Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн туурьд археологийн малтлага судалгааг үргэлжлүүлэн явуулж байна. Энэ жилийн хээрийн судалгааг тус төслийн Монголын талын удирдагч, академич С.Чулуун, Япон талын удирдагч профессор Такаши Мацүкава нараар ахлуулсан баг 8 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Судалгааны явцад дурсгалт газрын зүүн хэсэгт орших томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийсэн бөгөөд уг сүм нь 16 дугаар зууны эцэс, 17 дугаар зууны эхэн үед хамаарч байгааг Япон Улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр тогтоосон байна. Тус томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, горооны замтай байснаас гадна хананд нь олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрчээ. Мөн түүхий шавраар хийсэн бурхны хэсгүүд, шүншиг болох шаазан хундага, эрдэнийн чулуун эрхи зэрэг олдворууд гарсан байна.

Энэ удаагийн малтлагаар монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг олдсон нь шинжлэх ухаанд урьд өмнө байгаагүй шинэ олдвор болжээ. Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчдын хийсэн анхны сэргээлт болон уншилтаар шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйлс болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээрийн дундаас Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалын хэсэг анх удаа илэрсэн нь түүх, бичиг үсгийн судалгаанд онцгой үнэ цэнтэй нээлт болж байна. Уг олдсон билэг сургаал нь “Лу. Алтан товч”-д тэмдэглэгдсэнтэй ижил болохыг судлаачид урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.
Эх сурвалж: ШУА-ын Түүх, угсаатан зүйн хүрээлэн