

"Монголын хамгийн том экспорт юу вэ?" гэж асуувал ихэнх хүний толгойд нүүрс, зэс, алт гэж буух байх. Гэхдээ бидний анзааралгүй "экспортолж" буй өөр нэг үнэт баялаг нь магадгүй мэдлэг, ур чадвартай залуус байж болох юм. Жил бүр суралцахаар, ажиллахаар, амьдрахаар гаднын орнуудыг зорих залуусын урсгал нэмэгдэж, Монголоос л явчихвал гэж ярих залуус олшрох болов. Зарим нь эх орондоо эргэн ирж, мэдлэг туршлагаа хуваалцдаг бол нөгөө хэсэг нь ажил, амьдралаа гадаадад үргэлжлүүлэхийг сонгодог.
Энэ үзэгдлийг "оюуны урсгал" буюу Brain Drain гэж нэрлэдэг бөгөөд Монголд энэ тухай яриа олон жилийн турш өрнөж ирсэн ч дорвитой бодлого, чиглэл, үйлдэл үгүйлэгдсээр байна. Бид энэ удаагийн Policy Point буландаа энэ үнэхээр Монголд тулгамдаад буй асуудал мөн үү, ямар бодлогын гарц гаргалгаа байж болох талаар сурвалжлахыг зорисон юм.
Түлхэх хүч + Татах хүч - Саад бэрхшээл = Шилжих шийдвэр
Социологийн ухааны магистр А.Хишигтөгсийн тайлбарласнаар, хүн яагаад одоо байгаа газраасаа явж, өөр шинэ газар руу нүүхээр шийддэг вэ гэдгийг тайлбарладаг “татах, түлхэх хүчин зүйлс” (push and pull factors) гэж байдаг. Энэ ойлголтыг Америкийн социологич Эверетт Ли (Everett Lee) 1966 онд "A Theory of Migration" бүтээлдээ системчлэн боловсруулсан. Түлхэх хүчин зүйлс (push factors) гэдэг нь “эндээс л явъя” гэж бодоход хүргэж байгаа эх нутагт нь үүссэн сөрөг нөхцөл байдлуудыг хэлдэг. Жишээ нь, ажилгүйдэл, бага цалин, ядуурал, чанаргүй боловсрол, хүний эрхийн зөрчил, улс төрийн тогтворгүй байдал, дарамт шахалт, аюултай орчин гэх мэт. Татах хүчин зүйлс (pull factors) гэдэг нь “тэнд очвол илүү сайхан амьдарна” гэж бодоход хүргэж байгаа зорин очих газрын эерэг нөхцөл байдлуудыг хэлдэг. Жишээ нь, илүү сайн цалин, чанартай боловсрол, нийгмийн хамгаалал, аюулгүй, тайван амьдрах орчин гэх мэт. Үүн дээр нэмээд “саад бэрхшээл” гэсэн ойлголт бий, энэ нь визний хатуу шаардлага, замын зардал, хол зайн хэмжээ, хэлний асуудал гэх мэтийг бодолцдог гэсэн үг. Ингээд үндсэндээ хүмүүс яагаад гадагшаа явдаг вэ гэдэг нь “Түлхэх хүч + Татах хүч - Саад бэрхшээл = Шилжих шийдвэр" гэсэн томьёогоор явагддаг. Тэгэхээр Монголын түлхэх хүч их, гадаадын татах хүч их байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг хувь хүнд тохож ойлгохоос илүүтэй нийгмийн бүтэц яаж ажиллаж байгаагаас болж байна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөөтээгүүр, хөгжсөн улсад очлоо гээд жаргаад байгаа юм байхгүй, бүх зүйл сайхан болчихгүй. Өөр төрлийн зовлон үргэлжилнэ. Визагаа жил бүр сунгуулна, сургалтын төлбөр, байрны түрээс цаашлаад зүгээр ч ажиллачихгүй, ахиухан мөнгө олохын тулд ахиухан цаг ажиллах ёстой учраас ажлын цаг авахын төлөө алалцана. Ингэж л өөр төрлийн зовлон үргэлжилдэг.
"Явсан хүн бүр алдагдал" гэж үү?

"Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө" хэмээх 2024 оны судалгаанд дурдсанаар гадаадад шилжин суурьших шалтгаанаас эдийн засгийн зорилго хамгийн давамгай байна. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 44.3 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэх, Засгийн газар хоорондын хөдөлмөрийн гэрээний хүрээнд ажиллах, эсвэл албан томилолтоор ажиллах зорилгоор гадаад улсыг зорьжээ. Харин 35.9 хувь нь боловсрол эзэмших зорилготой байсан нь ажил хөдөлмөрийн дараах хоёр дахь том шалтгаан болж байна.

Гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдарч буй монгол иргэдийг оршин суугаа улсаар нь авч үзвэл хамгийн олон иргэн шилжин суурьшсан орнууд нь Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Шведийн Вант Улс байна.
Дээрх судалгааны мэдээлэл цуглуулалтаас өмнөх 12 сарын хугацаанд Монгол Улс дахь шилжих хөдөлгөөний илгээгч өрхүүд болон хүн амд 124.2 тэрбум төгрөгийн мөнгөн гуйвуулга, 24.8 тэрбум төгрөгтэй дүйцэх эд зүйлсийн илгээмж, нийт дүнгээрээ 149 тэрбум төгрөгийн шилжүүлэг гадаадад шилжсэн иргэдээс орж ирсэн гэсэн тооцоо гарчээ.
Мөн судалгаанаас үзэхэд, гадаадад шилжин суурьшсан иргэдийн ар гэрийн өрхүүд дунджаар 3.2 ам бүлтэй бөгөөд ихэнх нь хөдөлмөрийн насны бус гишүүдээс бүрдэж байна. Эдгээр өрхийн сарын дундаж орлого 1.5 сая төгрөг бөгөөд орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс байна. Мөн 10 өрх тутмын дөрөвт нь хөдөлмөр эрхэлдэг хүн огт байхгүй байгаа нь гадаадад ажиллаж буй гэр бүлийн гишүүний орлого тэдний амьжиргаанд чухал үүрэгтэйг харуулж байгаа юм.
Энэ утгаараа гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудыг зөвхөн "явсан хүмүүс" гэж харах нь өрөөсгөл юм. Тэдний илгээж буй мөнгөн гуйвуулга нь оюуны урсгалын эдийн засгийн үр өгөөжийн зөвхөн харагдаж буй хэсэг төдийгүй олон өрхийн амьжиргаа, дотоодын хэрэглээ, улмаар Монголын эдийн засгийн эргэлтийг дэмжиж буй бодит хувь нэмэр юм.
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ”

Зуу гаруй жилийн өмнө Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хэлсэн энэ өгүүлбэр өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна. Монголчуудын хувьд гадаадад эрдэм боловсрол эзэмшиж, мэдлэг туршлага хуримтлуулаад эх орондоо эргэн ирж бүтээн байгуулалтад оролцох тухай үзэл нь үе үеийн сэхээтэн, эрдэмтдийн мөрөөдөл, үндэсний хөгжлийн нэгэн тулгуур байсаар ирсэн.
Өнөөдөр ч олон монгол залуус дэлхийн шилдэг их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, олон улсын байгууллага, технологийн компаниудад суралцаж, ажиллаж байна. Тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага зөвхөн хувь хүний амжилт биш, эх орондоо эргэн ирж шинэ технологи нэвтрүүлэх, төрийн бодлогыг боловсронгуй болгох, судалгаа хөгжүүлэх, бизнес эрхлэх, ажлын байр бий болгох боломжийг дагуулдаг. Энэ үзэгдлийг эдийн засаг, хөгжлийн судлалд Brain Gain буюу оюуны өгөөж гэж нэрлэдэг байна.
Түүхийг сөхвөл Монгол Улсын хөгжилд гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувь нэмэр үргэлж чухал байсаар иржээ. XX зууны эхэн үеэс эхлэн Зөвлөлт Холбоот Улс, Зүүн Европын орнуудад мэргэжил эзэмшсэн инженер, эмч, багш нар шинэ салбаруудыг хөгжүүлэхэд оролцсон бол сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд Япон, БНСУ, АНУ, Европ, Австралид боловсрол эзэмшсэн шинэ үеийн залуус төрийн алба, хувийн хэвшил, гарааны бизнес, шинжлэх ухааны салбарт олон улсын туршлагыг нутагшуулсаар иржээ.
Энэ утгаараа гадаадаас буцан ирэх нь хуримтлуулсан мэдлэгийг эх орондоо авчирч, бодит үнэ цэн болгон хувиргах цаашлаад улсын хөгжилд хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг болдог байна.
Гэхдээ энд нэг чухал асуулт урган гарч ирнэ.
Өнөөдөр дэлхийн хаана ч ажиллаж, амьдрах боломжтой болсон энэ үед өндөр ур чадвартай хүн бүрийг заавал эх орондоо эргэн ирэхийг хүлээх нь хэр бодитой эсэх дээр социологич А.Хишигтөгсөөс байр суурийг нь сонслоо.

“Эцсийн эцэст бид нэг л дэлхий. Бид хэчнээн их хил гаалиа зузаатгаад ч бүх улс орон хоорондоо холбоотой гэдгээс мултарч чадахгүй. Өмнө нь бол зөвхөн дөрвөн уулын дунд амьдрах ямар ч асуудалгүй байсан. Одоо бол онгоц яг л автобус шиг болчихлоо. Тэгэхээр ингэж өөрчлөгдсөн цаг үед эх орондоо хувь нэмэр оруулахын тулд зөвхөн эх орондоо амьдрах ёстой гэдэг бол явцуу ойлголт юм. Хэрвээ Д.Нацагдорж Герман явж сурч ирээгүй бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч болохгүй байх байсан. Тэгэхээр эх орныхоо төлөө эх орноосоо яваад, ирсэн байгаа биз? Нөгөө талаас гадаадад иргэншил авсан эсхүл эргэн ирэх сонирхолгүй ч хүн байж болно. Тэд ч гэсэн эх орондоо хувь нэмэр ихээр оруулж байдаг. Мянга мянган хүмүүс гадаадад ажилласан мөнгөө Монгол руу, гэр бүл рүүгээ явуулдаг. Тэр мөнгөөр мянга мянган хүүхэд хооллож, өсөн торниж байна. Эцсийн эцэст бид нэг л гараг дээр амьдарч байгаа учраас ямар нэгэн аргаар, үл үзэгдэх байдлаар бид нэг нэгэндээ хүрч байдаг. Тиймээс уг нь дэлхий өөрөө бидний гэр орон байх ёстой.”
Brain Drain-ээс Brain Circulation руу буюу оюуны урсгалыг хөгжлийн боломж болгох нь
Өндөр боловсролтой хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг нэгэн цагт дэлхий нийтээр аюул хэмээн хардаг байв. Гэвч сүүлийн жилүүдэд хэвлэгдсэн судалгаанууд, бодлогын баримт бичгүүд арай өөр өнцөгөөс харж, өөр шийдэл санал болгох болжээ.
OECD-ийн The Global Competition for Talent болон Connecting with Emigrants тайланд өндөр ур чадвартай иргэдийн шилжилт хөдөлгөөн нь зөв бодлоготой улс оронд инновац, хөрөнгө оруулалт, худалдаа, технологийн дамжуулалтыг нэмэгдүүлдэг болохыг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг эх орноосоо гарахгүй байлгахаас илүү хаана ч байсан тэдний мэдлэгийг үндэсний хөгжилтэй холбох нь үр дүнтэй бодлого гэж үзэх болжээ.
Үүний тод жишээ нь Өмнөд Солонгос, Тайвань, Хятад зэрэг улсууд юм. 1980-1990-ээд онд эдгээр орны олон мянган инженер, эрдэмтэд АНУ-д суралцаж, Силикон хөндийд ажиллаж байв. Харин тэдгээр илгээгч улсуудын төрөөс судалгааны санхүүжилт, инновацын экосистем, гарааны бизнесийг дэмжих бодлого хэрэгжүүлсний үр дүнд тэдний ихэнх нь эх оронтойгоо идэвхтэй хамтран ажиллаж судалгаа инновацын гүүр болж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж чадсан байна.
Калифорнийн их сургуулийн профессор, судлаач Аннали Саксениан үүнийг "Brain Circulation" буюу мэдлэгийг эргэлтэд оруулах гэж тодорхойлсон бөгөөд түүний гол санаа нь:
Тэгэхээр асуудал нь хүмүүс гадагшаа явж байгаа эсэхэд бус, харин тэдний мэдлэг, ур чадвар эх орныхоо хөгжилтэй хэрхэн холбогдож байгаа вэ гэдэгт шилжжээ.
Иймд бидэнд тулгараад буй хамгийн том асуудал нь гадаадад суралцаж, ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, сүлжээ, туршлагыг Монголын хөгжилтэй хэрхэн холбох вэ?
Энэ асуултад хариулахын тулд бид "Brain Drain" (оюуны урсгал, алдагдал) гэсэн хуучин ойлголтоос "Brain Circulation" (оюуны эргэлт) гэсэн бодлогын шинэ хандлага руу шилжих шаардлагатай аж.
Хэн, хэрхэн амжилтад хүрсэн бэ: Олон улсын туршлагаас
Hsinchu (Тайвань)
1980-1990-ээд онд Тайванийн олон мянган инженер, судлаач АНУ-д, ялангуяа Силикон хөндийд суралцаж, ажиллаж байв. Тайванийн Засгийн газар 1980 онд Hsinchu Science Park-ыг байгуулж, гадаадад суралцсан мэргэжилтнүүдэд татварын хөнгөлөлт, судалгааны санхүүжилт, дэд бүтэц бүхий орчин бүрдүүлсэн байна. Үүний үр дүнд олон мянган Тайвань гаралтай инженер эх орондоо буцаж, эсвэл АНУ-Тайванийн хооронд "давхар байршилтай" бизнес, судалгааны гүүр байгуулж чаджээ. Энэ загвар нь өнөөдрийн TSMC зэрэг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын үндэс суурь болсон байна.
OKTA сүлжээ (Өмнөд Солонгос)
Солонгос улс 1981 оноос хойш "Overseas Korean Traders Association" (OKTA) хэмээх дэлхий даяарх бизнес-мэргэжлийн сүлжээг байгуулж, гадаадад амьдардаг Солонгос гаралтай бизнес эрхлэгчид, эрдэмтдийг эх орныхоо эдийн засагтай холбох үндэс суурийг тавьжээ. Мөн Засгийн газрын Шинжлэх ухаан, технологийн яамд гадаадад ажиллаж буй солонгос эрдэмтдийг богино хугацааны зөвлөх, судалгааны төслийн хамтрагчаар татан оролцуулах тусгай хөтөлбөрүүд санал болгож эхэлсэн байна.
- Монгол Улсын төр диаспораа дэмжих, хамтран ажиллах талаар юу хийж болох вэ гэж та боддог вэ?
(Диаспора-гадаад улс оронд тархан суурьшсан үндэстэн, угсаатны бүлэг юм.)
Социологийн ухааны магистр А.Хишигтөгс: Төр гадаадад суугаа иргэд, эрдэмтэд, мэргэжилтнүүд буюу диаспоратайгаа харилцах харилцаагаа зөвхөн “консулын үйлчилгээ үзүүлэх” эсхүл “буцааж авчрах” гэсэн явцуу хүрээнээс хальж, олон улсын сүлжээ гэж харах бүтэц рүү шилжих шаардлагатай. Үүний тулд эхлээд диаспорагийн чадварын бүртгэл-платформ үүсгэж, зөвхөн уулзалт, дадлагын нэг удаагийн арга хэмжээ биш, тогтмол шинэчлэгддэг мэдээллийн сан (мэргэжил, чадвар, хамтрах хүсэл) байгуулж, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гэсэн гурвалын холбоотой болох хэрэгтэй байна.
- Хэрэв Монголд эргэж очих боломж, шалтгаан бий болбол таныг татах хамгийн чухал хүчин зүйл юу байх вэ?
- Би аль хэдийн өөртөө шалтгаан, зорилго тавьчихсан болохоор бүрмөсөн очих нь гарцаагүй бөгөөд цаг хугацааны асуудал. Харин энэ асуултын тань цаадах утгыг ойлгож байгаа учраас тэр утгаар хариулбал, нэгдүгээрт, ногоон байгууламж хангалттай болбол, хоёрдугаарт, цалин хөлс амьдралд хүрэлцээтэй болбол хамгийн их татагдана.Хүмүүс яагаад дайн болж байгаа юм шиг Монголоос гадагш нисэхийн түүс болоод байгаа юм бэ?

Эхний зургийг 2022 онд ажлаа тараад алхаж байхдаа дарсан. Сүхбаатарын талбай дээр дээр дэвссэн зүлгэн хулдаас. Хоёр дахь нь Ирландад бас л ажлаа тараад, нарлаж байхдаа дарсан зураг. Дублин хотын St Stephen's Green парк.
Зургийг харвал монгол залуус, ирланд залуус ямар ч ялгаагүй, гагцхүү нийгмийн байгууламж нь ялгаатай. Хотын экологийн онолоор бол ногоон байгууламжгүй орчинд амьдрах нь хүмүүсийг дарамт, стресс болон доогуур амьдралын чанар руу түлхдэг. Тиймээс ногоон орчин бол тансаглал биш. Амьдрах эрх. Монголд хүмүүсийн гадагшаа тэмүүлэх хандлага зөвхөн эдийн засгийн шалтгаантай биш, харин амьдрах орчны чанар, хүний эрхэм чанарт нийцсэн амьдралын боломжуудын хомсдолоос үүдэлтэй. Ирланд, Герман зэрэг Европын орнуудын амралтын орчин, нийтийн эзэмшлийн газрууд зөвхөн хүрээлэн буй орчин биш, харин иргэдэд хүндлэл үзүүлж буй төрийн соёлын илэрхийлэл байдаг.
Нэг чиглэлт урсгалыг харилцан хоёр чиглэлт болгох боломж
Энэ бүхнээс харахад хаана ч амьдарч байсан монголчуудын мэдлэг, ур чадвар, олон улсын сүлжээг эх орныхоо хөгжилтэй холбох тогтолцоог бүрдүүлэх нь юун түрүүнд баримтлах бодитой бөгөөд урт хугацааны үр өгөөжтэй бодлого аж.
1. Диаспорагийн нэгдсэн мэдээллийн сан, мэргэжлийн сүлжээ байгуулах
Өнөөдөр Монгол Улсад гадаадад ажиллаж, судалгаа хийж буй монгол мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага, хамтран ажиллах сонирхлыг нэгтгэсэн албан ёсны платформ байхгүйтэй адил. Иймээс салбар, мэргэжил, судалгааны чиглэлээр ангилах боломжтой нэгдсэн мэдээллийн сан байгуулж, төр, их сургууль, хувийн хэвшил хэрэгцээтэй үедээ тэдэнтэй шууд хамтран ажиллах боломж бүрдүүлэх шаардлагатай.
2. Ганцхан "буцаж ирүүлэх"-ээс илүү бас "хамтран ажиллах" бодлого
Өндөр ур чадвартай хүн бүрийг бүрмөсөн эх орондоо ирэхийг хүлээхээс илүү богино хугацааны зочин профессорын хөтөлбөр, цахим лекц, хамтарсан судалгаа, төрийн бодлогын зөвлөх үйлчилгээ зэрэг уян хатан механизмыг бий болгосноор Монголд амьдрахгүй байсан ч эх орондоо хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх боломжтой аж.
3. Инновацын экосистемийг бэхжүүлэх
Тайвань, БНСУ-ын туршлагаас харахад диаспорагийн мэдлэгийг ашиглахын тулд эх орондоо судалгаа, инновацын таатай орчин бүрдүүлсэн байна. Судалгааны санхүүжилт, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалт, их сургууль, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг нь чадварлаг хүмүүсийг татах төдийгүй дэлхийн хаанаас ч хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм.
4. Залууст үлдэх шалтгааныг бий болгох
Эцэст нь хамгийн чухал бодлого нь хүмүүсийг явахгүй байхыг шаардахаас илүү үлдэхийг хүсэх орчныг бүрдүүлэх явдал юм. Өрсөлдөхүйц цалин, шударга мерит тогтолцоо, чанартай боловсрол, судалгааны боломж, ногоон байгууламжтай хот, иргэдээ хүндэлдэг төр зэрэг нь татах хүчин зүйл юм.
Эцэст нь
XXI зуунд бид "Brain Drain"-аас айж эмээхээс илүү “Brain Circulation” буюу мэдлэгийг эргэлтэд оруулах нөхцөлийг бий болгохыг зорих шаардлагатай болжээ. Учир нь өнөөдрийн дэлхийд хөгжлийг зөвхөн хил доторх хүмүүс биш, харин дэлхий даяар тархан ажиллаж буй иргэдийн мэдлэг, хамтын ажиллагаа тодорхойлж байна.
Тиймээс "Монголын хамгийн том экспорт залуучууд уу?" гэсэн асуултаас илүү "Монгол дэлхий даяарх монголчуудын мэдлэгийг хөгжлийн давуу тал болгож чадах уу?" гэсэн асуулт өнөөдөр илүү чухлаар тавигдаж байна.
Сэтгэгдэл