УБ -2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Policy Point 0%
2027 оны төсөв батлагдлаа, төсвийн тухай ойлголтоо шинэчилье
Policy Point
Нүүр хуудас / Policy Point / 2027 оны төсөв батлагдлаа, төсвийн тухай ойлголтоо шинэчилье

2027 оны төсөв батлагдлаа, төсвийн тухай ойлголтоо шинэчилье

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.11.13 · 5 унших

Бид дэлгүүрээс бараа худалдан авахдаа НӨАТ төлж, цалингаа авахдаа орлогын албан татвар төлдөг. Харин бидний төлсөн татвар хаана төвлөрч, юунд зарцуулагддаг талаар та хэр сайн мэдэх вэ? Таны хүүхдийн сурч буй сургууль, эмчлүүлдэг эмнэлэг, зорчиж буй зам, нийтийн тээвэр, нийгмийн халамжийн үйлчилгээ гээд өдөр тутмын амьдралд хамаарах олон зүйл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байна. Өөрөөр хэлбэл, төсөв гэдэг нь төрийн байгууллагуудын санхүүгийн төлөвлөгөө төдийгөөр хязгаарлагдахгүй, харин иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг нийтийн мөнгөний хуваарилалт юм. Тиймээс бид энэ удаагийн Policy Point булангаар улсын төсөв хэрхэн бүрддэг, хэн шийдвэрлэдэг, юунд зарцуулдаг, хамгийн гол нь иргэд өөрсдөө хэрхэн хяналт тавьж болох талаар хөндлөө.

Улсын төсөв гэж юу вэ?

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4.1.5-д төсвийг төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, хуваарилан зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр төлбөр, санхүүгийн үүрэг болон үйл ажиллагааны нийлбэр цогц гэж тодорхойлжээ. Энгийнээр хэлбэл, улсын төсөв бол төр нэг жилийн хугацаанд хэдий хэмжээний орлого төвлөрүүлж, түүнийгээ ямар салбар, байгууллага, төсөл, үйлчилгээнд хэрхэн зарцуулахаа төлөвлөсөн санхүүгийн баримт бичиг юм.

Гэхдээ улсын төсөв болон Монгол Улсын нэгдсэн төсөв хоёр өөр ойлголт гэдгийг анхаарах хэрэгтэй. Улсын төсөв нь УИХ-аас баталж, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах байгууллагуудын бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсөв юм. Харин Монгол Улсын нэгдсэн төсөв нь үүнээс өргөн хүрээтэй бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үндэсний баялгийн сангийн холбогдох төсвүүдийг хамардаг аж.

Монгол Улсын нэгдсэн төсөв юунаас бүрддэг вэ?

Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Монгол Улсын нэгдсэн төсвийг дараах зургаан бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон.

  1. Улсын төсөв: Яам, агентлаг, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон улсын хэмжээний төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ.
  2. Орон нутгийн төсөв: Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуульд заасан хот, тосгоны төсвөөс бүрдэнэ. Орон нутгийн нийтийн үйлчилгээ, тохижилт, дэд бүтэц зэрэгт зарцуулна.
  3. Нийгмийн даатгалын сангийн төсөв: Ажил олгогч, ажилтан болон бусад эх үүсвэрээс төвлөрүүлсэн шимтгэлээр бүрдэж, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт зарцуулагдана.
  4. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв: Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад эх үүсвэрээс бүрдэж, даатгалаар санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдана.
  5. Ирээдүйн өв сангийн төсөв: Байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялгийн орлогоос ирээдүй хойч үед зориулан хуримтлал бий болгоно.
  6. Үндэсний баялгийн сангийн төсөв: Байгалийн баялгийн өгөөжийг нийт иргэдэд хүртээх, хуримтлал бий болгох болон хөгжлийг дэмжих зорилготой.

Ингэж төсвийг хэд хэдэн хэсэгт хуваарилсан нь төрийн өөр өөр чиг үүрэг, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, орон нутгийн хөгжлийг санхүүжүүлэхэд чиглэдэг байна.

Харин улсын төсвийн эх үүсвэр нь голчлон татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ. Татварын орлого гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж хуульд заасны дагуу төлж буй татвар, төлбөр, хураамж юм. Үүнд, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), Онцгой албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орно. Татварын бус орлого нь төрийн өмчит компанийн ногдол ашиг, төрийн өмчийн хөрөнгийг ашиглуулсны болон түрээсийн төлбөр, торгууль, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг эх үүсвэрээс бүрдэнэ. Мөн буцалтгүй тусламж зэрэг орлогын эх үүсвэр бий. Харин төсвийн орлого зарлагаа нөхөхгүй тохиолдолд алдагдлыг санхүүжүүлэх шаардлага үүсэх бөгөөд үүнийг Засгийн газрын бонд, зээл зэрэг эх үүсвэрээр санхүүжүүлж болдог аж. Гэхдээ зээл нь эргэн төлөх үүрэгтэй учраас татварын орлоготой адил ойлгож болохгүй юм байна.

Төсвийн мөнгийг юунд зарцуулдаг вэ?

Төсвийн мөнгө нь төрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хамгааллыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг олон зориулалттай. Төсвийн тухай хуулиар зарлагыг эдийн засгийн агуулгаар нь урсгал зардал, хөрөнгийн зардал болон эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл гэж ангилдаг байна.

Урсгал зардал: Төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардал юм. Үүнд төрийн албан хаагч, багш, эмч болон бусад ажилтны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, сургууль, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал, нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад шилжүүлэг, засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр, төрөөс олгох татаас зэрэг багтана.

Хөрөнгийн зардал: Улс, орон нутгийн өмчид шинээр хөрөнгө бий болгох, одоо байгаа хөрөнгийг шинэчлэх, өргөтгөхөд зарцуулна. Жишээлбэл, шинэ сургууль, цэцэрлэг барих, эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, авто зам, гүүр, инженерийн дэд бүтэц байгуулах, төрийн байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх гэх мэт.

Эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл: Засгийн газраас тодорхой нөхцөлөөр бусад этгээдэд олгосон зээлээс эргэн төлөгдсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүн юм. Эдгээр зардлыг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, батлан хамгаалах, хууль зүй, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг төрийн чиг үүрэг, салбаруудад хуваарилдаг байна.

Тэгвэл Монгол Улс 2027 онд хэдий хэмжээний орлого төвлөрүүлж, түүнийгээ ямар салбарт зарцуулахаар төлөвлөсөн бэ? 

Төсвийн мөнгө хаанаас бүрдэж, хэнд, юунд зарцуулагддаг талаар бид тэр бүр сонирхдоггүй. Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 31-нд төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлж, есдүгээр сарын 25-наас хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 13-нд 2027 оны төсвийг эцэслэн баталлаа. Тухайлбал, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн анхны төсөлд 27.9 их наяд төгрөгийн тэнцвэржүүлсэн орлого төвлөрүүлж, 31.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин нэгдсэн төсвийн хэмжээнд авч үзвэл зарлага, орлогын хэмжээ үүнээс ч их. 

1466420505.jpg

Батлагдсан нэгдсэн төсвөөр ирэх онд 39.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 41.5 их наяд төгрөг зарцуулахаар тооцсон бөгөөд төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг байхаар байна. Харьцуулбал, Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн төсөлд 41.28 их наяд төгрөгийн орлого, 43.59 их наяд төгрөгийн зарлага төлөвлөж байв. УИХ-ын хэлэлцүүлгийн явцад орлого, зарлагын төлөвлөгөөг тус бүр ойролцоогоор 2.1 их наяд төгрөгөөр бууруулсан ч алдагдлын хэмжээ бараг өөрчлөгдөөгүй байна.

Ингээд 2027 оны төсвийн жишээгээр улсын төсөв ямар эх үүсвэрээс бүрддэг, юунд зарцуулагддаг, иргэд өөрсдөө хэрхэн хяналт тавьж болохыг задлан харъя.

1466420510.jpg

Төсвийн орлого хаанаас бүрддэг вэ?

2027 оны төсвийн орлогын 79 хувийг татварын орлого бүрдүүлэхээр тооцжээ. Харин үлдсэн 21 хувийг төрийн өмчит компаниудын цэвэр ашиг болон хүүгийн орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр Засгийн газраас танилцуулсан байна.

2027 оны улсын төсвийн анхны төсөлд орлого төвлөрүүлэх байгууллагуудын төлөвлөсөн дүнг харвал:

1466420500.jpg

Эндээс татвар, гаалийн байгууллагаар амжин төвлөрөх орлого улсын төсвийн гол эх үүсвэр болохыг харж болно. Мөн уул уурхайн салбараас төвлөрөх орлого төсвийн төлөвлөлтөд чухал нөлөөтэй. Тухайлбал, нүүрс, зэсийн экспортын хэмжээ болон дэлхийн зах зээлийн үнэ төсвийн орлого бүрдэхэд шууд нөлөөлнө. Энгийнээр, та дэлгүүрээс худалдан авалт хийхдээ НӨАТ төлөх, цалингаасаа татвар төлөх, уул уурхайн компаниуд байгалийн баялгийг ашигласны төлбөр төлөх зэрэг нь улсын төсвийн орлого бүрдэхэд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.

Тэгвэл энэ мөнгийг юунд зарцуулах вэ?

Төсвийн орлого бүрдсэн бол түүнийг нийгмийн хэрэгцээ, төрийн үйл ажиллагаа, хөгжлийн төслүүдэд хуваарилна. 2027 оны батлагдсан төсөвт төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах эрхийн хэмжээгээр хамгийн их санхүүжилттэй салбаруудыг харвал:

Дээрхээс харахад боловсролын салбарт хамгийн их төсөв хуваарилжээ. Үүнийг дэлгэрүүлэн авч үзвэл:

Боловсролын салбарт 7.54 их наяд төгрөг: Хамгийн их төсөв боловсролын салбарт ногдож байна. Энэ мөнгөөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, багш ажилтнуудын цалин, боловсролын үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал, 2027 онд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад 928 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Нийгмийн хамгаалалд 6.10 их наяд төгрөг: Энэ салбарын төсөвт тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг зардал багтана. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд үзүүлдэг нийгмийн хамгааллын үйлчилгээний санхүүжилт юм.

Эрүүл мэндийн салбарт 2.62 их наяд төгрөг: Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хөрөнгө оруулалт зэрэгт зарцуулна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт 69 төсөлд 264.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Сангийн сайдад 5.30 их наяд төгрөг: Энэ тоог хараад Сангийн яам өөрийн үйл ажиллагаанд 5.3 их наяд төгрөг зарцуулах юм байна гэж ойлгож болохгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад төрийн санхүүгийн үүрэг, зардал, зээлийн хүүгийн төлбөр зэрэг олон төрлийн санхүүжилт багтдаг.

Зам, тээврийн салбарт 1.46 их наяд төгрөг: Авто зам, төмөр зам, тээврийн дэд бүтэц болон холбогдох төслүүдийн санхүүжилтэд зарцуулна. Тухайлбал, 2027 онд зам, тээврийн салбарт 136 төсөл хэрэгжүүлж, 910.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Ингэж харвал улсын төсвийн мөнгө зөвхөн шинэ бүтээн байгуулалтад бус, төрийн өдөр тутмын үйл ажиллагаа, нийгмийн үйлчилгээ, өмнө авсан зээлийн төлбөр зэрэг олон чиглэлд зарцуулагддаг байна.

Төсвийн мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийх вэ?

Төсвийн зарлагын нэг чухал хэсэг нь хөрөнгө оруулалт юм. Үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, гүүр, цахилгаан станц зэрэг урт хугацаанд ашиглагдах барилга байгууламж, дэд бүтцийн төслүүд багтдаг.

2027 оны батлагдсан төсвөөр улсын төсвийн хөрөнгөөр 943 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд бараг 3.9 их наяд төгрөг зарцуулахаар болжээ. Үүнээс:

  • 435 нь шинээр эхлэх төсөл;
  • 508 нь өмнөх жилүүдээс үргэлжилж буй төсөл;
  • Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн бараг 60 хувь нь өмнө эхэлсэн төслүүдийг үргэлжлүүлж, дуусгахад зориулагдана.

Харин улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг нэгтгэн нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл:

1466420512.jpg

Тухайлбал, боловсролын салбарт 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төслийг шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Эрүүл мэндийн салбарт 69 төсөлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүний дотор улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжинэ. Харин зам, тээврийн салбарт авто замын сүлжээг 375 километрээр нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Эрчим хүчний салбарт 39 томоохон төсөл хэрэгжүүлж, цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг үе шаттайгаар 800 мегаваттаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Эдгээр хөрөнгө оруулалт нь сургууль, эмнэлгийн хүртээмж, орон нутгийн зам тээвэр, эрчим хүчний найдвартай байдал зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэж байна.

Төсвийн мэдээлэл нээлттэй байх нь хангалттай юу?

Олон улсын төсвийн түншлэл (International Budget Partnership)-ээс гаргадаг Нээлттэй төсвийн судалгаа (Open Budget Survey)-гаар улс орнуудын төсвийн мэдээллийн хүртээмж, олон нийтийн оролцоо, төсвийн хяналтын тогтолцоог 100 хүртэлх оноогоор үнэлдэг. Тус байгууллагын 2025 оны судалгаагаар Монгол Улс дараах үнэлгээ авчээ.

1466420514.jpg

Төсвийн ил тод байдлын 64 оноо нь олон нийтэд төсвийн мэдээллийн хангалттай хэмжээний мэдээлэл хүргэж буйг илэрхийлэх босго болох 61 онооноос давсан үзүүлэлт юм. Харин олон нийтийн оролцооны 35 оноо нь төсвийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

1466420513.jpg

Судалгаагаар төсвийн ил тод байдал нэмэгдсэн ч төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, аудит хийх үе шатанд олон нийтийн оролцоог илүү өргөн хүрээнд хангах шаардлагатай гэж зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн мэдээллийг цахим хуудсанд байршуулсан байх нь нэг хэрэг. Харин иргэдийн санал төсвийн шийдвэрт хэрхэн тусаж байгаа, гаргасан саналд төрийн байгууллага ямар хариу өгч байгаа нь өөр асуудал юм.

Тэгвэл иргэд улсын төсөвт хэрхэн хяналт тавих вэ?

Төсвийн тухай хуулийн 6.5-д төсвийн ил тод байдлыг хангах, төлөвлөлт болон тайлагналд олон нийтийн оролцоог хангах, төсвийн зарцуулалтад иргэд хяналт тавих боломжоор хангахыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн мэдээллийг авах, зарцуулалтыг хянах нь иргэдийн оролцооны нэг хэлбэр юм. Иргэн бүр төсвийн мэдээлэлтэй танилцах, асуулт тавих, санал гаргах, зарцуулалтыг хянах боломжтой. Үүний тулд дараах таван цахим эх сурвалжийг ашиглаж болно.

1. Шилэн данс: Төрийн байгууллага мөнгөө юунд зарцуулсныг шалгах

Шилэн дансны системд төрийн болон орон нутгийн байгууллагуудын төсөв, санхүүгийн мэдээлэл, зарлагын гүйлгээ, худалдан авалт, хөрөнгө оруулалтын мэдээллийг байршуулдаг. Жишээлбэл, танай сумын сургуульд засвар хийхээр төсөв батлагдсан бол тухайн сургуулийн нэрээр хайж, батлагдсан төсөв болон зарлагын гүйлгээний мэдээллийг шалгаж болно.

2. PIMIS:  Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг хянах

Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэг, зам, эмнэлэг зэрэг төслүүдийн мэдээлэлтэй танилцаж болно. Төслийн байршил, төсөвт өртөг, санхүүжилт, хэрэгжилтийн явц зэрэг мэдээллийг шалгах боломжтой. Мөн иргэд төсөлд санал хүсэлт гаргах, орон нутгийнхаа хэрэгцээ шаардлагыг илэрхийлэх боломжтой.

3. Тендер: Төсвийн мөнгөөр ажлыг хэн гүйцэтгэж байгааг мэдэх

Төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авахдаа тендер зохион байгуулдаг.

Иргэд тендерийн мэдээллээс:

  • Ямар ажилд тендер зарласан;
  • Хэдэн компани оролцсон;
  • Ямар компани шалгарсан;
  • Гэрээний үнийн дүн хэд байсан;
  • Гэрээний хугацаа ямар байгааг шалгаж болно.

4. Үндэсний аудитын газар:  Төсвийн зөрчил, үр дүнг шалгах

Төрийн байгууллагын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын төсөлд хийсэн аудитын тайлантай танилцаж болно. Аудитын тайлангаас төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, санхүүгийн зөрчил илэрсэн эсэх, ямар зөвлөмж өгсөн талаар мэдээлэл авна.

5. УИХ-ын төсвийн төсөл:  Төсөвт анх юу тусгасныг шалгах

Энэ хуудсанд 2027 оны улсын төсвийн хуулийн төсөл, төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн жагсаалт, бусад хавсралттай танилцах боломжтой. Иргэд төсөв батлагдахаас өмнө ямар төсөл, арга хэмжээ төлөвлөсөн, хэдий хэмжээний санхүүжилт тусгасныг эндээс харж болно.

Мэдээлэл байхгүй бол хүсэлт гаргах

Хэрэв шаардлагатай мэдээлэл цахим системд байхгүй бол холбогдох төрийн байгууллагад мэдээлэл авах хүсэлт гаргаж болно. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд хүн, хуулийн этгээд мэдээллийг хүсэлтээр болон нээлттэй байршуулсан цахим эх сурвалжаас авах эрхийг зохицуулсан.

Жишээлбэл, иргэн дараах мэдээллийг хүсэж болно.

  • Тухайн байгууллагын төсвийн гүйцэтгэлийн дэлгэрэнгүй тайлан
  • Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн гэрээ
  • Ажлын гүйцэтгэлийн тайлан
  • Төслийг хүлээн авсан акт, холбогдох баримт бичиг.

Мэдээлэл авах нь хяналтын эхний алхам. Харин авсан мэдээллээ харьцуулж, зөрүүтэй асуудлыг тодруулах нь дараагийн алхам юм.

1466420510.jpg

Жишээгээр тайлбарлая: Танай дүүрэгт сургууль барихаар төсөвлөсөн бол яах вэ?

Иргэн төсвийн хяналтыг эхлүүлэхийн тулд заавал том хэмжээний төсөв судлах шаардлагагүй. Жишээлбэл, 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын анхны жагсаалтад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 320 хүүхдийн сургуулийн барилга барих төсөл багтсан байна. Тус төсөл 2018 онд эхэлж, 2027 онд дуусгахаар төлөвлөгдсөн бөгөөд 2027 онд 368.3 сая төгрөгийн санхүүжилт тусгажээ. Иргэн та энэ төслийн мэдээллийг ашиглан дараах асуултыг тавьж болно.

  1. Сургууль барих төсөл яагаад 2018 оноос хойш үргэлжилж байна вэ?
  2. Анх төсөвлөсөн өртөг нь хэд байсан, одоо хэд болсон бэ?
  3. Ямар компани тендерт шалгарч, гэрээ байгуулсан бэ?
  4. 2027 онд тусгасан санхүүжилтээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
  5. Төсөл хугацаандаа дуусаж, ашиглалтад орох боломжтой юу?

Эдгээр асуултад хариулахын тулд УИХ-ын төсвийн хавсралтаас төслийн мэдээллийг олж, тендерийн системээс гүйцэтгэгч болон гэрээний мэдээллийг шалгаж, шилэн данснаас бодитоор олгосон санхүүжилтийг харьцуулж болно. Хэрэв мэдээлэл хангалтгүй бол холбогдох төрийн байгууллагад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл авах хүсэлт гаргах боломжтой. Ингэж нэг төслийн эхлэлээс дуусах хүртэлх үйл явцыг дагаж судлах нь төсвийн хяналтыг бодитоор хэрэгжүүлэх энгийн арга юм.

Төсвийн хяналт иргэдийн оролцооноос эхэлнэ

Иргэдийн төлсөн татвар, нийтийн баялгаас бүрдсэн хөрөнгө хаана, хэрхэн зарцуулагдаж байгааг мэдэх, асуух, хянах нь иргэн бүрийн эрх юм. Төсвийн хяналт гэдэг зөвхөн мөнгө зарцуулсны дараа тайлан шалгахыг хэлэхгүй. Харин тухайн мөнгийг юунд зарцуулахыг төлөвлөх үеэс эхлэн төсөл хэрэгжих, санхүүжилт олгогдох, эцсийн үр дүн гарах хүртэл үргэлжлэх үйл явц юм. Тиймээс дараагийн удаа танай хороо, суманд зам тавих, сургууль барих, эмнэлэг засварлах төсөл хэрэгжихээр боллоо гэхэд зөвхөн хэзээ дуусахыг нь хүлээх хэрэггүй. Хэдэн төгрөг төсөвлөсөн, хэн гүйцэтгэж байгаа, мөнгө нь хэрхэн зарцуулагдаж байгааг өөрөө шалгаж үзээрэй. Учир нь нийтийн мөнгөний зарцуулалтад хяналт тавих нь төрөөс шаардах хариуцлага төдийгүй  иргэдийн оролцоогоор дамжин хэрэгждэг ардчиллын нэг чухал хэлбэр юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.