэргэжилтэй. Гэхдээ энэ жил "Улаанбаатар" кино наадамд зохион байгуулагч биш, үзэгчийн хувиар оролцож байна. Манай улс цөөн хүн амтай ч "Улаанбаатар" олон улсын кино наадам бол бидний хувьд маш арвин түүхтэй, томоохон кино наадам юм. Европын болон олон улсын нэр хүндтэй наадмуудаас шагнал авсан шилдэг, сонирхолтой бүтээлүүдийг шилж сонгон хүргэдгээрээ асар үнэ цэнтэй наадам болох юм. Энэ жил 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа "Улаанбаатар" кино наадам маань нас биед хүрч байна гэж хэлж болох юм. Тиймээс цаашид хэрхэн хөгжих, шинэ түвшинд хүрэх бол хэмээн их л хүлээлттэй байна даа.
- Энэ удаагийн наадмын онцлог болон таны хувьд хүлээлт өндөр байгаа уран бүтээлүүдээс дурдвал?
- Энэ жилийн наадам өмнөх жилүүдтэй харьцуулахад цомхон хүрээнд зохион байгуулагдаж байгаа харагдсан ч хүлээлт өндөр байна. Миний хувьд гадаад кинонуудаас гадна манай монгол кинонууд их сонирхол татаж байна. Нийт таван монгол кино гарснаас хоёр нь Монголдоо албан ёсны нээлтээ хийхээс гадна Хойд Америк, Европын наадмуудад нээлтээ хийж, шагнал хүртсэн бүтээлүүд байгаа юм. Нэг нь Ж.Сэнгэдорж найруулагчийн “Ханын зураач”, нөгөө нь Ч.Хоролдорж найруулагчийн “Цагаан хадны өнгө” баримтат кино байна. Монголчууд өөрсдөө Монголдоо хийсэн, олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон баримтат кино тун ховор байдаг. Тиймээс эдгээр бүтээлүүд "Улаанбаатар" кино наадмаар дамжуулан эх орныхоо үзэгчидтэй уулзаж байгаад маш их баяртай байгаа.
- Кино урлаг нийгэмд болон хувь хүний амьдралд ямар ач тус, эерэг нөлөөллийг үзүүлдэг вэ. Бидний амьдралд кино урлаг яагаад чухал вэ?
- Хүний амьдрал богинохон шүү дээ. Дийлэнх цаг хугацаа нь сургууль, ажил, гэрийн хооронд өнгөрдөг. Энэ богино хугацааг баяжуулж, утга учиртай болгодог цөөн зүйлийн нэг нь урлаг, уран зохиол, тэр дундаа кино урлаг юм. Кино бол бүх урлагийн төрлийг өөртөө шингээсэн, олон нийтэд хүртээмжтэй урлаг. Уран зураг, уран баримлыг хүмүүс зорьж очин үзэх нь ховор байдаг ч киног бол хүн бүр үздэг. Кино бидэнд өөр газар орны амьдрал, бусдын түүхийг харуулснаараа бусдыг ойлгох, цаашлаад өөрийгөө олоход тусалдаг. Дэлхий дээр болж буй үйл явдал, бусад орны амьдралд нөлөөлж буй хүчин зүйлсийг ойлгож мэдрэхэд хүртэл кино урлаг залуур, хөтөч нь болж өгдөг гэж боддог доо.
- Кино шүүмжлэгч хүний хувьд та юунаас хамгийн их урам зориг авдаг вэ. Цаашид салбартаа хийж бүтээхийг зорьж буй хүсэл тэмүүлэл тань юу вэ?
- Миний хувьд киног тойрсон хэлэлцүүлэг, яриа үүсгэх үедээ маш их эрч хүчтэй болдог. Кино гэдэг олон хүний асар их хөдөлмөр, цаг хугацаагаар бүтдэг зүйл. Гэтэл манайд киног үзээд л дуусчихдаг, цааш нь гүнзгийрүүлэн ярилцдаг, задалж шинжилдэг орчин дутагдалтай байх шиг. Тиймээс би кино шүүмж, аналитик нийтлэлээр дамжуулан энэ орон зайг нөхөхийг хичээдэг. Мөн кино хөтөлбөр боловсруулахдаа "Манай нийгэм, үзэгчдэд одоо ямар киног үзүүлж, ямар сэдвийг хөндвөл илүү үнэ цэнтэй байх вэ" гэдэг өнцгөөс ханддаг юм.
Манайд кино наадамд ажиллах орон зай, ажлын байр маш цөөхөн, салбар нь жижигхэн учраас сорилт ихтэй. Гэсэн ч цаашид киноны боловсрол, кино шүүмж болон хөтөлбөр боловсруулах чиглэлийг хөгжүүлж, Монголд кино үзэх соёлыг илүү дэлгэрүүлэхийн төлөө ажиллахыг хүсэж байна.






