Судалгаа шинжилгээний салбарынхан, номын хорхойтнуудын хувьд номын сан гэдэг тавиур дүүрэн номоос хавьгүй том ертөнц билээ. Хайж байсан бүтээлээ олж авах, санамсаргүй таарсан нэг бүтээлээс шинэ санаа нээх, хэдэн арван жил хадгалагдсан ховор материалыг судалгааны эргэлтэд оруулж, олонд хүргэх гүүр болдог газар билээ. Харин энэ бүхний ард ном, ховор нандин бүтээлүүд, олон зууны турш уламжилж ирсэн сурвалж, түүний доторх мэдээлэл, мэдлэгийг хадгалахаас гадна хэрхэн илүү олон хүнд хүргэх вэ гэж өдөр бүр ажилладаг номын санч, каталогич, судлаачид бий.
Тэдний жилдээ нэг удаа нэг дор цуглардаг “Номын сан: Өнөөдөр ба маргааш” форум энэ жил тав дахь удаагаа болж байгаатай холбогдуулан Passion in the City булангийнхаа энэ удаагийн дугаараар МУИС-ийн Номын санг онцлон зорилоо. Олон улсын каталогт Монголын оюуны бүтээлийг нээлттэй болгохоос эхлээд мэргэшсэн каталогич бэлтгэх, хиймэл оюун зэрэг шинэ технологийг номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаанд ашиглах хүртэл салбарын өнөөдөр, маргаашийн тухай энд хэлэлцэж байгаа юм байна. Бид энэ үеэр Монгол болон олон улсын номын сангийн салбарт ажилладаг таван мэргэжилтэнтэй уулзаж, номын санг ирээдүйн мэдлэгийн орон зай болгохын тулд тэд юу хийж байгаа, бас энэ мэргэжлийнхээ юунд хамгийн их дурладаг талаар нь ярилцлаа.
Г.Цэрэн: Монголд бүтээсэн ном, судалгаа, эрдэм шинжилгээний материалыг цахимаар дэлхийн хаанаас ч хайж, олж, ашиглах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй

-Форумын хүрээнд та ямар судалгаа шинжилгээ, ажлынхаа үр дүнг танилцуулж оролцож байна вэ?
-МУИС-ийн номын сангаас жил бүр зохион байгуулдаг “Номын сан: Өнөөдөр ба маргааш” форум энэ жил тав дахь удаагаа болж байна. Энэ удаагийн форум Монголын номын сангийн каталогийг дэлхийн түвшинд хүргэх боломж гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Миний хувьд “Монголын номын сангийн каталогийг олон улсын түвшинд нээлттэй болгох бодлого, боломж” гэсэн сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Энгийнээр тайлбарлавал, өнөөдөр бид Монголын номын сангуудад ямар ном, сурах бичиг, судалгааны бүтээл байгааг цахимаар хайж, олох боломжтой болсон. Харин дэлхийн олон оронд номын сангууд нэгдсэн каталогийн сүлжээнд холбогдсон байдаг. Тухайлбал, WorldCat нэгдсэн каталогийн сүлжээнд 100 гаруй орны номын сан холбогдсон бөгөөд тухайн орнуудад хэвлэгдсэн ном, эрдэм шинжилгээний бүтээлийг нэг системээс хайж олох боломжтой.
Харин Монголын эх сурвалж, бүтээлүүдийг одоогоор ийм байдлаар дэлхийн нэгдсэн каталогоос шууд хайж олох боломж хязгаарлагдмал байна. Тиймээс Монголын номын сангийн каталогийг олон улсын системтэй холбохын тулд ямар үе шаттай ажиллах, бодлогын түвшинд ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдэгт голлон анхаарсан.
Энэ жилийн форумын бас нэг онцлог нь гадаадын их сургууль, томоохон номын сан, судалгааны байгууллагуудад ажилладаг монгол номын санчид болон олон улсын мэргэжилтнүүд оролцож байгаа явдал юм. Оролцогч бүр өөрийн туршлага, чиглэлээр санал дэвшүүлж байгаа ч эцсийн зорилго нь Монголын эрдэмтэн, судлаачдын бүтээл, оюуны өвийг дэлхийн хэрэглэгчдэд хэрхэн илүү хүртээмжтэй болгох вэ гэдэгт төвлөрч байна.
-Салбартаа хэрэгжиж байгаа шинэлэг ажлуудаас таны бодлоор бусдад хамгийн үлгэр жишээ болохуйц, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой ямар санаа, шийдэл байна вэ?
-Миний бодлоор Монголын номын сангийн каталогийг олон улсын нэгдсэн системтэй холбох нь цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн чухал ажлуудын нэг. Өнөөдөр хиймэл оюун ухаан, техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа учраас номын сангийн үйлчилгээ зөвхөн цаасан номыг танхимд ирж унших хэлбэрээр хязгаарлагдах боломжгүй болсон.
Монголд бүтээсэн ном, судалгаа, эрдэм шинжилгээний материалыг цахимаар дэлхийн хаанаас ч хайж, олж, ашиглах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд төдийгүй Монголын талаар судалдаг гадаадын эрдэмтэн, судлаачид ч манай бүтээлүүдийг илүү хялбар олж авах боломжтой болно.
Ер нь аливаа улс орны хөгжил хүний боловсрол, оюуны хөгжилтэй салшгүй холбоотой. Харин мэдлэг, мэдээллийг хүмүүст хүргэх гол орчны нэг нь номын сан. Тиймээс номын сан өөрөө техник технологийн хөгжлөөс хоцрохгүй шинэчлэгдэж байж хэрэглэгчдэд илүү өргөн хүрээний мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй хүргэж чадна. Монголын номын сангууд дэлхийн системтэй зэрэгцэн хөгжих нь зөвхөн номын сангийн салбарын асуудал биш шүү дээ. Монголын оюуны бүтээлийг дэлхийд таниулах нэг чухал боломж.
-Номын сан, мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд та хийж буй ажлынхаа юунаас хамгийн их хүсэл тэмүүлэл, урам зориг авдаг вэ?
-Номын сангийн салбарт ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Өмнө нь МУИС-ийн Бизнесийн сургуульд багшаар ажиллаж байсан, одоо ч тодорхой хичээлүүд заадаг. Харин номын сангийн салбарт орж ирснээс хойш энэ ажилдаа улам дурлаж, олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж явна.
Энэ салбарын хамгийн сайхан зүйл нь хүний оюуны хөгжилтэй шууд холбогддогт оршдог. Хүмүүс “энэ ном, бүтээлийг хэрхэн уншигчдад хүргэх вэ?”, “мэдлэг, мэдээллийг яаж илүү хүртээмжтэй болгох вэ?” гэсэн асуулттай бидэнд ханддаг. Тэр бүрд бид нэг бүтээлийг зүгээр хадгалаад үлдэх биш, хэрэгтэй хүнд нь хүргэж, цаашлаад хүний мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах боломжтой болдог.
Тиймээс миний хувьд номын сангийн салбарт тодорхой хувь нэмэр оруулах хүсэл, зорилго бий. Үүний нэг хэсэг нь Монголын номын санг техник технологийн хөгжлөөр дэлхийн номын сангуудтай зэрэгцэн хөгжүүлэх, Монголд бүтээгдсэн оюуны үнэт бүтээлүүдийг илүү олон хүнд, цаашлаад дэлхийн уншигч, судлаачдад хүргэхийн төлөө ажиллах юм.
М.Даваасүрэн: Мэддэг, чаддаг зүйлээ бусадтай хуваалцах нь дэлхийн номын сангийн салбарт төлөвшсөн мэргэжлийн чухал соёл

-Энэхүү форумын хүрээнд та ямар судалгаа, шинэ санаачилга эсвэл номын сангийн чиглэлээр хийж буй ажлынхаа үр дүнгээс танилцуулж оролцож байна вэ?
-Миний хувьд дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог буюу WorldCat-д Азийн номын сангууд нэгдсэн туршлага, түүнээс Монгол Улс юу суралцах боломжтой, бид өнөөдөр ямар түвшинд байгаа болон цаашид юунд анхаарах шаардлагатай талаар илтгэл тавьж байгаа.
WorldCat бол дэлхийн номын сангуудын хамгийн том нэгдсэн электрон каталогийн сан. Олон орны мянга мянган номын сан өөрсдийн каталогийн мэдээллийг энэ системээр дамжуулан хуваалцдаг. Тухайн улсын ном, хэвлэмэл бүтээл, судалгааны материалын каталогийн бичлэг энэ санд орсноор оюуны бүтээлүүд нь дэлхий дахинд илүү нээлттэй, хүртээмжтэй болж, олон улсын мэдээллийн орон зайд эзлэх байр суурь нь нэмэгддэг. Тиймээс олон улс энэ чиглэлд бодлогын түвшинд анхаарч, хөрөнгө оруулалт хийж, мэргэшсэн хүний нөөцөө бэлтгэдэг.
Монгол Улс ч энэ системд нэгдсэнээр монгол зохиолчдын бүтээл, монгол хэл дээрх ном, материал төдийгүй дэлхийн хаана хэвлэгдсэнээс үл хамааран Монголтой холбоотой оюуны бүтээлүүдийг олон улсын түвшинд таниулах чухал суурь бүрдэх боломжтой.
-Салбартаа хэрэгжиж байгаа шинэлэг ажлуудаас таны бодлоор бусдад хамгийн үлгэр жишээ болохуйц, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой ямар санаа, шийдэл байна вэ?
-Америкийн Монгол судлалын төвийн хувьд Монголын номын сангуудыг олон улсын каталогийн стандартад ойртуулах, энэ чиглэлийн мэргэжлийн чадамжийг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлгүүдийг олон жилийн турш санаачлан зохион байгуулж ирсэн.
Тухайлбал, 2013 онд Монголд MARC стандартын анхны сургалтуудын нэгийг зохион байгуулж байсан. Мөн Америкийн Монгол судлалын төвийн номын сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор Саруул-Эрдэнэ хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулсан. Эдгээр ажлын үр дүнд зөвхөн Улаанбаатарын төдийгүй орон нутгийн номын санчид олон улсын каталогийн стандарт, тэр дундаа MARC 21 стандартыг эзэмшихэд тодорхой ахиц гарсан. Энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ.
-Номын сан, мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд та хийж буй ажлынхаа юунаас хамгийн их хүсэл тэмүүлэл, урам зориг авдаг вэ?
Миний хувьд номын санч мэргэжлээрээ бахархдаг хамгийн том шалтгаан нь энэ салбарын суурь үнэт зүйл болох тэгш байдал, тэгш оролцоо, олон янз байдал. Номын сан хүнийг нийгмийн байр суурь, шашин шүтлэг, үндэс угсаа болон бусад ялгаанаас үл хамааран хүн бүрд тэгш хүртээмжтэй үйлчилдэг. Өөрт байгаа нөөц, боломжоо хүн бүрд нээлттэй хүргэж, мэдлэг, мэдээллээр дамжуулан хүний амьдралыг өөрчлөх боломжтой нь энэ мэргэжлийн хамгийн сайхан тал гэж боддог.
Нөгөө талаар мэддэг, чаддаг зүйлээ бусадтай хуваалцах нь дэлхийн номын сангийн салбарт төлөвшсөн мэргэжлийн чухал соёл. Энэ нь миний хувь хүний үнэт зүйлтэй ч нийцдэг. Тиймээс өөрийн мэдлэг, туршлагыг дотоодын болон гадаадын судлаачид, мэргэжилтнүүдтэй хуваалцах, тэднийг хооронд нь холбох, Монголын судалгаа, оюуны бүтээл болон дэлхийн мэдээллийн орон зайн хооронд гүүр болж ажиллах нь миний хувьд энэ салбарт ажиллах хамгийн том урам зоригийн нэг.
О.Нарантуяа: Мэргэжлийн маань хамгийн сайхан зүйл нь эрдэм мэдлэгт тэмүүлж, сурч, хөгжихийг хүсэж байгаа хүмүүстэй үргэлж харилцдагт оршдог

-Форумын хүрээнд та ямар судалгаа шинжилгээ, ажлынхаа үр дүнг танилцуулж оролцож байна вэ?
-Энэ удаагийн форумаар миний хувьд мэргэшсэн каталогичийн мэргэжлийн чадамж буюу хүний нөөцийн асуудлаар илтгэл хэлэлцүүлж байгаа. Олон улсын каталогийн системтэй холбогдохын тулд нэг стандарт, нэг форматаар мэдээллээ боловсруулах шаардлагатай. Гэхдээ тэр стандарт, формат, ном зүйн бичлэг, өгөгдлийн холбоосыг ойлгож, практикт зөв хэрэглэж байгаа нь эцсийн дүндээ номын сангийн мэргэжилтэн, каталогич хүн.
Өгөгдлийн аль нэг талбарт мэдээллийг буруу оруулахад л тухайн бүтээл олон улсын хайлтын системээс зөв олдохгүй байх эрсдэлтэй. Жишээлбэл, зохиогчийн мэдээлэл орох ёстой талбарт орчуулагчийн мэдээллийг оруулбал өгөгдлийн холбоос алдагдана.
Тиймээс олон улсын системд холбогдохын тулд зөвхөн технологи, стандарт ярихаас гадна түүнийг хэрэгжүүлэх мэргэшсэн хүний нөөцөө бэлтгэх нь маш чухал.
Монголд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, онолын мэдлэг, практик туршлагатай олон сайн каталогич бий. Одоо үүний дараагийн шат нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн чадамжийг бий болгох явдал. Тиймээс каталогичийн түвшин бүрд ямар мэдлэг, ур чадвар шаардлагатайг тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдлаа үнэлэн, цаашид хөгжүүлэх суурийг тавих талаар санал дэвшүүлж байгаа.
-Салбартаа хэрэгжиж байгаа шинэлэг ажлуудаас таны бодлоор бусдад хамгийн үлгэр жишээ болохуйц, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой ямар санаа, шийдэл байна вэ?
-Энэ удаагийн форумын илтгэлүүд бүгд нэг том зорилгын хүрээнд хоорондоо холбогдож байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Монголчууд бид асар их мэдлэгийн болон баримтат өвтэй. Тэдгээрийн томоохон хэсгийг номын сангууд хадгалж байна. Харин одоо тэр өвийг зөвхөн хадгалаад зогсохгүй, мэдээллийг нь дэлхийн хүн төрөлхтөнд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах, Монголын түүх, соёл, оюуны бүтээлийг олон улсад сурталчлан таниулах шаардлага тулгарч байна.
Үүний тулд өнөөг хүртэл бий болгосон суурин дээрээ тулгуурлан олон улсын стандарт, нэгдсэн каталогийн системтэй холбогдохоос эхлээд өгөгдлийн чанар, технологийн шийдэл, хүний нөөцийн чадамжийг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн форумд оролцож буй судлаач, мэргэжилтнүүд энэ зорилгод хүрэхийн тулд өөр өөрийн чиглэлээс цаашид ямар алхам хийх шаардлагатайг хэлэлцэж байгаа нь өөрөө чухал ач холбогдолтой гэж харж байна.
-Номын сан, мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд та хийж буй ажлынхаа юунаас хамгийн их хүсэл тэмүүлэл, урам зориг авдаг вэ?
-Би 1994 онд номын сангийн мэргэжлээр суралцаж эхлээд, 1998 онд төгссөнөөсөө хойш Монголын Үндэсний номын сан, дараа нь МУИС-ийн номын санд ажилласан. Өөрөөр хэлбэл, энэ салбарт гучаад жил ажиллаж байна.
Энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь эрдэм мэдлэгт тэмүүлж, сурч, хөгжихийг хүсэж байгаа хүмүүстэй үргэлж харилцдагт оршдог. Өнөөдөр шинэ зүйл судалж байгаа эрдэмтэн, судлаач, бакалаврын оюутнуудтай ажиллана. Тэр залуус ирээдүйд хэн болж, ямар амжилтад хүрэхийг бид мэдэхгүй. Гэхдээ тэд бол Монголын ирээдүй. Ийм оюунлаг, өсөж хөгжих хүсэлтэй хүмүүсийн дунд ажиллах нь өөрөө маш сайхан эрч хүч өгдөг.
Хүн уншихгүйгээр хөгжих боломжгүй. Номын сан баялаг өв санг зөвхөн хадгалахын тулд цуглуулдаггүй. Тэр мэдлэгийг хүмүүст хүргэж, хүүхэд залуус, иргэдийг уншдаг, өөрийгөө хөгжүүлдэг болгохын төлөө хадгалж, цуглуулдаг.
Цаашлаад Монголын түүх, соёлыг сонирхон судалдаг, монгол судлалаар ажилладаг дэлхийн судлаачдад ч энэ баялаг өв санг хүргэж, судалгаа шинжилгээнд ашиглах боломжийг нь бүрдүүлэх үүрэгтэй. Номын сангийн үнэ цэн нь хадгалсан мэдлэгээ хүмүүст хүргэж, тэр мэдлэгээр дамжуулан хүнийг хөгжүүлэхэд байдаг гэж би боддог.
Мэргэжил бүхэн сайхан. Харин миний хувьд номын санч, ном зүйч, каталогич гээд номын сантай холбоотой мэргэжлүүд хамгийн сайхан мэргэжил.
Д.Цолмон: Хүний асуусан зүйлд хариулж, хэрэгтэй мэдээллийг нь олж өгөөд, тэр хүн шинэ зүйл мэдэж аваад гарч байгаа тэр мэдрэмжээс л би өдөр бүр урам авч ажилладаг

-Форумын хүрээнд та ямар судалгаа шинжилгээ, ажлынхаа үр дүнг танилцуулж оролцож байна вэ?
-Өнөөдрийн форумд Монголын номын сангуудад олон улсын каталогжуулалтын чиглэлээр тулгамдаж байгаа асуудал, гарч буй алдаа дутагдал, ололттой талууд болон цаашид бид юу хийх, юунд анхаарах шаардлагатай талаар мэдээллээ багцлан танилцууллаа. Мөн залуу номын санчдаа зөвхөн номын санч байхаас гадна салбарынхаа хөгжлийн төлөө судлаачаар ажиллаасай гэж уриалахыг зорьсон.
Би өөрөө өдөр тутам каталогжуулалтын ажил хийдэг учраас бусад номын санчид ч надаас зөвлөгөө их авдаг. Тиймээс бид яг юун дээр зөрж, хаана алдаж байна, юу дутагдаж байна гэдэг нь практик ажлын явцад тодорхой харагддаг. Гэхдээ энэ нь нэг байгууллагын хэмжээнд шийдэх асуудал биш, салбарын хэмжээнд хамтарч хийх ажил юм.
Энэ бүх асуудлыг нэг дор ярих боломжгүй учраас мэргэжлийн гол асуудлуудаа дөрвөн хэсэгт, уриалгын шинжтэй асуудлуудаа хоёр хэсэгт багцлан илтгэлээ бэлтгэсэн. Бусад илтгэгчид асуудлыг судалгаа, ерөнхий түвшинд авч үзэж байгаа бол миний хувьд өдөр тутам каталогийн мэдээлэлтэй ажилладаг хүний хувьд практикт гарч байгаа нарийн асуудлуудыг арай дэлгэрэнгүй тайлбарлахыг зорьсон.
-Салбартаа хэрэгжиж байгаа шинэлэг ажлуудаас таны бодлоор бусдад хамгийн үлгэр жишээ болохуйц, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой ямар санаа, шийдэл байна вэ?
-Өмнө нь бидэнд олон улсын каталог хийх гарын авлага огт байгаагүй. Дотоодын каталогоос олон улсын каталог руу шилжиж байгаа үед нэгдсэн гарын авлагагүй байсан учраас номын сангууд өөр өөрөөр каталогжуулалт хийдэг байсан.
Харин өнгөрсөн жил багштайгаа хамтран анхны гарын авлагыг гаргасан. Энэ жил Үндэсний номын сан хоёр дахь гарын авлагыг гаргаж байна. Гарын авлагатай болсон нь өөрөө маш том алхам. Одоо хамгийн чухал нь түүнийг уншиж, дагаж мөрдөх хэрэгтэй. Стандарт, формат, баримтлах материал нь байхад хуучин аргаараа үргэлжлүүлэн алдаатай хийхгүйгээр гарын авлагаа ашиглаж хэвших шаардлагатай.
Форумын үеэр яригдсан саналууд дундаас Үндэсний номын сангийн хууль болон Номын сангийн хуулийг тусад нь авч үзэх санал маш чухал санагдсан. Бидэнд дутагдаж байгаа зарим асуудлыг хуулийн хүрээнд баталгаажуулах шийдлүүд эндээс харагдаж байна.
-Номын сан, мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд та хийж буй ажлынхаа юунаас хамгийн их хүсэл тэмүүлэл, урам зориг авдаг вэ?
-Би өдөр бүр өөрийгөө яг номын сангийн хүн юм байна гэдгээ мэдэрдэг. Анх залуудаа номын санч болоход ном өгч, авдаг л ажил юм байна гэж боддог байлаа. Харин оюутан, уншигчидтай харилцаад эхлэхээр тэд янз бүрийн зүйл асууна. Мэдэхгүй зүйл таарахаар нь өөрөө ном эргүүлж, судалж, хариултыг нь олж мэддэг болсон. Дараа нь тэр мэдсэн зүйлээ өөр хүнд хэлж өгөөд, хэрэгтэй мэдээллийг нь олж өгөх маш сайхан мэдрэмж төрүүлдэг байсан.
Одоо туршлага суух тусам каталог хийх, лавлагаа мэдээлэл өгөхдөө хүмүүст туслах нь миний ажлын хамгийн сайхан хэсэг болсон. Би “200 тоотод ирээд юу ч байсан асуугаарай. Номын сантай холбоотой бол манай өрөө рүү ороод ирээрэй” гэж хэлдэг. Гадаад оюутнуудад ч Монголд амьдарч байх хугацаанд нь хэцүү зүйл тохиолдвол ирж асуугаарай гэдэг.
Манайд орон нутгаас, анх удаа хотод ирж байгаа оюутнууд ч олон байдаг. Тэдэнд номын сангийн талаарх анхны ойлголтыг бид өгдөг учраас номын санд дуртай болох тэр мэдрэмжийг нь төрүүлэхийг хичээдэг.
Хүн нэг ном асууж орж ирээд, түүнтэй холбоотой өөр гурван ном үзэж болохоо мэдээд гарч явах, эсвэл “Энд байхгүй бол тэндээс үзэж болох юм байна” гээд шинэ мэдээлэлтэй болж гарахыг харах сайхан. Хүний асуусан зүйлд хариулж, хэрэгтэй мэдээллийг нь олж өгөөд, тэр хүн шинэ зүйл мэдэж аваад гарч байгаа тэр мэдрэмжээс л би өдөр бүр урам авч ажилладаг.
Жидон Ян: Уншигч, судлаач хүн номын сангаас хайж байсан материалаа олж авч байгааг харах бүрдээ маш их баярладаг

-Форумын хүрээнд та ямар судалгаа шинжилгээ, ажлынхаа үр дүнг танилцуулж оролцож байна вэ?
-Миний илтгэл Harvard-Yenching Library номын сангийн түүх болон манай номын сангийн монгол цуглуулгын тухай байлаа. Манай номын сан бараг 100 жилийн түүхтэй бөгөөд Харвардын их сургууль дахь Ази судлалыг дэмжин ажилладаг. Илтгэлээрээ энэ түүхийг товч танилцуулсан. Мөн манай номын сангийн монгол цуглуулгын талаар танилцууллаа. Одоогоор хэдэн мянган номтой, харьцангуй бага хэмжээний цуглуулга боловч өсөн нэмэгдэж байгаа. Ирэх жилүүдэд монгол цуглуулгаа улам өргөжүүлнэ гэж найдаж байна.
-Салбартаа хэрэгжиж байгаа шинэлэг ажлуудаас таны бодлоор бусдад хамгийн үлгэр жишээ болохуйц, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой ямар санаа, шийдэл байна вэ?
-Сүүлийн 20-30 жилийн хугацаанд номын сангийн технологи маш их өөрчлөгдсөн. Технологийн шинэчлэл асар хурдацтай явагдаж байгаа учраас номын санчид, номын сангийн ажилтнуудын хувьд энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах нь заримдаа амаргүй байдаг.
Гэхдээ нөгөө талаас хэдхэн жилийн өмнө төсөөлөхөд ч бэрх байсан олон шинэ технологи бий болж байгаа нь маш сонирхолтой үеийг авчирч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хиймэл оюун хэрэглээ ихээхэн түгээмэл болсон. Хиймэл оюун номын сангийн ажилд ч хэрэгтэй болж байгаа бөгөөд Харвард болон бусад олон их сургууль, номын сан цуглуулга, үйлчилгээгээ сайжруулахын тулд шинэ технологиудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг хичээж байна.
-Номын сан, мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд та хийж буй ажлынхаа юунаас хамгийн их хүсэл тэмүүлэл, урам зориг авдаг вэ?
-Би ажилдаа маш их дуртай. Уншигч, судлаач хүн номын сангаас хайж байсан материалаа олж авч байгааг харах бүрдээ маш их баярладаг.
Манай номын санд маш үнэ цэнтэй, ховор материалууд олон бий. Заримдаа номын сандаа байгаа бүх материалынхаа үнэ цэнийг бид өөрсдөө бүрэн мэддэггүй. Харин хэрэглэгчид тэдгээрийг олж, ямар үнэ цэнтэй материал болохыг бидэнд эргээд таниулах тохиолдол байдаг. Энэ нь үнэхээр сэтгэл хөдөлгөм туршлага.
Бид нэг ёсондоо үнэт эрдэнэсийн сан хөмрөгийг хадгалж байдаг. Харин хүмүүс манай цуглуулгаас тэрхүү эрдэнэсийг олж, судалж, үнэ цэнийг нь нээж байгааг харах нь бидэнд маш их бахархал төрүүлдэг.




