УБ -10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Policy Point 0%
Анхны ажилдаа орохоос өмнө мэдэх ёстой хөдөлмөрийн эрхүүд
Policy Point
Нүүр хуудас / Policy Point / Анхны ажилдаа орохоос өмнө мэдэх ёстой хөдөлмөрийн эрхүүд

Анхны ажилдаа орохоос өмнө мэдэх ёстой хөдөлмөрийн эрхүүд

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.11.27 · 3 унших

Ажил олгогч “Эхлээд хэд хоног ажиллаад үз”, “Цагийн ажил учраас гэрээ шаардлагагүй”, эсвэл “Сарын сүүлээр ажилласан цагаар чинь мөнгийг өгнө” гэж хэлбэл та зөвшөөрөх үү? Эсвэл эхлээд ямар нэг зүйл тодруулах хэрэгтэй юу?

Анхны ажилдаа орох гэж буй залуус, оюутнуудын хувьд ийм нөхцөл түгээмэл тохиолдох магадлалтай. Гэхдээ ажил бүтэн цагийнх уу, бүтэн бус цагийнх уу гэдгээс үл хамааран ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын дор тодорхой ажил үүрэг гүйцэтгэж, хариуд нь цалин хөлс авч байгаа бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсдэг аж. Тодруулбал, хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан байна. Policy Point булангийн энэ удаагийн дугаараар анхны ажилдаа орох гэж буй залуус, бүтэн бус цагийн ажил хийдэг оюутнууд болон хөдөлмөрийн харилцаанд шинээр орж буй хүн бүрийн мэдэх хэрэгтэй эрх, зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тулгуурлан хүргэж байна. Ажилд орохоос өмнө юуг шалгах, ажиллаж байхдаа ямар эрх эдлэх, юуг мэдвэл зохихыг хамтдаа авч үзье.

1. Хөдөлмөрийн гэрээгээ заавал уншиж, нэг хувийг нь аваарай

Ажилд орсон тухай аман тохиролцоо, ажлын санал хүлээн авсан имэйл эсвэл байгууллагын дотоод журам нь хөдөлмөрийн гэрээтэй адилтгах албан ёсны баримт биш юм. Хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тодорхой болгож, ажилтан болон ажил олгогчийн эрх, үүргийг баталгаажуулахын тулд хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг бичгээр эсхүл цахим хэлбэрээр байгуулах, ажилтанд гэрээний хувийг өгөх зохицуулалт бий. Харин 49 дүгээр зүйлд гэрээнд заавал тусгах үндсэн нөхцөлийг тодорхойлжээ. Үүнд ажлын байрны нэр, гүйцэтгэх ажил үүрэг, ажил үүрэг гүйцэтгэх байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг багтдаг байна. Гэрээгээ уншихдаа ойлгомжгүй заалт байвал тайлбар авах, өөрийн хүлээх үүрэг болон ажил олгогчийн хүлээх үүргийг тодруулах боломжтой. Гэрээний нэг хувийг өөртөө хадгалснаар цалин, ажлын үүрэг, цаг, гэрээ цуцлах зэрэг асуудал үүсэх үед тохиролцсон нөхцөлүүдийг нотлох баримттай болох юм.

2. Цагийн ажил хийдэг байсан ч хөдөлмөрийн эрхтэй

1466420588.jpg

Оюутан залуусын хувьд кофе шоп, ресторан, дэлгүүр, үйлчилгээний газар, амралтын өдөр ажиллах зэрэг нь анхны ажлын туршлага болох нь элбэг. Бүтэн бус цагийн ажил хийж байгаа учраас хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, эсвэл ажилтан хөдөлмөрийн эрхгүй гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хуулийн 86.1-д ажлын бүтэн бус цагаар ажиллах ажилтны долоо хоногийн ажлын цаг 32-оос илүүгүй байхаар заажээ. Харин 111 дүгээр зүйлд бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг ажилласан цаг эсхүл гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр тооцож, тохиролцсон хугацаанд олгохоор тусгасан байна. Хамгийн чухал нь ижил ажлын байранд бүтэн цагаар ажилладаг хүний цагаар болон хийснээр тооцох цалингийн нэгжийн үнэлгээнээс бүтэн бус цагийн ажилтны үнэлгээ бага байж болохгүй юм байна. Мөн илүү цаг, шөнийн цаг, амралтын болон баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсний зохицуулалт бүтэн бус цагийн ажилтанд нэгэн адил хамаардаг байна. Тиймээс цагийн ажилд орохдоо цагийн хөлс хэд байх, ажлын хуваарь хэрхэн гарах, ажилласан цагийг хэн бүртгэх, цалин хэзээ олгохыг урьдчилан тохиролцоорой.

3. Туршилтын болон дагалдан ажиллах хугацааг ялгаж ойлгоорой

Зарим ажил олгогч шинэ ажилтныг шууд үндсэн ажилд авахын оронд эхлээд туршилтын эсвэл дагалдан ажиллах хугацаа тогтоодог. Энэ хоёр нь ижил ойлголт биш гэдгийг санаарай. Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд дагалдан ажиллах гэрээг ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор байгуулахаар заасан байдаг. Ердийн дагалдан ажиллах гэрээний хугацаа гурван сар хүртэл бөгөөд талууд тохиролцвол нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. Иймээс “сургаж байгаа учраас цалингүй ажиллана”, “эхлээд хэд хоног үнэгүй ажиллаад үз” гэх санал тавигдвал ямар гэрээ байгуулах, тухайн хугацаанд ямар ажил гүйцэтгэх, цалин хөлс хэрхэн тооцохыг заавал тодруулах хэрэгтэй шүү. 

Туршилтаар ажиллуулах: Ажилтныг тухайн ажилд тохирох эсэхийг шалгах

Ажил олгогч тухайн хүнийг ажлын байрны шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Гол зорилго нь ажилтан тухайн ажлыг хийж чадах эсэх, ажлын байранд тохирох эсэхийг үнэлэх юм. Харин хугацааны хувьд 3 сараас хэтрэхгүй байна. Цалингийн хувьд үндсэн цалин нь тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байна. Нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг хуульд заасны дагуу олгох ёстой юм байна.

Жишээ: Кофе шоп бариста ажилд авч, үйлчлүүлэгчтэй харилцах, захиалга бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэж чадах эсэхийг нь гурван сарын хугацаанд үнэлэх.

Дагалднаар ажиллуулах: Ажилтанд шинэ ур чадвар эзэмшүүлэх

Харин ажил олгогч ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэхийн тулд туршлагатай ажилтныг дагалдуулан ажиллуулж болдог байна. Дагалднаар ажиллуулахын гол зорилго нь ажилтан тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай дадлага, ур чадвар эзэмших аж.

Жишээ: Шинээр ажилд орсон нягтлан бодогчийг туршлагатай нягтлан бодогчийн удирдлага дор ажиллуулж, байгууллагын санхүүгийн программ ашиглах, тайлан бэлтгэх дадлага эзэмшүүлэх.

Мөн их, дээд сургуулийн оюутан суралцаж буй мэргэжлээрээ байгууллагын үйл ажиллагаатай танилцах дадлага нь 63.9-д тусдаа зохицуулалттай. Үүнийг дагалдан ажиллах хөдөлмөрийн гэрээтэй адилтгаж болохгүй юм байна.

4. Кассын зөрүү, хагарсан барааны төлбөрийг шууд цалингаасаа төлөх ёстой юу?

1466420589.jpg

Үйлчилгээний салбарт ажилладаг залуусын хувьд кассын мөнгөний зөрүү гарах, бараа бүтээгдэхүүн гэмтэх, эд хөрөнгө эвдрэх зэрэг нөхцөл багагүй үүсдэг. Зарим ажил олгогч ийм тохиолдолд ажилтны цалингаас шууд суутгах, эсвэл тухайн зөрүүг ажилтнаар бүрэн төлүүлэх шаардлага тавьдаг.

Гэхдээ ажил олгогч ажилтны цалингаас дур мэдэн мөнгө суутгах эрхгүй аж. Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд цалингаас суутгал хийх үндэслэл, хэмжээг хязгаарласан бол 129-133 дугаар зүйлд ажилтны эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулжээ. Суутгал хийх бол ажилтанд заавал урьдчилан мэдэгдэх ёстой. Тиймээс бараа гэмтсэн, кассын зөрүү гарсан тохиолдолд тухайн хохирол хэрхэн үүссэн, хэн хариуцлага хүлээх, ямар баримтаар тогтоосон, суутгал хийх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Ажил олгогчийн тавьсан шаардлагыг шууд зөвшөөрөхөөс өмнө холбогдох баримт, шийдвэртэй танилцах эрхтэй байдаг.

5. Насанд хүрээгүй ажилтанд тусгай хамгаалалт үйлчилдэг

Сурагч, оюутан байхдаа ажил хийж эхэлж байгаа хүн бүр 18 нас хүрээгүй бол хөдөлмөрийн харилцаанд тусгай хамгаалалт эдэлдэг байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 88.6-д насанд хүрээгүй ажилтныг шөнийн цагаар ажиллуулахыг хоригложээ. Мөн 92.10-д уртын ээлжээр ажиллуулахыг хориглосон бөгөөд 99.4-т ээлжийн үндсэн амралтын хугацааг ажлын 20 өдөр байхаар зааж. Тиймээс 18 нас хүрээгүй хүн ажилд орохдоо ажлын цаг, ажлын нөхцөл, хийх ажлын төрөл нь хуульд нийцэж байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй юм байна.

6. Илүү цагаар ажиллавал нэмэгдэл хөлс авах эрхтэй

1466420590.jpg

“Өнөөдөр хүн хүч хүрэхгүй байна, жаахан илүү ажиллаад өг”, “Ээлж дууссан ч ажлаа дуусгаад яв” гэх хүсэлт үйлчилгээний байгууллагад түгээмэл тохиолддог. Гэхдээ ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын цагийн үргэлжлэлээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцдог аж. Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд илүү цагаар ажиллуулах нөхцөлийг зохицуулсан байна. Харин 109 дүгээр зүйлд илүү цагаар болон амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсний хэмжээг заажээ. Тухайлбал:

  • Илүү цагаар ажиллаад нөхөн амраагаагүй бол дундаж цалин хөлсийг 1.5 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
  • Долоо хоногийн амралтын өдөр ажиллаад нөхөн амраагаагүй бол мөн 1.5 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлнэ.
  • Нийтээр амрах баярын өдөр ажиллаад нөхөн амраагаагүй бол дундаж цалин хөлсийг хоёр дахин буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлнэ.
  • Шөнийн цагаар ажиллаад нөхөн амраагаагүй бол дундаж цалин хөлсийг 1.2 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлнэ.

Хуулиар шөнийн цагийг 22:00 цагаас дараагийн өдрийн 06:00 цаг хүртэл гэж тодорхойлсон байна. Эдгээр нэмэгдэл хөлсний зохицуулалт ажлын бүтэн бус цагийн ажилтанд ч адил үйлчлэх нь.

7. Амралтын өдөр, ээлжийн амралтаа эдлэх эрхтэй

1466420593.jpg

Анхны ажилдаа орсон хүн бүр амралтын өдрөө хэрхэн эдлэх, ээлжийн амралт хэзээнээс авах эрх үүсэхийг мэддэг байх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 93 дугаар зүйлд амралтын цагийг амрах, хооллох завсарлага, ажлын хоёр өдрийн хоорондын амралт, долоо хоногийн амралт, нийтээр амрах баярын өдөр болон ээлжийн амралт гэж ангилжээ. Дараалсан хоёр ажлын өдрийн хоорондын тасралтгүй амралт 12 цагаас доошгүй байна. Мөн ажилтанд амрах, хооллох завсарлага олгох бөгөөд өдрийн хооллох завсарлага нэг цагаас багагүй байхаар заасан байна. Харин ээлжийн амралтын тухайд ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол амралт эдлэх эрх үүсдэг. Хуулиар үндсэн ээлжийн амралтын хугацааг ажлын 15 өдөр байхаар тогтоосон аж. 18 нас хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтны хувьд үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байдаг. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа бол ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоог хийж, цалинг олгох ёстой юм байна.

Цагийн ажилтан ээлжийн амралт авах эрхтэй юу?

Бүтэн цагийн ажилтан, эсвэл бүтэн бус цагийн ажилтан эсэхээс үл хамааран ажилд ороод 6 сар болсон л бол ээлжийн амралтаа эдлэх эрх үүсдэг аж. Харин амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр бөгөөд амралтын цалинг тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгодог байна. Өөрөөр хэлбэл, бүтэн цагийн ажилтантай адил 15 өдрийн үндсэн амралтын эрх үүсэх боловч амралтын цалингийн хэмжээ нь ажилласан цаг, авсан цалинтай нь уялддаг ажээ.

Анхны ажилдаа орохоосоо өмнө хөдөлмөрийн эрхээ мэдэж, хөдөлмөрөө үнэлүүлж сураарай

Анхны ажилдаа орохдоо ихэнх хүн шинэ орчинд дасах, ажлаа хурдан сурах, хамт олонтойгоо ойлголцох, өөрийгөө харуулахад анхаардаг. Гэхдээ ажлын байранд зөвхөн үүрэг даалгавраа биелүүлэхээс гадна өөрийн хөдөлмөрийн эрхийг мэддэг байх нь мөн чухал юм. Ялангуяа хөдөлмөрийн харилцаанд анх удаа орж буй залуус “Би шинэ ажилтан учраас ингэх ёстой байх”, “Цагийн ажил хийдэг болохоор надад ийм эрх байхгүй байх”, “Ажлаас гарах бол цалингаа авч чадахгүй байх” гэх мэтээр өөрийн эрхийг дутуу ойлгох, эсвэл ажил олгогчийн тавьсан шаардлагыг заавал биелүүлэх ёстой мэт хүлээн авах нь бий. Гэвч хөдөлмөрийн тухай хууль ажилтан, ажил олгогчийн аль алиных нь эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, хөдөлмөрийн харилцаанд баримтлах үндсэн нөхцөлийг тогтоосон байдаг.

Тиймээс ажилд орохдоо зөвхөн цалин, ажлын байрны нэр, ажиллах цагийг харахаас гадна хөдөлмөрийн гэрээгээ анхааралтай уншиж, ойлгомжгүй нөхцөлийг тодруулж, өөрийн эрхээ мэдэж авах хэрэгтэй. Хэрэв эрх зөрчигдсөн гэж үзвэл асуудлыг баримтжуулж, холбогдох байгууллагад хандах боломжтойг ч санах нь зүйтэй. Ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж буй залуусын хувьд эрхээ мэддэг байх нь өөрийгөө хамгаалах төдийгүй шударга, аюулгүй, харилцан хүндэтгэлтэй ажлын орчин бүрдүүлэх эхний алхам юм. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.