Сонгууль болохоор л улс төрийн тухай яриа идэвхжиж, харин сонгууль өнгөрмөгц улс төрөөс залхчихдаг хүмүүс бидний эргэн тойронд олон бий. Гэхдээ улс төр гэдэг зөвхөн УИХ-ын танхимд болдог мэтгэлцээн, намын мөрийн хөтөлбөр эсвэл улс төрчдийн амлалтаар хязгаарлагдах ойлголт биш юм. Бидний төлдөг татвар, хүүхдийн сургууль, эмнэлгийн үйлчилгээ, үнийн өсөлт, тэр ч бүү хэл ямар мэдээлэл бидэнд хүрч байгаад хүртэл улс төрийн шийдвэр нөлөөлдөг аж. Иймд улс төрийн боловсрол гэдэг нь эрх мэдэл хэрхэн ажилладаг, нийгэм яагаад өөрчлөгддөг, хүмүүс яагаад өөр өөр үзэл бодолтой байдаг зэргийг ойлгох чадвар юм.
Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд заавал онолын зузаан номоос эхлэх шаардлагагүй. Заримдаа нэг роман эрх мэдлийн мөн чанарыг хэдэн арван лекцээс илүү ойлгуулдаг бол зарим онолын бүтээл уншсан романуудынхаа цаадах учрыг тайлахад тусалдаг. Policy Point булангийн энэ удаагийн дугаарт улс төрийн боловсрол түгээх уран зохиолын тав, улс төрийн онолын таван номыг танилцуулж байна.
Уран зохиолоор улс төрийг ойлгох 5 ном

Амьтны ферм - Жорж Оруэлл
Эрх тэгш нийгэм байгуулна гэсэн мөрөөдөл хэрхэн шинэ дарангуйлал болж хувирдаг вэ?
Жорж Оруэллийн “Амьтны ферм” хошин ёгт зохиол 1945 онд хэвлэгджээ. Амьтны ферм бол дэлхийн хамгийн алдартай улс төрийн ёгт зохиолуудын нэг. Зохиолын үйл явдал Жонс хэмээх фермерийн ферм дээр өрнөх болно. Мал амьтад хөдөлмөрлөж, харин үр шимийг нь эзэн нь хүртдэг шударга бус байдлын эсрэг босох тухай фермийн амьтад ярилцаж эхэлснээр үйл явдал эхэлдэг байна. Улмаар ухаалаг, амбицтай хоёр гахай болох Наполеон, Цасан бөмбөг нар бусдыгаа тэргүүлэн Жонсыг фермээс хөөн гаргаж, амьтад өөрсдөө эрх мэдлээ хэрэгжүүлэх шинэ нийгмийг байгуулав. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хувьсгалыг удирдсан гахайнууд бусдаасаа илүү эрх мэдэлтэй болж, дүрэм журам өөрчлөгдөж, үнэн хүртэл шинэчлэгджээ. Гахайнууд бусад амьтдыг хөдөлмөрлүүлж, мэдээллийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж, өнгөрсөн үйл явдлыг хүртэл өөрчлөн ярьж чаддаг. Харин төгсгөлийн хэсэгт гахайнууд хүнтэй хамт ширээний ард сууж, гаднаас нь харахад гахай болон хүнийг ялгахын аргагүй болсон байдаг.
Энэ номыг уншаад хувьсгал өөрөө ардчиллын баталгаа биш гэдэг нь уншигч танд тодорхой болох болов уу. Эрх мэдэл хэнд төвлөрч, хэн дүрмийг өөрчилж байгаагаас бүх зүйл шалтгаалдаг аж. Оруэлл уг зохиолоор дамжуулан нэг чухал санааг харуулсан нь дарангуйлал заавал өмнөх дарангуйлагчтайгаа адилхан царайтай байдаггүй бөгөөд хуучин эрх мэдлийг эсэргүүцэж байсан хүмүүс өөрсдөө эрх мэдэлд хүрээд, өмнө нь тэмцэж байсан тогтолцоогоо дахин бий болгож болдог аж. Энэ бол эрх мэдэл хэрхэн төвлөрдөг, улс төрийн хэл хэрхэн өөрчлөгддөг, олон нийт мэдээллийн манипуляцад хэрхэн автдаг, хяналтгүй эрх мэдэл хэрхэн завхардаг тухай бүтээл юм.
Өнөөдөр мэдээлэл бидэнд хэдхэн секундийн дотор хүрдэг болсон ч зохиолын гол санаа хуучраагүй хэвээр. Худал мэдээлэл, улс төрийн манипуляци, эрх мэдлийн хэт төвлөрөл, олон нийтийн хайхрамжгүй байдал зэрэг асуудал улс төрийн амьдралд байсаар байна.
Тиймээс энэ номыг уншаад дараах асуултуудыг өөрөөсөө асууж болох юм. Эрх мэдэл хэнд төвлөрч байна вэ. Түүнийг хэн хянаж байна вэ. Бидэнд өгч буй мэдээлэл хэр бодит вэ. Улс төрчдийн хэлж буй үг, хийж буй үйлдэл хоёр нийцэж байна уу?
Зуун жилийн ганцаардал - Габриэль Гарсиа Маркес
Зарим ном улс төрийн тухай шууд ярьдаггүй ч нэгэн гэр бүлийн түүхээр бүхэл бүтэн нийгмийн хувьсал, мөхөл, давтагдсан алдааг харуулж чаддаг байна. Габриэль Гарсиа Маркесийн 1967 онд хэвлүүлсэн “Зуун жилийн ганцаардал” бол яг л тийм зохиолуудын нэг юм. Макондо гэх жижигхэн хотын олон үеийн амьдралыг өгүүлэх энэ роман төрийн эргэлт, иргэний дайн, колоничлол, гаднын корпорацын нөлөө, улс төрийн хүчирхийллийг далд боловч хүчтэйгээр харуулдаг. Маркес 1982 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд Нобелийн хороо түүнийг бодит ба фантастик ертөнцийг хослуулан, Латин Америкийн амьдрал, зөрчлийг тусгасан бүтээлүүдийнх нь төлөө шагнасан аж.
Зохиол Буэндиагийн гэр бүлийн түүх болон тэдний байгуулсан Макондо хэмээх жижиг тосгоноос эхэлдэг. Эхэндээ Макондо бол дэлхийгээс тусгаарлагдсан, өөрийн гэсэн дүрэмтэй, бараг үлгэрийн мэт ертөнц. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гаднын хүмүүс, шинэ технологи, худалдаа, улс төрийн нөлөөлөл, дайн тэмцэл орж ирж, тосгон бүхэлдээ өөрчлөгддөг аж. Шинжлэх ухааны шинэ нээлтийг хүмүүс эхэндээ ид шид мэт хүлээн авч, цыгануудын авчирсан соронз, мөс зэрэг шинэ зүйлс макондогийнхны хувьд гайхамшиг болно. Харин тэр жижигхэн тосгон дэлхийтэй холбогдохын хэрээр түүний тайван байдал ч алдагддаг байна. Буэндиагийн гэр бүлийнхэн үе үеийн туршид ижил нэртэй, ижил зан чанартай хүмүүсээр давтагдах нь зохиолыг ойлгоход бэрх болгодог ч байж болох юм. Тэдний амьдралд хайр дурлал, хүсэл тачаал, атаархал, өс хонзон, дайн, үхэл ээлжилж, нэг үеийн хийсэн алдаа дараагийн үедээ өөр хэлбэрээр дахин гарч ирдэг байна. Тэр ч бүү хэл, цус ойртолтын айдас буюу “гахай сүүлтэй хүүхэд төрнө” гэсэн зөгнөл гэр бүлийнхнийг үеийн үед дагах аж.
Энд Маркесийн өгүүлж буй зүйл зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэлээр хязгаарлагддаггүй. Өнгөрснөө санахгүй, алдаанаасаа сурахгүй бол түүх өөрөө давтагддаг гэсэн санаа зохиолын голд оршино. Үүнийг Макондогийн “мартамхай” болсон үе улам тодруулах аж. Тосгоныхон юмсынхаа нэрийг мартаж эхлэхэд эд зүйл бүр дээр нэрийг нь бичиж тавьдаг. Энэ нь энгийн нэг сонин үйл явдал мэт боловч цаанаа маш хүчтэй бэлгэдэл агуулж буй. Нийгэм өөрийн өнгөрсөн, туулсан түүх, болсон үйл явдлаа санахаа боливол юу зөв, юу буруу байсныг ялгах чадвараа ч алдаж эхэлдэг гэсэн санаа юм.
Эцэст нь олон үе дамжин давтагдсан нэрс, зан чанар, алдаа, хүсэл мөрөөдөл нэг цэгт огтлолцож, айдас болсон зөгнөл биеллээ олсноор Буэндиагийн гэр бүлийн түүх эхэлсэн шигээ төгсөх нь гунигтай. Маркес энд “улс төр” дэх эрх мэдэл, дайн, үзэл суртал, нийгмийн ой санамж, хүмүүсийн сонголт, давтагддаг алдаа зэргийг нэг гэр бүлийн амьдралаар харуулжээ. Иймд “Зуун жилийн ганцаардал”-ыг улс төрийн боловсролын номын жагсаалтад оруулах шалтгаан нь улс төр нийгмийн амьдралд хэрхэн шингэж, нэг үеийн шийдвэр дараагийн үеийн амьдралыг хэрхэн тодорхойлдгийг мэдрүүлдэгт оршино.
Бид яагаад нэг алдааг дахин дахин давтдаг вэ, нийгэм яагаад өнгөрснөө мартдаг вэ, эрх мэдэл хүмүүсийн сонголтыг хэрхэн өөрчилдөг вэ гэдгийг ойлгох нь ч мөн адил улс төрийн боловсролын нэг хэсэг билээ.
Ялааны эзэн - Уильям Голдинг
Уильям Голдингийн “Ялааны эзэн” роман 1954 онд хэвлэгдсэн бөгөөд хүний мөн чанар, эрх мэдэл, ардчиллын эмзэг байдлыг өгүүлсэн XX зууны хамгийн нөлөө бүхий улс төрийн уран зохиолуудын нэг юм. Хэрэв бүх дүрэм алга болбол хүмүүс өөрсдөө ямар нийгэм байгуулах бол? Зохиолын үйл явдал онгоцны ослоор эзгүй арал дээр үлдсэн хэсэг хөвгүүдээс эхэлдэг. Насанд хүрсэн хүнгүй болсон тул тэд өөрсдийн дүрэм журам, удирдагчаа сонгон жижигхэн “нийгэм” байгуулах болно. Ральф дүрэм, эмх журам, хамтын шийдвэрийг эрхэмлэдэг бол Жек эрх мэдэл, айдас, хүчээр бусдыг дагуулахыг хүсдэг. Эхэндээ бүгд эв нэгдэлтэй байсан хүүхдүүд удалгүй хоёр тал болон хуваагдаж, айдас, хүчирхийлэл аажмаар арлыг эзэлж эхэлдэг байна. Голдинг энэ арлаар дамжуулан нэгэн чухал санааг харуулдаг нь хүчирхийлэл гаднаас ирдэггүй, хүмүүсийн дотор байдаг гэсэн санаа юм. Хүүхдүүд арал дээр шинэ дарангуйлагчтай таарсангүй, харин өөрсдөө дарангуйллын эх үүсвэр болж хувирсан аж. Эрх мэдлийг айдас дээр байгуулж эхлэхэд дүрэм, шударга ёс хамгийн түрүүнд нуран унадаг байна. Энэ бүтээл хүүхдийн адал явдлын талаар өгүүлэх мэт боловч ардчилал яагаад эмзэг байдаг, олонх үргэлж зөв байдаггүйг ойлгуулах улс төрийн роман юм. Нобелийн хороо Голдингийн зохиолуудыг “өнөөгийн ертөнц дэх хүний мөн чанарыг” бодит өгүүлэмж, домгийн шинжээр тодруулдаг хэмээн үнэлж, 1983 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртээжээ.

Цаасан шувуу наадуулагч - Халед Хоссейни
Халед Хоссейнийн 2003 онд хэвлэгдсэн “Цаасан шувуу наадуулагч” романд Афганистаны төрийн эргэлт, Зөвлөлтийн довтолгоо, Талибаны дэглэм, дүрвэгсдийн амьдрал, хоёр хүүгийн нөхөрлөлийн түүхтэй зэрэгцэн өрнөх аж. Ганцхан хүний түүхээр бүхэл бүтэн улсын эмгэнэлийг өгүүлж болдог аж. Афган гаралтай Америк зохиолчийн бага насны дурсамж, эх орны түүхтэй холбон бичсэн энэ роман дайн, дүрвэлт, ялгаварлан гадуурхалт, шашны хэт туйлшрал, гэмшил, уучлалын тухай өгүүлдэг байна.
Зохиолд Афганистаны баян чинээлэг айлын хүү Амир болон тэдний зарцын хүү Хассан хоёрын бага насны нөхөрлөл, ирээдүйн сонголт, хүний гэмшил харууслын тухай тод өгүүлэх аж. Нийгмийн байр суурь, угсаа гарал, амьдралын нөхцөлөөрөө тэс өөр хоёр хүү цаасан шувуу хөөргөж, хамт тоглож, нэг ертөнцөд өсдөг. Түүнчлэн, Хазара үндэстний хувь заяагаар дамжуулан зохиолч ялгаварлан гадуурхалт нийгэмд хэрхэн хэвийн зүйл мэт сууж болдгийг харуулдаг байна. Хассан Хазара гаралтай учраас бусдаас дорд үзэгдэж, доромжлол, гадуурхалтай нүүр тулах аж. Тэр буруу зүйл хийсэндээ биш, зүгээр л хэн болж төрснөөсөө болж эрх тэгш бус харилцааны хохирогч болдог.
Төр, нийгэм цөөнхийн эрхийг хамгаалж чадахгүй болсон үед ялгаварлан гадуурхалт өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж хувирч болдог аж. Дэглэм өөрчлөгдөх бүрд төрийн байгууллага солигдохоос гадна хүмүүсийн хаашаа явах, юу өмсөх, юу хэлэх, хэнийг хамгаалах, хэнээс айж эмээх хүртэл нь өөрчлөгддөг байна. Улс төрийн шийдвэр, үр дагавар жирийн иргэдийн амьдралд хамгийн түрүүнд нөлөөлдөг гэсэн санааг романы туршид дэвшүүлснээрээ онцлог юм.
Инээд хийгээд мартахуйн тухай ном - Милан Кундера
Эрх мэдэл зөвхөн хүмүүсийг биш, дурсамжийг ч удирддаг байна. Милан Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн тухай ном” нь коммунист Чехословак дахь цензур, түүхийг дахин бичих оролдлого, хүний ой санамжийг устгах улс төрийн механизмыг философийн өнгө аясаар өгүүлдэг аж. Хэрэв нэг дурсамжийг устгаж чадвал өнгөрснийг ч өөрчилж болох мэт. Харин өнгөрснийг өөрчилбөл ирээдүйг ч өөрчилж чадна гэсэн санааг уг бүтээлээр өгүүлжээ.
Чехословак дахь коммунист дэглэмийн үеийн амьдрал, улс төрийн хавчлага, цөллөг, хайр дурлал, хүний ой санамжийн тухай өгүүлэх тус зохиол нэгэн шулуун үйл явдлаар өрнөхөөс илүү өөр өөр хүний түүх, дурсамж, улс төрийн үйл явдал хоорондоо холбогдон үргэлжилдэг байна. Тиймээс энэ номыг уншихад улс төрийн хэрэг явдлыг хувь хүн талаас хэний дурсамж үлдэх, хэний нэр мартагдах вэ гэдэг тэмцэл гэж харах боломжтой юм.
Улс төрийг ойлгох 5 онолын ном

Улс үндэстнүүдийн уналт доройтлын шалтгаан - Дарон Ажемоглу, Жеймс Робинсон
Яагаад байгалийн баялаг ихтэй улс орон ядуу байдаг мөртлөө баялаг багатай улс хөгжсөн байдаг вэ? Энэ асуултад зохиогчид маш товчоор “институц” гэж хариулдаг. Иргэдэд боломж олгодог, хариуцлага шаарддаг институцтай улс урт хугацаанд хөгждөг бол эрх мэдлийг цөөн хүнд төвлөрүүлсэн тогтолцоо эсрэгээрээ хөгжлийг сааруулдаг гэж тайлбарладаг байна. Тэд өнөөгийн улс үндэстнүүдээр жишээ татан, яагаад хөгжсөн болон яагаад доройтсон талаар анализ хийж оруулсан нь номыг илүү сонирхолтой түүхийн болоод онолын ач холбогдолтой болгожээ. Тиймээс улс төр эдийн засгаас салангид зүйл биш гэдгийг ойлгоход энэ ном хамгийн сайн эхлэлүүдийн нэг билээ.
Нарийн коридор - Дарон Ажемоглу, Жеймс Робинсон
Нобелийн шагналт эдийн засагч Ажемоглугийн бас нэгэн бүтээл болох Нарийн Коридор нь 2019 онд хэвлэгджээ. Эрх чөлөө хаанаас бий болдог вэ? Хэт хүчтэй төр иргэний нийгмийг дардаг бол хэт сул төр иргэнээ хамгаалж чаддаггүй аж. Харин төр болон иргэний нийгэм хоёулаа бие биеэ хянахуйц хэмжээнд хүчтэй байх үед л эрх чөлөө оршин тогтнодог байна. Үүнийг тэд номдоо "нарийн коридор" гэж нэрлэсэн байна. Номд гардаг хамгийн сонирхолтой жишээний нэг нь Ваймарын Герман. Дэлхийн I дайны дараах Герман тухайн үеийн хамгийн дэвшилтэт ардчилсан үндсэн хуульт улс орнуудын нэг байлаа. Сонгууль, парламент, иргэний эрх бүгд байсан. Гэвч эдийн засгийн хямрал, улс төрийн туйлшрал, институцын сулралын улмаас германчууд өөрсдийн сонголтоор ардчиллаа задлан, Адольф Гитлерийг эрх мэдэлд хүргэсэн аж. Энэхүү номыг уншсан хэн бүхэн яагаад ардчилал дарангуйлал руу амархан гулсдаг болохыг ойлгох болно.
Хунтайж - Никколо Макиавелли
"Хунтайж хүн ариун цагаан шинж чанар бүхнийг өөртөө шингээсэн байх албагүй, харин шингээсэн мэт харагдах зайлшгүй шаардлагатай." Улс төр ямар байх ёстой вэ гэдгээс илүү бодит байдал дээр хэрхэн ажилладаг вэ?
Сэргэн мандалтын үеийн Италийн улс төрийн зүтгэлтэн, дипломатч Никколо Макиавелли 1513 онд бичсэн энэ бэсрэг бүтээлээрээ улс төрийн сэтгэлгээний түүхийг өөрчилсөн гэж хэлж болно. Тухайн үед Итали нэгдсэн улс биш, олон жижиг хот улсуудад хуваагдсан, дайн, урвалт, эрх мэдлийн тэмцэл тасардаггүй эмх замбараагүй үе байлаа. Флоренцийн төрд олон жил ажилласан Макиавелли эрх мэдэл солигдох үед цөлөгдөж, төрийн албанаасаа холдсон байхдаа энэ номоо бичжээ.
Макиавелли “Хунтайж”-ийг Медичийн удмын Лорензо де Медичид зориулан бичсэн гэдэг. Улс төрийн албандаа эргэн орох хүсэл нь ч энэ бүтээлийг бичих нэг шалтгаан байсан гэж үздэг байна. Гэхдээ ном хэвлэгдсэнээс хойш түүнийг зөвхөн нэг удирдагчид зориулсан захидал төдийгөөр хязгаарлалгүй, дэлхий нийтээр эрх мэдлийн тухай хамгийн бодит тайлбаруудын нэг гэж уншсаар ирсэн байна.
Хунтайж ном төрийг хэрхэн гартаа авах, эрх мэдлээ хэрхэн хадгалах, тогтворгүй нийгмийг хэрхэн удирдах вэ гэсэн бодит асуултуудад хариулт эрэлхийлдэг байна. Макиавеллийн хувьд удирдагч зарим үед хүнлэг, зарим үед хатуу, зарим үед овжин байх шаардлагатай аж. Учир нь улс төрийн бодит байдал үргэлж ёс суртахууны дүрэмтэй давхцдаггүй хэмээн тэр үзжээ. Иймд энэхүү номыг зөвлөгөө гэхээс илүү эрх мэдлийн механизмын тухай ажиглалт гэж унших нь илүү сонирхолтой байх болов уу.

Нийгмийн гэрээ - Жан-Жак Руссо
“Хүн эрх чөлөөтэй төрдөг ч хаа сайгүй гинжлэгдсэн байдаг.” Төрийн эрх мэдлийг хүмүүс яагаад зөвшөөрдөг вэ?
1762 онд хэвлэгдсэн энэ бүтээл орчин үеийн ардчиллын суурь философийн нэг болсон ном юм. Руссогийн хамгийн гол санаа нь төрийн эрх мэдлийн жинхэнэ эх сурвалж нь хаан биш, ард түмэн юм. Түүний энэхүү хариулт энгийн мөртлөө хувьсгалч санаа агуулж байжээ. Руссо хүмүүс ямар үндэслэлээр төрийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг, ард түмний хүсэл зориг улс төрийн эрх мэдэлтэй хэрхэн холбогддог талаар энэ номдоо нарийн тайлбарласан байдаг. Түүний хамгийн том шүүмжлэл нь эрх мэдэлтэй цөөнх эрх мэдлээ ард түмнээс авсан атлаа ард түмний төлөө ашигладаггүй явдал байв.
Өнөөдөр бидний ярьдаг ардчилал, иргэний оролцоо, нийтийн ашиг сонирхол зэрэг ойлголтын суурь нь энэхүү номд анх тусгагдаж байсан тул өнөөдөр ч улс төрийн сонгодог бүтээлүүдийн тэргүүн эгнээнд байсаар байна.
Зөвт сэтгэл - Жонатан Хайдт
Яагаад хоёр хүн яг ижил зүйлийг хараад тэс өөр дүгнэлт хийдэг вэ? Нэг нь шударга ёс гэж үзсэн зүйлийг нөгөө нь шударга бус гэж харах тохиолдол бий. Нэг нь уламжлалыг хамгаалахыг зөв гэж бодоход нөгөө нь эрх чөлөөг хамгаалахыг илүүд үзнэ. Тэгвэл тэдний хэнийх нь зөв бэ?
Америкийн нийгмийн сэтгэл судлаач Жонатан Хайдтын “The Righteous Mind” буюу “Зөвт сэтгэл” ном яг энэ асуултыг хөнддөг байна. Хайдт улс төрийн үзэл санааны ялгааг зөвхөн хүмүүсийн мэдлэг, боловсрол эсвэл логик сэтгэлгээний ялгаагаар тайлбарлах боломжгүй гэж үзжээ. Учир нь бидний улс төрийн болон ёс суртахууны дүгнэлтүүдийн цаана бодож тунгаасан логикоор зогсохгүй зөн совин, сэтгэл хөдлөл, бүлгийн үнэт зүйлс ажиллаж байдаг байна.
Хайдтын хамгийн үнэ цэнтэй сургамж нь өөр үзэл бодлыг ойлгохын тулд заавал өөрийн үзэл бодлоос татгалзах шаардлагагүй гэдэг санаа юм. Учир нь бусдыг ойлгоно гэдэг түүнтэй санал нийлнэ гэсэн үг биш аж. Харин “энэ хүн яагаад ингэж бодож байгаа юм бол?” гэж асууж чаддаг болох тухай юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн боловсролтой иргэн гэдэг нь өөрийн үзэл бодлыг хамгаалж чаддаг хүнийг хэлэхгүй бөгөөд өөрөөсөө өөр хүн ямар үнэт зүйл дээр тулгуурлан өөр дүгнэлт хийж байгааг ойлгох чадвартай хүн юм. Энэ ном биднээс “бид үнэхээр баримтад тулгуурлан байр сууриа сонгож байна уу, эсвэл эхлээд сэтгэлээрээ шийдчихээд дараа нь өөрийнхөө зөвийг батлах баримтыг хайж байна уу? гэдгийг асуух болно.
Иймд энэхүү ном нь улс төрийн тухай төдийгүй улс төрийг бид хэрхэн хүлээж авдаг тухай ном юм. Улс төрийн зөрчилдөөнийг бүрэн арилгаж чадахгүй ч бидний хоорондох ханыг бага ч гэсэн нимгэлэх боломжтой. Тиймээс улс төрийн боловсролын хамгийн хүнд хичээл нь магадгүй өөрөөр бодож байгаа хүнийг ойлгох гэж оролдох явдал байж болох юм.
Хэрэв хаанаас эхлэхээ мэдэхгүй бол...
Хэрэв улс төрийн тухай анхны номоо сонгож байгаа бол “Амьтны ферм” бүтээлээс эхэлж болно. Богино мөртлөө эрх мэдлийн тухай хамгийн тод дүр зургийг та эндээс унших боломжтой. Хэрэв өнөөдөр дэлхий дээр ардчилал яагаад сорилттой тулгарч байгааг ойлгохыг хүсвэл “Нарийн коридор”-ыг уншаарай. Харин улс төрийн маргаан яагаад ийм их талцал дагуулдаг вэ гэсэн асуулт сонирхож байвал “Зөв сэтгэл” хамгийн сонирхолтой ном байх болно.
Эцэст нь дүгнэхэд, эдгээр арван ном нэг л зүйлийг өөр өөр хэлбэрээр хүүрнэж буй. Улс төр, эрх мэдэл гэдэг зөвхөн төрийн ордонд байдаггүй юм байна. Энэ бол бидний хэлэх үг, санаж үлдэх түүх, айдаг зүйл, хамгаалах үнэт зүйл, хамтдаа байгуулсан нийгэмд өдөр бүр оршдог ойлголт юм. Ард түмэнд эрх мэдэл бий. Харин эрх мэдэлтэй байна гэдэг нь тэр эрхээ ойлгож, хамгаалж, хариуцлага нэхэж, шаардлагатай үед асуулт тавьж чаддаг байх үүрэгтэй гэсэн үг юм.