УБ 13°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Passion in the City 0%
Passion in the City: Бидний 40 дэх удаагийн Үндэсний номын баяр
Passion in the City
Нүүр хуудас / Passion in the City / Passion in the City: Бидний 40 дэх удаагийн Үндэсний номын баяр

Passion in the City: Бидний 40 дэх удаагийн Үндэсний номын баяр

Д.ЖавхланМ.Энхмаа
Д.Жавхлан, М.Энхмаа
Сэтгүүлч
2026.09.19 · 3 унших

Үндэсний номын баяр шинэ ном зарах, худалдан авах, зохиолчидтой уулзах төдий зорилгоор хязгаарлагдахгүй өргөн хүрээнд зохион байгуулагддаг бидний тогтсон соёлын нэг болоод удаж буй. Номд хайртай хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг “Үндэсний номын баяр” энэ жил 40 дэх удаагаа өргөн дэлгэр болж байгаатай холбогдуулан Passion in the City булангийнхаа энэ удаагийн дугаараар сонгодог уран зохиолоос эхлээд орчин үеийн бестселлер, хүүхдийн ном хүртэлх оюуны бүтээлүүд цөм бүрдсэн оюун санааны их хөлийн газрыг онцлон зорилоо. Ийнхүү энэ үеэр үе үеийн уншигчидтай уулзаж, номын баяраас мэдэрдэг мэдрэмж, унших соёл, тэдний амьдралыг өөрчилсөн шилдэг бүтээлүүд болон цаашдын хүсэл тэмүүллийнх нь талаар ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

Б.Цолмон: Амьдралын энгийн мөчөөс урам зориг авч, өөрийнхөө замаар тайван амьдрахыг хүсдэг

1466420493.jpg

- Таны хувьд Үндэсний номын баярыг хэр догдлон хүлээдэг вэ. 40 дэх удаагийн номын баярын талаар сэтгэгдлээ хуваалцах юм бол?

- "Аз хур" номын дэлгүүрийг төлөөлөн номын баяртаа дөрөв дэх жилдээ оролцож байна. Жилд хоёр удаа болдог номын баярыг төрсөн өдрөө хүлээж байгаа шиг л догдлолтой угтдаг. Энэ үеэр шинэ бүтээлүүдээ уншигчдад танилцуулж, ном сонирхогчидтой үзэл бодлоо хуваалцах нь хамгийн сайхан мөч юм. Ялангуяа хүүхдүүд, өсвөр үеийнхэн хүссэн номоо авах гэж хэдэн сар мөнгөө цуглуулан ирж, чин сэтгэлээсээ баярлаж буйг харах урам зориг өгдөг. Эхний өдрөөсөө л олны хөлд дарагдаж, эрт ирсэн уншигчдын идэвхээр дүүрэн өрнөж байгаа энэ жилийн баяр 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

- Таны хамгийн дуртай зохиолч хэн бэ, түүнд хандаж үг хэлэх боломж олдох байсан бол юу гэж хэлэх вэ?

- Оросын нэрт зохиолч Ф.Достоевскийг онцолно. Түүний бүтээлүүд хүний амьдралын мэдэрч болох инээд, уур хилэн, шаналал зэрэг бүхий л өнгө аясыг нэг дор зангидаж чаддаг давтагдашгүй өнгө төрхтэй. Орчин үеийн нийтлэг чиг хандлагаас ангид, унтуулах зав өгдөггүй бичиглэл нь онцгой санагддаг. Хэрэв түүнтэй уулзах боломж олдвол эрүүл энхийг хүсэхийн сацуу амьд сэрүүн байсан бол бидэнд зориулж дахин олон гайхалтай зохиол туурвиасай хэмээн хүсэх байлаа.

- Та юунаас хамгийн их эрч хүч, урам зориг авдаг вэ, цаашдын хүсэл тэмүүллийнхээ талаар хуваалцах юм бол?

- Том болохын хэрээр урам зоригийг ямар нэг томоохон зүйлээс бус харин амьдралын энгийн хором мөчөөс илүүтэй мэдэрдэг болсон. Өглөөний уусан амттай кофе, бусдын чин сэтгэлийн тусламж, эсвэл хэн нэгний инээмсэглэл зэрэг жижиг зүйлсээс өдөр бүр эрч хүч авч байна. Цаашид хэт их аз жаргалтай эсвэл хэт уйтгар гунигтай байхаас илүүтэй амьдралдаа тохиох бүхнийг бодитоор мэдэрч, өөрийн амьдралаа тайван бөгөөд утга учиртай туулж амьдрахыг хүсэж байна.

Ц.Гэрэлт-Од: Түүхэн болон сонгодог уран зохиолын номуудаас хүн өөрийн эрхгүй бахархал, урам зориг, амьдралын гүн ухааныг сурч байдаг

1466420491.jpg

- Таны хувьд Үндэсний номын баярыг хэр догдлон хүлээдэг вэ. 40 дэх удаагийн номын баярын талаар сэтгэгдлээ хуваалцах юм бол?

- Би Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд амьдардаг. Жил бүрийн хавар, намрын Үндэсний номын баяраа огт алгасалгүй зорин ирдэг юм. Хүмүүс "орчин үед хүмүүс ном уншихаа больчихлоо, нийгэм харанхуй болж байна" гэж ярьдаг ч энд ирээд харвал дүүрэн залуус л явж байгаа. Дуртай номоо цуглуулж, номтой нөхөрлөж байгаа залуу үеэ хараад үнэхээр сэтгэл баясдаг шүү. Өнөөдөр л гэхэд би зөвхөн нэг талын номуудыг үзсээр явтал өдөр өнгөрчихлөө. Маргааш дахиад ирж, үзэж амжаагүй хэсгүүдээрээ явна даа.

- Та ямар төрлийн ном төрлийн ном түлхүү уншдаг вэ? 

- Би одоо 50 гарч явна. Залуу байхаасаа л монгол хэлнээ орчуулагдсан дэлхийн болон монголын бүх сонгодог уран зохиолуудыг шимтэн уншиж өссөн. Ялангуяа хуучны, түүхэн уран зохиолуудад маш их дуртай. Орчин үеийн зохиолчдоос Б.Номинчимэд, Г.Аюурзана нарын бүтээлүүдийг шимтэн уншдаг бол яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг, зохиолуудыг маш өндрөөр үнэлдэг. Түүнчлэн би номыг зөвхөн өөртөө зориулж авдаггүй. Хүүхдүүддээ, ахдаа гээд л эргэн тойрныхоо хүмүүст уншуулах юмсан, тэдэнд маань хэрэгтэй болов уу, гэх үүднээс бэлэг болгож авдаг юм.

- Та юунаас хүсэл тэмүүлэл, урам зориг мэдэрдэг вэ, залуу үеийнхэнд хандаж ном унших зөвлөгөө болон санал болгох бүтээл нэрлээч?

- Уншдаг номоосоо л хүсэл тэмүүлэл мэдэрдэг дээ. Түүхэн болон сонгодог уран зохиолын номуудаас хүн өөрийн эрхгүй бахархал, урам зориг, амьдралын гүн ухааныг сурч байдаг. Миний хувьд залуучуудад шууд л дэлхийн болон монгол сонгодог бүтээлүүдээс эхэлж уншаарай гэж зөвлөнө. Тэгвэл түр зуурын шуугиан тарьсан, хөнгөн номуудад хууртаад байхгүй болчихно. 10 хэдтэй дөнгөж унших, 20, 30, 40 одоо 50 гарсан хойноо унших хүртэл өөр шүү дээ. Санал болгох гэвэл, Александр Дюмагийн "Монте Кристо гүнтэн" романыг залуус заавал уншиж, олон зүйл ухаараасай гэж хүсэж байна.

Б.Бодьбилэг: Кофе уух зуураа цаасан ном барих зуршлыг хэвшүүлж, хүүхэдтэйгээ хамтдаа ном уншихыг эрмэлздэг

1466420495.jpg

- Таны хувьд Үндэсний номын баярыг хэр догдлон хүлээдэг вэ. 40 дэх удаагийн номын баярын талаар сэтгэгдлээ хуваалцах юм бол?

Номын баярыг жил бүр алгасалгүй зорин ирж, тэсэн ядан хүлээдэг. Өдөр тутам номын дэлгүүр орох зав бага гардаг болохоор дуртай номоо нэг дор олж авах, зохиолчидтой нь уулцах, хямдрал урамшуулал эдлэх зэрэг олон боломжийг энэ арга хэмжээ олгодог нь цаг зав маш их хэмнэдэг. Энэ жилийн хувьд дөнгөж сая ирж байгаа болохоор үйл ажиллагаатай нь сайтар танилцаж амжаагүй ч цаг агаар ямар ч байсан олон хүн цугласан нь харагдахад урамтай байна.

- Таны хамгийн дуртай зохиолч хэн бэ, түүнд хандаж үг хэлэх боломж олдох байсан бол юу гэж хэлэх вэ?

- Сүүлийн үед хүүхдийн ном түлхүү уншиж байгаа хэдий ч яруу найрагч Л.Өлзийтөгсийн бүтээлүүдийг их сонирхон уншдаг. Гадаад номыг аль болох эх хэлээр нь уншиж, номоор дамжуулан хэл сурахыг эрмэлздэг юм. Л.Өлзийтөгс зохиолчийн шүлгийн номууд нэг уншаад орхичихдог бус, хоёр гурван удаа эргүүлж уншиж байж утга санааг нь гүнзгий ойлгодог уянгатайгаараа онцгой санагддаг. Хэрэв түүнд үг хэлэх боломж олдвол олон жил уран бүтээлээ туурвиасай гэж хүсэж байгаагаа хэлмээр байна.

- Та юунаас хамгийн их эрч хүч, урам зориг авдаг вэ, цаашдын хүсэл тэмүүллийнхээ талаар хуваалцах юм бол?

- Сүүлийн үед аудио ном сонсох нь элбэг болж, цаасан ном бариад суух нь багассан ч өдөрт кофе уух зуураа 5-10 минут ч гэсэн цаасан ном бариад суух дадлыг хэвшүүлэхийг хичээж байна. Мөн хүүхэдтэйгээ хамт байх үедээ тэднээс суралцаж, өдөр бүр ном унших зуршлыг хамтдаа илүү сайн хэвшүүлж, үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсдэг.

Ч.Чинсэтгэл: Би сурсан зүйлээ бусадтай хуваалцах дуртай болохоор том болоод багш болно

1466420492.jpg

- Үндэсний номын баярыг хэр догдлон хүлээдэг вэ. 40 дэх удаагийн номын баярын талаар сэтгэгдлээ хуваалцах юм бол?

- Номын баярт ирэх яагаад гоё байдаг вэ гэвэл миний дуртай олон сонирхолтой зүйлс, тоглоом, номууд байдаг болохоор маш их дуртай. Номын баярт би өмнө нь 3 эсвэл 5 удаа ирж байсан байх аа. Энэ жилийн 40 дэх удаагийн номын баярын эхний өдөр ирэхэд өмнөх жилүүдийг бодвол дүрд хувирсан хүмүүс арай цөөхөн санагдсан ч хүссэн номуудаа олж авах гээд явахад маш сонирхолтой байна.

- Дуртай зохиолч нь хэн бэ, яагаад. Түүнд хандаж үг хэлэх боломж олдох байсан бол юу гэж хэлэх вэ?

- Миний унших дуртай ном бол "Нохой хүн". Энэ ном бусад ном шиг урт үгтэй биш, комик хэлбэртэй, уншихад богинохон бөгөөд үйл явдал нь маш хурдан өрнөдөг болохоор маш гоё санагддаг. Бас олон улсын хүүхдүүдэд зориулагдсан байдлаар гардаг нь бас таалагддаг. Хэрэв энэ номын зохиолчтой уулзах боломж олдвол илүү хөгжилтэй цувралуудыг олон гаргаарай гэж хэлмээр байна. Одоогоор би 8 цувралыг нь уншсан байгаа юм. Дахиад 3-ыг нь уншчихвал бүх цувралыг нь уншиж дуусах болно.

- Чиний хувьд эрч хүч, урам зориг авдаг зүйл юу вэ, цаашдын хүсэл тэмүүллийнхээ талаар хуваалцах юм бол?

- Зүгээр амраад байхаар илүү ядардаг болохоор хөдөлгөөн хийгээд л яваад байх нь эрч хүчтэй болгодог. Мөн утсаар "Roblox" тоглоом тоглох дуртай, дотроо маш олон төрлийн тоглоомтой болохоор их хөгжилтэй байдаг. Би том болоод хүүхдүүдэд юм зааж өгч, юм сургаж чаддаг багш хүн болохыг хүсдэг.

Э.Нандин: Миний хүсэл тэмүүлэл бол байгаль дэлхийгээ судалж, могой судлаач болох 

1466420496.jpg

- Таны хувьд Үндэсний номын баярыг хэр догдлон хүлээдэг вэ. 40 дэх удаагийн номын баярын талаар сэтгэгдлээ хуваалцах юм бол?

- Номын баярт гурав дахь удаагаа зорьж ирж байна. Номын баяр гэхээр л дуртай зохиолчийнхоо номыг авч, гарын үсгийг нь зуруулах мөч хамгийн их догдлол төрүүлдэг болохоор тэсэн ядан хүлээдэг юм. Энэ жилийн тухайд манай үеийн залуучууд, үе тэнгийнхэн маань өмнөхөөсөө илүү олноор хүрэлцэн ирсэн нь маш их олзуурхууштай санагдаж байна. Энэ нь залуучуудын ном унших сонирхол улам бүр нэмэгдэж байгааг илтгэж байна.

- Таны хамгийн дуртай зохиолч хэн бэ, түүнд хандаж үг хэлэх боломж олдох байсан бол юу гэж хэлэх вэ?

- Миний хувьд зохиолч Ц.Оюунгэрэлийн "Ногоон нүдэн лам", "Үүрийн гол", "60 цагаан хонь" зэрэг бүтээлүүдийг шимтэн уншсан болохоор маш их дуртай. Түүхэн үйл явдлыг романтик зохиомжтой бодитоор хослуулан бичдэг нь уншигчийн нүдэнд шууд төсөөлөгдөж, дотроо амьдарч байгаа мэт мэдрэмж төрүүлдгээрээ онцгой юм. Хэрэв зохиолчид үг хэлэх боломж олдвол таны гайхалтай уран сэтгэмж, сэтгэл зүрх шингэсэн энэ сайхан романуудыг бүтээсэнд нь баярлалаа л гэж хэлмээр байна.

- Та юунаас хамгийн их эрч хүч, урам зориг авдаг вэ, цаашдын хүсэл тэмүүллийнхээ талаар хуваалцах юм бол?

- Хүн ямар нэгэн зүйлийг дур сонирхлоороо хийхэд л хамгийн аз жаргалтай, эрч хүчтэй байдаг гэж боддог. Би МУИС-ийн Биологийн тэнхимийн 2 дугаар курсийн оюутан бөгөөд амьтан, ургамал судлах явцдаа өөрөөсөө хамгийн их эрч хүчийг авдаг. Цаашид биологийн чиглэлээрээ илүү гүнзгийрүүлэн судалж, могой судлаач мэргэжилтэй болохоор зорьж байна. Байгаль дэлхийн тэрхүү сонирхолтой ертөнц миний өгөгдөл, хүсэл тэмүүллийн нэг хэсэг юм.

О.Энхболд: Уран зохиолын ном уншвал үгийн баялаг сайжирч, хайрцгаасаа гадуур сэтгэж сурна

1466420494.jpg

- Энэ удаагийн "Үндэсний номын баяр"-ын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу, Номын баярыг тогтмол зорин ирдэг үү?

-Би өнгөрсөн жилээс эхлэн номын баярыг зорин ирэх болсон. Энэ жилийн тухайд өмнөх жилийнхээс илүү өргөн хүрээтэй, номын дэлгүүрүүд болон хэвлэлийн газрууд нэг дор олноор цугласан нь маш таатай санагдаж байна. Өнөөдөр ч бас дуртай зохиолчынхоо номыг авахаар ирлээ.

-Ямар төрлийн ном голчлон сонирхдог вэ, Сүүлд уншсан номуудаас сэтгэлд хамгийн тод үлдсэн бүтээл болон өнөөдөр зорьж ирсэн зорилго тань юу вэ?

Би түлхүү уран зохиолын болон хайрын сэдэвтэй номууд сонирхон уншдаг. Сүүлд уншсан бүтээлүүдээс "Чамтай учирснаас хойш" роман сэтгэлд их тод үлдсэн байна. Гаднах үзэмж нь сэтгэл татам төдийгүй доторх агуулг, үйл явдал нь ч тэр яг л номын хавтас шигээ маш гоё, сэтгэл хөдөлгөм байсан.

- Та юунаас хүсэл тэмүүлэл, урам зориг мэдэрдэг вэ, Мөн үе тэнгийн залуустаа хандаж ном уншихын ач тусын талаар юу гэж зөвлөх вэ?

- Би гэр бүл, найз нөхөд, уншдаг ном болон дуртай спортоосоо хамгийн их урам зориг авч хүсэл тэмүүлэл мэдэрдэг. Үеийнхэндээ хандаж хэлэхэд, утас их ухах тусам сэтгэн бодох чадвар болон үгийн баялаг хумигдаж байдаг юм шүү. Харин уран зохиолын ном уншвал үгийн сан чинь сайжирч, хайрцгаасаа гадуур сэтгэж сурна. Тиймээс уран зохиолын ном уншиж үзээрэй. Тэр номдоо дурлаж чадвал цаашид ном унших хүсэл өөрөө ундрах болно.

cover-1.jpg
cover-4.jpg
cover-3.jpg
cover-2.jpg
cover.jpg
Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчдийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.