Passion in the City: Тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус

2026.08.275 минут унших
Passion in the City: Тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Тогтвортой ирээдүй дан ганц томоохон бодлого, олон улсын хэлэлцээрээр хэмжигдэхгүй. Хөрсний бохирдлыг бууруулах лабораторийн туршилт, шувуудын амьдрах орчныг хамгаалах судалгаа, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй соёлын өвийг хадгалан хамгаалах ажил, хаягдлыг дахин эргэлтэд оруулах технологи, зөв мэдлэг түгээхийг хүссэн залуу хүний оролцоо гээд өдөр тутамд хийгдэж буй олон ажил хөдөлмөр нийлж байж бодит өөрчлөлтийг бүтээх болов уу.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр судлаачид, байгаль хамгаалагчид, хувийн хэвшлийн төлөөлөл, оюутан залуус өөр өөрсдийн хийж буй ажил, шийдлээ танилцуулж буй. Тэдний ажиллаж байгаа салбар, арга барил өөр өөр боловч нэг зүйл дээр огтлолцоно. Тэр нь судалгаа, мэдлэг, технологи, бодит оролцоогоор байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг өөрсдийн чадах зүйлээс эхлэн шийдэх хүсэл юм.

Passion in the City цувралын энэ удаагийн дугаарт бид COP17-г зорьж, олон улсын хэмжээний энэхүү чуулганд Монголын залуус хэрхэн оролцож, өөрсдийн судалгаа, санаачилга, шийдлийг танилцуулж байгааг онцлон сурвалжиллаа.

М.Үүрийнтуяа: Туршилтууд маань бодит ажил болж, үр дүн өгч байгааг харах хамгийн их урам зориг өгдөг

Passion in the City: Тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус нийтлэлийн зураг

Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Үүрийнтуяа

-COP17-д ямар судалгааны үр дүн, ямар ажлын үр дүнгээ танилцуулж оролцож байна?

-Манай Биологийн хүрээлэнгийн Микробиологийн лаборатори энэ удаад гурван төсөл танилцуулж байгаа. Үүний нэг нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран нүхэн жорлонгоос үүссэн хөрсний бохирдлыг ариутгах төсөл. 

Нүхэн жорлонгоос болж бохирдсон хөрс болон нүхэн жорлонгийн лагийг лабораторид аваачиж, бактериудад туршилт хийдэг. Эдгээр бактери нь лаг болон бохирдлыг багасгаж чадаж байна уу гэдгийг туршсаны үндсэн дээр бүтээгдэхүүнээ гаргаж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөрсний ашигтай, ариутгах үйлчилгээтэй бактериудыг нийлүүлээд, нүхэн жорлонгоос болж бохирдсон гэр хорооллын хөрсөнд цацаж ариутгах юм. Энэ төслийн давуу тал нь зөвхөн бактери буюу амьд микроорганизм ашиглаж байгаа явдал. Ямар нэгэн химийн бодис ороогүй учраас байгальд ээлтэй. Мөн эдгээр микроорганизм нь хүнд өвчин үүсгэдэггүй учраас хүмүүс өвчлөх боломжгүй гэдгээрээ давуу талтай.

-COP17-д танилцуулагдаж байгаа ажлуудаас сонирхолтой, хөгжүүлж болохуйц, сайн шийдэлтэй эсвэл үлгэр жишээ санагдсан ямар төсөл, хөтөлбөр байна вэ. Таны анхаарлыг татсан зүйл юу байв?

-“Ургамлын далай” гэдэг газрын хэрэгжүүлж байгаа “Хотын ой” төсөл сонирхолтой санагдсан. Энэ нь гэр хорооллын айл болгон дор хаяж таван ширхэг мод тарьснаар тухайн айл өрхийн ой бий болно. Тэгээд айл өрх бүрийн ой нийлээд, хотын хэмжээний ой болох тухай төсөл байсан.

-Тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр ажил хийж байгаа хүний хувьд ажлынхаа юунаас хамгийн их хүсэл тэмүүлэл, урам зориг авдаг вэ?

-Би өдөр тутамдаа ажлаа хийхдээ тогтвортой ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж байгаа даа гэж боддог юм. Лабораторид хийсэн туршилтууд маань цаашаа төсөл болж хэрэгжээд, Улаанбаатар хот, Монгол Улсын бохирдол болон газрын доройтлыг нөхөн сэргээхэд ашиглагдаж байгаа нь их таатай санагддаг. Туршилтууд маань бодит ажил болж, үр дүн өгч байгааг харах хамгийн их урам зориг өгдөг.

Э.Баасансүрэн: Байгаль орчны чиглэлээр ажилладаг бидний хувьд тогтвортой санхүүжилт их чухал

Passion in the City: Тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус нийтлэлийн зураг

Монголын шувуу хамгаалах төвийн Шувуу судлаач Э.Баасансүрэн

-Та COP17-д ямар судалгааны үр дүн, ямар ажлаараа оролцож байгаа вэ?

-Манай байгууллага Монгол оронд хэрэгжүүлж буй ховор шувуудын судалгаа, хамгааллын зарим төсөл, хөтөлбөрөө COP17-ийн Ногоон бүсэд танилцуулж байна.

Бид Монгол орны зүүн хойд хэсэгт шувуу судлалын суурин ажиллуулдаг. Тэнд эргийн шувуу, усны шувууны судалгаа, мониторингийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Олон улсын судлаачид, их сургуулиудтай хамтран ажилладаг. Мөн энэ чиглэлээр суралцдаг бакалавр, магистрын оюутнуудыг судалгааны ажлаар нь дэмжиж, ирээдүйн биологич, экологичдыг бэлтгэдэг.

Эдгээрээс гадна Төв аймгийн Баян суманд махчин шувуу судлалын сууринг 2024 оноос ажиллуулж байгаа. Тэнд хиймэл үүр байршуулсан. Учир нь махчин шувууд тал хээрт үүрлэх, амьдрах орчноор хязгаарлагдаж байдаг. Тиймээс тэдний үүрлэх, амьдрах орчныг дэмжихийн тулд хиймэл үүр байрлуулсан. Тэдгээр хиймэл үүрэнд үүрлэж байгаа махчин шувуудын хөгжлийн судалгааг хийдэг. Энэхүү судалгааны ажлыг Мухаммед Бин Зайдын Махчин шувуу хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа.

Үүнээс гадна өнөөдөр танилцуулж байгаа гол төслүүдийн нэг нь Монгол орны хэмжээнд шувуудад аюултай өндөр хүчдэлийн шугамуудыг аюулгүй болгож бүрсэн ажил.

Мөн эдгээр төслөөс гадна Монгол орны олон газарт очиж ажилладаг. Монгол орны говьд жороо тоодгийн судалгаа, хамгааллын ажлыг хийдэг. Монгол орны баруун хойд хэсэгт хонин тоодог, жороо тоодгийн судалгааг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

-COP17-ийн хамгийн сонирхол татсан, байгаль орчинд ээлтэй, хэрэгжүүлж болохуйц ямар шийдэл байна?

-Цэнхэр бүсэд болж байгаа Тогтвортой санхүүжилтийн форум маш чухал санагдсан. Энэ форумд олон улсын байгууллагууд, Голомт банк, Хаан банк болон бусад байгууллага оролцож, байгаль орчин, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газрыг хамгаалахад тогтвортой санхүүжилтийг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж байгаа.

Байгаль орчны чиглэлээр ажилладаг бидний хувьд үйл ажиллагаагаа хэрхэн санхүүжүүлэх, тогтвортой санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх боломжтой вэ гэдэг их чухал. Энэ утгаараа саяхан нэг хуралдаанаар Голомт банктай маш том гэрээ хийсэн байсан. “Nature” гэдэг карт бий болгоод, түүний орлогын  80 хувийг байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалахад санхүүжүүлнэ гэсэн маш чухал зүйл дээр санамж бичиг байгуулсан байна.

-Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

-Байгаль орчны салбарт эмэгтэй хүмүүс ажиллахад ер нь хэцүү. Эмэгтэй хүмүүс цөөхөн байдаг. Миний хувьд байгаль орчны салбарт ажиллаад бараг арав гаруй  жил болж байна. Анх бакалаврын түвшнээсээ байгаль орчны чиглэлээр биологич, экологич мэргэжлээр суралцаад, түүнээс хойш энэ салбартаа ажиллаж байгаа.

Бидний хувьд бас нэг чухал зүйл бол цаашдын, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх. Тиймээс их сургуулиудын энэ чиглэлийг сонирхож байгаа оюутнуудыг судалгаандаа түлхүү оролцуулж, бакалавр, магистрын түвшний боловсон хүчин бэлтгэхэд нь дэмждэг. Цаашдаа бусад төсөл дээр хамтран ажиллах, гадагшаа сурах боломжуудыг нь ч нээж өгөхөөр хичээж байна. Мөн бид зөвхөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна олон нийтэд чиглэсэн ажлуудыг маш их хийхийг хичээдэг.

Н.Баасансамбуу: Соёлын өвүүд байгаль цаг уурын өөрчлөлтөөс чулуу нь бутрах, гэмтэх эрсдэлтэй болсон

Passion in the City: Тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус нийтлэлийн зураг

Соёлын өвийн үндэсний төвийн Судлаач Н.Баасансамбуу

-COP17-д ямар судалгааны үр дүн, ямар ажлын үр дүнгээ танилцуулж оролцож байна?

-Эртний Монголын арван гуравдугаар зуунд хамаарагдах хүн чулууны үзэсгэлэнгээр оролцож байна. Энэхүү хүн чулууны тархалт нь судлаачдын олж нээснээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон сумд, Хэнтий аймгийн Баянхутаг сум, Төв, Говь-Алтай аймгуудын нутгаар байдаг.

Хүн чулуун хөшөөнөөс арван гуравдугаар зууны үеийн монголчуудын малгай, суудал, хундага хэрэглэл зэргийг сэргээн харах боломжтой.

Энэхүү соёлын өвүүд нь байгаль цаг уурын өөрчлөлтөөс үер болох, хэт хүйтрэх, мөсжих зэргээс шалтгаалж, чулуу нь тэлж улмаар бутрах, гэмтэх эрсдэлтэй болсон. Үүнийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүмүүст харуулахыг зорьж байна.

А.Агиймаа: Шинжлэх ухааны үндэслэлтэй, хөтөлбөртэй, мэдээлэлтэй төслүүд хэрэгжвэл үр дүнтэй

Passion in the City: Тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус нийтлэлийн зураг

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтэн А.Агиймаа

-COP17-д сайн дурын ажилтнаар оролцож буй сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Би Шинэ-Монгол Коосэн сургуулийн Химийн инженерийн гуравдугаар дамжааны оюутан. Ирээдүйд органик материал судлалаар Япон улсад сурахыг хүсдэг. Энэхүү хөтөлбөрт оролцохын тулд бүтэн жил бэлдсэн. Энэ удаагийн хуралд ч бас цөлжилтийн эсрэг хэрхэн тэмцэх, хүмүүст хэрхэн зөв мэдээлэл өгөх зэрэг маш олон зүйл судалж, бэлдсэн.

-COP17-ийн хамгийн сонирхол татсан, байгаль орчинд ээлтэй, хэрэгжүүлж болохуйц ямар шийдэл байна?

-Өмноговьд 2023 оноос хойш хэрэгжиж буй нэг төсөл маш их таалагдсан. Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн байгуулагдаж байгаа бөгөөд биологийн олон янз байдал, зэрлэг амьтны судалгаа, усны чанар, аюулгүй байдлын сорилтын лаборатори, Бичил биетэн (Микробиологи)-ий судалгаа, уур амьсгалын өөрчлөлт, агаарын хяналт-шинжилгээ зэрэг цогц судалгааны чиглэлүүдтэй юм байна. Бид цөлжилтийн эсрэг гэхээр шууд л мод тарьдаг шүү дээ. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй, хөтөлбөртэй, мэдээлэлтэй иймэрхүү төслүүд хэрэгжвэл илүү үр дүнтэй гэж бодож байна.

-Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

-Өвөө эмээ хоёр маань Сүхбаатар аймагт байдаг юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд зуднаас болж 1,000 гаруй малаа алдсан. Энэ нь надад маш хүнд санагдаж байсан. Тиймээс байгаль орчинд ээлтэй байхын тулд хүмүүст зөв мэдлэг мэдээлэл хүргэх л чин хүсэлтэй байна даа.

Э.Оюунтуяа: Хийж буй ажлаараа тогтвортой ирээдүй бүтээхийн тулд бага ч гэсэн хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг 

Passion in the City: Тогтвортой ирээдүйг бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн залуус нийтлэлийн зураг

“Электрокем Монгол” ХК-ийн ажилтан Э.Оюунтуяа

-COP17-д ямар судалгааны үр дүн, ямар ажлын үр дүнгээ танилцуулж оролцож байна?

-Манай үйлдвэр ашиглалтаас гарсан хар тугалган батарейг байгаль орчинд ээлтэй технологиор дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг. Хаягдал батарейг дахин хар тугалгыг цэвэршүүлж, 99.97 хувиас дээш сорьцтой хар тугалган гулдмай үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд нийлүүлдэг.

Батарейд агуулагдах хүхрийн хүчлийг саармагжуулж, гөлтгөнө үйлдвэрлэхэд ашигладаг. Харин батарейн хуванцар хайрцгийг тусад нь ялган авч, хуванцар боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг.

Өөрөөр хэлбэл, нэг ширхэг ашиглалтаас гарсан батарейг хаягдал гэж харахгүйгээр түүний бүрэлдэхүүн хэсэг бүрийг дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн болгон боловсруулдаг.

Хар тугалга нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнд метал. Хэрэв ашигласан батарейг зориулалтын дагуу боловсруулахгүйгээр ил задгай хаях эсвэл буруу аргаар устгавал хар тугалга нь хөрс, ус болон агаарт тархах эрсдэлтэй байдаг.

-Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

-Хийж буй ажлаараа бахархдаг. Хүмүүс нэг үеэ бодвол аль нь байгаль орчинд ээлтэй, аль нь сөрөг гэдгийг мэддэг болсон харагддаг. Байгальд шууд хаялгүйгээр манайд авчирсан батарейг дахин боловсруулж, хийж буй ажлаараа тогтвортой ирээдүй бүтээхийн тулд бага ч гэсэн хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд