Монголын даатгалын салбарт 30 жилийн түүхийг бичиж, зах зээлд өөрийн гэсэн орон зай, үнэ цэнийг бүрэлдүүлсэн "Бодь Даатгал" ХК брэндийн шинэчлэл хийж, "Богд Даатгал" нэртэйгээр шинэ хуудсаа нээж байна. Шинэчлэгдсэн өнгө төрх, цаашдын алсын хараа, андеррайтингийн оновчтой бодлого болон иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн шинэ бүтээгдэхүүний талаар тус компанийн Гүйцэтгэх захирал А.Энхжаргалтай дэлгэрэнгүй ярилцсаныг хүргэж байна.
Аливаа байгууллага, брэндийн хувьд 30 жил гэдэг бол залуу насны эрч хүчээр сууриа бат бөх тавьж, дараагийн их бүтээлч туршлага, өсөлтийн үе рүүгээ шилжих чухал зааг байдаг. Даатгалын салбарт өөрийн гэсэн засаглал, мэргэжлийн андеррайтингийн бодлого болон тогтвортой хүний нөөцийг бүрдүүлж чадсан "Бодь Даатгал" компани нэрээ "Богд Даатгал" болгон өөрчилж буй нь лого болон өнгө төрхөө солих төдийхнөөр хязгаарлагдахгүй бөгөөд ирээдүйн урт хугацааны бодлогын алхам юм.
- Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд "Бодь Даатгал" гэх нэр хүнд, өв соёл нь харилцагчид болон ажилтнуудынхаа хувьд ямар үнэ цэнийг бүтээж чадсан бэ? Эндээс яриагаа эхлэе.
- 30 жилийн хугацаа гэдэг хүний амьдралаар яривал яг л өөрийн ирээдүйд хийж бүтээх зүйлийнхээ суурийг тавьчихсан үе юм. Бид өнгөрсөн хугацаанд алдаа, оноотой аль алиныг туулсан ч эргээд харахад оносон нь илүү их байжээ гэж боддог. Тогтвортой үйл ажиллагаа явуулж, үнэ цэнтэй харилцагчдын хүрээллийг бий болгож, зөвхөн манайхыг сонгон үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгчдийг бүрдүүлж чадсан нь бидний хамгийн том ололт.
Даатгалын бизнес бол цэвэр эрсдэлийн менежмент. Эрсдэлийг оновчтой удирдахад ганц сайн бүтээгдэхүүн байгаад хангалтгүй, үүнд мэргэжлийн боловсон хүчний ур чадвар, туршлага, тогтвортой байдал болон андеррайтингийн оновчтой бодлого цогцоороо нэгдэж байж харилцагчийн хүлээлтэд нийцсэн үйлчилгээг санал болгодог. Манай компанийн засаглал, соёл болон ажилтнуудын тогтвор суурьшилтай байдал нь бидний зах зээлд ялгарах гол онцлог болж ирсэн.

- 30 жил бүтээсэн энэ том нэр хүнд, үнэ цэнийг залгамжлан "Богд Даатгал" болгон нэрээ өөрчлөх болсон суурь шалтгаан, хэрэгцээ юу байв?
- Үүнд үндсэн хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, дараагийн түвшний шинэчлэл. Өнгөрсөн 30 жилд бид сууриа бат бөх тавьсан. Харин одооноос дараагийн он жилүүдийн үнэ цэнээ бүтээх, түүхэн шинэ алхмаа хийж байна.
Хоёрдугаарт, зах зээлийн төөрөгдлийг цэгцлэх хэрэгцээ шаардлага байв. 2012-2013 онд "Бодь Интернэшнл"-ээс тусдаа салсанаас хойш зах зээл болон харилцагчдын дунд тодорхой хэмжээний ойлголтын төөрөгдөл үүсдэг байсан. Энэхүү ойлголтыг цэгцэлж, бодит байдлыг залруулах хэрэгцээ байсан.
Брэнд гэдэг нь ердөө нэр, лого, өнгө төрхийг өөрчлөхийн нэр биш. Энэ бол компанийн соёл, засаглал, хүний нөөцийн чадавх, харилцагчийн итгэл үнэмшлийн огтлолцол юм. Бид брэнд шинэчлэх төсөлдөө баг, хамт олноороо багагүй хугацааг зарцууллаа. Тиймээс энэхүү шинэчлэл нь компанийн дан ганц гадаад төрх гэхээсээ илүүтэйгээр харилцагчид руугаа чиглэсэн шинэ алхам боллоо гэж харж байна.
- Даатгалын салбар өөрөө нийгэмд асар том хамгаалалт буюу нэг төрлийн "дархлааны вакцин" болж байдаг. Гэвч иргэдийн дунд даатгалын ач холбогдлыг бүрэн ойлгохгүй байх, "хэрэглэхгүй бол мөнгөө дэмий үрж байна" гэх сөрөг ойлголт ажиглагддаг. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
- Түрүүнд дурдсанчлан даатгалын салбар нь 100, 200 жилээр хөгжсөн гаднын орнуудад даатгалын салбар нь санхүүгийн салбарын бусад оролцогчоосоо том байр суурьтай байдаг. Яагаад гэвэл иргэн, ААН, улс орон өдөр тутамдаа л эрсдэлийн дунд амьдарч байна. Оффисоосоо гараад замын хөдөлгөөнд оролцоход л эрсдэл биднийг дагаж байдаг. Даатгалын гол агуулга нь энэхүү учирч болох эрсдэлээс санхүүг урьдчилан сэргийлж хамгаалахад оршдог.
Манайд иргэд буюу хэрэглэгчийн зүгээс даатгалын талаарх мэдлэг, мэдээлэл дутуу байгаагийн сөрөг үр дагавар нь таны хэлсэн ойлголт юм. Жишээ нь, бид банканд 10-15 сая төгрөгийн хуримтлал үүсгэж болох ч эрүүл мэндийн ноцтой эрсдэл тулгарахад тэр мөнгө хаанаа ч хүрдэггүй. Сошиал орчинд хандив босгох үйл явц энгийн үзэгдэл болсон нь бид санхүүгийн асар том эрсдэлд урьдчилан хамгаалалтгүй байгааг харуулж байна.
Зүй нь, Монголчуудын дунд зонхилж буй зүрх судас, хоол боловсруулах замын гэх мэт нийтлэг тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжууд байсаар байтал мэдээлэл дутуугаасаа болоод өвчлөл өндөр хэвээр байна. Иймээс эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, соён гэгээрүүлэх нь бидний дунд ба урт хугацааны бодлогуудын номер нэг асуудлуудад багтаан харж байгаа. Иймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэнд болон боловсролын салбарт чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

- Монголын даатгалын зах зээлд 20 орчим ердийн даатгалын компани ажиллаж байна. Эдгээр өрсөлдөгчдөөс "Богд Даатгал" яг юугаараа өөр, ямар гол үнэт зүйлийг баримталдаг вэ?
- Би хоёр зүйлийг маш итгэлтэй хэлнэ. Нэгдүгээрт, тогтвортой мэргэшсэн хүний нөөц. Мэргэжлийн өндөр ур чадвартай, тогтвортой ажилладаг боловсон хүчин болон тэдний туршлагад суурилсан чанартай үйлчилгээ бидний гол давуу тал. Хоёрдугаарт, мэргэжлийн Андеррайтингийн бодлого. Нэг ижил төрлийн бүтээгдэхүүнийг хоёр өөр харилцагчид тухайн хэрэглэгчийн зан төлөв, эрсдэлийн онцлогт тохируулан санал болгож чаддаг Андеррайтингийн ур чадвар. Энэ нь богино хугацаанд бий болдоггүй, олон жилийн туршлагаар биеждэг зүйл.
Нэгэн сонирхолтой жишээ ярихад, би хиймэл оюун ухаанаас "Даатгалын салбарт Бодь Даатгал ямар чанараараа манлайлдаг вэ?" гэсэн өгөгдөл өгч асуухад "Хамгийн найдвартай, том нөхөн төлбөрөөс хэзээ ч зугатдаггүй" гэсэн илэрц гарж ирсэн. Бид харилцагчтайгаа байгуулсан гэрээ болон дотоод журмын хүрээнд ажиллахаас гадна, олон жилийн хамтын ажиллагаа, бий болсон итгэл үнэмшилд тулгуурлан нөхөн төлбөр шийдвэрлэлтэд хүндэтгэлтэй, хариуцлагатай ханддаг. Энэ бол бидний хазайж болохгүй суурь зарчим юм.
- Брэндийн шинэчлэл хийн шинэчлэгдэж буй "Богд Даатгал"-ын цаашдын алсын хараа, ирээдүйн бодлого юунд чиглэх вэ?
Бид дараагийн дунд болон урт хугацааны бодлого 3 үндсэн суурь дээр томьёолж байгаа:
- Харилцагч төвтэй үйлчилгээ: Өнгөрсөн хугацааны үнэ цэнэ, харилцагчийн итгэл үнэмшлийг тогтвортой хадгалж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулна.
- Мэргэжлийн Андеррайтингийн бодлого: Урт хугацаанд тогтвортой ажиллаж, харилцагч төвтэй мэргэжлийн үйлчилгээг тогтмол баримтална.
- Технологийн дэвшил ба хиймэл оюун: Дэлхий нийтээр хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан болон технологийн шийдлийг хурдтай хөгжүүлж, салбартаа манлайлагчийн байр сууриа тогтмол хадгална.
Монгол хүн бүр эрүүл энх, санхүүгийн эрсдэлгүй байж гэмээ нь улс маань хөгжинө. Бид энэхүү алсын хараагаа баримтлан ирэх он жилүүдийн түүхийг бүтээхээр итгэл дүүрэн урагшилж байна.
Ийнхүү "Бодь Даатгал" компани 30 жилийн түүхэн хуудаасаас шилжиж, "Богд Даатгал" брэндийн шинэчлэлээ хийж буй нь Монголын даатгалын салбарт мэргэжлийн андеррайтинг, эрүүл мэндийн цоо шинэ бүтээгдэхүүн болон харилцагчийн итгэлцлийг шинэ түвшинд гаргаж буй бодлогын томоохон алхам юм. Тэд энэхүү олон жилийн туршлага, тогтвортой хүний нөөц болон олон улсын хамтын ажиллагаан дээрээ үндэслэн дараагийн 30 жилийн шинэ түүхээ бичиж, салбартаа манлайлах алсын хараатайгаар ийнхүү урагшилж байна.