Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл

2026.05.263 минут унших
Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Passion in the City цувралынхаа энэ удаагийн дугаарт бид Улаанбаатар марафон 2026-д Европын Холбооноос хэрэгжүүлж байгаа “Бид бүтээж чаддаг” залуусын давалгаанд нэгдэн, “Ногоон хотыг бид бүтээнэ” уриан доор хамтдаа гүйсэн “WeRun” коммьюнитигийн залуус болон Улаанбаатар марафонд оролцогчдын гүйлтийн туршлага, хүсэл тэмүүлэл болон өөрийгөө даван туулсан түүхийг уншигч та бүхэндээ хуваалцаж байна. Улаанбаатар марафон бол өөрийгөө ялах, эрүүл амьдралын хэв маягт суралцах боломж ажээ. Мөн бид өөрсдийгөө төдийгүй эх орныхоо ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулж хамтын хүчээр ногоон хотыг бүтээх боломжтой хэмээн тэд онцолж байлаа.

Г.Алтан-Оргил: Хүн өдөр бүрийн сонголт, дадал зуршил, хичээл зүтгэлээрээ өөрийгөө бүтээдэг

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Та Улаанбаатар марафонд яагаад оролцохоор шийдсэн бэ. Гүйх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?

- Миний хувьд спорт бол ачаалал гэхээс илүү эсрэгээрээ энерги авдаг зүйл. Тиймээс ч ажлынхаа хажуугаар спортоор идэвхтэй хичээллэдэг бөгөөд сүүлийн найман жил кроссфитээр хичээллэж байна. Анх дасгал хөдөлгөөнийг ямар нэг зорилго, шалтгаантай хийдэг байсан бол одоо шалтгаан хэрэггүй болсон байна. Гүйж, хөдөлж байж л аз жаргал мэдэрдэг учраас гүйлтийн спорт миний амьдралын нэг хэсэг болжээ. 

- Таны бодлоор хүн өөрийгөө бүтээх боломжтой юу?

- Боломжтой гэж боддог. Би хувь тавилан бүхнийг шийддэг гэсэн үзэлд төдийлөн итгэдэггүй. Хүн өдөр бүрийн сонголт, дадал зуршил, хичээл зүтгэлээрээ өөрийгөө бүтээдэг. Бид бие, сэтгэл, амьдралаа бүр эх дэлхийгээ ч өөрсдөө бүтээж чадна.

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

- Би хүсэл тэмүүллийг маш олон зүйлээс мэдэрдэг. Гэр бүл, ажил, хамт олон, найз нөхөд, спорт гээд цаг агаараас бусад бүх зүйлээс урам зориг авахыг хичээдэг. Учир нь хүн цаг агаарыг хэзээ ч өөрчилж чадахгүй шүү дээ. Харин бусад бүх зүйлээс суралцаж, өсөж хөгжих боломжтой. Бороо орлоо гэж гутрах, салхитай байна гэж бухимдахыг хүсдэггүй. Харин өөрийн нөлөөлж чадах зүйлсээс утга учир, хүсэл тэмүүллээ олж авахыг хичээдэг.

Б.Уртнасан: Өмнө нь өөрийнхөө төлөө гүйдэг байсан бол энэ удаа бусдын төлөө хамтдаа гүйлээ

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн марафон таны хувьд хэр онцгой байв? Гүйж эхлэхээр төлөвлөж байгаа хүмүүст хандаж та юу гэж хэлмээр байна?

- Энэ жил миний хувьд хамгийн онцгой жил байлаа. Учир нь би харааны бэрхшээлтэй оролцогчийн хөтөч гүйгчээр ажиллаж, хамтдаа марафоноо дуусгаж чадлаа. Өмнө нь би зөвхөн өөрийнхөө амжилт, цаг хугацааны төлөө гүйдэг байсан бол энэ удаа бусдын төлөө хамтдаа гүйлээ. Тиймээс их хариуцлага мэдэрсэн, утга учиртай гүйлт боллоо.

- Надад 5км-д ч гүйж чаддаггүй байсан үе бий. Анх КОВИД-ын үеэр Хүйтний оргилд гарах гэсэн зорилго минь намайг 5км цаашлаад Хөвсгөлд зохиогддог “Mongolia Sunrise to Sunset” ултра марафоны 100км замыг цагтаа дуусгасан Монголын анхны гүйгч болоход их түлхэц болсон. Одоо гүйлт миний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Зорилго тэмүүлэлтэй байж түүндээ зориулж бэлдэж чадвал хүн бүр гүйгч болж чадна л гэж хэлмээр байна. 

- Ногоон байгууламж, байгаль орчин таны хувьд хэр чухал вэ?

- Маш чухал. Хотын завгүй амьдралаас хэсэгхэн хугацаанд холдоод ууланд алхах, ой дундуур гүйх бүрдээ асар их эрч хүч авдаг. Бидэнд Богд уул шиг хоттойгоо ийм ойрхон байгалийн орчин байгаа нь үнэхээр том давуу тал. Тиймээс хүмүүсийг хогоо ил задгай хаяхгүй байж, хээрийн түймрээс болгоомжилж энгийн жижиг зүйлсээс эхлээд байгаль эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаасай гэж хүсдэг юм.

- Та хүсэл тэмүүллийг юунаас мэдэрдэг вэ?

- Хүсэл тэмүүлэл гэдэг өөрөө хүнийг урагшлуулдаг хамгийн сайхан зүйл гэж би боддог юм. Миний хувьд гүйлтээр дамжуулан олон шинэ мөрөөдөл, зорилготой болсон. Энэ жил хөтөч гүйгчээр оролцсон туршлага маань ч надад маш хүчтэй нөлөөллөө. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлж, илүү олон хүнд марафоны замыг туулахад нь тусалмаар байна. Мөн WeRun-ийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон хүнийг дасгал хөдөлгөөнд уриалах зорилготой ажиллаж байна. Миний өмнө одоо ч гэсэн олон мөрөөдөл, олон боломж хүлээж байгаа болохоор хүсэл тэмүүлэл маань улам л нэмэгдэж байна даа.

Б.Гантулга: Өчигдрийн өөрөөсөө илүү болсон гэдгээ мэдрэх тэр мэдрэмж миний хүсэл тэмүүллийг бадраадаг

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Та анх яагаад гүйж эхэлсэн бэ. Энэ жилийн Улаанбаатар марафоны 42 км-т гүйсэн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач.

- Өнгөрсөн жил хагас марафон буюу 21 км-т оролцож байсан. Тухайн үедээ зуны улиралд триатлоны тэмцээнд оролцох зорилготой байсан учраас бэлтгэлээ хангахын тулд гүйж эхэлсэн. Хожим нь дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаа Хайрокс (Hyrox) спортыг сонирхож эхэлсэн юм. Энэхүү спорт нь 8 км гүйлтийг төрөл бүрийн дасгалтай хослуулан хийдгээрээ онцлогтой учраас гүйлтийн бэлтгэл зайлшгүй шаардлагатай байдаг. 

- Гүйлтийн бэлтгэлээ ихэвчлэн хаана хийдэг вэ?

- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд бэлтгэлээ хийдэг. Манай хотод зориулалтын гүйлтийн зам харьцангуй цөөн байдаг. Тиймээс ихэнх гүйгчид хүрээлэн, задгай орчинд бэлтгэлээ базаадаг байх. Ер нь ногоон байгууламж дунд мод, цэцэг, байгаль харж гүйх их сонирхолтой бас тайван мэдрэмж төрүүлдэг учраас сайхан байдаг юм.

- Бид өөрсдийнхөө төлөө эсвэл байгаль эх дэлхийнхээ төлөө юу бүтээх боломжтой гэж та боддог вэ?

- Миний бодлоор хүн хүсэх л юм бол өөрийнхөө хэмжээнд юуг ч бүтээж чадна. Гэхдээ илүү их хөдөлмөр, цаг хугацаа шаардагдаж магадгүй. Сая 42 км-ийн марафоны рекордыг 2 цаг хүрэхгүй хугацаанд туулсан тамирчны амжилтыг сонсоод үнэхээр биширлээ. 42 км-ийг 1 цаг 58 минут орчимд туулна гэдэг бахархмаар явдал шүү дээ. Тиймээс боломж үргэлж байдаг гэдгийг битгий мартаарай.

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

- Би өөрийнхөө хийж байгаа зүйлээс хүсэл тэмүүлэл мэдэрдэг. Аливаа зүйлийг сурч, сайжирч, хийж чаддаг болох тусам түүнээсээ улам их эрч хүч авдаг. Өөрийнхөө ахиц дэвшлийг харах, өчигдрийн өөрөөсөө илүү болсон гэдгээ мэдрэх тэр мэдрэмж л миний хүсэл тэмүүллийг бадраадаг даа.

Ч.Батхишиг: Залуус бид хамтдаа ногоон, эрүүл хотыг бүтээж чадна

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Та Улаанбаатар марафонд яагаад оролцохоор шийдсэн бэ. Амжилттай барианд ороход ямар мэдрэмж төрж байна? 

- Би анх удаа Улаанбаатар марафоны 21 км-ийн зайд оролцож байна. Өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн бэлтгэлээ хангасан ч Австралиас Монголд ирснийхээ дараа хэдэн сар завсарлага авсан. Тиймээс энэ удаа бэлтгэл дутуу хангагдсан ч ямар нэгэн бэртэл гэмтэлгүй замаа амжилттай туулсан учраас баяртай байна.

- Бид өөрсдийнхөө төлөө эсвэл байгаль эх дэлхийнхээ төлөө юу бүтээх боломжтой гэж та боддог вэ?

- Миний бодлоор залуу үеийнхэн бүгдийг бүтээж чадна. Бидэнд хүсэл мөрөөдөл ч байна, түүнийгээ хэрэгжүүлэх эрч хүч ч байна шүү дээ. Хэрэв бид хамтдаа нэг зорилгын төлөө нэгдэж чадвал эрүүл, идэвхтэй, ногоон хотыг бүтээж чадна. Өөрчлөлтийг хэн нэгэн авчрахыг хүлээх биш, өөрсдөө эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

- Та хүсэл тэмүүллийг юунаас мэдэрдэг вэ?

- Өөртөө тавьсан зорилгоосоо хүсэл тэмүүлэл мэдэрдэг. Хийж байгаа зүйл минь бусдад хэрэг болж байгааг харах тэр мэдрэмж надад маш их урам зориг өгдөг. Хэн нэгнийг гүйж эхлэхэд нь нөлөөлөх, эрүүл амьдралын хэв маягт хөтлөх боломжтой байна гэдэг маш чухал зүйл шүү дээ. 

Б.Баттүвшин: Хүсэл тэмүүлэл гэдэг нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг хэлдэг байх

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Та Улаанбаатар марафонд яагаад оролцохоор шийдсэн бэ. Гүйж эхэлснээс хойш танд ямар өөрчлөлтүүд гарсан юм шиг санагддаг вэ? 

- Би ер нь гүйдэг төрлийн хүн биш л дээ. Гэхдээ Хайрокс спортоор хичээллэж эхэлснээс хойш тогтмол гүйж байна. Өнгөрсөн жил 10 км-т гүйж анх удаа марафонд оролцож байсан бол энэ жил 21 км-т гүйж үзлээ. Урьд нь ийм хол зайд гүйж байсан туршлагагүй учраас миний хувьд маш том даваа байлаа.

Өмнө нь би “хэн ч гүйж чадна” гэж боддог байсан юм. Харин одоо өөрөө бэлтгэл хийж, энэ спортоор хичээллэдэг болсон хүний хувьд тэсвэр тэвчээр, сахилга бат, сэтгэл зүй бүгдийг зэрэг хөгжүүлдэг маш чухал спорт юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.

- Таны хувьд ЭКО гүйлт гэж юу вэ. Ногоон байгууламж, байгаль орчин таны хувьд хэр чухал вэ?

- ЭКО гүйлт гэдэг нь хоол хүнс, чанартай нойр, өдөр тутмын дадал зуршил, бодож байгаа бодол гээд амьдралын хэв маягаа бүхэлд нь эрүүл байлгахыг хэлнэ гэж бодож байна. Хүн өөртөө эрүүл ухаанаар хандаж чадвал гүйлтийн үр дүн ч дагаад сайжирдаг. Үүнтэй адил бидний гүйх орчин ч бас чухал. Ногоон байгууламжтай, цэвэр агаартай орчинд гүйх нь илүү таатай мэдрэмж төрүүлдэг учраас байгаль орчноо хайрлаж, хог хаягдлаа багасгаж, ногоон орчноо хамгаалах нь эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг гэж боддог юм.

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

- Сүүлийн үед би залуу насаа жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлж байгаа юм шиг санагдаж байна. Багадаа өөрийгөө том болоод ямар хүн болох бол гэж төсөөлдөг байсан бол одоо тэр насандаа ирчихсэн байна. Магадгүй хүсэл тэмүүлэл гэдэг нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг хэлдэг байх. Би бусдаас урам авах дуртай ч хамгийн том өрсөлдөгч маань би өөрөө гэж боддог. Өчигдрийн өөрөөсөө илүү байхыг хичээх тэр үйл явц л миний шинэ зорилго руу тэмүүлэх хүч болдог доо.

Л.Эрхбилэг: Гүйлт бол яг л өөртэйгөө тулж ажилладаг спорт шүү дээ…

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Энэ жилийн Улаанбаатар марафонд гүйсэн мэдрэмж ямар байв. Гүйж эхлэхээр төлөвлөж байгаа хүмүүст хандаж та юу гэж хэлмээр байна?

- Энэ жилийн Улаанбаатар марафонд 42 км-т гүйлээ. Анх Улаанбаатар марафоны 21 км-т гүйж байсан юм. Тэр үед эхний 10 км гүйгээд л маш хэцүү, бууж өгмөөр санагдаж байлаа. Харин энэ жил 42 км-т гүйхэд огт тийм мэдрэмж төрсөнгүй. Барианд орох хугацаа тавьж гүйсэн, тэр зорилгоо ч биелүүллээ. Өөрийгөө ялан дийлсэн маш сайхан гүйлт байлаа. 

Гүйлт бол яг л өөртэйгөө тулж ажилладаг спорт шүү дээ. Чи хэнийг ч хуурч чадахгүй, замаасаа болих эсэхийг чи өөрөө л шийдэх учраас өөрийгөө сорьж, идэвхтэй, эрүүл амьдармаар байвал гүйлтийн спортыг сонгоорой. 

- Бид өөрсдийнхөө төлөө эсвэл байгаль эх дэлхийнхээ төлөө юу бүтээх боломжтой гэж та боддог вэ?

- Хотод гүйлтийн зам дээр гүйхээс илүү байгальд, цэвэр агаарт гүйх гайхалтай мэдрэмж байдаг. Хүн ямар өчүүхэн, эх дэлхий минь ямар уудам юм бэ, бид яагаад эх дэлхийгээ ногоон чигээр нь хайрлаж, хамгаалах ёстой вэ гэдгийг тэр үед маш сайн ойлгодог. Тэр ч утгаараа бид хог хаягдалгүй орчинг бүтээхийн төлөө нэг удаагийн хуванцрын хэрэглээнээс татгалзаж урт хугацаандаа ашиглах боломжтой өөрсдийн усны сав зэргийг хэрэглэхээс эхлээд өдөр тутмын энгийн дадал зуршлаараа ногоон ирээдүйг бүтээхийн төлөө явж байна. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

- Би өөртөө уулын жимийн гүйлтийн дэлхийн UTMB Series-ийн тамирчин болох зорилго тавьсан. Тиймээс тэр зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр хичээж байгаа цаг мөч бүрээсээ хүсэл тэмүүлэл мэдэрч байна даа. 

Б.Амгаланбаяр: Эрүүл амьдралын хэв маягийг Монголд нутагшуулж, гүйлтийн соёлыг түгээх нь манай багийн зорилго

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Та тогтмол гүйдэг үү. "WeRun" гүйлтийн спортын клубийг анх хэрхэн байгуулсан бэ? 

- Би 2 жилийн өмнөөс гүйж эхэлсэн, өнгөрсөн жил Австралид байхдаа хамгийн холдоо 16км гүйсэн. Австралид хүмүүс өглөө бүр тогтмол гүйж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлсэн байдаг нь надад маш их нөлөөлсөн. Тэгээд л тэр туршлага дээрээ үндэслээд Монголд гүйлтийн соёлыг түгээх зорилгоор “WeRun” гүйлтийн коммьюнитиг үүсгэн байгуулсан юм.

Манай гүйлтүүд тавдугаар сарын 2-ноос эхэлж, одоогоор 3 удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулаад байна. Богино хугацаанд 2,000 гаруй хүн бүртгүүлж, нээлтийн гүйлтэд 300 орчим хүн оролцсоноос харахад гүйх хүсэл сонирхолтой хүмүүс хэр их байгааг харж болохоор байна. Бидний зорилго бол хагас сайн бүрийн өглөө үнэ төлбөргүй гүйлт зохион байгуулж, хүн бүрийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох явдал юм.

- Таны бодлоор хүн өөрийгөө бүтээх боломжтой юу?

- Хүн өөрийгөө бүтээхээс эхлээд нийгмээ хүртэл бүтээж чадна гэж би боддог юм. Тиймээс иргэдийн оролцоо нэмэгдэх тусам хот төлөвлөлт ч сайжирч, илүү олон гүйлтийн зам, ногоон байгууламж зэрэг бодит өөрчлөлтүүд бий болох боломжтой шүү дээ. 

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

- Австралид харсан тэр эрүүл амьдралын хэв маягийг Монголд нутагшуулж, хүмүүсийг илүү идэвхтэй, спортлог болгох нь манай багийн хамгийн том зорилго. Хөгшин залуугүй өглөө эрт босоод гүйдэг соёлыг эх орондоо бий болгож, хүн бүр эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Тиймээс тэр зорилгодоо хүрэхийн төлөө хичээж байгаа бүх үе, хүсэл зориг нэгтэй WeRun-ий гишүүдээсээ хамгийн их хүсэл тэмүүлэл, урам зориг мэдэрдэг дээ.

МГТИС-ийн IV түвшний оюутан М.Буянзаяа: Дасгал хөдөлгөөн хийх тусам сэтгэл санаа минь дээрдэж байгааг анзаарсан 

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл тэмүүлэл нийтлэлийн зураг

- Та Улаанбаатар марафонд яагаад оролцохоор шийдсэн бэ. Бэлтгэл хэр хангагдсан байв? 

- Өнгөрсөн жил би БНСУ-д оюутан солилцоогоор суралцсан юм. Гадаадад сурах боломж олдсон нь сайхан байсан ч гэр бүлээсээ хол, шинэ орчинд ганцаараа байх нь сэтгэл зүйн хувьд амаргүй санагдсан. Тэр үед оюутны байрны фитнест байдаг гүйлтийн зам дээр өглөө бүр алхдаг байлаа. Биеийн хөдөлгөөн хийх тусам сэтгэл санаа минь дээрдэж байгааг анзаарч дасгал хөдлөгөөн эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүйд ямар эерэг нөлөөтэйг ойлгож, одоо тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг болсон. Тэр ч утгаараа энэ жилийн марафонд найзтайгаа хамт “хамгийн гол нь бэртэж гэмтэхгүй, бариандаа хүрье” гэж зорилго тавиад амжилттай оролцлоо. Дипломын ажлаа бичихийн хажуугаар марафонд оролцсон учраас тийм ч сайн бэлдэж чадаагүй ээ. Гэхдээ сэтгэл зүйгээ сайн бэлдсэн учраас гүйлтээ амжилттай дуусгаж чадлаа.

- Бид өөрсдийнхөө төлөө эсвэл байгаль эх дэлхийнхээ төлөө юу бүтээх боломжтой гэж та боддог вэ?

- Залуу хүний хувьд олон зүйл туршиж, өөрийгөө таньж, мэдэж, хөгжүүлж л явна. Би хүн өөрийгөө бүтээж чадвал гэр бүлд, нийгэм, цаашлаад улс эх орныхоо хөгжилд ч хувь нэмрээ оруулж чадна гэж боддог юм. Би одоо Монгол-Германы Ашигт малтмал, Технологийн сургуулийн цахилгааны инженерийн төгсөх курсийн оюутан. Энэ жил батарей хураагуурын системийг хэрхэн сэргээгдэх эрчим хүчтэй уялдуулж манай улсын эрчим хүчний асуудлыг шийдэж болох талаас нь судалгааны ажил хийсэн. Цаашид тус судалгаагаа сайжруулж, ирээдүйд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ихийг хийж бүтээхийг хүсэж байна.

- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?

- Урам зориг, хүсэл тэмүүллийг гэр бүл болон найз нөхдөөсөө хамгийн их мэдэрдэг. Хүн ганцаараа амьдарч байгаа мэт санагдавч үнэндээ бусадтай үргэлж холбоотой байдаг шүү дээ. Тиймээс гэр бүл, дотнын хүмүүс, найз нөхдийн маань дэмжлэг надад ихийг хийж бүтээх урам зориг болдог. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Passion in the City: Улаанбаатар марафоныг тойрсон хүсэл...