Монгол Улс байгалийн унаган төрх, ховор амьтан, ургамал, өвөрмөц экосистемийг хадгалахын тулд газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авдаг. Энэ нь тухайн газрын экосистемийг хадгалах, байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг зохицуулах, хүний үйл ажиллагаанаас үүдэх сөрөг нөлөөллийг хязгаарлах эрх зүйн арга хэмжээ юм. Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн мэдээллээр 2024 оны байдлаар Монгол Улс нийт газар нутгийнхаа 20.77 хувь буюу 32.48 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд нийт 107 газар бүртгэгдсэнээс 15 нь дархан цаазат газар, 33 нь байгалийн цогцолборт газар, 45 нь байгалийн нөөц газар, 14 нь дурсгалт газар юм. Эдгээр ангилал нь хамгаалах зорилго, дэглэмээрээ ялгаатай аж. Тухайлбал, дархан цаазат газар нь байгалийн бүс, бүслүүрийн онцлогийг төлөөлөх унаган төрхөө хадгалсан, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой газар нутгийг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг нь тухайн газрын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна тэнд хүний үйл ажиллагааг ямар нөхцөлөөр явуулахыг хуулиар тогтоож буй хэрэг юм.

Монгол орны зүүн хязгаар, Дорнод аймгийн Халхгол сумын нутагт ойт хээр, хээр, голын хөндий, намгархаг газар ээлжлэн орших нэгэн өвөрмөц экосистем бий. Энэ бол Монгол орны зүүн хязгаар Их Хянганы нурууны баруун хэсгийг дамнан Дорнод Монголын хээрт түрж орсон зурвас нутгийг хамран оршдог Нөмрөгийн дархан цаазат газар юм. Тус нутаг нь ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалахаас гадна бүс нутгийн биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Нөмрөгийн дархан цаазат газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Улмаар 2019 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолоор Дэгээ гол, Өлзийтийн нуур, Азаргын бүрд зэрэг Дорнын молцог хандгайн гол тархац нутгийг хамруулан өргөтгөсөн байна. Нөмрөгийг хамгаалах зорилго нь Хянганы экосистем болон Манжуурын гаралтай амьтан, ургамлын аймгийг иж бүрнээр нь хамгаалахад оршдог байна. Энэ нь нэг зүйлийн амьтныг хамгаалахын тулд түүний амьдрах орчин, хоол тэжээл, үржлийн нөхцөл, усны эх үүсвэр зэрэг харилцан хамааралтай хүчин зүйлсийг хамтад нь авч үзэх шаардлагатай гэсэн үг юм.
2026 онд Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь түймэрт өртжээ
2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт томоохон хэмжээний түймэр гарсан. Хэвлэлүүдэд мэдээлснээр, Мобиком компанийн төлөөлөл зорчиж явсан автомашинд гал гарч, улмаар ойр орчмын өвсөнд тархсан байж болзошгүй нөхцөл үүсжээ. Гэхдээ галын шалтгаан, нөхцөл болон холбогдох этгээдийн хариуцлагыг албан ёсны шалгалтаар тогтоох шаардлагатай. Монгол Улсын Засгийн газар 2026 оны аравдугаар сарын 21-ний хуралдаанаар түймрийн шалтгаан, нөхцөлийг тодруулах, байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах чиглэл өгсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтсээс 2026 оны аравдугаар сарын 25-ны Sentinel-2 хиймэл дагуулын мэдээнд үндэслэн түймрийн хамрах хүрээг зураглажээ. Аравдугаар сарын 28-нд нийтэлсэн мэдээллээр Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 587,744.1 га талбайн 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртсөн байна. Харин тусгай хамгаалалттай газрын хилээс гадна 55,966.8 га талбай мөн түймэрт өртжээ. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га болсон байна. 504,960.4 га гэдэг нь зүйрлэвэл Жэжү арлын нийт газар нутгаас 2.7 дахин том хэмжээтэй газар нутаг юм.
Түймэрт өртсөн талбайн хэмжээг тогтоох нь хохирлыг үнэлэх эхний алхам юм. Харин шатсан газрын хэмжээ нь экосистемд учирсан хохирлыг дангаараа бүрэн илэрхийлэхгүй. Учир нь түймрийн эрчим, ургамал, ой, хөрсөнд үзүүлсэн нөлөөлөл нь газар бүрд харилцан адилгүй байдаг. Түймэр ямар төрлийн ой, ургамлын бүрхэвчийг хамарсан, хөрс хэрхэн өөрчлөгдсөн, зэрлэг амьтдын амьдрах орчинд ямар нөлөө үзүүлсэн зэргийг тусад нь судлах шаардлагатай аж. Түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө, учирсан хохирлыг тогтоохоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг хээрийн судалгаа хийжээ. Тус баг хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд ажиллаж, Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын газраас дээж, материал цуглуулсан байна. Хээрийн судалгааны урьдчилсан ажиглалтаар тал хээрийн ургамлан газрын дээрх биомассын дийлэнх хэсэг түймэрт өртсөн нь тогтоогджээ. Газрын дээрх биомасс гэдэг нь ургамлын хөрсний гадарга дээр байрлах хэсэг буюу иш, навч, цэцэг зэрэг амьд болон үхсэн ургамлын органик массыг хэлнэ. Харин түймэрт өртсөн хусан ойн экосистемд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байсан талаар судлаачид урьдчилан ажигласан байна. Гэвч газрын гадарга дээрх ургамал шатсан эсэх нь экосистемд учирсан хохирлыг бүрэн илэрхийлэхгүй. Тухайлбал, ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга болон үржил шимд хэр хэмжээний өөрчлөлт гарсан нь тухайн газар нутгийн нөхөн сэргэх боломжид нөлөөлнө. Тиймээс судалгааны явцад цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж, үндэс болон хөрсний органик хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанар хэрхэн өөрчлөгдсөнийг нарийвчлан тогтоох шаардлагатай байгаа юм. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын үр дүнг зөвхөн хамгаалалтад авсан талбайгаар хэмжих бус, эрсдэлийг хэрхэн удирдаж байгаа, байгалийн нөөцөд учирсан хохирлыг хэрхэн үнэлж, экосистемийг нөхөн сэргээж байгаагаар нь хамтад нь авч үзэх шаардлагатай. Тэгвэл Нөмрөгт түймрээс өмнө ямар ямар амьтан ургамал нутагшдаг байсан бэ?
57 зүйлийн хөхтөн амьтан амьдардаг нутаг
2023 онд “Proceedings of the Institute of Biology” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Нөмрөгийн дархан цаазат газарт хөхтөн амьтдын долоон багт хамаарах нийт 57 зүйл бүртгэгджээ. Энэ нь Монгол Улсад бүртгэгдсэн хөхтөн амьтдын зүйлийн нийт тооны 39.3 хувьтай тэнцэж байна. Судлаачид эдгээрээс 15 зүйлийг бүс нутгийн болон олон улсын хамгааллын үнэлгээ, үндэсний хамгааллын ангилал, олон улсын конвенцын жагсаалтаар онцгой анхаарах шаардлагатай гэж үзсэн байна. Тэдгээрийн дунд монгол тарвага, голын халиу, хандгай, халиун буга зэрэг зүйл багтжээ. Голын хөндий болон уулын хээр нь хөхтөн амьтдын хувьд чухал амьдрах орчин болохыг судлаачид онцолжээ. Зүйлийн бүртгэл нь тухайн нутагт ямар амьтад байгааг харуулдаг бол популяцийн хэмжээ, тархалт, үржил, амьдрах орчны өөрчлөлтийг тогтоохын тулд давтан судалгаа шаардлагатай аж. Ялангуяа сарьсан багваахай болон мэрэгч амьтдын талаар нэмэлт судалгаа хийх хэрэгтэйг уг бүтээлд тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, байгаль хамгааллын ажлыг зөвхөн хэдэн зүйл бүртгэгдсэнээр хэмжих боломжгүй юм байна. Тэдгээр амьтан амьдрах орчноо хадгалж чадаж байгаа эсэх, хоол тэжээл, ус, үржлийн орчин нь хэрхэн өөрчлөгдөж байгааг мөн мэдэх шаардлагатай аж.
Нөмрөгт хэдэн зуун төрлийн ургамал ургадаг

Нөмрөгийн байгалийн үнэ цэн амьтдын зүйлээр хязгаарлагдахгүй. 2014 болон 2017 онд ургамлын ургалтын улиралд хийсэн хээрийн судалгаагаар тус нутаг болон зүүн Монголын зарим хэсгийн ургамлын олон янз байдлыг судалжээ. 2019 онд “Journal of Asia-Pacific Biodiversity” сэтгүүлд хэвлэгдсэн уг судалгааны хураангуйд 75 овог, 254 төрөлд хамаарах 488 ангиллын нэгж бүртгэснийг дурдсан байна. Судалгаанд гурван эндемик буюу зөвхөн тодорхой газар нутагт тархсан, 16 субэндемик буюу тархац нь хязгаарлагдмал ургамал бүртгэгдсэн байна. Мөн 3 зүйлийг ховордож буй, 3 зүйлийг эмзэг, 5 зүйлийг ховордож болзошгүй ангилалд үнэлжээ. Үүнээс гадна 16 маш ховор, 39 ховор ургамал бүртгэсэн байна. Судалгааны бас нэг чухал үр дүн нь Сибирь түмэлж (Myriophyllum sibiricum) болон өргөн навчит ужирс (Typha latifolia) гэсэн хоёр ургамлыг Монголын ургамлын бүртгэлд шинээр тэмдэглэсэн явдал байв. Энэ нь эдгээр ургамлууд Монголд тархаж байсныг судалгаагаар анх удаа баталгаажуулан бүртгэсэн гэсэн утгатай юм.
Ховор ургамал, намгархаг газар, голын эргийн ургамлын бүрхэвч зэрэг нь экосистемийн нэг хэсэг бөгөөд тэдгээрийн өөрчлөлт нь бусад организмын амьдрах орчинд ч нөлөөлж болно. Түүнчлэн судалгаанд дурдсан ховор ургамлын заримд ган, уур амьсгалын өөрчлөлт, түймэр, бэлчээрийн хэт ашиглалт, аялал жуулчлал болон хүний бусад үйл ажиллагаа эрсдэл учруулж болзошгүйг тэмдэглэжээ.
Японы Засгийн газар Нөмрөгт гарсан түймрийн хохирлыг барагдуулахад Монголын Засгийн газартай хамтарч ажиллана
Жижи Прессийн мэдээлснээр, Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Минору аравдугаар сарын 26-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр түймрийн хохирлын хэмжээг ноцтой авч үзэж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр мөн Японы Засгийн газар түймэрт өртсөн бүс нутгийг сэргээхэд дэмжлэг үзүүлж, Монголын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгааг мэдэгджээ. Үүний дараа аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масару болон Мобиком компанийн удирдлагуудтай уулзаж, түймэрт өртсөн нутгийн нөхөн сэргээлт, экосистемийг хамгаалах асуудлаар санал солилцжээ.
Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги 2026 оны аравдугаар сарын 27-ны хэвлэлийн бага хурлын үеэр тухайн өдрийн үдээс хойш ЖАЙКА-гийн ой, байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэргэжилтнүүдийг Монголд илгээхээр болсныг мэдэгджээ. Тэрбээр мэргэжилтнүүдийн тайланг үндэслэн Монголын Засгийн газартай зөвшилцөж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн дараах сэргээн босголт болон байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг багц хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдсан байна.
Түймрийн дараа байгалийг хэрхэн сэргээдэг вэ: Австралийн туршлагаас

Түймэр нь байгалийн экосистемд нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг. Гэхдээ түймрийн дараах бүх газар ижил хэмжээгээр доройтдоггүй, мөн бүх газарт ижил нөхөн сэргээлт хийх нь оновчгүй байдаг аж. Галын эрчим, хөрсний байдал, налуу, усны урсац, ургамлын төрөл, тухайн экосистемийн байгалийн нөхөн сэргэх чадвар зэргээс дараагийн арга хэмжээ хамаардаг байна.
2024 оны арванхоёрдугаар сард хуурай аянга цахилгаанаас үүдсэн түймэр Австралийн Викториа мужийн Грампьянс үндэсний паркт дэгджээ. Хуурай ургамал, цаг агаарын эрс тэс нөхцөлөөс шалтгаалан гал хурдан тархаж, 2025 оны нэгдүгээр сард дахин гарсан түймрүүдтэй нийлээд нийт 135 мянга гаруй га талбайг хамарчээ. Энэ нь паркийн бараг 80 хувь бөгөөд ховор амьтдын амьдрах орчин, уугуул иргэдийн соёлын өв бүхий газар, аялал жуулчлалын дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан байна. Түймрийн дараа байгаль хамгааллын байгууллагуудын өмнө шатсан ургамлыг сэргээх, амьдрах орчин нь сүйдсэн амьтдыг хамгаалах яаралтай асуудал тулгарчээ. Үүний тод жишээ нь, Викториа мужид зэрлэг байгальд 50 хүрэхгүй үлдсэн гэж тухайн үеийн мэдээлэлд дурдагдсан, устах аюул нэн өндөртэй “brush-tailed rock-wallaby” хэмээх хадархаг газарт амьдардаг уутат амьтан байв.
1. Ховор амьтдад хоол хүнс, түр хоргодох орчин бүрдүүлэв
Түймэр намжсаны дараахан хамгааллын багууд хадархаг эгц хажуу, алслагдсан хэсгүүдэд нисдэг тэрэг болон дроноор нэмэлт тэжээл хүргэж эхэлжээ. Улмаар таван километр орчим үргэлжлэх бүсэд 17 хяналттай тэжээлийн цэг байгуулж, долоо хоног бүр тэжээл хүргэн ажилласан байна. Камерын бичлэгээр хадны уутат амьтад эдгээр бүх цэгт ирж хооллож, ус ууж байгааг баталгаажуулжээ. Мөн төлтэй эм амьтад бүртгэгдсэн нь тухайн бүлэг амьтад түймрийг даван туулсныг харуулсан ч цаашдын популяцийн төлөвийг үргэлжлүүлэн хянах шаардлагатай байв. Харин жижиг хөхтөн амьтад болон хэвлээр явагчдын хувьд өөр арга хэрэглэжээ. Түймэр тэдний нуугдах газар, ургамлын доорх бүрхэвчийг сүйтгэснээр үнэг, зэрлэг муур зэрэг махчин амьтанд өртөх эрсдэл нэмэгдсэн байна. Иймд байгаль хамгаалагчид шатсан хэсгүүдэд түр хоргодох зориулалттай, цаашдаа байгальд задарч шингэх боломжтой картонон хоргодох байр байрлуулжээ. 2025 оны тавдугаар сарын мэдээллээр ийм 350 гаруй түр хоргодох байр байрлуулж, тэдгээрийг ашиглаж буй амьтдыг ажиглах камерын тоог 120-оос давуулсан байв. Камерын бичлэгээр өмнө нь түймрийн дараа харагдаагүй байсан урт хамарт потору болон ховордсон утаат хулгана зэрэг жижиг хөхтөн амьтад бүртгэгджээ. Энэ нь бүх амьтан бүрэн сэргэснийг батлахгүй ч зарим зүйл шатсан орчинд амьд үлдэж, эргэн идэвхжиж байгааг харуулсан чухал дохио байв.
2. Камерын бичлэгээр зогсохгүй, олон жилийн судалгааг үргэлжлүүлэв
Австралийн туршлагын нэг чухал тал нь түр хамгаалах арга хэмжээ авсныхаа дараа ажлаа шууд дуусгаагүй явдал юм. Камерын ажиглалт, амьтдын мөр, ялгадасны дээж, ургамал болон амьдрах орчны үнэлгээг хослуулан, түймрийн дараах өөрчлөлтийг үргэлжлүүлэн судалжээ. 2025 оны тавдугаар сарын байдлаар хадны уутат амьтдын судалгаанд 55 камер ашиглаж, хагас сая гаруй камерын зураг цуглуулсан гэж Parks Victoria мэдээлсэн байна. Мөн жижиг хөхтөн амьтдын урт хугацааны хариу үйлдлийг судлахын тулд өмнө нь ашиглаж байсан 200 гаруй судалгааны цэгийг дахин ажиллуулж эхэлжээ. Ингэснээр түймрийн өмнөх болон дараах мэдээллийг харьцуулж, амьтдын тархалт, амьдрах орчны өөрчлөлтийг илүү бодитой үнэлэх боломж бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, камерын бичлэгт амьтан нэг удаа харагдлаа гээд нөхөн сэргээлт амжилттай болсныг шууд дүгнэх боломжгүй юм. Амьтад тухайн газартаа удаан хугацаанд амьдарч байгаа эсэх, үржиж байгаа эсэх, ургамлын бүрхэвч сэргэхийн хэрээр хоргодох орчин нь нэмэгдэж байгаа эсэхийг давтан ажиглах хэрэгтэй юм байна.
3. Түймрийн дараах хоёрдогч эрсдэлийг бууруулав
Гал унтарсан ч байгальд учрах эрсдэл шууд арилдаггүй аж. Ургамлын бүрхэвч шатсаны дараа хүчтэй бороо ороход үнс, хөрс гол руу урсаж, усны орчинд нэмэлт дарамт учруулж болзошгүй болжээ. Грампьянст ховордсон Ваннон голын хар загасыг ийм эрсдэлээс хамгаалахын тулд голоос ойролцоох фермийн усан сан руу түр шилжүүлсэн тухай Викториа мужийн байгаль хамгааллын тайланд дурджээ. Мөн хоргодох байр байрлуулсан болон бусад чухал хамгааллын бүсэд үнэг, зэрлэг муур, буга, ямаа зэрэг уугуул бус амьтдын дарамтыг бууруулах ажлыг хэрэгжүүлсэн байна. Учир нь түймрийн дараа хамгаалах орчин нь багассан уугуул амьтад махчин амьтдад илүү өртөмтгий болох боломжтой байдаг байна. Эндээс харахад нөхөн сэргээлт гэдэг нь зөвхөн галд шууд шатсан ургамал, амьтдыг анхаарах тухай биш юм. Түймрийн дараа үүссэн шинэ эрсдэлүүдийг ч тооцож, экосистемд үзүүлэх нэмэлт дарамтыг бууруулах шаардлагатай байдаг аж.
4. Байгалийг сэргээхийн зэрэгцээ хүний үйл ажиллагааг ч аюулгүй болгов
Түймэр паркийн аяллын зам, кемпийн талбай зэрэг байгууламжийг мөн гэмтээжээ. Тиймээс байгаль хамгааллын ажлын зэрэгцээ зам, явган аяллын маршрут, ус зайлуулах байгууламж, кемпийн талбайг шалгаж, засварласан байна. 2026 оны гуравдугаар сард түймрийн дараах засварын ажлууд үргэлжилсний эцэст 164 км урт Grampians Peaks Trail маршрутыг бүхэлд нь явган аялагчдад дахин нээжээ. Гэхдээ байгууламжийг сэргээх нь байгалийн нөхөн сэргэх явцтай зөрчилдөх ёсгүй. Түймэрт өртсөн газар хөрс, чулуу, мод тогтворгүй болсон байж болох тул хүмүүсийг хэт эрт нэвтрүүлэх нь аюулгүй байдалд ч, ургамал дахин ургахад ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аж. Иймд паркийн зарим хэсгийг үе шаттай нээж, эмзэг газруудад зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Нөмрөгт хэрэгжүүлж болох ямар сургамж байна вэ?

Грампьянсын жишээг оруулсан нь Нөмрөгийн дархан цаазат газарт яг ижил арга хэмжээг хуулбарлан хэрэгжүүлэх ёстой гэсэн үг биш юм. Харин түймрийн дараах нөхөн сэргээлтийг тухайн газрын экосистем, ховор зүйлүүд, хөрс усны нөхцөлд тулгуурлан төлөвлөх хэрэгтэйг харуулж байна.
- Эхлээд эрсдэлийг үнэлэх: Аль хэсэгт хөрсний элэгдэл, усны бохирдол, ховор амьтдын амьдрах орчин алдагдах эрсдэл өндөр байгааг тогтоох.
- Хамгийн эмзэг зүйлүүдийг нэн тэргүүнд хамгаалах: Ховор амьтдын байршил, тэжээл, хоргодох орчинд учирсан өөрчлөлтийг судалж, шаардлагатай тохиолдолд түр хамгаалах арга хэмжээ авах.
- Сэргэлтийг хэмжих: Уугуул ургамал дахин ургасан эсэх, ховор зүйлүүдийн оршин тогтнол, хөрсний тогтвортой байдал, усны чанар, амьдрах орчны өөрчлөлтийг олон жилийн турш хянах.
- Орон нутгийн мэдлэг, оролцоог ашиглах: Австралийн сэргээн босголтын ажилд иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, байгаль хамгаалагчид, сайн дурынхан хамтран оролцсон аж. Нөмрөгт ч орон нутгийн болон олон улсын судалгаа, хамгааллын байгууллагын хамтын ажиллагаа чухал байж болно.
Байгаль хамгаална гэдэг нь түүнийг ойлгохоос эхэлнэ
Эцсийн дүндээ, байгалийн нөхөн сэргээлтийн амжилтыг хэдэн мод тарьсан, хэдэн га талбайг хамруулснаар дангаар нь хэмжих боломжгүй юм. Харин экосистемийн үйл ажиллагаа сэргэж байна уу, амьтад амьдрах орчноо дахин ашиглаж байна уу, байгалийн олон янз байдал хадгалагдаж байна уу гэдгээр үнэлэх нь илүү ач холбогдолтой. Амьтан, ургамлын зүйлүүдийн хоорондын холбоо, амьдрах орчны бүрэн бүтэн байдал, улирлын өөрчлөлтөд дасан зохицох боломж, байгалийн нөхөн сэргэх чадвар нь мөн адил чухал. Хамгаалалтын бодит үр нөлөөг мэдэхийн тулд судалгаа, хяналт, эрсдэлийн үнэлгээ, шаардлагатай үед шинжлэх ухаанд тулгуурласан нөхөн сэргээлт хийх хэрэгтэй. Нөмрөгийн байгалийн баялгийг хамгаална гэдэг нь өнөөдөр бүртгэгдсэн ховор зүйлүүдийг хадгалахаас гадна ирээдүйд тэдгээрийн амьдрах орчин ямар байхыг бодох тухай юм. Байгалийн өөрчлөлтийг цаг тухайд нь ажиглаж, хэрэгтэй үед нь зөв арга хэмжээ авч чадвал хамгаалалт гэдэг нэр төдий бус, экосистемийн бодит үр дүн болж чадна.