Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр Зууны мэдээ сонины хурлын танхимд HR DAY 2026 | RE:DESIGN Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөний талаар Монголын хүний хөгжлийн консорциумын Удирдах зөвлөлөөс мэдээлэл хүргэлээ.
HR DAY 2026 | RE:DESIGN үндэсний зөвлөгөөн нь Монгол Улсын Хүний нөөцийн ажилтны өдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр The Corporate Hotel & Convention Centre болон МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдах юм. Энэ жилийн арга хэмжээ нь “RE:DESIGN” буюу хүний нөөцийн бүтэц, бодлого, засаглал, дижитал шинэчлэлийг бодитоор дахин төлөвлөх, өөрчлөн шинэчлэх практик шийдлүүдэд төвлөрөхөөрөө онцлогтой аж.

Энэ талаар Хүний Хөгжлийн Консорциумын удирдах зөвлөлийн дарга Г.Тэгшбүрэн “Энэ жилийн "HR Day" арга хэмжээ нь "RE:DESIGN" сэдвийн хүрээнд явагдана. Төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлын хувь өндөр байгаа энэ цаг үед бизнесийн байгууллагууд үйл ажиллагааны загвар, хүний нөөцийн бодлогоо эргэн харах зайлшгүй шаардлагатай тургарсан тул энэхүү сэдвийг онцлохоор шийдсэн. Арга хэмжээний гол онцлог нь байгууллагуудыг том групп, дунд компани, жижиг дунд бизнес (SME) гэсэн гурван ангилалд хуваан судалгаанд хамруулж, тэдгээрийн өөр өөр асуудал, онцлогт нь тохирсон хүний нөөцийн стратеги, зөв моделийг хэлэлцэх болно. Түүнчлэн энэ жилийн арга хэмжээнд бизнес, хүний нөөцийн экспертүүдээс гадна төрийн байгууллага, мэргэжлийн холбоо зэргийг өргөнөөр хамруулж илүү өргөн цар хүрээнд, гарц шийдэл эрэлхийлж, бодит үр дүнд хүрэхээр зорьж байна” гэсэн юм.
Бизнесийн салбарынхны санал, шийдлийг төрийн бодлогод тусгахыг зорьж байна

Үргэлжлүүлэн “HR Day” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах цуврал үйл ажиллагааны талаар Хүний хөгжлийн консорциумын Удирдах зөвлөлийн гишүүн О.Дүүриймаа мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ удаагийн “HR Day”-ийн хүрээнд бид гурван үе шаттай нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Нэгдүгээрт, өнөөдөр буюу аравдугаар сарын 9-ний өдөр МҮХАҮТ-д бизнесүүдийн гурван сегмент болон төрийн байгууллагуудын оролцоог хангасан салбар хэлэлцүүлэг, санал солилцох уулзалт явагдаж байна. Хоёрдугаарт, аравдугаар сарын 15-ны өдөр Үндэсний зөвлөгөөн 09:00-19:00 цагийн хооронд The Corporate Hotel & Convention Centre болон МҮХАҮТ-ын Их танхимд нэгэн зэрэг болох бөгөөд энэ үеэр салбарын “HR Expo” үзэсгэлэн уламжлал ёсоор гарна. Гуравдугаарт, бизнесийн салбарынхны хэлэлцсэн асуудлыг төр засагт уламжлах, төр ба хувийн хэвшлийг холбох форумыг аравдугаар сарын 23-нд Засгийн газрын ордонд тус тус зохион байгуулж, энэ үеэр салбарын шилдгүүдийг тодруулах ‘HR Awards’ болон төрийн шагналуудыг гардуулна” гэв.
Бизнесийн өсөлтийг хүний хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ?

Хурлын үеэр тус зөвлөгөөний хамтран зохион байгуулагч ЦойлогсоZ залуусын коммьюнитигийн Хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг “HR Day арга хэмжээ нь дэлхийн болон дотоодын онцлох судалгаануудад үндэслэн асуудлыг прагматик байдлаар хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумаас ажиллах хүчний эзэмшсэн ур чадварын 39% нь ойрын хугацаанд хуучирна гэж таамагласан бол, "SICA" компанийн судалгаагаар монгол залуусын ирээдүйдээ итгэх итгэл сүүлийн таван жилд огцом буурсан үр дүнтэй байна. Цаашлаад тус арга хэмжээнээс салбарын мэдээллийг нэгтгэсэн "Монголын хүний нөөцийн бенчмарк репорт"-ыг жил бүр гаргадаг уламжлал тогтоож, энэхүү өдрийг төр, хувийн хэвшлийг холбосон салбарын томоохон арга хэмжээ болгон хөгжүүлэхээр зорьж байна” гэлээ.

Түүнчлэн ажилтны тогтвор суурьшлыг хангах асуудлыг залуусын хандлагаар тайлбарлахаас гадна, байгууллагын удирдлага, ажлын орчин, карьер хөгжлийн боломж болон ажил олгогч, ажилтны харилцан хүлээлттэй уялдуулан авч үзэх шаардлагатай байгаа юм.
HR DAY 2026 | RE:DESIGN арга хэмжээний тасалбар болон хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой.
Фэйсбүүк хаяг: “Монголын хүний хөгжлийн консорциум”
Вебсайт: https://www.hrday.mn/