УБ -3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Policy Point 0%
Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд улс орнууд ямар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
Policy Point
Нүүр хуудас / Policy Point / Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд улс орнууд ямар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?

Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд улс орнууд ямар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.10.16 · 5 унших

Дэлхийн төрөлтийн нийлбэр коэффициент 2026 оны байдлаар дунджаар 2.2 байна. Энэ нь нөхөн үржихүйн насны (15-49 нас) нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлж буй хүүхдийн дундаж тоо юм. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрөлтийн түвшин эрчимтэй буурч байгаа бөгөөд хүн ам зүйчдийн тооцоолсноор хүн амын тоог тогтвортой хадгалахад шаардлагатай нөхөн үржихүйн доод түвшин болох 2.1-2.2-оос анх удаа доош орох эрсдэл тулгараад байна. Гэвч гэр бүлийн түвшинд өнөөгийн нийгэмд хүүхэдтэй болох нь улам л хэцүү болсоор байна. 

Хүүхэдтэй болохоор шийдлээ гэж бодъё. Эхлээд жирэмсний хяналт, төрөх эмнэлэг, дараа нь живх, сүү, хувцас, хүүхэд харах хүн, цэцэрлэг гээд хийх ажил, гарах зардал ар араасаа хөвөрч эхэлдэг. Эцэг эх нь ажилдаа эргэн орох үед хүүхдээ хэн нь харах вэ гэдэг бас нэгэн том асуудал. Хүүхэд өсгөх зардал зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй, цаг хугацаа, ажлын боломж, эхийн эрүүл мэндээр ч хэмжигддэг зүйл аж. Хүүхэдтэй болох шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйлс улс орон бүрд өөр. Гэхдээ гэр бүлүүдийн өмнө тулгардаг бэрхшээлд нийтлэг зүйл бий. Тэгвэл улс орнууд залуу гэр бүлүүдээ хэрхэн дэмждэг вэ? Энэ удаагийн Policy Point булангаар улс орнууд иргэдээ хүүхэдтэй болохыг нь хэрхэн бодлогоор дэмждэг тухай хөндлөө.

Өмнөд Солонгос мөнгөн дэмжлэгээ нэмэгдүүлсэн ч асуудал хэвээр

OECD-ийн мэдээллээр, 1960 онд Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд амьдралынхаа туршид дунджаар зургаан хүүхэд төрүүлдэг байсан бол энэ үзүүлэлт 2018 онд нэгээс доош болж буурчээ. Улмаар жил ирэх тусам буурсаар 2023 онд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 0.72 болж буурсан нь тухайн үеийн дэлхийн хамгийн бага үзүүлэлт байв. Үүний хариуд тус улс хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлж, хүүхэд асрах үйлчилгээ болон эцэг эхийн чөлөөний тогтолцоогоо өргөжүүлжээ. Тухайлбал, 2024 оны байдлаар нэг хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд сар бүр нэг сая вон, нэгээс хоёр хүртэлх насны хүүхдэд сар бүр 500 мянган воны эцэг эхийн тэтгэмж олгож байв. Мөн анхны хүүхэд төрүүлэхэд хоёр сая вон, хоёр дахь болон түүнээс хойших хүүхдэд гурван сая воны нэг удаагийн дэмжлэг үзүүлдэг байжээ. Гэвч мөнгөн дэмжлэгийг нэмэгдүүлэх нь төрөлтийн бууралтыг дангаараа шийдэж чадаагүй аж. Иймд OECD үүнийг зөвхөн санхүүгийн асуудал гэж үзэх боломжгүйг онцолжээ. Орон сууц болон хүүхдийн боловсролын өндөр зардал, урт ажлын цаг, эмэгтэйчүүдийн карьерын тасалдал, гэр бүлийн асаргааны тэгш бус хуваарилалт зэрэг нь хүүхэдтэй болох шийдвэрт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд төрүүлэхэд мөнгөн тусламж үзүүлдэг ч хүүхэд өсгөхийн тулд ажлаасаа холдох, орлогоо алдах, карьерын боломжоо хойш тавих шаардлагатай хэвээр байвал санхүүгийн дэмжлэгийн үр нөлөө хязгаарлагдаж буй аж.

Шведэд хүүхэдтэй болсон аав ээж хоёулаа чөлөө авч болно

Frame 2085666901.jpg

Шведэд нэг хүүхдэд зориулан эцэг эх нийт 480 хоногийн тэтгэмжтэй чөлөө авах боломжтой. Үүнээс 390 хоногийн тэтгэмжийг орлоготой уялдуулан тооцдог бол үлдсэн 90 хоногт өдөрт 180 швед крон олгодог байна. Мөн эцэг эх тус бүрийн 90 хоногийг нөгөө хүндээ шилжүүлэх боломжгүйгээр хадгалдаг аж. Ингэснээр аав ээж хоёулаа хүүхдээ асрах чөлөө авах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Үүгээр хүүхэд асрах нь зөвхөн ээжийн ажил биш, аавын ч бас оролцох үүрэг болохыг бодлогоор дэмждэг аж. Мэдээж цаасан дээрх боломж бодит амьдрал дээр бүрэн хэрэгжих эсэх нь эцэг эхийн орлого, ажлын байрны нөхцөлөөс хамаарна. Төрөөс хүүхэдтэй гэр бүлийг дэмжих гэдэг нь заавал мөнгө нэмж өгөхийг хэлдэггүй аж. Заримдаа эцэг эхэд хүүхэдтэйгээ хамт байх цаг хугацаа өгөх нь хамгийн чухал байдаг байна.

Францад хүүхэд асрах зардлыг гэр бүлтэй хуваалцдаг

Эцэг эхийн нэг нь ажилдаа эргэн орох гэтэл хүүхдээ харах хүн олдохгүй бол яах вэ? Хүүхэд асрагч хөлслөх эсвэл гэрээр асруулах үйлчилгээ авах нь олон өрхийн хувьд зардалтай сонголт байдаг. Тэгвэл Францад хүүхэд асрах үйлчилгээний төлбөрийг бууруулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг бий. Тухайлбал, CMG хөтөлбөр нь хүүхэд асрагч хөлслөх, эсвэл гэртээ хүүхэд асруулах үйлчилгээний тодорхой зардлыг нөхөхөд тусалдаг байна. 2025 оны есдүгээр сараас хэрэгжсэн шинэчлэлээр уг дэмжлэгийн тооцооллыг гэр бүлийн сарын орлого, асрамжид байгаа хүүхдийн тоо, хүүхэд асруулах үйлчилгээний нэг цагийн үнэ, сарын нийт цагтай уялдуулан тооцохоор зохицуулжээ. Ингэснээр гэр бүл бүрийн бодит нөхцөлийг харгалзан дэмжлэгийн хэмжээг тооцох боломж нэмэгдсэн аж. Мөн өрх толгойлсон эцэг, эхийн дэмжлэг авах хугацааг хүүхэд 12 нас хүрэх хүртэл сунгах зохицуулалт орсон байна. Хэрэв эцэг эх хүүхдээ асруулах үйлчилгээний төлбөрийг дийлэхгүйгээс ажилдаа эргэн орж чадахгүй бол энэ нь зөвхөн гэр бүлийн асуудал болоод үлддэггүй аж. Ажиллах хүчний оролцоо, өрхийн орлого, цаашлаад хүүхдийн хөгжлийн боломжид ч нөлөөлдөг байна. Иймд хүүхэдтэй бүх гэр бүлд хүүхдээ асруулахад хэдий хэмжээний зардал гаргаж байгааг нь харгалзсан бодлого хэрэгтэй байж болно.

Монголд хүүхдийн мөнгөнөөс цааш юу хэрэгтэй вэ?

Тэгвэл Монгол Улсад залуу гэр бүлийг хүүхэдтэй болоход төрөөс хэрхэн дэмждэг вэ?

Хүүхдийн мөнгөн тэтгэмж нь хүүхэдтэй өрхүүдэд чиглэсэн гол дэмжлэгийн нэг юм. Уг хөтөлбөр 2005 онд эхэлсэн бөгөөд цар тахлын үеэр хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн нь өрхийн ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлснийг олон улсын байгууллагуудын судалгаанд тэмдэглэжээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардалд Монгол Улс ДНБ-ийнхээ 0.7%-г зарцуулж ирсэн байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 2005-2007 оны хагас жил хүртэл сар бүр 3,000 төгрөг, 2007 оны долоодугаар сараас 2012 оны есдүгээр сар хүртэл улиралд 25,000 төгрөг, 2012 оны аравдугаар сараас 2019 оныг дуустал сар бүр 20,000 төгрөг, 2020 оноос сар бүр 100,000 төгрөгийг зарцуулж байна. Гэвч Монголд төрөлтийн тоо буурч буйг анхаарах шаардлагатай аж. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2025 онд Монгол Улсын хэмжээнд 56,695 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3,500-аар буюу 5.8 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Төрөлтийн түвшинд хүн амын насны бүтэц, гэрлэлт, эдийн засгийн нөхцөл, орон сууцны боломж, хүүхэд өсгөх талаарх хүлээлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Бусад орны туршлагаас харахад гэр бүлд чиглэсэн бодлогоо зөвхөн хүүхэд төрсний дараах тусламжаар хязгаарлахгүй байх боломж бий. 

fiin.jpg

OECD-ийн дүгнэлтээр төрөлтийг дэмжихэд ажлын байрны тогтвортой байдал, орон сууцны өртөг, хүүхэд асрах үйлчилгээ, гэр бүл ба ажлыг зохицуулах боломж зэрэг олон хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай аж. Иймд нэг төрлийн дэмжлэгээр асуудлыг шийдэх нь хангалтгүй юм байна.

1. Хүүхэд асрах үйлчилгээг хүртээмжтэй болгох

Эцэг эхийн чөлөө дуусахад хүүхдээ хаана, ямар зардлаар асруулах нь тодорхой байх хэрэгтэй. Хүртээмжтэй, чанартай цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээ нь эцэг эхэд ажилдаа эргэн орох, өрхийн орлогоо хадгалах боломж олгоно.

2. Эцэг эх хоёуланд нь хүүхдээ асрах боломж бүрдүүлэх

Цалинтай эцэг эхийн чөлөө, ажлын уян хатан нөхцөл нь хүүхэд асрах үүргийг зөвхөн эхэд үүрүүлэхгүй байхад чухал ач холбогдолтой. Аавууд ч чөлөөгөө ашиглаж, гэрийн болон асаргааны ажлыг хуваалцах нөхцөл бүрдүүлэх.

3. Залуу гэр бүлүүдийн эдийн засгийн баталгааг дэмжих

Тогтвортой ажил, орлого, боломжийн үнэтэй орон сууц нь хүүхэдтэй болох шийдвэрт нөлөөлдөг томоохон хүчин зүйлс юм. Хүүхэд өсгөх зардал өндөр, ирээдүйн орлого тодорхойгүй үед гэр бүлүүд хүүхэдтэй болохоо хойшлуулж болзошгүй аж.

4. Бодлогыг нэг удаагийн тэтгэмжээр хязгаарлахгүй байх

Хүүхэд төрөхөд олгодог мөнгөн дэмжлэг хэрэгтэй ч хүүхэд өсөж томрох явцад гарах зардал, асаргааны хэрэгцээг бүхэлд нь шийдэхгүй. Мөнгөн тэтгэмжийг чөлөө, цэцэрлэг, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээтэй уялдуулах нь чухал.

Өмнөд Солонгосын жишээ мөнгөн дэмжлэг дангаараа хангалтгүйг, Шведийн тогтолцоо эцэг эхийн чөлөөний ач холбогдлыг, Францын бодлого хүүхэд асрах зардлыг бууруулах боломжийг харуулж байна. Монголын хувьд ч хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн ач холбогдлыг хадгалахын зэрэгцээ хүүхэд асрах үйлчилгээ, эцэг эхийн чөлөө, ажлын уян хатан нөхцөл, залуу гэр бүлийн эдийн засгийн тогтвортой байдлыг хамтад нь авч үзэх нь чухал аж. Эцсийн дүндээ хүүхэдтэй болох эсэх нь гэр бүл бүрийн хувийн шийдвэр. Харин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд энэ шийдвэрээ хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх нь төрийн бодлогын нэг зорилго байж болох юм. Хүүхэдтэй бол гэж уриалах амархан. Харин хүүхэд өсгөхөд нь бодитоор туслахын тулд гэр бүлд мөнгө, цаг хугацаа, үйлчилгээний аль нь хэрэгтэй байгааг олж харах шаардлагатай аж.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.