Эмэгтэйчүүд бид ажил тараад Улаанбаатарын түгжрэлийг арай гэж даван гэртээ орж ирэхэд бас нэгэн ажил хүлээж байдаг нь гэрийн ажил билээ. Оройн хоол хийх, хүүхдийн даалгавар хийлгэх, угаалга хийх, хөргөгчид юу дууссаныг шалгах, маргаашийн цэцэрлэгийн хувцас бэлтгэх гэх мэт дуусашгүй ажлууд ундарна. Энэ бүх ажлын аль нь ч хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, цалин, амралтын өдөр ч байхгүй. Энэ үзэгдлийг нийгмийн шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн хоёр дахь ажлын ээлж (second shift) гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн бүтэн цагийн ажил дуусмагц гэрт өөр нэгэн ажлын ээлж дахин эхэлдэг гэсэн үг. Иймд бид энэ удаагийн Policy Point булангаар эмэгтэйчүүдийн хоёр дахь ээлжийн ажил буюу цалингүй асрахуйн хөдөлмөр, түүний нөлөөллийн талаар хөндлөө.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын энэ оны эхээр гаргасан Цаг ашиглалт ба нийгмийн тэгш бус байдал: Жендерийн хандлага (Time Use and Social Inequality: A Gendered Perspective) тайландаа дэлхийн 10 улсын цаг ашиглалтын судалгааг ижил аргачлалаар харьцуулжээ. Монгол Улс энэ судалгаанд багтсан бөгөөд үр дүнд нь нэн сонирхолтой дүр зураг гарсан байна. Тодруулбал, монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адилхан шахуу бүтэн цагийн ажил хийдэг ч ажлын дараа хийх цалингүй хөдөлмөр нь эрэгтэйчүүдийнхээс даруй хоёр дахин их байна.
Монгол Улс бол эмэгтэйчүүд хамгийн их ажилладаг орнуудын нэг
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тайланд Монгол, Вьетнам хоёр улс эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цалинтай ажилд зарцуулдаг хугацааны ялгаа хамгийн бага орнуудын тоонд оржээ. Өөрөөр хэлбэл, эдгээр улсуудад эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд маш идэвхтэй оролцдог аж. Энэ нь нэг талаар сайн мэдээ. Монгол эмэгтэйчүүд боловсрол, ажил эрхлэлтийн хувьд бүс нутгийн олон орноос өндөр оролцоотой байдаг байна. Гэвч цалинтай ажил хүйсийн хувьд бараг тэгш болсон ч цалингүй асрахуйн ажил тэгш болоогүй аж. Манай улсын хувьд гол асуудал нь эмэгтэйчүүд ажил хийдэггүйдээ биш, хоёр ажил хийдэгт байгаа юм.

Одоо бүгдээрээ тоо бодоцгооё!
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаандаа Монголын Үндэсний статистикийн хорооны цаг ашиглалтын мэдээллийг нэгтгэн дараах тооцоог гаргажээ. Тухайлбал, өдөр тутмын хугацааны хэдэн хувийг цалингүй гэрийн ажилд зарцуулж буйг тооцоход эрэгтэй хүн 7.5 хувь, эмэгтэй хүн 18.9 хувийг зарцуулдаг байна.
Энэ нь 24 цагийн хэмжүүрээр тооцвол эмэгтэй хүн өдөрт ойролцоогоор 4 цаг 32 минут, эрэгтэй хүн өдөрт ойролцоогоор 1 цаг 48 минутыг зарцуулж буй юм. Энэхүү үзүүлэлтээр өдөр бүр 2 цаг 45 минутын ялгаатай гэсэн үг. Тэгэхээр эмэгтэй хүн жилдээ эрэгтэй хүнээс ойролцоогоор 1,000 гаруй цаг илүү цалингүй ажил хийдэг байна. 1,000 цаг гэдэг нь 125 бүтэн ажлын өдөр, эсвэл бараг зургаан долоо хоногийн бүтэн цагийн ажилтай тэнцэх юм.
Эдийн засагт үл үзэгдэх хөдөлмөр
Эдийн засагчид энэ бүхнийг асаргаа, халамжийн эдийн засаг (care economy) гэж нэрлэдэг байна. Үүнд, хүүхэд асрах, хоол хийх, гэр цэвэрлэх, угаалга, өндөр настай хүн асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүн халамжлах, хүнс худалдаж авах, гэр бүлийн өдөр тутмын зохион байгуулалт хийх зэрэг бүх ажил хамаардаг аж. ЭЗХАХБ (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, OECD) энэ хөдөлмөрийг "эдийн засагт зайлшгүй хэрэгтэй боловч үндэсний тооцоонд ихэвчлэн үл үзэгддэг хөдөлмөр" гэж тодорхойлсон байна. Энэ нь цалингүй боловч хүмүүс бүтэн цагийн ажилтай байхын тулд гэр бүл дотор хэн нэгэн энэ ажлыг заавал хийх ёстой гэсэн үг юм.

Ихэнх улсад эмэгтэйчүүд нийт цалингүй хөдөлмөрийн 70-78 хувийг хийдэг ч Монгол Улсад энэ үзүүлэлт 57.3 хувь байна. Энэ нь Монгол Улс бусад улс орнуудаас эмэгтэйчүүд гэрийн ажилд бага цаг зарцуулдаг гэсэн үг огт биш юм. Харин монгол эрэгтэйчүүд бусад судалгаанд хамрагдсан олон орны эрэгтэйчүүдээс өрхийн үйлдвэрлэлийн ажил илүү хийдэгтэй холбоотой юм байна. Үүнийг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын өрхийн үйлдвэрлэлийн ажил (own-use production work) гэж ангилдаг ажээ. Монголын хувьд үүнд мал аж ахуй, түлээ мод бэлтгэх, хашаа хороо, өрхийн үйлдвэрлэл, өөрийн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг ажлууд багтдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Монголд уламжлалт аж ахуйн нөлөөтэйгөөр хөдөлмөр хүйсийн хувьд ялгаатай төрөлжсөн байдаг аж. Эрэгтэйчүүд илүү их гадаах болон үйлдвэрлэлийн ажил хийдэг бол эмэгтэйчүүд гэр доторх өдөр тутмын асаргаа, ахуйн ажлыг илүү хийдэг байна.
Хоёр дахь ажлаас илүү үл үзэгдэх гурав дахь ажил бий
Судлаачид сэтгэлгээний ачаалал (mental load) гэсэн ойлголтыг сүүлийн үед ихээр судлах болжээ. Гэрийн ажлыг хийхээс гадна гэр бүлийн бүх зүйлийг санаж, төлөвлөж, зохион байгуулах буюу гэрийн менежер хийх нь мөн цалингүй хөдөлмөрийн нэгд тооцогддог байна. Жишээ нь багш сургуулийн чатад юу бичсэн бэ. Цэцэрлэгийн мөнгө төлсөн үү. Хөргөгчид сүү үлдсэн үү гэх мэт. Энэ бүхнийг хариуцаж буй хүний тархи амарч байгаа үедээ ч байнга ажиллаж байдаг аж. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тайланд энэ төрлийн хөдөлмөрийг "цаг ашиглалтын судалгаанд хүртэл бүрэн хэмжигддэггүй үл үзэгдэх ачаалал" гэж тайлбарлажээ. Эмэгтэйчүүд олон зүйлийг зэрэг амжуулах нь илүү байдаг тул дээр дурдсан сэтгэлгээний ачааллыг илүүтэйгээр үүрдэг байна.

Цалингүй асрахуйн ажил, гэрийн менежер хийх гэх мэт ахуйн шинжтэй ажлыг их хийдэг хүмүүст шинэ төрлийн ядуурал нүүрлэжээ. Тэрхүү шинэ ядуурлын ойлголт нь цагийн ядуурал юм. Харин цагийн ядуурал гэдэг нь хангалттай амрах боломжгүй, чөлөөт цаг, суралцах цаг, өөртөө зориулсан цагуудгүй байхыг хэлдэг байна. Дээрх тайланд дурдсанаар цалингүй хөдөлмөр нэмэгдэх тусам чөлөөт цаг шууд багасдаг аж. Энэ нь боловсрол, орлого, ажил эрхлэлтээс үл хамааран бараг бүх оронд ажиглагдсан байна. Монгол эмэгтэйчүүдийн 25.3%, эрэгтэйчүүдийн 22.1% нь цагийн ядууралд өртдөг аж. Судалгаанд цагийн ядуурлыг үндсэн хэрэгцээ, ажил, асаргаа зэрэг зайлшгүй үйл ажиллагаанаас үлдсэн чөлөөт цаг нь тухайн улсын медианы 60%-иас доогуур байх гэж тодорхойлсон. Монголын нөхцөлд энэ ойлголт маш танил дүр зураг юм. Ажил тараад хоёр цаг түгжирнэ. Гэртээ ирээд хоол хийж, хүүхэд унтуулна. 22:30 болоход "өөрийн цаг" эхлэх ёстой ч тэр үед ихэнх хүн аль хэдийн ядарсан байдаг. Та ч бас цагийн ядууралд өртсөн юм биш биз?
Хүүхэдтэй болох үед эмэгтэйчүүдийн асрахуйн хөдөлмөр хамгийн их нэмэгддэг

Жендерийн цаг ашиглалтын ялгааг хамгийн их тайлбарладаг хүчин зүйл бол тухайн өрх хүүхэдтэй эсэх юм. Хүүхэдгүй хоёр хүнтэй өрхөд ялгаа тодорхой хэмжээнд байдаг бол хүүхэд төрсний дараа үлэмж ихээр нэмэгддэг байна. Хүүхэд төрснөөр:
- хоол хийх хугацаа
- угаалга
- хүүхэд асрах хугацаа
- шөнө сэрэх хугацаа
- төлөвлөх ажил нэмэгддэг.
Эрэгтэйчүүдийн цалингүй ажил бага зэрэг өсдөг ч эмэгтэйчүүдийн ажлын өсөлт хавьгүй өндөр байдаг. Тиймээс олон судлаач цалингүй асрахуйн хөдөлмөр ээж болсноор илүү тодордог гэж үздэг байна.
Карьерын өсөлтийн "үл үзэгдэх татвар"
Судалгаагаар эмэгтэйчүүдийн цалингүй асаргааны хөдөлмөр их байх тусам:
- хөдөлмөрийн зах зээлээс түр гарах,
- цагийн ажил сонгох,
- карьерын өсөлтөө хойшлуулах,
- удирдах албан тушаалд хүрэх магадлал буурдаг аж.
ЭЗХАХБ (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, OECD) үүнийг цалингүй хөдөлмөрөөс үүдэх цалинтай хөдөлмөрийн золиос гэж тайлбарладаг байна. Энгийнээр хэлбэл, гэрийн хөдөлмөрийн ачаалал нь цалинтай хөдөлмөрийн боломжийг багасгадаг аж. Тэгвэл яагаад олон эмэгтэй хүүхэд төрсний дараа карьер нь удааширдаг вэ? Хариултын нэг хэсэг нь гэрийн хөдөлмөрийн хуваарилалт юм.
Гэрийн ажил хэний үүрэг вэ?
Иймд цалингүй асрахуй хөдөлмөр амьдрал дээр хэрхэн хуваарилагддаг талаар залуу эзэгтэй болон шинэхэн хүүхдээ өлгийдөн аваад удаагүй ааваас тодруулга авсан юм. Шинэхэн гэрлэсэн эзэгтэй гэрлэхээсээ өмнө гэрийн ажилд ээждээ тусалдаг байжээ. Харин гэрлэсний дараа гэрийн ажилд хандах хандлага нь өөрчлөгдсөн аж.
Б. Аззаяа, 26 настай, шинэхэн эзэгтэй (хүүхэдгүй)
“Гэрлэхээсээ өмнө ээж, аавтайгаа амьдардаг байсан болохоор гэрийн ажлыг ээждээ туслах байдлаар хийдэг байсан. Харин гэрлэснээс хойш надад хуваарилж өгсөн ажил үүрэг мэт болсон.”
Харин нөхөр нь гэрийн ажилд оролцдог ч тогтмол хуваарилсан үүрэг мэт хийдэггүй байна. Түүний хэлснээр нөхөр нь заримдаа л тусалдаг бөгөөд гэрийн ажлын хуваарийг өөрийнх нь мэдэрч байгаагаар 70:30 орчим гэж үзэж байна. Энд “туслах” гэдэг үг өөрөө анзаарах ёстой нэг ялгааг харуулж байна. Нэг хүн гэрийн ажлыг өөрийн үндсэн үүрэг гэж хүлээж авч, нөгөө хүн түүнд хааяа “тусалдаг” бол гэрийн ажил тэгш хуваарилагдсан гэсэн үг биш аж. Учир нь нэг нь ажлыг хийхээс гадна тухайн ажлыг санах, төлөвлөх, хэзээ хийхээ шийдэх зэрэг хариуцлагыг давхар үүрч байдаг байна.
“Хүүхэд төрсний дараа гэрийн ажил гэдэг ойлголт өөр болсон”
Харин анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа аавын хувьд хүүхэдтэй болсны дараа гэрийн хөдөлмөрийн хуваарилалтыг өмнөхөөсөө өөрөөр хардаг болжээ.
Д.Пүрэвбат, 28 настай, 5 сартай охины аав
“Хүүхэдтэй болохоос өмнө гэрийн ажил гэдэг нь хоол хийх, гэр цэвэрлэх зэрэг хэдхэн зүйл л гэж боддог байсан. Харин хүүхэдтэй болсны дараа өдөржин хийдэг зүйл гэдгийг ойлгосон. Орой ирээд өдөржин хүүхэдтэйгээ хамт байсан эхнэртээ хэсэг ч болов чөлөө өгөхийг хичээдэг.”
Тэрбээр хүүхэд асрах ажлыг эхнэртэйгээ хэрхэн хуваарилж байгаагаа тайлбарлахдаа хүүхдийн хооллолтыг эхнэр, усанд оруулах, хумс авах, нус соруулах мөн гэртээ байх үедээ живх солих зэрэг ажлуудыг өөрөө хийдэг гэв. Хүүхдийн асаргаанд аль болох түлхүү оролцохыг хичээдэг тухайгаа ч мөн дурдсан юм.
Залуу гэр бүлүүдийн төлөөллийн ярианаас үзэхэд хуваарилалт өөрчлөгдөхийн өмнө ойлголт өөрчлөгдөх хэрэгтэй бөгөөд статистикт харагдаж буй цагийн ялгаа нь гэр бүлийн өдөр тутмын жижиг үйлдлүүдийн нийлбэр аж. Хэн хоол хийх вэ, хэн хүүхдээ эмчид үзүүлэх вэ, хэн угаалга хийх вэ, хэн маргаашийн хэрэгтэй зүйлсийг санах вэ гэдгээс эхэлнэ.
Тэгвэл хоёр дахь ээлжийг хэрхэн богиносгох вэ?
Дэлхий даяар эмэгтэйчүүд цалингүй асаргаа, гэрийн ажлын нийт цагийн 76 хувийг гүйцэтгэдэг бөгөөд эмэгтэйчүүдийн цалингүй хөдөлмөрийн тэгш бус хуваарилалт хөдөлмөрийн зах зээл дэх тэгш бус байдлын нэг хүчин зүйл болдог. Иймд ЭЗХАХБ (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, OECD) эмэгтэйчүүдийн хоёр дахь ээлжийн ачааллыг бууруулах 3R зарчмыг санал болгожээ.
Хүлээн зөвшөөрөх (Recognise)
Цалингүй асаргаа, гэрийн ажил зэрэг хөдөлмөрийг нийгэм, эдийн засгийн хувьд үнэ цэнтэй хөдөлмөр болохыг хүлээн зөвшөөрөх. Тиймээс Монголд цаг ашиглалтын судалгааг тогтмол хийж, хэн хэдэн цагийг ямар ажилд зарцуулж байгааг бодлогын хэмжүүр болгох нь эхний алхам.
Бууруулах (Reduce)
Цалингүй хөдөлмөрт зарцуулах шаардлагатай цаг, ачааллыг бууруулах. Жишээ нь, хүүхэд асрах үйлчилгээ, ус, эрчим хүч, нийтийн дэд бүтцийг сайжруулах.
Дахин хуваарилах (Redistribute)
Цалингүй хөдөлмөрийн ачааллыг эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд, өрхөөс төр, хувийн хэвшил болон нийгмийн үйлчилгээний систем рүү илүү тэнцвэртэй хуваарилах.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тайлан асуудлыг хэмжиж өгсөн бол ЭЗХАХБ-ийн тайлан нэг алхам цааш явж, эмэгтэйчүүдийн цалингүй хөдөлмөрийг бууруулах бодлогыг дөрвөн чиглэлд ангилжээ: дэд бүтэц, төрийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарилалт. ЭЗХАХБ-ийн гол санаа нь эмэгтэйчүүдийг илүү их ажиллуулах биш, цалингүй хөдөлмөрийн бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлт юм.
Асаргааны ажлыг гэрээс төрд шилжүүлэх
Асаргааны хөдөлмөрийг зөвхөн өрхийн хэмжээнд биш, нийтийн үйлчилгээний асуудал гэж харах явдал юм. Судалгаагаар чанартай, хүртээмжтэй хүүхэд асрах үйлчилгээ нэмэгдэх тусам эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өсөж, гэрийн цалингүй ажил багасдаг гэж үзжээ.
Монголын хувьд энэ нь:
- цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
- сургуулийн дараах хүүхэд харах үйлчилгээ (after-school care),
- өндөр настны өдөр өнжүүлэх үйлчилгээ,
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны үйлчилгээ зэрэгтэй холбоотой.
Дэд бүтцийг сайжруулснаар эмэгтэйчүүдийн цагийг хэмнэдэг
Зам, ус, эрчим хүч зэрэг дэд бүтцийг ихэвчлэн эдийн засгийн өсөлтийн өнцгөөс ярьдаг ч үнэндээ эмэгтэйчүүдийн цагийг хэмнэх бодлого байж болдог. Тэд дараах хөрөнгө оруулалтыг онцолжээ. Аюулгүй ус, ариун цэврийн үйлчилгээ. Цэвэр эрчим хүч, цахилгаан хэрэгсэл ашиглах боломж. Олон нийтийн тээвэр, аюулгүй зорчих орчин. Цаг хэмнэх технологи, ахуйн төхөөрөмж.
Улаанбаатарын хоёр цагийн түгжрэл бол зөвхөн хотын захиргаанд хамаарах асуудал биш аж. Ажил тараад гэртээ очих хугацаа уртсах тусам эмэгтэйчүүдийн "хоёр дахь ээлж" мөн уртасдаг байна.
Нийгмийн хамгаалал "ээжид мөнгө өгөх" биш, асаргааг хуваалцах ёстой
ЭЗХАХБ (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, OECD) тайландаа нэг чухал шүүмжлэл тусгажээ. Олон улсын нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд эмэгтэйчүүдийг эх, асран хамгаалагч гэсэн дүрээр дэмждэг бөгөөд энэ нь заримдаа "асрах нь эмэгтэй хүний ажил" гэсэн хэвшмэл ойлголтыг улам бэхжүүлдэг байна. Тиймээс тэд дараах бодлогыг санал болгожээ.
- Эцэг, эхийн аль алинд зориулсан хүүхэд асрах чөлөө.
- Албан бус хөдөлмөр эрхэлдэг асран хамгаалагчдыг хамгаалах даатгал.
- Асаргаа үзүүлэгчдэд зориулсан нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх.
- Хүүхэд асрах мөнгөн дэмжлэгийг зөвхөн эхэд бус өрхөд чиглэсэн байдлаар төлөвлөх
Таны ажлын өдөр хэзээ дуусдаг вэ?

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын 2026 оны тайлангаар Монгол, Вьетнам хоёр эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цалинтай хөдөлмөрт зарцуулдаг хугацааны ялгаа хамгийн бага орнуудын тоонд багтжээ. Гэвч ажлын байр дээрх энэ харьцангуй тэгш байдал гэрийн хаалга онгойх мөчид дуусдаг аж. Учир нь цалинтай ажлын дараа эхэлдэг хоёр дахь ажлын ээлж эмэгтэйчүүдийн мөрөн дээр илүү ихээр үлддэг байна. Энэ асуудлын гол нь эмэгтэйчүүд илүү их цалингүй хөдөлмөр хийдэгт оршино. Монгол эмэгтэйчүүд өдөр бүр дунджаар дөрвөн цаг гаруй хугацааг хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхэд болон ахмад настны асаргаа, өрхийн өдөр тутмын зохион байгуулалтад зориулдаг бол эрэгтэйчүүд үүнээс хоёр дахин бага хугацаа зарцуулдаг. Энэ ялгаа өдөр бүр хуримтлагдсаар жилдээ мянга гаруй цагийн хөдөлмөр болж хувирдаг.
Хоёр дахь ажлын ээлжийн ажил нь мөнгө бус цаг хугацаагаар хэмжигддэг. Цалингүй асрахуйн хөдөлмөр хийснээр амрах, ном унших, спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх, эсвэл зүгээр л өөртөө зарцуулах цаг хамгийн түрүүнд багасдаг. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага үүнийг цаг хугацааны ядуурал гэж нэрлэж, жендерийн тэгш бус байдлыг ойлгох шинэ хэмжүүр болгон санал болгож байна. Тиймээс хоёр дахь ажлын ээлжийг богиносгох нь зөвхөн нэг айлын доторх жижиг асуудал биш юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага энэ хөдөлмөрийг эхлээд хүлээн зөвшөөрөх, дараа нь ачааллыг нь бууруулах, эцэст нь гэр бүл, төр, зах зээлийн хооронд илүү тэгш хуваарилах бодлого хэрэгтэй гэж зөвлөжээ. Хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмж, уян хатан ажлын нөхцөл, аавуудын хүүхэд асрах оролцоо, цаг хэмнэх дэд бүтэц зэрэг нь бүгд энэ асуудлын нэг хэсэг юм. Энэ бол хэний хөдөлмөрийг бид ажил гэж тооцдог, хэний цаг хугацааг хамгийн үнэтэй нөөц гэж үздэг тухай нийгэм, бодлогын асуудал юм. Эцэст нь энэ нийтлэл нэг энгийн асуулт үлдээж байна. Таны ажлын өдөр хэзээ дуусдаг вэ?