Хосууд өмнө нь нэгнийхээ утсыг шалгах, мессеж, өдрийн тэмдэглэл зэргийг унших нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг байсан бол өнөөдөр хиймэл оюун ухаанаас асуусан хайлтын түүхийг унших нь хосын харилцааны шинэхэн асуудал болоод байна. Судлаачид хосынхоо Ai-ийн хайлтын түүхийг унших нь том маргааны эхлэл болж байгааг анхааруулж үүнийг "гуравдагч орон зай" хэмээн нэрлэх болжээ. Мөн хос тань танд хэлээгүй зүйлээ Ai чатботтой ярилцсаныг мэдэх нь яг л хууртсан мэдрэмжтэй ижил хэмжээний өвдөлт мэдрэгддэг гэсэн байна. Гэхдээ энэхүү асуудал нь ихэвчлэн хосууд хоорондоо ярилцаж хэлэлцсэн ч бодит үр дүнд хүрч чадаагүй тул өөр арга зам хайсны илрэл байж болохыг судлаачид онцолжээ.
Хил хязгаарыг хэрхэн тогтоох вэ?
Хэн нэгэн маргалдсаныхаа дараа чатботод гомдоллож эсвэл салах талаар асууж болох ч энэ нь сэтгэл хөдлөлдөө автсан шийдвэр гэдгийг мартаж болохгүй. Тиймээс энэ үед хосууд яаран дүгнэлт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Чатбот зөвхөн өөрт нь хэлсэн нэг талын түүхийг л анхаарч үздэг тул хиймэл оюун ухаан хосын тань үгийг дэмжиж, санал нийллээ гээд энэ нь эцсийн шийдвэр байх ёстой гэсэн үг биш юм. Мөн чатботыг өдрийн тэмдэглэлтэй адил үздэг хүмүүс байдаг тул хувийн нууцыг хүндэтгэх, ямар мэдээллийг хиймэл оюунтай хуваалцаж болох зэрэг хил хязгаарын талаар хосууд нээлттэй ярилцах шаардлагатай.
Цаашид энэ асуудлыг даван туулахын тулд хосууд Ai чатын зөвлөгөө, хайлтын түүхээр эцсийн шийдвэрээ гаргаж болохгүй. Үүний оронд ямар асуудлаас болж ийм асуулт тавих болсон, гол хэрэгцээ, айдас юунаас үүдсэн болохыг сайтар ярилцаж, дундын үл ойлголцлоо арилгах нь чухал юм. Эцэст нь, хиймэл оюун ухаан нь хосуудын харилцааны гүүр ч байж болно, эсвэл харилцааг нураадаг газар ч байж болохыг хувь хүн сайтар бодож шийдвэр гаргаж сурах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: TIME