УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Сүүлийн үед залуус ямар шинэ үг хэллэг хэрэглэдэг болсон бэ?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Сүүлийн үед залуус ямар шинэ үг хэллэг хэрэглэдэг болсон бэ?

Сүүлийн үед залуус ямар шинэ үг хэллэг хэрэглэдэг болсон бэ?

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.09.17 · 3 унших

Сүүлийн үед цахим орчинд “та болчихжээ”, “тийрсэн”, “гажирсан”, “юм авчихлаа”, “хэцүү юм байна дөө” гэх мэт хэллэгүүд бараг өдөр бүр харагдах болжээ. Эдгээр толь бичигт байдаггүй үгсийг манай Жэн зи үеийнхэн тайлбаргүйгээр ойлгох аж. Тэгвэл яагаад залуусын хэлэнд шинэ хэллэгүүд ийм хурдан төрж, яг түүн шигээ хурдан мартагддаг вэ? Энэ үзэгдэл зөвхөн Монголд тохиолдож байгаа зүйл үү, эсвэл үе үеийн хэлний хөгжлийн хэвийн мөчлөг үү?

Дэлхийн бараг бүх хэлэнд залуус өөрсдийн гэсэн хэллэг бүтээж, заримыг нь нийтлэг хэрэглээ болтол түгээдэг байна. Хэл шинжлэлийн профессор Кристофер Гриний тайлбарласнаар шинээр үүсэж буй үгс яг ч оргүй хоосноос бүтэж буй хэрэг биш аж. Бүрэн шинэ үг үүсэх нь харьцангуй ховор үзэгдэл юм байна. Харин ихэнх шинэ үг өмнө нь байсан үг, хэллэгийн хэсгийг өөрөөр ашиглах, эсвэл тухайн үгийн утга өргөжих замаар бий болдог аж. Үүнийг хэл шинжлэлд неологизм буюу шинэ үг, шинэ хэллэгийн үүсэл гэж нэрлэдэг  байна. 

Учир нь хүмүүс өдөр бүр хэрэглэж, хоорондоо ойлголцож, шинэ нөхцөлд шинэ утга өгч байдаг учраас хэл өөрөө байнга хөдөлж байдаг аж. Америкийн хэл шинжлэлч Уильям Лабов хэлний өөрчлөлтийн хамгийн идэвхтэй хөдөлгөгч нь өсвөр нас, залуу үе байдаг гэж үздэг байна. Учир нь өсвөр нас, залуу нас бол хүний нийгмийн харьяалал хамгийн хүчтэй мэдэрдэг үе бөгөөд хүн гэр бүлээсээ илүү найз нөхөд, үеийнхэнтэйгээ өөрийгөө адилтгаж эхэлдэг байна. Иймд бид залуу үеийн төлөөлөл болгож 20 настай СЭЗИС-ийн оюутан Г.Анузаяагаас шинэ үеийнхний хэлний хэрэглээ, хэллэгүүдийн талаар тодруулга авсан юм.

fin-1.jpg

- Гажирсан, тийрсэн, юм авчихлаа гэх мэт үг, хэллэгийг анх хаанаас сонсож, хэрэглэж эхэлсэн бэ?

- Ихэвчлэн сошиал медиагаас эхэлдэг юм шиг санагдаж байна. Тикток, Фэйсбүүк, Инстаграм дээр хүмүүс нэг хэллэгийг олон давтаж хэрэглээд эхлэхээр өөрийн эрхгүй сурчихдаг. Зарим нь мийм эсвэл богино бичлэгээс гарч ирдэг, зарим нь стримерүүд, контент бүтээгчдээс тархана. Бас видео тоглоом тоглож байхдаа сонссон үгс ч байдаг. Эхэндээ зөвхөн онлайн орчинд хэрэглэдэг байсан хэллэгүүд дараа нь найзуудтайгаа уулзаад ярьж байхад ч амнаас гараад эхэлдэг.

-  Энгийн хэрэглээнд байдаг үгээр хэлэхээс ямар ялгаатай санагддаг вэ?

- Илүү дотно, хөгжилтэй санагддаг. Найзуудтайгаа адилхан нэг долгион дээр байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Зарим үгийг ингэж хэлэхээр тухайн ярианы өнгө нь хүртэл өөр болчихдог юм. Шууд өдөр тутмын, энгийн  үгээр хэлэхээр арай албан, эсвэл хэт энгийн сонсогдох үе байдаг.

- Эдгээр хэллэгийг хүн бүртэй адилхан хэрэглэдэг үү, эсвэл найз нөхөд, үеийнхэнтэйгээ харилцахдаа л хэрэглэдэг үү?

- Ер нь үеийнхэнтэйгээ л харилцахдаа хэрэглэдэг. Найзуудтайгаа чатлах, уулзах үед бол хэвийн хэрэглээ. Харин ээж аав, ахмад хүмүүс, багштайгаа ярихдаа бараг хэрэглэдэггүй. Тэд ойлгохгүй байх магадлалтай, бас тухайн нөхцөлд нэг их зохимжтой санагддаггүй.

Яагаад найзуудынхаа дунд “хэцүү юм байна дөө” гэж хэлэх нь өөр мэдрэмж төрүүлдэг вэ?

Үе үеийнхэн өөрсдийн гэсэн хэллэгтэй байдаг энэ үзэгдэл цаг хугацааны турш давтагдсаар иржээ. Нийгэм хэл шинжлэлд (хэл болон нийгмийн хоорондын хамаарлыг судалдаг хэл шинжлэлийн салбар ухаан) үүнийг таних тэмдэг (identity marker) гэж тайлбарладаг байна. Хэл шинжлэлийн профессор Кристофер Гриний хэлснээр, үе бүр ямар нэг зүйлийг “гоё”, “таалагдаж байна” гэж илэрхийлэх өөрийн гэсэн тусгай үгтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс тодорхой бүлэг, соёл, үеийнхэнтэйгээ ижилсэхийн тулд тухайн бүлгийн хэрэглэдэг үг хэллэгийг өөрсдийн яриандаа оруулдаг аж.

fin-5.jpg

Өнөөдрийн “тийрсэн”, “гажирсан”, “та болчихжээ”, “юм авчихлаа” гэх мэт хэллэгүүд нь нэг үеийнхэн хоорондоо ойлголцож, өөрсдийгөө илэрхийлэх хэлний нэгэн төрлийн таних тэмдэг болж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр тогтсон хэллэгүүд нь нэг төрлийн “дотоод код” юм байна. Энэ нь тэдгээр үе дотор ойр дотно мэдрэмж бий болгодог бол бусад хүмүүст ойлгомжгүй сонсогддог аж.

Өмнөх үеийнхний шинэ хэллэг дуу хөгжим, телевиз, кино зэрэг уламжлалт сувгаар аажмаар тархдаг байсан бол өнөөдөр энэ үйл явцын хамгийн том ялгаа нь тархах хурд, хүрээ болжээ. Сошиал медиа хүмүүсийг агшин зуур холбож, шинэ үг, шинэ хэллэгийг хэдхэн цаг, хэдхэн өдрийн дотор асар олон хүний хэрэглээнд хүргэх боломжтой болсон. Ингэснээр шинэ үгсийн тархалт урьд өмнөхөөс хавьгүй хурдан, илүү өргөн хүрээтэй болсон байна.

Шинэ хэллэгүүдийн онцлог нь утгаасаа илүү өнгө аяс дамжуулдаг. Тэдний хувьд “хэцүү юм байна дөө” гэдэг өгүүлбэр:

  • үнэхээр төвөгтэй зүйл дээр хэлж болно,
  • гайхахдаа хэлж болно,
  • егөөдөж хэлж болно.

Хэл шинжлэлд үүнийг прагматик утга гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, үгийн утгыг нөхцөл байдал, хоолойны өнгө, ярьж буй хүмүүсийн харилцаа тодорхойлдог аж. “Юм авчихлаа” гэхэд ч мөн адил. Тухайн ярианы контекстээс хүмүүс ойлголцдог байна.

Хэлний хувьсал хаашаа чиглэж байна вэ?

Хэл байнга өөрчлөгдөж байдаг амьд тогтолцоо аж. Шинэ үг, шинэ хэллэг хэрхэн бий болж, хэрхэн тархдагийг ойлгосноор хэлийг дүрмийн тогтсон системээс илүүтэй хамтын хэрэглээ, соёлын үнэт зүйл, технологийн хөгжилтэй хамт өөрчлөгддөг амьд үзэгдэл гэж харж болох юм.

Зарим үгс тухайн үеийн тренд, миймтэйгээ хамт алга болдог бол зарим нь илүү өргөн хүрээнд хэрэглэгдэж, хэлний тогтсон хэсэг болдог байна. Үүнд тухайн хэллэг ямар нэгэн ойлголт, туршлагыг нэрлэх бодит хэрэгцээтэй эсэх, мөн түүнийг нэг бүлгээс давж олон хүн хэрэглэж эхэлсэн эсэх чухал аж. Хэл шинжлэлийн профессор Кристофер Гринийн тайлбарласнаар шинэ үг хэлэнд тогтох үйл явц нь шинэ үг зохиогдон гарч, хүмүүсийн хэрэглээ, хүлээн зөвшөөрөлтөөр үргэлжилдэг байна. 

Тиймээс өнөөдөр хэн нэгний хувьд “сонин” сонсогдож байгаа үг маргааш энгийн хэрэглээ болохыг үгүйсгэх аргагүй юм. Эсвэл дараагийн тренд гарч ирэхэд чимээгүйхэн алга болж ч болно. Иймд аль үг удаан настай байх, аль нь түр зуурын тренд болоод алга болохыг урьдчилан хэлэх боломжгүй юм. Эцсийн дүндээ тухайн хэллэгийг хүмүүс хэрэгтэй гэж үзэж, өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн хэрэглэж эхэлбэл л хэлний нэг хэсэг болж үлддэг байна. Өөрөөр хэлбэл, шинэ үгийн хувь тавилан нь хэл шинжлэлчид биш, түүнийг өдөр бүр хэрэглэдэг хүмүүсийн гарт байдаг аж.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.