

Та хүү, охин хоёрынхоо боловсролд ижил хүлээлт, ижил боломж олгодог уу?
Улс төр, нийгмийн асуудлыг гүнзгий ойлгож, бодлогын учир шалтгаан, үр дагаврыг эргэцүүлэн дүгнэх “Policy Point” булангийн энэхүү дугаараар бид хөвгүүдийн боловсролын хоцрогдол, түүний үр дагавар, шийдлийг эрэлхийлэхийг зорилоо.
Дэлхийн улс орнууд 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар тогтвортой хөгжлийн 17 зорилтыг баталж, нэгэн түүхэн амлалт өгсөн нь 2030 он гэхэд дэлхийн нэг ч хүүхдийг боловсролоос орхигдуулахгүй гэдэг амлалт байв. Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилт болох “Чанартай боловсролыг дэмжих” нь дэлхийн бөмбөрцгийн хаана ч амьдардаг, ямар ч арьс өнгөтэй, эрэгтэй эмэгтэй хүүхэд бүрд чанартай, тэгш боловсрол олгох дэлхийн улс үндэстэн бүрийн нийтлэг нэгэн зорилт юм. Ийнхүү бид хөвгүүдэд ч охидод ч ижил тэгш боловсрол олгох үүрэг хүлээсэн ч бодит байдал дээр үүнийгээ хэрэгжүүлж чадаж байна уу?
Хөвгүүдийн сурлагын хоцрогдол дэлхийн тулгамдсан асуудал болж эхлэв.

Тэгвэл өмнө нь хөвгүүдийн боловсролын хоцрогдол зөвхөн өндөр болон дунд орлоготой орнуудад ажиглагдаж байсан бол өнөөдөр бага болон дунд орлоготой орнуудыг ч хамарч эхэлснийг олон улсын судалгаанууд харуулж байна. Ялангуяа дунд сургуулийн түвшинд хөвгүүдийн хоцрогдол хамгийн тод илрэх болжээ. Тухайлбал, ЮНЕСКО-ийн "Leave No Child Behind: Global report on boys' disengagement from education" тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 132 сая хөвгүүд сургуулиас гадна байгаа нь нийт сургууль завсардсан хүүхдүүдийн талаас илүү хувийг эзэлж байгаа юм. Тус судалгаанд хөвгүүд анги улирах, бүрэн дунд боловсролын шатлалыг дүүргэхгүй байх, сургуульд суралцаж байгаа нэртэй ч бодит ахиц дэвшилгүй суралцах эрсдэл өндөр болж байгааг онцолжээ.
Харин Монгол Улсад бага боловсролын түвшинд охид, хөвгүүдийн сургуульд хамрагдалт ерөнхийдөө ижил боловч боловсролын шат ахих тусам зөрүү гарч эхэлдэг байна. Тодруулбал, БШУЯ-ны 2022-2023 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын албан ёсны статистик мэдээнд дурдсанаар ахлах сургууль төгсөх үед хөвгүүдийн эзлэх хувь охидоос 12.7 хувиар бага буюу хөвгүүдийн ердөө 50 хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг “Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс судалж, “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” нэртэй судалгааны тайланг 2024 онд олон нийтийн хүртээл болгожээ. Тус судалгаанд хөвгүүдийн хичээл хоцрогдолтын шалтгаан, үр дагаврыг нийгмийн олон түвшинд авч үзсэн бөгөөд бид тэдгээрээс хамгийн ноцтой үр дагавартай байж болохуйц гурван шалтгааныг энэхүү нийтлэлээрээ онцолж байна.
Утас болон цахим хэрэглээ сурлагад нөлөөлөх нь
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааны тайланд дурдсанаар 7-12 насны хүүхдүүдийн 62% нь, 13-18 насны хүүхдийн 71% нь өдөр бүр интернэт ашиглаж байна. Хамгийн анхаарал татаж буй нь, нийт хүүхдүүдийн 89% нь цахим орчныг эцэг эхийн хараа хяналтгүйгээр ашигладаг бөгөөд энэ хандлага хүүхдүүд том болох тусам нэмэгддэг аж. Түүнчлэн, хөвгүүдийн 64 хувь нь интернэтийг голчлон тоглоом тоглоход ашигладаг бол охидын 63 хувь нь хичээлдээ ашигладаг байна. Олон цагаар утас оролдох, тоглоом тоглох зэрэг нь гэрийн даалгавар хийх цагийг эрс багасгаж, сурлагын амжилтад шууд сөргөөр нөлөөлж буйг уг тайланд онцолжээ. Эндээс харахад, цахим орчныг зөв боловсон ашиглахад эцэг эхийн оролцоо, хараа хяналт чухал байр суурьтай бөгөөд дэлгэцийн хэрэглээг хянах, тодорхой цагийн хязгаар зааж өгөх шаардлагатай байгааг судлаачид сануулж байна.
Нийгмийн соёлын нөлөө
Карибын тэнгисийн зарим орнуудад улсын сургуульд суралцдаг хөвгүүдээс илүү хувийн сургуульд сурдаг хөвгүүд сургуулиа төгсөж, их дээд сургуульд элсэх шалгалтад тэнцэх магадлал харьцангуй өндөр байдаг аж. Монгол Улсын хувьд ч нийгэм-эдийн засгийн байдал боловсролын гүйцэтгэлтэй нягт холбоотой байх боломжтой юм. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар сард 1,400,000 төгрөгөөс дээш орлоготой өрхийн хүүхдүүдийн 9.1% хөдөлмөр эрхэлдэг бол 140,000-600,000 төгрөг хүртэлх орлоготой өрхийн хүүхдүүийн 25-28% нь ажил хийдэг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн боломжтой өрхийн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх шаардлага бага тул хичээлдээ илүү төвлөрч чаддаг гэж дүгнэж болох юм.
Түүнчлэн, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай асуудал хөвгүүдэд илүү нөлөөлж байгаа бөгөөд үүнд манай орны уламжлалт ахуй, соёл ч онцгой байр суурь эзэлж байна. Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн түвшин хөвгүүдийн дунд 19.9% байдаг бол охидынх 12.5% байна. Тэр дундаа хөдөө орон нутагт хөвгүүдийн хөдөлмөр эрхлэлт 30 хувьд хүрдэг аж. Хичээлийн цагийн зэрэгцээ малаа хариулж, ус зөөж, түлээ бэлтгэдэг хөвгүүдийн хувьд сурлагаар хоцрох нөхцөл зайлшгүй үүсдэг байна. Үүний тод жишээ нь хурдан морины унаач хүүхдүүд юм. Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач бүртгэлтэй хүүхдийн 96 хувь нь эрэгтэй хүүхэд бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг байдаг тухай дурджээ. Ингэснээр хичээлийн хоцрогдол үүсэж, сурах сонирхол бууран, сургуулиас завсардах эхлэл болдог байна.
Сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн, уламжлалт хөтөлбөр хөвгүүдийн сурах арга барилд нийцэхгүй байна

Судалгаагаар хөвгүүд нэг зүйлдээ гүнзгийрэн төвлөрч, туршилт, дадлага ажилд суурилсан арга барилаар илүү үр дүнтэй суралцдаг болохыг тогтоожээ. Гэвч бага ангиас дунд анги руу шилжихэд шаардлагатай бус олон онолын хичээлүүд гэнэт нэмэгддэг нь тэднийг хичээлээс залхаах үндсэн шалтгаан болдог байна.
Хамгийн гол нь хөвгүүдийн энэхүү дадлагажиж сурах онцлогт тохирсон сургалтын нөөц, хэрэглэгдэхүүн улсын сургуулиудад мэдэгдэхүйц дутагдалтай байна. Судалгаанд оролцсон орон нутгийн багш нарын 70 орчим хувь нь лаборатори хичээл, дадлага ажилд хэрэглэх материал, түүхий эдийн хангамжийг дундаас доогуур гэж үнэлжээ. Хичээлийн анги танхим, тавилга, хэрэгслийг муу буюу маш муу гэж үнэлсэн хувь орон нутгийн багш нарын дунд хамгийн өндөр байна. Иймд нөөц хэрэглэгдэхүүн хомс улсын болон орон нутгийн сургуулиуд, сургалтын хөтөлбөр хөвгүүдийн суралцах онцлог, хэрэгцээг хангаж чадахгүй байх эрсдэл өндөр байгаа аж.
Охидын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрд тэгш боловсрол олгох тухай дэлхий нийтээрээ ярьдаг шиг, өнөөдөр хөвгүүдийг ч мөн боловсролын гадна орхиж болохгүй тухай ярих цаг болсныг дээрх баримтууд бидэнд харуулж байна. Энэхүү судалгаануудад тусгагдсан асуудлуудын хүрээнд бид бодит байдал дээр ямар байгаа тухай төрийн өмчийн болон хувийн, мөн орон нутгийн сургуулийн багш нарын байр суурийг тодруулан хүргэж байна.
“Эцэг эхийн оролцоо жилд нэг, хоёр удаа багштай уулзах төдийхнөөр хязгаарлагдаж байна”
- Хувийн сургуулийн багш (нэрээ нууцлав)
"Хөвгүүд ер нь өөрсдийг нь сонсож, анхаарч байгаа үед хичээлд сайн оролцох хандлагатай. Мөн бодлого бодох үед идэвхтэй оролцдог. Анги доошлох тусам хөвгүүд их идэвхтэй, хичээлд оролцоо сайтай, их асуулт асуудаг. Дунд ангид хичээл таслалт маш бага мөн охид нэлээн идэвхгүй талдаа. Энэ нь шалгалтын оноо, багийн ажил дээр шууд харагддаг. Харин ахлах ангид хөвгүүд биеийн тамирт хамгийн идэвхтэй оролцож харагддаг. Мөн хичээлийн хуваарь их чухал нөлөөтэй. Өглөө эрт ордог хичээлийг хөвгүүд их тасалдаг. Манай сургуулийн хувьд өглөөдөө утас хурааж авдаг ч хоёр утастай ирээд хэрэглэдэггүйгээ хураалгах өөр төхөөрөмжүүд авчрах тохиолдол их. Утасны хэрэглээ, өөр бусад цахим төхөөрөмжийн хэрэглээнд бол тохирсон хяналт тавьж чадахгүй л байгаа. Эцэг эхийн оролцоо ер нь жилд 1-2 удаа ирж багштай уулзах төдийхнөөр хязгаарлагдаж байна. Зарим тохиолдолд бүр ирдэггүй. Хөвгүүдээс академик хүлээлт бага байгаа нь ажиглагддаг. Анги дээшлэх тусам эцэг эхчүүдийн оролцоо хараа хяналт суларч, хичээл таслалтыг хайхрахаа больчихдог."
“Хөвгүүд ихэвчлэн хөдөлгөөнт, туршилт, багаар ажиллах, өрсөлдөөнт хэлбэрийн үйл ажиллагаатай хичээлд илүү идэвхтэй оролцдог.”
- Улсын сургуулийн багш Т.Чинзориг
"Хөвгүүд биеийн тамирын хөдөлгөөн шаарддаг хичээлд илүү идэвх оролцоотой. Хичээл дээр асуултад хариулах, санал бодлоо илэрхийлэх тал дээр хөвгүүд идэвхтэй байх нь элбэг боловч бичгийн ажил, бие даалт хийхдээ охидтой харьцуулахад сул байдаг. Тэд ихэвчлэн хөдөлгөөнт, туршилт, багаар ажиллах, өрсөлдөөнт хэлбэрийн үйл ажиллагаатай хичээлд илүү дуртай оролцдог. Гэр бүлийн хараа хяналт муутай суралцагчид илүү хичээл тасалдаг, хичээлийн хоцрогдолтой байх хандлагатай. Эцэг эхийн оролцоо сайтай хүүхдүүд ядаж л хичээлээ тасалдаггүй. Сургууль болон багш нарын зүгээс сургалтын орчинд утас ашиглахыг хориглодог ч суралцагчид бусад орчинд хязгааргүй ашиглаж байна. Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхэд гэр бүлийн хяналт, эцэг эхийн оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг."
“Цахим тоглоом, фэйсбүүк хэрэглээ маш их байна. Дотуур байранд байрны багш байдаг ч эцэг эхийн оролцоо хараа хяналтыг орлож чадахгүй”
- Орон нутгийн сургуулийн багш Б.Батзаяа
“Хөвгүүд сонирхол татсан хичээлд илүү идэвхтэй оролцдог бас байгалийн ухааны хичээлд илүү чадвартай байдаг. Нийгмийн ухаан, монгол хэлний хичээлд оролцоо сул талтай ажиглагддаг. Ерөнхийдөө хөвгүүд хайнга, хэнэггүй тул сурлагын ахиц ялгаатай байдаг. 9 дүгээр анги буюу дунд сургуулиа дүүргээд мал дээр гарах хүүхдүүдийн ихэнх хувь нь хөвгүүд байдаг. Нэлээн хэдэн жилийн өмнөх дунд сургуульд орж ирж байгаа хүүхдүүдтэй харьцуулахад, КОВИД-оос хойш орж ирж байгаа хүүхдүүд эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд л их суларчихсан санагддаг. Цахим тоглоом, фэйсбүүк хэрэглээ маш их байна. Эцэг эх багш нар шаардлага тавьдаг боловч хангалттай сайн болохгүй л байна. Мөн маш олон хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол, дотуур байранд байрлан суралцдаг. Дотуур байранд байрны багш байдаг ч эцэг эхийн оролцоо хараа хяналтыг орлож чадахгүй. Сургуулийн зүгээс сургалтаар дамжуулан системтэй ажил зохиовол утасны хэрэглээн дээр үр дүн сайжрах байх гэж бодож байна.”
Судалгаа ч бодит байдал ч бидэнд хөвгүүд маань орхигдоод байгааг хэлж буй. Хэрвээ бид үүнийг шийдэх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, уламжлалт хэвшмэл ойлголтуудыг халж, гэр бүлийн хэмжээнд охид хөвгүүддээ тэгш хандаж сурахгүй бол ирээдүйд нийгмийн тэгш бус байдал гүнзгийрч, нийгэмд тогтворгүй байдал үүсэх эрсдэл бий. Манай сурвалжилгын гол онцлог бол нийгэмд асуудлыг хөндөөд орхих бус, шийдлийг ч мөн эрэлхийлэхэд оршдог билээ.
Ямар шийдэл байж болох вэ?

"Боловсролоос хөндийрч буй хөвгүүд" судалгааны тайлан тодорхой хэдэн чиглэлээр зөвлөмж гаргаснаас бид практик ач холбогдолтой бөгөөд эцэг эх, сургуулиуд хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг түүвэрлэн, хэд хэдэн жишээгээр баяжуулан хүргэж байна.
- Утас болон цахим хэрэглээг хязгаарлах, хянах нэгдсэн зөвлөмж гаргах.
Сургууль бүрийн утас, цахим хэрэглээний талаарх дотоод журам, авч хэрэгжүүлж буй бодлого өөр тул улсын хэмжээнд нэгдсэн байдлаар мөрдөх журам, зөвлөмж шаардлагатай байна. Тухайлбал, Франц, Унгар, Нидерланд зэрэг улсууд сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хуульчлан хориглосноор сэтгэцийн эрүүл мэнд болон сурлагын амжилтад тодорхой эерэг нөлөө үзүүлсэн байна. Нидерландад саяхан хийгдсэн судалгаагаар тус улсын боловсролын мэргэжилтнүүд хичээлийн цагаар гар утас хориглосон нь дунд сургуулийн сурагчдын анхаарал төвлөрөлд 75 хувь, сургалтын орчинд 59 хувь сайжруулалт авчирсан гэжээ.
- Эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх
Боловсролын хоцрогдлыг арилгах хамгийн энгийн алхам бол эцэг эхчүүд дунд болон ахлах ангийн хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, оролцох, мөн тэдэнтэй ярилцдаг байх явдал юм. Үүнээс гадна сургуулийн зүгээс эцэг эхчүүдийг идэвхжүүлэх, хүүхдийн сурлага, сургуулийн амьдралд оролцох тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
Тухайлбал, Флоридагийн Норт Порт ахлах сургууль “Их сургуульд бэлтгэх” оройн уулзалтыг тогтмол зохион байгуулдаг аж. Энэхүү чөлөөт уулзалт нь сургууль, эцэг эх, асран хамгаалагч болон сурагчдыг нэгтгэсэн гурван талт арга хэмжээ бөгөөд тэд сонирхол, хэрэгцээнд тулгуурлан элсэлтийн хөтөлбөр, тэтгэлэг, их сургуульд элсэх үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. Манай улсын хувьд ч үүнийг ахлах сургуулийн хэрэгцээнд нийцүүлэн багш, эцэг эх, сурагчийн “зорилго тодорхойлох уулзалт” болгон хэрэгжүүлж болох юм.
Мөн өөр нэг сонирхолтой жишээ гэвэл, Швед улсад хэрэгжсэн “las for mig, pappa” буюу “Аав аа надад уншаад өг!” хөтөлбөр нь 9-14 насны хүүхдүүдийн унших чадварыг дэмжих зорилготой аавуудад зориулсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн зохиолч, сургагч багш нар аавуудад хандан хүүхдэдээ хэрхэн ном унших дадал суулгах, унших чадварыг нь системтэйгээр хэрхэн ахиулах зөвлөгөө өгч, тохирох номын жагсаалт санал болгодог байна. Үр дүнд нь аавууд хүүхдэдээ тохирсон номыг хамтран уншиж, ном унших дадлыг биеэрээ үлгэрлэдэг байна. Харин бид үүнийг заавал аав нарт хамаатуулалгүйгээр эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн унших чадварыг ахиулах үйл явцад идэвхтэй татан оролцуулах хэлбэрээр хэрэгжүүлж болох юм.
- Хөвгүүдийн сонирхлыг татах хичээлийн агуулгыг сургалтын хөтөлбөрт оруулах
Хамгийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай алхам бол сургуулийн хичээлийн хөтөлбөрийг хөвгүүдийн суралцах онцлогт тохируулах явдал юм. Ялангуяа байгалийн ухааны хичээлүүдийн хүрээнд сонирхолтой туршилт, танилцах аялал, мэтгэлцээн зэрэг практикт суурилсан, хүүхдийн сонирхол татахуйц аргуудыг хичээлийн хөтөлбөрт тусгаснаар хүүхдүүдийн хичээлийн идэвх сэргэх боломжтой юм.
Арын эгнээнд суугаа хөвгүүдийг анзаарах цаг болсон
Ангийн арын эгнээнд суугаа хөвгүүдийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчээр зогсохгүй төрөөс бодлогоор анхаарах шаардлага нэгэнт бий болжээ. Хөвгүүдийн боловсролын хоцрогдол гэдэг нийгэм дэх жендерийн хэвшмэл ойлголт, эцэг эхийн үл хайхрал, уламжлалт соёлын нөлөө, нийгэм эдийн засгийн ялгаа гэх мэт маш олон хүчин зүйлүүдийн нийлбэр юм. Боловсролтой хөвгүүд ирээдүйд хариуцлагатай аав, ажил орлоготой нийгэмд хувь нэмэр оруулах бие хүн болно. Хариуцлагатай аав дараагийн үеийн хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулна гэх мэтээр энэхүү гинжин хэлхээг таслахгүй авч явах нь ирээдүй хойч үеийнхээ төлөөх хамгийн чухал алхам юм.
Сэтгэгдэл