Висконсин Мэдисоны их сургуулийн архивд хадгалагдаж буй “Wisconsin Octopus” сэтгүүлийн 1921 оны тавдугаар сарын дугаараас өнөөдрийн бидний сайн мэдэх миймтэй төстэй шог зураг олджээ. Зургийн нэг талд “гэрэл зураг авхуулахдаа өөрийгөө төсөөлөхдөө” болон “бодит байдал дээр” хэмээн хошин байдлаар харьцуулсан байна. Тус сэтгүүл нь 1920 онд шог зураг, хошин өгүүллэг зэргийг нийтэлдэг Висконсин Мэдисоны их сургуулийн оюутнуудын эрхлэн гаргадаг хэвлэл байсан аж.
Зургийг анхны мийм гэж батлах боломжгүй ч өнөөдөр цахим орчинд түгээмэл болсон “төсөөлөл ба бодит байдал” гэсэн хошигнолын хэлбэртэй адил санаа илэрхийлж байгаа тул олон нийтийн дунд анхны мийм 1921 онд үүссэн үү? гэх асуулт тулгараад байгаа аж. Уг зургийг тус сургуулийн архивын ажилтан Кэти Нэш 1921 оны сэтгүүлийн 18 дугаар хуудаснаас олсон бөгөөд дараа нь зураг интернэт орчинд тарж, “дэлхийн анхны мийм” гэж нэрлэгдэх болсон байна. Гэхдээ Кэти Нэш үүнийг “яг анхных гэж баттай хэлэх боломжгүй ч, мийм зургийн хамгийн эртний жишээнүүдийн нэг байж болно” хэмээн тайлбарлажээ.
Хуучны шог зураг өнөөдөр бидэнд танил санагдаж байгаа нь хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, төсөөлөх байдал, бусдад хэрхэн харагддаг тухай хошигнол нь цаг хугацаа өнгөрсөн ч хэвээр байгааг энэхүү жишээнээс харж болох юм. Мөн "архивын сан хөмрөгийг олон нийтэд нээлттэй байлгахын нэг давуу тал нь энэ мэт мартагдсан бүтээл дахин олдож, шинэ үеийн соёлтой холбогдох боломж бүрдэх явдал юм" хэмээн архивын ажилтан Кэти Нэш онцолжээ.
Эх сурвалж: University of Wisconsin Madison News