Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл

2026.07.045 минут унших
Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

"Passion in the City" цувралын шинэ дугаараар “Playtime” фестиваль дахь залуусын хандлага, шинэ соёлыг тодотгож байна. Залуус хөгжмийн хэмнэлд нэгдэхийн зэрэгцээ байгаль орчиндоо хариуцлагатай хандаж, хүн бүрд ээлтэй, тогтвортой орчныг өөрсдийн гараар бүтээлцдэг болжээ. Хүртээмжтэй, хүн бүр тав тухтай хөгжилдөх орон зайг тэд хамтын хүчээр бүрдүүлсэн байна. Иймд фестивалийн хором мөч бүрийг хамтдаа мэдэрч, өөр өөрийнхөөрөө эерэг өөрчлөлтийг түүчээлж буй залуусын хүсэл тэмүүллийг энэ удаагийн дугаараар онцоллоо.

Миша: Миний хамгийн том хүсэл тэмүүлэл бол тогтвортой ирээдүйг бүтээх

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн Playtime фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

- Миний хувьд “Playtime” фестивальд анх удаа оролцож байгаа бөгөөд Монгол соёлын халуун дотно уур амьсгалыг үнэхээр их мэдэрлээ. Фестивалийн хамгийн онцлох зүйл нь зөвхөн хөгжмөөр хязгаарлагдахгүй, тогтвортой хөгжил, байгаль орчны сэдвийг гол цөмөө болгосон явдал байв. Монгол болон гадаадын уран бүтээлчид нэг тайзнаа нэгдэж, залуусын бүтээлч энергиэр дүүрэн орчныг бүрдүүлжээ. Түүнчлэн, хүмүүсийг хоорондоо санаа бодлоо хуваалцаж, идэвхтэй оролцоход уриалж байсан нь хамгийн гоё байлаа.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- “Oasis zone” бол фестивалийн үеэр амьсгаа авах, тайвшрах, санаа бодлоо солилцох тусгай орон зай байсан нь маш онцлог санагдсан. Энэ хэсэг нь Европын Холбооны “Global Gateway” санаачилгын хүрээнд тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн талаар мэдээлэл өгч, залуучуудыг оролцуулах платформ болсон юм. Зүгээр л мэдээлэл дамжуулахаас илүү бодит яриа өрнүүлж, хүмүүсийг холбож өгсөн орчин болсонд нь баярласан.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

- Залуус бол шинэ үеийн түүчээ бөгөөд тэдэнд үргэлж өөр өнцөг, юмыг бүтээх өөр өөр арга барил байдаг. Ахмад үеийнхний хувьд тогтсон хэв маягаа өөрчлөх амаргүй ч залуусын санал, санаачилгыг үл тоомсорлохын оронд түүнийг дэмжиж, зорилгодоо хүрэхэд нь туслах нь чухал юм. Хэн ч ард хоцрохгүй, бүх дуу хоолой сонсогддог шударга, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд энэхүү хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

- Байгаль орчноо хамгаалах олон арга зам бий, энэ бол миний арга зам. Миний хамгийн том хүсэл тэмүүлэл бол хуучин хувцас, ашиглагдсан материалаас шинэ хувцас бүтээх явдал юм. Хаягдах байсан зүйлийг шинэ амьдралтай, шинэ үнэ цэнтэй болгож хувиргах нь надад маш их урам зориг өгдөг. Байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг нь золиослол биш, харин илүү бүтээлч, ухамсартай амьдрах боломж гэдгийг би контент, бүтээлээрээ дамжуулан харуулахыг хүсдэг.

Е.Номундарь: Малчдын хог хаягдалгүй амьдрах ухааныг хотын залууст таниулж, эко хэрэглээний шинэ системийг бүтээхийг зорьж байна

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн “Playtime” фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

- Миний хувьд Playtime-д анх удаа ирж ажиллаж байна. Энэ жилийн наадамд Монгол соёл, уламжлалыг харуулсан тусгай хэсэг гаргаж өгсөн нь маш их таалагдсан. Энэ нь манай улсыг зорин ирж буй олон улсын уран бүтээлчид болон үзэгчдэд өв соёлоо зөвөөр тайлбарлаж, таниулахад маш чухал орон зай болж чаджээ. Түүнчлэн, наадмын талбайн зохион байгуулалт илүү цэгцтэй, засмал зам болон зогсоолтой болсон нь тав тухтай санагдлаа.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- Байгаль дэлхийдээ ээлтэй байх, хог хаягдалгүй амьдрах уриалгыг залууст түгээж байгаа гэдгээрээ маш чухал хэсэг байна. Энд өөрийнхөө үеийн залуусыг шинээр сэтгэж, өөрсдийн гараар бүтээлч зүйлс хийж байгааг харах урамтай байна. Би тогооч мэргэжилтэй учраас уламжлалт орц найрлагыг шинэлэг технологитой хослуулж, шинэ бүтээгдэхүүн гаргахыг зорьдог. Энэ удаад залууст зориулж ээзгийтэй үйрмэг, аарцтай жигнэмэг, алимны компот зэрэг уламжлалт амтыг орчин үеийн хэлбэрт оруулж бэлдлээ. Хамгийн гол нь бид ямар ч пластик өнгөлгөөгүй аяга, буудайгаар хийсэн соруул зэрэг байгальд бүрэн шингэдэг бүтээгдэхүүн ашиглаж байгаа. Бидний энэ мэт жижиг гэлтгүй бүтээлч алхам хойч үедээ эрүүл байгалийг үлдээхэд бодит хувь нэмэр болно гэж итгэдэг.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

- Өв соёлоо хадгалж үлдэх нь бидний хамгийн том үүрэг. Манай уламжлалт соёл цаанаасаа л байгалийг хайрлаж дээдэлдэг, эко сэтгэлгээтэй байдаг шүү дээ. Ганцаараа эко байх гээд хичээгээд үр дүнд хүрэхгүй учраас залуус бид хамтдаа уриалж, бие биедээ мэдээлэл түгээж, оролцоогоо нэмэгдүүлэх нь чухал юм.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

- Миний хамгийн том хүсэл тэмүүлэл, зорилго бол малчдын дөрвөн улирлаар хооллодог тэр гайхалтай системийг хотын залууст таниулах юм. Малчид малаас ширхэг ч хог хаягдал гаргалгүй бүгдийг нь хэрэглэдэг соёлтой. Би цаашдаа малчин айлуудаас сүү, цагаан идээ зэрэг түүхий эдээ дундын зуучлагчгүйгээр шууд авч, хотын хэрэглэгчдэд хүргэдэг, малчдад ч бодитой орлого болдог, нэг нэгэндээ өгөөжтэй тийм эко системийг бүтээхээр ажиллаж байна. Эхлэл нь яг одоо тавигдаад явж байна даа.

З.Мөнх-Анар: Хүртээмжтэй орчин, ногоон байгууламжийг уялдуулж, хүн бүрд ээлтэй нийгэм бүтээх нь миний хүсэл тэмүүлэл

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн “Playtime” фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

- Би “Playtime”-д анх удаагаа ирж байна. Эхний өдөр нэг их уур амьсгалд нь орж чадахгүй, миний мэддэг хамтлагууд ч ирээгүй болохоор бага зэрэг биеэ барьж байсан л даа. Харин хоёр дахь өдрөөс фестиваль дахь янз бүрийн сонирхолтой асруудаар тойрч, хүмүүстэй танилцаж эхэлснээр уур амьсгал гоё болж байна. Хөгжмөөс гадна залууст зориулсан танин мэдэхүйн таавар, жижиг тэмцээнүүд зохиож байгаа нь сонирхолтой санагдлаа.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- Би харааны бэрхшээлтэй учраас хөтчийнхөө тайлбарлаж буйг сонсон, дотроо төсөөлж яваа. Энэ хэсэгт цөлжилттэй тэмцэх, мод тарих зэрэг байгаль орчны уриаг залууст хүргэж байгаагаараа онцлог байна. Ногоон байгууламжийн хэсгээр нь орж үзэхэд хүмүүс маш нээлттэй угтсан бөгөөд амарч, тайвшрал авах боломжтой орон зай шиг санагдсан.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

- Бид хүртээмжтэй орчин гэхээр л цемент шохой, тактил зам, бордюр гэх мэт нүсэр зүйлс төсөөлөөд байдаг шүү дээ. Саяхан Швейцарт Пара хөнгөн атлетикийн Гранпри тэмцээнд оролцож явахдаа явган хүний зам дээр ямар ч тактил зам, бордюр байгаагүй. Гэтэл тэд машин зам болон явган хүний замыг зүгээр л өвс, ногоон байгууламжаар зааглачихсан байсан. Цагаан таягаараа тэмтрээд явахад зүлэг нь өөрөө замын хязгаар, баримжаа болж байгаа гэсэн үг юм. Тиймээс заавал нүсэр зүйл хийхгүйгээр, ногоон байгалийг байгаагаар нь ашиглаж хүн бүрд тухтай орчныг бүтээлчээр шийдэж болдгийг залуус бид ойлгож, дуу хоолойгоороо дамжуулан нийгэмдээ түгээх хэрэгтэй болов уу.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

- Миний хамгийн том хүсэл тэмүүлэл бол энэ чиглэлээрээ тууштай дуугарч, хүмүүсийн хандлагыг өөрчлөх юм. Хүртээмжтэй орчныг байгалийн ногоон хэсэгтэй яаж уялдуулж, хүн бүрд ээлтэй нийгэм бүтээх вэ гэдэг өнцгийг цаашдаа ч өөрийн хийж буй контентоороо таниулж, хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

П.Оргодол: Инженер мэргэжлээрээ дамжуулан хүүхдүүдэд эко боловсрол олгож, тэднийг зөв дадалд уриалах нь миний хамгийн том хүсэл тэмүүлэл

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн “Playtime” фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

- Энэ жилийн фестиваль үнэхээр гоё болж байна. Өнгөрсөн жилүүдээс юугаараа илүү онцлог байна вэ гэхээр ирж байгаа уран бүтээлчдийн чанар маш өндөр байна. Дэлхийгээр аялан тоглолтоо хийдэг том хамтлагуудыг эх орондоо, тэр дундаа “Playtime”-ийн тайзнаас шууд сонсох боломж бүрдэж байгаа нь үнэхээр баярлууштай. Энд ирээд тэднийг сонсож зогсоо үзэгчид бид өөрсдийгөө үнэхээр азтайд тооцох хэрэгтэй байх.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- Өнгөрсөн жилүүдэд байгаль орчин, тогтвортой хөгжил рүү чиглэсэн асрууд огт харагдаж байгаагүй болохоор маш шинэлэг санагдсан. Цааш цаашдаа ч байгаасай гэж хүсэж байна. Ногоон өнгөөр голчлон зассан нь хүмүүсийг амрах, тайвшрах тухтай орчин болж чаджээ. Хүүхдүүд ирээд аюулгүй тоглох, бүтээлч зүйлс хийх боломжийг бүрдүүлсэн нь эцэг эхчүүдэд ч амар байна лээ. Мөн тусгай хэрэгцээт хүмүүсийн спортыг залууст таниулж, нийгмийн тэгш оролцоог дэмжсэн “Ахилсс Монгол”-ын хэсэг маш сонирхолтой санагдсан. Наадамчид пара-спортын онцлогыг биеэрээ туршиж үзээд, хүн бүрийн гаргадаг тэвчээр, хатуужлыг илүүтэй ойлгож байна лээ.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

- Би хүрээлэн буй орчны инженер мэргэжилтэй. Манай мэргэжил ус, хөрс, агаар, хог хаягдал гэсэн үндсэн дөрвөн чиглэлд ажилладаг. Тогтвортой хөгжил гэхээр л хүмүүс биднээс хол хөндий, COP 17 ч юм уу олон улсын томоохон хурлын түвшинд яригддаг бодлогын зүйл гэж ойлгоод байдаг. Гэтэл иргэн бүрийн, тэр дундаа залуусын оруулж чадах хамгийн том хувь нэмэр бол ердөө л үнэн зөв мэдээлэлтэй байж, түүнийгээ ухамсарлах явдал юм. Хогоо яагаад ангилж хаях ёстойг, бидний жижиг үйлдэл маргаашийн ирээдүйд ямар нөлөөтэйг ойлгочихвол тэр нь маш том оролцоо.

Жишээлбэл, энэ жил “Playtime”-ийн талбай руу ирдэг замыг зассан байна. Өмнө нь хүмүүс яарснаасаа болоод шороон замын хажуугаар олон салаа зам гаргаж уралдаж давхидаг байсан. Наад зах нь 1 см хөрс байгалийн нөхцөлөөрөө эргэж нөхөн төлжиж, сэргэхэд 50-100 жил зарцуулдаг. Тэгэхээр бид хэдэн километр урт салаа зам гаргаж хөрсийг сүйтгэж байснаа бодоод, зөвхөн нэг засмал замаараа дагаад явах нь байгальдаа оруулж буй маш том бодит хувь нэмэр гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

- Би инженер мэргэжилтэй ч "Teach for Mongolia" хөтөлбөрийн хүрээнд багшийн дутагдалтай хөдөө орон нутгийн суманд хоёр жилийн хугацаанд газар зүй болон химийн багшаар ажилласан. Энэ хугацаандаа нийт 600-800 сурагчид хичээл зааж, тэдэнд үлгэрлэхийг хичээсэн. Манай сургууль 1,688 сурагчтай том сургууль байсан бөгөөд бид хамтдаа сургууль дээрээ байгаль орчинд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүүхдүүдэд мэдээлэл түгээж ажилласан. Ингэж залуу үедээ зөв дадал, мэдлэгийг түгээнэ гэдэг нь миний оруулж буй хамгийн том бүтээл, хувь нэмэр гэж боддог. Тиймээс удахгүй мастерын зэргээрээ гүнзгийрүүлэн суралцаж, байгаль орчны чиглэлээр бусдад мэдлэг түгээх ажлаа улам чанартай үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Т.Дэлэг: Өв соёлоо хадгалж үлдэхийн тулд хамгийн түрүүнд байгаль дэлхийгээ л хамгаалах хэрэгтэй

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн “Playtime” фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

- Би хамгийн сүүлд 2018 онд Playtime-д ирж байсан болохоор бараг найман жилийн дараа дахин ирж байна. Өнөөдөр миний эхний өдөр болохоор шууд дүгнэхэд эрт байгаа ч өмнөхтэй харьцуулахад фестиваль хамаагүй томорч, маш олон байгууллагууд орж ирсэн нь харагдлаа. Үзэгч залуус ч илүү өөрийн гэсэн өвөрмөц стильтэй, чөлөөтэй болсон юм шиг санагдлаа.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- Ногоон ирээдүйн төлөөх санаачилгуудыг нэгтгэсэн тусгай хэсэг гаргаж өгсөн нь маш зөв шийдэл байна. Энд зөвхөн байгаль орчин гэлтгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэсэг, хүний эрхийг дэмжсэн бүүтүүд байгаа нь хүн бүрийг дэмжсэн орчин болж чаджээ. Миний хувьд экологийг дэмждэг, орон нутгийн хүүхдүүд болон байгаль хамгаалагчидтай цуг ажилладаг "МЭТ" ТББ-д ажилладаг. Мөн “Зориг” сангийн уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд залуустайгаа нэгдэн цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлж байна. Хөдөө орон нутагт олон салаа зам гаргаж хөрсийг сүйтгэхийн оронд ганцхан үндсэн замаа дагаж дадалцахыг уриалж байна. Энэ мэтчилэн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй сэдвүүдийг фестиваль дээр танилцуулж байгаа нь маш хэрэгтэй санагдсан.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

- Бид байгальгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллыг асар хүнд сэдэв мэтээр хүлээж авалгүй, өдөр тутмын жижиг оролцоо, зөв дадлаас эхлэх хэрэгтэй. Би багаасаа англи хэлээр ярьж өссөн болохоор "монгол хүн яг ямар байх ёстой вэ?" гэж их боддог байсан юм. Бид уг нь нүүдэлчин өв соёлтой хүмүүс. Тиймээс өв соёлоо хадгалж үлдмээр байвал хамгийн түрүүнд байгаль дэлхийгээ л хамгаалах ёстой. Үүнд залуусын оролцоо л хамгийн чухал болов уу.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

- Бидний өдөр тутмын амьдрал уур амьсгалын өөрчлөлтөд ямар нэг байдлаар нөлөөлж байгаа учраас миний хувьд байгалиа хамгаалах нь амьдралын маань хамгийн чухал зорилго болоод байна. Манай ТББ-ын зүгээс ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй аймгийн хүүхэд, залуусыг дэмжих зорилготой ажиллаж байна. Цаашдаа ч энэ чиглэлээ тууштай барьж, орон нутгийн иргэд рүү чиглэсэн байгаль хамгааллын үйл ажиллагаануудаа улам дэлгэрүүлээд явна.

Ц.Есүйгэн: Залууст тогтвортой амьдралын хэв маягийг уриалж, тэднийг зөв дадалд хөтлөх боломжтой 

 

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг
- Энэ жилийн “Playtime” фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

- Би энэ жилийн фестивальд эхний өдрөөс нь эхлээд ирсэн. Эхний өдөр хүн арай бага байсан болохоор талбайгаа тойрч, бүх хэсгүүдээр чөлөөтэй явж үзэхэд үнэхээр таалагдсан. Энэ жилийн хувьд хоолны сонголтууд арай цөөрч, сайн шигшигдсэн юм шиг санагдсан, амт чанарын хувьд ч маш сайн байна. Уран бүтээлчдийн үзүүлбэр, уур амьсгалын хувьд ярих юмгүй гоё байна даа.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- Төлөвлөсөн эвентүүдэд нь хараахан оролцож амжаагүй ч сэтгэл зүйн зөвлөгөө өгөх булан болон залуусын хөгжлийг дэмжсэн асруудаар нь явж үзсэн. Энэ хэсэг нь фестиваль дундуур түр амсхийж, тайвшрах тухтай орчин болохоос гадна байгаль орчны талаар шинэ мэдлэг мэдээлэл олж авахад туслах гоё боломж шиг санагдлаа.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

- Бид бүгдээрээ нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас бидний хийж буй үйлдэл, хандлага бие биедээ шууд нөлөөлдөг. Хүн ганцаараа вакум орчинд амьдардаггүй шүү дээ. Хэрэв хэн нэг нь хамаагүй хог хаявал бусад нь дагаад л хаячихдаг шиг, эсрэгээрээ нэг нь зөв дадал хэвшүүлбэл бусдадаа сайн үлгэр дуурайлал болдог. Тогтвортой хөгжил, байгаль хамгаалал гэдгийг биднээс хол, эсвэл зөвхөн мэргэжлийн хүмүүс хийдэг зүйл мэтээр хүлээж авч болохгүй. Хүн бүр бие биедээ зөвөөр нөлөөлж, үлгэрлэж явах нь л хамгийн чухал.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

- Миний хувьд арван жилээсээ л байгаль орчны чиглэлийн төслүүдэд оролцож ирсэн. Одоо амьдрал дээрээ хэрэгжүүлж байгаа зүйл гэвэл манайх зуслан дээрээ ашигласан бохир усаа шүүж, дахин ашиглах системийг өнгөрсөн жилээс нэмсэн. Мөн пластик хэрэглээг багасгах үүднээс хоёр жилийн өмнөх “Playtime”-ийн аягаа өнөөдөр ч бариад явж байна. Би өөрийгөө бусдад боловсрол олгох, чадваржуулах тал руугаа илүү дуртай гэдгээ ойлгосон учраас цаашдаа ч контентоороо дамжуулан залууст зөв хэрэглээ, тогтвортой амьдралын хэв маягийг уриалах болно. Жишээ нь, хэт их хямд хувцас худалдаж авахын оронд яг хэрэгцээт, чанартай хувцсаа сонгодог байх зэрэг дадлуудыг залууст илүү түгээхийг хүсэж байна.

Б.Саруулболд: Залуусыг ногоон хөгжилд гар бие оролцоход уриалж, тогтвортой амьдралын дадлыг өөрсдөөр нь мэдрүүлж байна

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн Playtime фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

- Гадаадын үзэгчид маш олноор ирсэн нь анзаарагдлаа. Бас нэг гоё зүйл нь, танигдсан уран бүтээлчдээс гадна шинэ залуу уран бүтээлчдийг танилцуулж, тэдэнд боломж олгож байгаа нь энэ жилийн фестивалийг илүү сонирхолтой болгож байна.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- Энэ хэсэгт байгаа бүх бүүтүүд ногоон ирээдүйн төлөө нэгдэж, “Oasis Zone”-ийг бүрдүүлж байгаа нь үнэхээр таалагдсан. Миний хувьд аялах, байгальд цагийг өнгөрөөх дуртай. Тиймээс “Treelings” бүүт дээр сайн дурын ажил хийж байна. Манай төслийн хувьд “Playtime” фестивалийн талбайд 100 мянган мод тарих зорилготойгоос одоогоор 58 мянгыг нь суулгаад байна. Харин фестивалийн гурав хоногийн хугацаанд шууд тарих боломжтой 200 гаруй мод бэлтгэж, хүмүүсийг мод тарихад уриалж байна. Хүмүүс бэлэн нүхэнд өөрсдөө модоо суулгаж, ногоон хөгжилд гар бие оролцож байгаадаа маш урамтай байгаа нь харагдаж байна.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

- Ногоон, тогтвортой ирээдүйг бүтээхэд ганц нэг байгууллага хичээгээд үр дүнд хүрэхгүй. Үүнд хүн бүрийн, ялангуяа залуус бидний оролцоо маш чухал. Миний хувьд энд сайн дураараа ажиллаж, хүмүүст мод тарихын ач холбогдлыг сурталчлан түгээж байгаа маань ч залуу хүний хувиар оруулж буй бодит хувь нэмэр гэж бодож байна.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

- Технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед бид байгаль дэлхийгээ хайрлаж, дараагийн үедээ ногоон орчныг үлдээх хэрэгтэй. Байгалийн ногоон өнгө хүний сэтгэл санааг дэмждэг шүү дээ. Тиймээс цаашид ч энэ чиглэлээрээ тууштай ажиллаж, хүмүүст тогтвортой хөгжлийн дадлыг илүү таниулж, мэдрүүлэхийг зорьж байна.

Б.Алтан-Эрдэнэ: Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг өөрийн үйлдлээрээ үлгэрлэж, залуусыг хамтын хүчээр эко ирээдүйг бүтээхэд уриалж байна

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн “Playtime” фестивалийн онцлох өнгө төрх юу байна вэ?

Би Playtime-д анх удаагаа ирж байна. Фестивалийг зөвхөн дуу хуур, хөгжмөөр төсөөлж байтал огт өөр, маш олон талт зүйлс цугларсан газар байна. Залуусын хувцаслалтаас эхлээд тал бүрийн сэдэвтэй оролцож, сонирхох боломжтой үйл ажиллагаа олон байгаа нь сонирхолтой санагдлаа.

- Европын Холбооны санаачилсан “Oasis zone”-ийн талаар сэтгэгдлээ хуваалцвал? Бусад бүүтүүдээс юугаараа онцлог байна вэ?

- Энэ хэсгийн бусдаас ялгарах гол онцлог нь залуус байгаль экологидоо хэрхэн ээлтэй байж болохыг, мөн тогтвортой хөгжил болон хүн бүрийн тэгш оролцоо ямар чухал вэ гэдгийг маш тодорхой харуулсан байна. Залуус бид цагийг гоё өнгөрүүлэнгээ  маш энгийн аргаар байгалиа яаж хамгаалж болохыг эндээс мэдэх боломжтой нь таалагдлаа.

- Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд залуусын дуу хоолой яагаад чухал вэ?

Бид ирээдүйгээ өөрсдөө бүтээнэ шүү дээ. Тиймээс хүн бүрийн оролцоо маш чухал. Фестивалийн талбай дээр энэ төрлийн мэдээллийг залуучуудад хүргэж байгаа нь том давуу тал болов уу. Бид тогтвортой хөгжил, байгаль хамгаалал гэхээр аймаар хүнд, том зүйл төсөөлөөд байдаг. Тэгэлгүйгээр хүн бүр зүгээр л өдөр тутмын жижиг дадлаа өөрчлөхөд гоё шинэчлэл болох байх аа гэж бодож байна.

- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ирээдүйг бүтээхэд таны оруулж буй хувь нэмэр, хүсэл тэмүүлэл юу вэ?

Миний хувьд хуванцар савны хэрэглээг багасгахын тулд өөрийн гэсэн усны савыг хаана ч явсан тогтмол авч явдаг. Түүнчлэн, даавуун уут хэрэглэж, гялгар уут болон цаасны хэрэглээгээ аль болох хязгаарлахыг хичээдэг. Одоо миний хамгийн их сурч, амьдралдаа хэвшүүлэхийг хүсэж байгаа зүйл бол хогоо зөв ангилж хаях дадал. Мэддэггүй зүйлс маань зөндөө байгаа учраас энэ хэсгийн бүүтүүдээс мэдээлэл цуглуулж байна.  Тиймээс хүн бүр жижиг гэлтгүй өөрсдийнхөө чадах зүйлээр байгальдаа тус болоосой гэж хүсье. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Passion in the City: Эко ирээдүйг бүтээж буй залуусын хүс...