Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд

2026.05.045 минут унших
Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Passion in the city цувралынхаа энэ удаагийн дугаарт бид Монголын спортайнмент салбарын тэргүүлэгч M bank arena-г онцолж байна. Нийтдээ 8,000 мкв талбайг хамрах тус спорт ордонд тавдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Ази тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “BCL EAST ASIA 2026” зохион байгуулагдах юм.

“Нэг баг, Нэг Монгол”

2025-2026 оны МСБХ-ны Үндэсний Дээд Лиг ширүүн өрсөлдөөн, ололт амжилтаар дүүрэн нэгэн улирал өндөрлөж, заалны халуун уур амьсгал арилаагүй байгаа энэ цаг үед лигийн арван удаагийн аварга “Хасын Хүлэгүүд”-ийн хувьд улирал дууссан ч тоглолт үргэлжилсээр байна. 

Энэ жил “Хасын Хүлэгүүд” баг “Chinggis Broncos” нэрээр эх орноо төлөөлөн “BCL EAST ASIA 2026”-д өрсөлдөж байгаа юм. Ийнхүү тэд ширүүн өрсөлдөөн, гал гарсан тоглолтоор дүүрэн энэ жилийн лигээс юу сурч, хөгжөөн дэмжигчээр дүүрэн зааланд хэрхэн сэтгэл зүйгээ хянаж тоглодог, мөн амьдралаас урам зориг, хүсэл тэмүүллээ хэрхэн мэдэрдэг талаараа хуваалцлаа.

Ч.Ихбаяр: Миний хувьд сандарч байснаас хөөрсөн мэдрэмжтэй тоглох нь илүү давуу талтай…

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

- Өмнөх улирлын лигтэй харьцуулахад энэ жилийн лигээс та юу илүү сурсан гэж бодож байна вэ?

Багийн спорт гэдэг бие биеэ сайн ойлгож гэр бүл шиг болж чадвал бүх зүйлийг хийж чадах юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо. Тэр ч утгаараа гэр бүлээсээ илүү багийнхантайгаа их цагийг өнгөрүүлжээ.

Энэ жил бид бурхны орныг зорьсон дасгалжуулагчдаа зориулж аварга авахыг хүссэн. Мөн дараалаад гурван жил аварга болсон багийн хувьд манай багийн тамирчид илүү сахилга баттай, хувийн зохион байгуулалт сайтай байж дахин аваргаа хамгаалж чадсан гэж бодож байна. 

- M bank arena-д тоглох мэдрэмж ямар байдаг бол?

M bank arena баригдахаас өмнө бид Спортын төв ордонд бэлтгэл хийж байгаад олон улсын тэмцээнд явдаг байсан. Тэр үед гаднын улсын зааланд очоод тоглоход манай улсын ордноос хол зөрүүтэй. Орон зайн мэдрэмж алдагдах, шалны зууралт өөр болохоос эхлээд цөөнгүй асуудал тулгардаг байлаа. Харин одоо бол олон улсын стандартад нийцсэн зааланд бэлтгэл сургуулилт хийдэг болсон учраас хаана ч очсон чөлөөтэй тоглож чаддаг болсон.

- Ордон дүүрэн хөгжөөн дэмжигчтэй тоглох нь тамирчдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Ордон дүүрэн хөгжөөн дэмжигчтэй тоглох мэдрэмж бол гайхалтай. Ордон дүүрэн эсвэл 50%-ийн дүүргэлттэй тоглоход л маш том ялгаа мэдрэгддэг. Хөгжөөн дэмжигчдийн уухайлах чимээнд тамирчин хүн өөрт байгаа бүх хүч, чадлаа зориулж тоглодог. Ордон дүүрэн үзэгчтэй тоглолтод миний сэтгэл хөөрөл илүү давамгайлж өөрийгөө барьж чадахгүй байх шиг ажиглагддаг юм. Гэхдээ миний хувьд сандарч байснаас хөөрсөн мэдрэмжтэй тоглох нь илүү давуу талтай гэж боддог юм. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл авч, урам зориг мэдэрдэг вэ?

Өөртөө тавьсан зорилгоосоо хүсэл тэмүүлэл мэдэрдэг. Жишээлбэл, “би энэ жил багтаа энэ талаараа илүү туслаад аварга авна даа” гэж бодож өмнөө тавьсан зорилгоосоо хүсэл тэмүүлэл мэдэрдэг. Харин урам зоригийг бол гэр бүл, баг хамт олон, хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгээс хамгийн их мэдэрдэг дээ.

С.Биндэръяа: Дараа жил ч гэсэн энэ багаараа тоглох учраас цаг хугацаа өнгөрөх тусам гар нийлдэг болох байх

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

- Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн лигээс та ямар бодолтой үлдэв? 

Сүүлийн гурван жил Үндэсний Дээд Лигийн аварга авсан багийн хувьд багийн цөм бүрэлдэхүүнээ хадгалж үлдэж чадсанаар нэг нэгнээ илүү ойлгож, урьд урьдын жилүүдтэй харьцуулахад энэ жил илүү багаар ажиллаж чадсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Багийн гишүүдээ хадгалж үлдэх, нэг багтайгаа удаан хугацаанд тоглох нь маш чухал гэдгийг ойлгосон. Дараа жил ч гэсэн бид яг энэ багаараа тоглох учраас цаг хугацаа өнгөрөх тусам илүү гар нийлдэг болох байх.

- Та энэ удаа багтаа ямар үүрэг хүлээж “BCL ASIA 2026”-д оролцож байгаа вэ?

Энэ удаагийн BCL-ийн гурван тоглолтыг авч байж манай баг цаашаа явах эрхээ авах болохоор бидний хувьд маш чухал тоглолтууд эхлэх гэж байна. Миний хувьд самбараас бөмбөг авах, өндөр тоглогчдыг хамгаалах тал дээр илүү ажиллаж, самбар доороо дийлдэхгүй байхыг л хичээж байна даа. Мөн “Chinggis Broncos” нэрийн цаана Монгол гэх нэр давхар явж байгаа учраас улсынхаа нэрийг Ази тивээс гадна дэлхийд гаргахын төлөө бид хичээж байгаа. Тиймээс Монголын багаа ирж дэмжээсэй гэж хүсэж байна.

- Бага насныхаа үеийн өөртэй дахин уулзах боломж олдвол та юу гэж хэлэх байсан бэ?

Бага байхад өндөр болохоор ихэвчлэн төвийн байрлал дээр тоглуулдаг байсан. Одоо бол илүү олон байрлал дээр тоглож, урд шугамын тоглогч болох гэж хичээж байна. Тиймээс бага насныхаа үетэй эргэж уулзвал арай илүү их шидэж, ганц олдож байгаа боломжоо зоригтой ашиглаарай гэж хэлэх байсан болов уу. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

Багаасаа мөрөөдөж ирсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө сахилга баттай байж, өнөөдрөөсөө илүү хичээх үедээ хүсэл тэмүүллийг мэдэрдэг дээ.

Б.Билгүүн: Магадгүй хэдэн жилийн дараа үзэгчийн суудлаас сагс үзэж суухдаа асуултын хариултаа олох байх…

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

- Олон жил лигт өрсөлдөж байгаа тамирчны хувьд энэ жилийн Үндэсний Дээд лигээс онцлох зүйл нь юу байв? 

Энэ жил манай багийн хувьд Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэн рекорд, ховор амжилтуудыг эвдсэн, бүтээсэн онцгой жил байлаа. Тиймээс илүү хариуцлагатай байж боломжоо алдахыг хүсээгүй. Бас олон жил аварга авсан багийн хувьд Монголчууд ямар ч спорт байсан үргэлж шинэ аварга төрөөсэй гэж хүсэж, хүлээдэг юм шиг ажиглагдсан. Тэр нь бидэнд бага зэрэг саад болох хандлагатай байсан ч зөв зохицуулж, өөрсдийн зорилгодоо төвлөрч байсан учраас аваргаа хамгаалж чадсан гэж бодож байна.

- M bank arena-д тоглох мэдрэмж ямар байдаг вэ?

Монголд сагсан бөмбөгийн спорт хөгжихөд тамирчдын ур чадвараас гадна дэд бүтэц маш чухал байгаа. Сүүлийн жилүүдэд бид гаднын олон заал, ордонд тоглож үзэхэд манай улсын M bank arena бол илүү шинэлэг, олон улсын стандартад нийцсэн яг л сагсан бөмбөгт зориулсан хэв шинж, онцлогтой ордон гэдэг нь илт мэдэгдэж байсан юм. 

Олон жил тоглосон тамирчдын хувьд үзэгчтэй, үзэгчгүй орчинд харьцангуй тоглоод сурчихсан байдаг. Өнгөрсөн жил Азийн клубүүдийн аваргаар Дубайд очиж тоглоход заалны хэмжээ, орчин, өндөр шагнал, шилдэг тоглогчид гэхээс илүү заалны уур амьсгал буюу үзэгч, хөгжөөн дэмжигчдийн амьд харилцаа спортод ямар чухал болохыг илүү ойлгосон. Маш өрсөлдөөнтэй гоё тоглолтууд болж байгаа ч үзэгчгүй бол ямар ч утга учиргүй юм билээ. Тиймээс заалыг үзэгчдээр дүүргэх, багуудын хөгжөөн дэмжигчдийг цуглуулах талаар хэзээ ч орхигдуулж болохгүй. Тамирчдын хувьд ч гэсэн үзэгч ихтэй тоглолтод өөрсдийгөө илүү дайчилж тоглодог талтай.

- Хүн болгонд хүсэл тэмүүлэл бий. Түүнийгээ та хэрхэн мэдэрдэг вэ?

Залуу байхад харах өнцөг илүү өөр байсан л даа. Анх амьдралын утга учрыг зугаа цэнгэл, эрх чөлөө зэргээр хардаг байсан бол одоо илүү өөрийн үнэт зүйлээ олж харж, гэр бүлээ чухалчилдаг болсон байна. Арван удаагийн аварга баг болоод сагсан бөмбөгтэй амьдралаа холбож спортод зориулсан цаг хугацаа, хийж бүтээсэн зүйлээ эргээд харахад сайхан байсан. Магадгүй хэдэн жилийн дараа үр хүүхдүүддээ энэ талаар ярихдаа эсвэл үзэгчийн суудлаас сагс үзэж суухдаа энэ асуултын хариултаа олж харах байх.

Б.Барсболд: Монголдоо, гэртээ тоглож байгаа гэдэг утгаараа сэтгэлзүйн хувьд ч харьцангуй тайван байна

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

- Энэ жилийн лигээс та юу сурч, өөрийгөө хөгжүүлж чадсан гэж бодож байна? 

Энэ жил аль болох өөрийгөө дараагийн түвшинд гаргаж тоглохыг л хичээсэн. Дасгалжуулагч маань мэргэжлийн тамирчин ямар байх ёстой тэр бүхнийг биднээс шаарддаг байсан учраас ур чадвар маань бага ч болов ахисан гэж бодож байна. 

- Та сагсан бөмбөгийн спорттой анх танилцаж байсан өөрийнхөө бага насны үетэй дахин уулзсан бол юу гэж хэлэх байсан бэ?

Тэр үедээ ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд явж байсан учраас нэг их юм хэлэхийг хүсэхгүй байх. Гэхдээ эрүүл хооллож, эрт унтаж зөв амьдралын хэв маягт суралцаарай л гэж хэлэх байлаа.

- Ордон дүүрэн хөгжөөн дэмжигчтэй тоглох нь танд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тамирчин хүн бүр л хөгжөөн дэмжигчээр дүүрэн орчинд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд ч ялгаагүй. Би сэтгэл хөдлөл өндөртэй, айдасгүй тоглодог учраас заал дүүрэн орилж дэмжих үзэгчдийн дэмжлэгт үнэхээр дуртай. Бид одоо болох BCL-ийн тоглолтын хэмнэлийг аль болох өөрсдийнхөө талд оруулахыг зорьж байгаа. Монголдоо, гэртээ тоглож байгаа гэдэг утгаараа сэтгэлзүйн хувьд ч харьцангуй тайван байна байх. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл авч, урам зориг мэдэрдэг вэ?

Бага байхдаа аав ээжийгээ хэчнээн хичээж байгааг нь анзаарч байгаагүй юм билээ. Харин одоо төдийгөөс өдийг хүртэл үр хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөж хүмүүжүүлсэн аав ээжийгээ хараад бахархдаг. Тиймээс аав ээжээсээ л урам зориг авдаг даа.

Э.Түшиг: Ордон хөгжөөн дэмжигчдээр дүүрэн байх үед тамирчид илүү зоригтой, шийдэмгий тоглож чаддаг

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

- Энэ жилийн лиг таны хувьд хэр болж өнгөрөв?

Энэ жилийн лиг манай багийн хувьд маш урт улирал болж өнгөрлөө. Гаднын лигүүдэд ч тоглосон байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээн ачаалалтай байсан учраас сайн амарч, нөхөн сэргэлт, тэнцвэртэй хооллох тал дээрээ илүү  анхаарсан. 

- Сагсан бөмбөгийн спорттой анх танилцаж байсан өөрийнхөө бага насны үетэй дахин уулзсан бол юу гэж хэлэх байсан бэ?

Илүү өндөр түвшинд тоглохыг зорьж, хооллолт дээрээ анхаараарай л гэж хэлэх байсан байх. Бас бид нар багадаа ихэвчлэн гадаа, цементэн талбай дээр л тоглож байгаа шүү дээ. Тиймээс цемент дээр бага тоглоорой гэж хэлэх байсан. 

- M bank arena эсвэл өөр зааланд тоглох мэдрэмж хэр ялгаатай байдаг вэ?

Мэдээж M bank arena илүү том, чөлөөтэй байдаг учраас амар байдаг юм. Гэхдээ ямар ч заал байсан үзэгчдийн уур амьсгал илүү нөлөөлдөг. Ордон хөгжөөн дэмжигчдээр дүүрэн байх үед тамирчид илүү зоригтой, шийдэмгий тоглож чаддаг. Гэхдээ түүнд давуу тал ч бий, сул тал ч бий. Анх танхим дүүрэн хүнтэй тоглоход сандардаг л байлаа. Харин одоо бол илүү чөлөөтэй тоглож хүмүүст гоё тоглолт үзүүлэхийг хүсдэг.

- Та юунаас хүсэл тэмүүлэл авч, урам зориг мэдэрдэг вэ?

Юу ч тохиолдсон бууж өгдөггүй зангаасаа юм байна. Хүнд хэцүү үе тохиолдсон ч ард нь даваад гарсан үедээ илүү хүсэл тэмүүлэлтэй болдог гэх үү дээ. Харин багийн Билгүүн, Сэргэлэн хоёр том ахаасаа урам зориг авч, гэр бүлээсээ хүч энерги мэдэрдэг.

Ч.Тэмүүлэн: Дүүрэн үзэгчтэй талбайд тоглосон тэр мэдрэмжийг дахин мэдрэхийг хүсэж байна

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

- Таны хувьд энэ жилийн лигээс сургамж авсан зүйл юу байсан бэ?

Энэ жилийн хувьд манай баг хүнд хэцүү, сайн сайхан бүх л цаг хугацааг хамтдаа тууллаа. Тиймээс хүн ер нь хүнд хэцүү цаг үеийг ганцаараа биш гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, баг хамт олноороо ч юм уу, хүн хүнээ түшиж тулж давдаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо. 

- Та сагсан бөмбөгийн спорттой анх танилцаж байсан өөрийнхөө бага насны үетэй дахин уулзсан бол юу гэж хэлэх байсан бэ?

“Яг л зөв зам дээрээ л явж байна шүү” гэж хэлэх байсан. Тууштай байж чадсан учраас л одоо энд хүрсэн байх гэж бодож байна. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

Би хүсэл тэмүүллийг өөрийнхөө хийх дуртай зүйлсээс мэдэрдэг. Хүн дуртай зүйлийнхээ төлөө илүү хичээдэг учраас түүнийхээ төлөө хүсэж тэмүүлж амьдардаг. Одоо бол би бүх л талаараа сагсан бөмбөгтэй холбогдож байгаа учраас сагс миний амьдралд маш том байр суурь эзэлж байна даа. 

- Бэлтгэлийн заал таны хувьд хэр үнэ цэнтэй вэ?

Амьдралынхаа ихэнх цаг хугацааг бэлтгэл хийж зааланд өнгөрөөдөг хүний хувьд бэлтгэлийн заал бол гэр шиг минь газар. Яг ордон дүүрэн үзэгчтэй тоглох мэдрэмж бол үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй л дээ. BCL Asia 2026-гийн өнгөрсөн удаагийн тоглолт дээр манай багийн хөгжөөн дэмжигчид ордныг дүүргэсэн. Дүүрэн үзэгчтэй талбайд тоглосон тэр мэдрэмжийг дахин мэдрэхийг хүсэж байна. 

Тавдугаар сарын 5-8-ны өдрүүдэд BCL-ын финалд шалгарах эрхийн төлөөх маш чухал тоглолтууд явагдана. Эзэн багийн хувьд талбайн давуу талыг ашиглах боломжтой гэж харж байгаа. Тиймээс сагсан бөмбөгийн спорт сонирхдог, сонирхдоггүй хамаагүй бүх хүнийг ирж Монголын багаа дэмжээрэй гэж уриалмаар байна. 

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг
Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг
Passion in the City: “BCL ASIA 2026”-гийн эргэн тойронд нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд