УБ 11°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Policy Point 0%
Сургуулийн хоолонд зарцуулсан 1 ам.доллар тутамд 3-9 ам.долларын нийгэм, эдийн засгийн өгөөж бий болдог
Policy Point
Нүүр хуудас / Policy Point / Сургуулийн хоолонд зарцуулсан 1 ам.доллар тутамд 3-9 ам.долларын нийгэм, эдийн засгийн өгөөж бий болдог

Сургуулийн хоолонд зарцуулсан 1 ам.доллар тутамд 3-9 ам.долларын нийгэм, эдийн засгийн өгөөж бий болдог

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.09.22 · 5 унших

Өглөөний 08:00 цаг. Улаанбаатарын нэгэн улсын сургуулийн хонх дуугарч, хүүхдүүд анги руугаа гүйлдэн орно. Зарим нь гэртээ өглөөний цай уугаад ирсэн бол зарим нь үүрсэн цүнх, үүрэглэх нойрондоо дарагдаад хоосон ходоодтой сууж байна. Маш олон хүүхдийн хувьд тэр өдрийн хамгийн их хүлээдэг зүйл нь сургуулийн үдийн хоол байдаг аж. Энэ дүр зураг зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй. Дэлхийн олон оронд сая сая хүүхдийн хувьд сургуулийн хоол бол тухайн өдөр авах хамгийн шим тэжээлтэй, заримдаа цорын ганц бүтэн хоол байдаг байна. Тиймээс улс орнууд сургуулийн хоол бол боловсролын тогтолцооны салшгүй хэсэг, хүүхдийн хөгжлийн бодлого гэж үзэх болсон юм. 

Өнөөдөр сургуулийн хоолны хөтөлбөр дэлхийн хамгийн өргөн хүрээтэй нийгмийн хамгааллын бодлого болжээ. Монголд ч мөн адил “Үдийн цай” нэртэй эхэлсэн хөтөлбөр өнөөдөр “Үдийн хоол” болон өргөжиж, бага ангийн бүх сурагчийг хамарсан үндэсний хэмжээний нийгмийн хамгааллын бодлого болсон байна. Иймд бид энэ удаагийн Policy Point булангаараа үдийн хоол хөтөлбөрийн түүх, үр шим болоод өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын талаар сурвалжлахыг зорьсон юм.

Нэг аяга шөл боловсролын бодлогыг өөрчилсөн нь

Сургуулийн хоолны хөтөлбөрийн түүх XIX зууны Европын үйлдвэржилтийн үеэс эхлэлтэй аж. Үйлдвэржилт эрчимжиж, хотуудад ажилчин ангийн гэр бүл олширч, олон хүүхэд өлөн ходоодтой сургуульдаа суудаг болсон нь сургалтын чанарт шууд нөлөөлж байв. Анхны сургуулийн хоолыг төрийн бус байгууллага, сүм хийд, буяны байгууллагууд зохион байгуулдаг байжээ. Тэд хүүхдүүдэд халуун шөл, талх өгдөг байсан нь төд удалгүй төрийн бодлого болон хувирах эхлэлийг тавьсан юм. Улмаар 1906 онд Их Британи Education (Provision of Meals) Act хуулийг баталж, орон нутгийн захиргаанд сурагчдад үнэгүй хоол олгох эрх олгов. Швед, Финланд зэрэг улсууд XX зууны дунд үе гэхэд бүх сурагчдаа үнэгүй халуун хоолоор хангадаг болсон нь дэлхийн анхны бүх нийтийн сургуулийн хоолны тогтолцооны нэг байлаа. Чухам энэ л үеэс дэлхий нийт сургуулийн хоол бол халамж биш, боловсролын хөрөнгө оруулалт болохыг ойлгож эхэлжээ.

Үдийн цайнаас эхэлсэн үдийн хоол 

Монголд анх “Үдийн цай” хөтөлбөрийг УИХ-ын 2006 онд гаргасан 66 дугаар тогтоол, Засгийн газар мөн онд 194 дүгээр тогтоол гаргасны дагуу 2006 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн улсын болон хувийн дунд сургуулийн нэг, хоёрдугаар ангид суралцаж байсан 110 мянган хүүхдийн дунд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдөрт 300 төгрөгийн өртөгтэй үдийн цай уулгаж байв. Үдийн цайнд тараг, сүү, жигнэмэг зэрэг Монголд үйлдвэрлэсэн өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг өгч эхэлсэн бөгөөд 2008 онд улсын хэмжээнд 1-5 дугаар ангийн 196 мянган хүүхдэд 16.5 тэрбум төгрөг зарцуулжээ.Тухайн үеийн зорилго нь бага ангийн сурагчдын шим тэжээлийг сайжруулах, сургуульд тогтмол хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн өлсгөлөнг бууруулах байв.

Хөтөлбөрийн эхний жилүүдэд сурагчдад:

  • сүү,
  • тараг,
  • жүүс,
  • талх,
  • боов,
  • жимс, зэрэг нэмэлт хүнс өгдөг байсан.

Улмаар "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн хоол болгож өргөжүүлсэн байна. 

Frame 2085666680.jpg
Эх сурвалж:Монгол Улсын Засгийн Газар 

Энэ өөрчлөлтийн гол зорилго нь хүүхдийг халуун хоолоор хангах, шим тэжээлийн стандартыг мөрдүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоог шинэчлэх байлаа. Боловсролын яамны баталсан стандартаар бага ангийн сурагчийн үдийн хоол нь хоногийн илчлэгийн 35 хувь буюу ойролцоогоор 610 ккал, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисын тодорхой хэмжээг хангах ёстой. Энэ нь хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн гуравны нэгийг сургууль дээр хангах зорилготой гэсэн үг юм.

2024-2025 оны хичээлийн жилд 371,480 бага ангийн сурагч Үдийн хоолны үйлчилгээнд хамрагдсан талаар Боловсролын яам мэдээлсэн юм. Дунд, ахлах ангийн сурагчдыг үе шаттайгаар хамруулах төлөвлөгөө хэвээр байгаа ч хэрэгжилт нь төсөв, бэлтгэлээс хамааран хойшлогдсон аж.

Хэн хамрагддаг вэ?

  • Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид.
  • Дотуур байртай сургуулийн сурагчид тусдаа хоолны үйлчилгээ авдаг.

Frame 2085666681.jpg

“Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд хүнсийг ялгах хэрэглээ буюу зөвхөн дуртай хүнсээ хэрэглэх хандлага ихсэж байна”

Үдийн хоол халуун болсон ч шинэ сорилтууд гарч ирсээр байна. Нэгдүгээрт, хот, хөдөөгийн хүнсний нийлүүлэлт ялгаатай байдаг аж. Зарим алслагдсан суманд шинэ хүнсний ногоо тогтмол нийлүүлэх хүндрэлтэй байдаг байна. Хоёрдугаарт, бүх сургуульд мэргэжлийн хоол зүйч ажилладаггүй нь бас нэгэн сорилт болжээ. Гуравдугаарт, хүүхэд бүр өгсөн хоолыг амтархан иддэггүй аж. Үүнд амт, цэсийн төрөл, хүүхдийн хооллох дадал бүгд нөлөөлдөг байна. Тиймээс Боловсролын яам хэрэгжилтийн дараагийн шатанд хүүхдийн хооллолтын зан төлөв, эцэг эхийн оролцоо, тусгай хэрэгцээтэй хүүхдийн хооллолт зэргийг үнэлэх судалгаа хийхээр төлөвлөжээ.

Иймд бид ШУТИС, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн Дэд профессор Ц.Зууннастаас “Үдийн хоол” хөтөлбөрийн талаар тодруулга авсан юм. 

Frame 2085666691.jpg

- Үдийн хоол хүүхдийн өсөлт, хөгжлийн хувьд яагаад чухал вэ?

- Сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийг ээлтэй орчинд тэгш хүртээмжтэй хоол хүнсээр хангаж, эрүүл, оюунлаг монгол хүнийг бий болгоход чиглэдэг. Хүүхэд өдөр тутмын хэрэгцээт шимт бодисын 33 хувийг сургуулийн хоолноос авснаар өсөлт хөгжил хэвийн байх, зөв хооллох зуршил дадал бий болох, бие биеэсээ суралцах, олон нэр төрлийн хүнс хэрэглэж сурах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт хооллох соёлыг өвлүүлэн үлдээх гэх мэт ач холбогдолтой.

- Үдийн хоолны цэсийг ямар шалгуур, стандартаар боловсруулдаг вэ?

- Дэлхий дахин сургуулийн хоолны цэсийг боловсруулахдаа олон аргыг ашигладаг бөгөөд түгээмэл хэрэглэдэг хоёр арга бий. Үүнд:

-       Хүүхдийн хоногт шаардлагатай шимт бодисын хэрэгцээнд нийцүүлэх

-       Хүнсний бүлэгт тохируулан төлөвлөх

Манай улсад Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар  норматив батлагдан мөрддөг. Бид практикт цэс боловсруулахдаа дээрх хоёр аргыг хослуулан ашигладаг. Жишээ нь, хоолны цэсэд хүнсний бүлгийг өнгөөр тэмдэглэх замаар хэдэн бүлэг хүнс орсныг шууд үнэлж байна.

- Монгол хүүхдүүдийн хоол тэжээлийн хамгийн түгээмэл асуудлууд юу байдаг вэ? 

- Сүүлийн жилүүдэд хүүхдийн дунд хүнсийг ялгах хэрэглээ буюу зөвхөн дуртай хүнсээ хэрэглэх хандлага ихсэж байна. Мэргэжлийн хүний нүдээр харвал нэг төрлийн хүнсийг удаан хугацаанд хэрэглэснээр хүүхэд хоол хүнсний дутагдалд орох улмаар шим тэжээлийн далд өлсгөлөнд өртөх магадлал өндөр байдаг. Үүнийг дагаад таргалалт, шим тэжээлийн дутагдал ихсэх хандлага ажиглагдаж байна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр зах зээлд зарагдаж буй хүнсний нэр төрөл огцом нэмэгдсэнээс хүнсний харшил хэмээх чимээгүй тахал мөн нэмэгдсээр байна. Үүнийг эцэг эхчүүд мэргэжлийн эмчээр оношилгоо хийлгүүлэх зайлшгүй шаардлага өдөр тутам тулгарч байгаа.

Дэлхий нийт яагаад сургуулийн хоолыг хөгжлийн бодлого гэж үзэх болсон бэ?

Дэлхийн 174 орны мэдээлэлд үндэслэн гаргасан Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) хамгийн сүүлийн тайланд дурдсанаар 2024 онд 466 сая хүүхэд сургуулиараа дамжуулан үдийн хоол хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ нь КОВИД-ийн дараах дөрвөн жилийн дотор бараг 80 сая хүүхдээр өссөн үзүүлэлт юм. Дээрх тайланд дурдсанаар КОВИД-ийн үеэр сургуулиуд хаагдахад олон сая хүүхэд өдөрт авдаг цорын ганц шим тэжээлтэй хоолоо алдаж байв. Энэ нь сургуулийн хоол олон өрхийн хүнсний аюулгүй байдлын нэг хэсэг байсныг дэлхий нийтэд ойлгуулсан юм. 

Сургуулийн хоол яагаад өндөр өгөөжтэй бодлогод тооцогддог вэ?

Frame 2085666682.jpg

1. Хүүхдийг сургуульд тогтмол ирүүлдэг

Ядуу өрхийн хүүхдийн хувьд сургуулийн хоол нь сургуульд ирэх шалтгаан болдог аж. Судалгааны үр дүнгээр сургуулийн хоол нь ирцийг нэмэгдүүлдэг, сургууль завсардалтыг бууруулдаг, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдийн хичээлд хамрагдалтыг сайжруулдаг байна.

2. Хүүхэд илүү сайн сурдаг

Өлөн үед тархины ажиллах чадвар мэдэгдэхүйц буурдаг аж. Харин хоол хүнснээс тогтмол шим тэжээлээ авдаг хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт, танин мэдэхүй, хичээлийн идэвх илүү сайн байдаг талаар олон улсын судалгааны нэгтгэлүүдэд дурджээ.

3. Эрүүл мэндийг хамгаалдаг

Сургуулийн хоол нь төмрийн дутагдал, цус багадалт, бичил шим тэжээлийн дутагдлыг бууруулахад тусалдаг бөгөөд эрүүл хооллолтын дадлыг бага наснаас нь төлөвшүүлдэг аж.

4. Орон нутгийн эдийн засгийг дэмждэг

Сүүлийн жилүүдэд “Home-Grown School Feeding” буюу орон нутгийн үйлдвэрлэлд суурилсан сургуулийн хоол дэлхийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болж байна. Энэ тогтолцоо нь  сургууль хүнсний ногоо, өндөг, сүү, мах зэрэг бүтээгдэхүүнийг орон нутгийн фермерүүдээс худалдан авдаг аж. Ингэснээр сургуулийн хоол нь фермерүүдийн тогтвортой зах зээлийн бас нэгэн суваг болдог байна.

5. Эдийн засгийн өндөр өгөөжтэй

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн шинэ үнэлгээгээр сургуулийн хоолонд зарцуулсан 1 ам.доллар тутамд 3-9 ам.долларын нийгэм, эдийн засгийн өгөөж бий болдог байна. Үүнд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүнсний системийн ашиг тус хамрагддаг аж. Мөн 100 мянган хүүхэд тутамд ойролцоогоор 1,500 ажлын байр бий болгодог гэж тооцоолжээ. Иймд сургуулийн хоол хөтөлбөр нь боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллыг нэг дор холбодог томоохон төрийн бодлого гэж хэлж болно.

Сүүлийн үеийн бодлогын чиг хандлага 

Frame 2085666683.jpg

Сүүлийн үед дэлхийн олон орнууд орон нутгийн фермерүүдээс хүнс худалдан авах, улирлын хүнсний цэс боловсруулах, хүнсний хаягдлыг бууруулах, эрүүл хооллолтын боловсролыг сургалттай холбох зэрэг чиглэлүүдийг бодлогодоо тусгаж байна. Монголын хувьд ч ийм боломж бий. Аймаг, сумын сургуулиуд хүнсний ногоо, сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг тухайн орон нутгийн үйлдвэрлэгчдээс авах тогтолцоо хөгжвөл үдийн хоол зөвхөн хүүхдийн биш, хөдөө аж ахуй, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодлого болж өргөжих боломжтой юм.

Япон: Сургуулийн хоол хөтөлбөрийг хичээлтэй уялдуулах нь

Үдийн хоолны цаг болоход ангийн хүүхдүүд ээлжээр цагаан хормогч, малгай, амны хаалт өмсөөд тэр өдрийн “хоол түгээх баг” болдог байна. Том савтай шөл, будаа, сүү, хачрыг ангидаа авчирч, найзууддаа болон өөрсдөө порцлон тараадаг аж. Японд өдрийн хоол идэх үйл явц нь өөрөө сургалт юм. Хүүхэд хоолоо авахдаа дараалал баримталж сурна, бусдад үйлчлэхийг сурна, хоолоо дуусгаад аяга тавгаа ангилж, ширээгээ цэвэрлэж сурдаг аж. Өөрөөр хэлбэл, үдийн хоол нь хамтын амьдрал, хариуцлага, бие даах чадварыг өдөр бүр давтаж сургадаг хичээл болдог байна.

2005 онд Япон Shokuiku буюу “Хүнсний боловсролын тухай хууль”-ийг баталжээ. Үүнээс хойш сургуулийн хоолыг эрүүл хооллолтын боловсролтой албан ёсоор холбосон юм. Хүүхдүүд зөвхөн хоол хүнсээр хангагдаад зогсохгүй тухайн хүнс нь ямар нутгаас ирсэн, ямар улиралд ургасан, ямар шим тэжээл агуулдаг, хүнсний хаягдлыг яагаад багасгах ёстой талаар хичээлээрээ сурдаг байна. Зарим сургуульд тэр өдрийн цэсэд орсон хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, тариалсан мужийг хүртэл танилцуулдаг аж.

Бразил: Сургуулийн хоол орон нутгийн эдийн засгийг дэмжих нь

1955 онд эхэлсэн Бразилын Үндэсний сургуулийн хоолны хөтөлбөр өнөөдөр дэлхийн хамгийн том, хамгийн тогтвортой тогтолцооны нэг болсон байна. Тус улсын хуульд сургуулийн хоолны төсвийн дор хаяж 30 хувийг жижиг хэмжээний гэр бүлийн фермерүүдээс хүнс худалдан авах ёстой гэж заасан байдаг аж. Ингэснээр сургууль хүүхдийг хооллохоос гадна орон нутгийн эдийн засгийг дэмжих худалдан авагч болдог байна. Бразилын энэ загвар “Farm-to-School” буюу “Фермээс сургуулийн ширээ хүртэл” гэсэн үзэл баримтлалын хамгийн амжилттай жишээ гэж тооцогддог аж. Сургуулийн хоол нь ядуурлыг бууруулах, фермерийн орлогыг тогтворжуулах, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах гурван зорилгыг нэгэн зэрэг биелүүлэх хэрэгсэл болжээ.

“Үдийн хоолны цагийг хүүхдүүдэд шим тэжээлийн боловсрол олгох, хүнсний хаягдал, эрүүл сонголтод сургах цаг болгон ашиглаж болох юм”

Ийнхүү олон улсад хүүхдийн хоолны бодлого улам сайжирч байгаа аж. Харин Монголын үдийн хоолны бодлогыг дараагийн шатанд хөгжүүлэх боломжийн талаар Ц.Зууннаст багшаас тодруулахад тэрбээр, “Сургуулийн орчинд шим тэжээлийн боловсрол олгох ажлыг өргөн хүрээнд хийх шаардлагатай санагддаг. Үүнд сургуулийн хоолны цагаар телевиз, сурталчилгааны самбар зэргийг ашиглан мэдээлэл түгээх, эрүүл мэнд хичээлийн зарим хэсгийг хоол зүйч заах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Бид шим тэжээлийн боловсролоор дамжуулан ганцхан хоол тэжээлийн асуудлыг ярьдаггүй. Иймд хоол хүнс хаанаас бий болж, бидний гар дээр ирэх хүртэлх бүх үе шатыг таниулах, уламжлалт хүнс боловсруулах арга технологи, хэрхэн зөв зохистой хооллох соёл, хүнсний хог хаягдлыг бууруулах замаар тогтвортой хөгжлийн бодлогыг хангах гэх мэт олон талын цогц мэдээллийг олгох хэрэгтэй байна. Үдийн хоолны цагийг хүүхдүүдэд шим тэжээлийн боловсрол олгох, хүнсний хаягдал, эрүүл сонголтод сургах цаг болгон ашиглаж болох юм.

Хүүхэд бүрийг сургуулийн хоолны хөтөлбөрт тэгш хүртээмжтэй хамруулах чиглэлд бодлогын түвшинд зөв шийдэл гаргаасай гэж хүсдэг. Өнөөгийн байдлаар төрийн өмчийн сургуулийн зөвхөн бага ангийн сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг бөгөөд дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах зайлшгүй хэрэгцээ байгаа. Жишээ нь, дунд ангид ороход хүүхдийн бие мах бодод бэлгийн хоёрдогч хөгжил эрчимтэй явагдсанаар өндөр болох, биеийн галбир, дуу хоолой өөрчлөгдөх гэх мэт олон өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт эрчимтэй зөв явагдахад хоол хүнсний зохистой хэрэглээ маш чухал юм. Жишээ нь охидын сарын тэмдэг ирж эхлэхэд дагаад төмрийн хэрэгцээ нэмэгдэх, хөвгүүдийн өсөлт хурдсахад цайрын хэрэгцээ нэмэгддэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Үдийн хоол бол хөгжлийн бодлого

Дэлхийн улс орнуудын туршлага нэг ижил дүгнэлтэд хүрч байна. Сургуулийн хоолны хөтөлбөр бол боловсролын салбарын доторх хамгийн өндөр өгөөжтэй төрийн хөрөнгө оруулалтын нэг юм. Энэ нь хүүхдийг өлсгөхгүй байлгахаас гадна сургуульд тогтоож, эрүүл өсөлтийг дэмжиж, өрхийн ачааллыг бууруулж, орон нутгийн фермерүүдэд тогтвортой зах зээл бий болгодог ач холбогдолтой. Монгол Улсын хувьд 2006 оны Үдийн цай хөтөлбөрөөс 2020 оноос хэрэгжиж буй Үдийн хоол руу шилжсэн нь хүүхдийн шим тэжээл, боловсролын хүртээмж, нийгмийн хамгааллыг нэг бодлогод нэгтгэсэн томоохон өөрчлөлт юм. Гэхдээ дараагийн шат нь хамрах хүрээг өргөжүүлэх, чанарыг сайжруулах асуудал болж байна. Гал тогооны дэд бүтэц, хүнсний чанар, орон нутгийн нийлүүлэлт, ил тод хяналт, эрүүл хооллолтын боловсрол зэрэг нь үдийн хоолны бодлого үнэхээр хөгжлийн бодлого болж чадах эсэхийг шийдэх дараагийн алхмууд юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.