Хүүхэд гэдэг ирээдүйгээс бидэнд илгээсэн гэрэл гэгээ, амьдралын хамгийн энгийн мөчүүдийг хүртэл баяр хөөрөөр дүүргэх гайхамшиг байдаг билээ. Харин хүүхэдтэй болох, гэр бүл бүтээх тухай бодохдоо өнөөгийн залуус бид үүнийг хайр сэтгэлээс илүүтэй хариуцлага, хамтын амьдралаа бүтээх өдөр бүрийн сонголт, хөдөлмөр гэж хардаг болжээ.
Гэсэн ч гэр бүл гэдэг төгс хүмүүсийн төгс амьдрал биш, харин бие биеэ сонгосон хоёр хүн хайр, итгэл, ойлголцол, хөдөлмөрөөрөө хамтдаа бүтээдэг нандин орон зай юм. Энэ удаа бид ариун нандин учралаа гэр бүл болгон үргэлжлүүлж, ажил амьдралаа зэрэгцүүлэн бүтээж яваа “Reginhard Agency”-ийн Үүсгэн байгуулагч Энүү (Ж.Энүүжин), Жо (Б.Түмэн-Өлзий) нарын гэр бүлтэй ярилцлаа. Тэдний хайр дурлал хэрхэн гэр бүл болон төлөвшсөн, хамтын амьдралын үнэ цэн юунд оршдог, аав ээж болсон хойноо бие биенээ хэрхэн түшиж, хамтдаа өсөж явааг нь хуваалцсан дулаахан ярилцлагыг хүргэж байна.

- Юуны өмнө та хоёрын анх танилцсан түүхээс яриагаа эхэлье. Нэг ангийн хүүхдүүд байсан ч тухайн үедээ нэг их ойр байгаагүй гэсэн. Анх яаж танилцаж, энэ түүх эхэлсэн бэ?
Энүү: Бид хоёр уг нь ШУТИС-ийн нэг ангийн хүүхдүүд байхгүй юу. Их сургуульд нэг анги мөртлөө нэг их дотносож, найзлаад байдаггүй, зүгээр л зүс царайгаа таних төдий хүмүүс байдаг даа. Бид хоёр яг л тийм байсан. Тэгсэн төгсөхөөс нэг жилийн өмнө Жо хичээлээ дүйцүүлээд Австри руу сурахаар явчихсан. Тийм болохоор нэгнээ таньж мэдэх, дотносох, найзлах ч боломж гараагүй. Энэ янзаараа би ч сургуулиа төгслөө, Жо ч Австридаа сургуулиа төгсөөд, Монголдоо буцаад ирлээ. Тэгээд 2020 онд бидний дундын нэг найз ангийнхнаараа уулзах гээд, их сургуулийн хэдэн найзыгаа цуглуулсан. Өмнө нь бид хоёр зүгээр л зүс царайгаа мэддэг байсан бол тэр уулзалтаар ярилцаад үзэхэд бидний сонсдог хөгжим, уран бүтээлч, үздэг кино гээд яг л таараад байсан. Тэгээд л маргаашаас нь болзож эхэлсэн дээ.
Жо: Тэр үеэс эхлээд хөөрхөн болзоод, бие биеийхээ гэрээр орж гарч, аав ээжтэй нь танилцаад л явж байсан. Уулзах бүрдээ нэг нэгнээ арай илүү таньж мэдээд, харилцаа маань ч аажмаар илүү дотно болж байсан үе. Тэгсэн 2021 онд ковид гарч, хөл хорио тогтоогоод бид хамтдаа хөл хорионд орсон. Хүмүүсийн хувьд бүх зүйл зогсчихсон мэт байсан ч бид хоёрын хувьд эсрэгээрээ бие биетэйгээ хамгийн их цагийг өнгөрүүлж, өдөр тутмын амьдралаа хамтдаа туулж үзсэн сонирхолтой цаг хугацаа болсон.
Тухайн үед бид нэг компанид бүтэн цагаар хамт ажилладаг байсан юм. Тэгээд хөл хорионы үеэр компьютеруудаа зэрэгцүүлээд тавьчихна, онлайнаар хамт ажлаа хийдэг байлаа. Ажиллах, хооллох, амрах гээд өдөр тутмын бүх мөчөө хамт өнгөрүүлснээр нэг нэгнийхээ зан ааш, дадал, хандлагыг илүү сайн мэддэг болсон байх. Ковидын хөл хорио ч аажмаар суларч, амьдрал бага багаар хэвийн байдалдаа орж эхлэхэд бидний амьдрал ч дараагийн шат руугаа орсон. 2022 онд бид хоёр хүүхэдтэй болж, 2023 онд хуримаа хийж, 2025 онд өөрсдийн компанийг байгуулсан. Ингээд бие биеийхээ зүсийг таних төдий явсан хоёр хүүхэд хэдхэн жилийн дотор нэг гэр бүл болж, өнөөдөр хамтдаа ажиллаж, амьдралаа бүтээж явна даа.
- 2022 онд та хоёрын амьдралд бас нэгэн том өөрчлөлт орж, анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Анх хүүхэдтэй болсноо мэдсэн тэр мөчөө эргээд дурсвал ямар байсан бэ?
Энүү: Анх хүүхэдтэй болсноо мэдсэн өглөө Жо надад тестээ үзүүлж байгаа байхгүй юу. Тэгээд бид хоёр хоёулаа их уйлалдсан. Ядаж байхад тэр өглөө бид өөр өөр ажилтай байсан тул гэрээсээ гараад хоёр тийшээ салаад явсан. Тэгээд би өдөржингөө машин бариад, харсан зүг рүүгээ ямар ч зорилгогүй уйлаад л яваад байсан. Нэг мэдсэн бүр Таван шар орчихсон явж байсан. Өдөржингөө тэгж уйлж явчхаад орой гэртээ ирсэн. Тэр үед яг юу мэдэрснээ одоо бодоход их сонин. Баярласан ч юм шиг, догдолсон ч юм шиг.
Жо: Хүүхэдтэй болно гэж яг төлөвлөөгүй байсан болохоор гэнэт хүүхэдтэй болсноо мэдэхэд сэтгэл санаа гэдэг чинь яг л галзуу хулганад суучихсан юм шиг болсон доо. Баярлана, догдолно, айна, бас юу хийхээ сайн мэдэхгүй сандарна. Бүх мэдрэмж нэг дор ирчихсэн үе байсан. Гэхдээ хоёр талын аав, ээжүүд маань өмнө нь “Та хоёр нэгэнт хамт байгаа юм чинь хүүхэдтэй болооч” гээд хэлээд эхэлчихсэн байсан. Тийм болохоор аав, ээждээ энэ мэдээг хэлэхээс нэг их айгаагүй ээ.
"Ээж болоод бүтээлч байдлаа алдах биш, харин ч илүү зоригтойгоор сэтгэдэг болсон"
- Хүүхэдтэй болсноор та хоёрын амьдралд олон зүйл шинээр эхэлсэн байх. Аав, ээж болохын хажуугаар ажил, мэргэжлээ үргэлжлүүлж, бүр өөрсдийн компаниа байгуулжээ. Энэ бүхнийг хамтад нь авч явах явцад та хоёр өөрсдийнхөө тухай, амьдралынхаа тухай юуг шинээр ойлгосон бэ?

Жо: Би ажлаа хийгээд, хажуугаар нь жаахан ч гэсэн бүтээлч зүйл хийхгүй бол стрессддэг болохоор хүүхдээ төрөхөөс өмнөх гурван сар, төрсний дараах гурван сар гээд нийт зургаан сарын л завсарлага авсан. Охин маань долоон сартай байхад өглөө хадам ээж маань манайд ирээд хүүхдийг маань хардаг. Би цайны цагаараа гэртээ ирж хүүхдээ хөхүүлээд, буцаад ажилдаа явна. Иймэрхүү байдлаар явж байгаад охиноо нэг ой гурван сар хүрэхэд нь шууд цэцэрлэгт өгсөн. Ээж болоод амьдралыг илүү олон өнцгөөс хардаг болж, өмнө нь анзаардаггүй байсан жижиг зүйлсээ илүү мэдэрч, бүтээлч байдлаа алдах биш, харин ч илүү зоригтой сэтгэдэг болсон. Хүүхэдтэйгээ хамт өсөж, юм бүхнийг шинээр харж байгаа нь өөрт маань бас шинэ мэдрэмж өгдөг гэх үү дээ. Тэгээд 2025 онд бид өөрсдийн компанийг ч байгууллаа. Би чинь хүүхэдтэй болоод дотроо нэг том үүрэг, хариуцлага ухамсарлаад явж байгаа шүү дээ. Тэгээд нэг мэдсэн ажлаа ч бас охинтой минь хамт өсөж яваа шинэ эхлэл шиг хардаг болсон.
Энүү: Хүүхэдтэй болсноос хойш хийж байгаа ажил, бүтээж байгаа зүйлдээ илүү хариуцлагатай, утга учиртай ханддаг болсон гэж бодож байна. Өмнө нь өөрт сонирхолтой санагдсан зүйлээ л хийгээд явдаг байсан бол одоо өөрөө бүх хариуцлагыг үүрээд, ажлаа яаж илүү сайн хийх вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг талаас нь боддог болсон. Нэг өдөр өөртөө “за өнөөдөр амаръя” гээд чөлөө өгчихөд л, тэрнийхээ ард хийж болох байсан зүйлсээ хийгээгүйдээ харамсах үе гарна. Тэгэхээр ер нь өөрсдөө эхлүүлсэн зүйл болохоор хариуцлага нь өөр мэдрэгддэг юм байна.
- Аав болсон анхны мөчөө эргээд дурсвал ямар байдаг вэ?

Энүү: Би төрөхийн өрөө рүү хамт ороод төрөхөд нь хамт байна гээд бодчихсон байсан. Тэгсэн төрөхийн хүндрэл гарч, намайг оруулахгүй гээд гэнэт хагалгаа хийхээр болсон. Уг нь бид хоёр чинь аймаар гангалчихсан, хоёулаа төрснийхөө дараа сельфи хийнэ ээ гээд л очсон байхгүй юу. Гэтэл шууд охины маань зүрхний цохилт унаад, 50, 40, 30 гээд тоо нь буугаад эхэлсэн. Эмч нар ч сандраад “За, охид оо, гүйгээрэй. Хийж байгаа юмаа хаяад дээшээ, хагалгааны тасаг руу” гээд л. Тэгээд Жогийн бүх хувцсыг замд нь тайлаад, тайлагдахгүй байгаа хувцсыг нь шууд хайчилчихдаг юм билээ. Гадаа нь гурван цаг орчим хүлээгээд сууж байсан чинь охиныг маань шилэн хоргонд хийгээд сувилагч нь түрээд гараад ирдэг юм байна. Тэр үед маш их сандарсан. Орой арван хоёр өнгөрч байхад “За, аав нь хүүхдээ харж болно” гээд инкубаторын цаанаас охиноо хараад, зургийг нь аваад Жо дээр очиж “Энэ байна” гээд зургийг нь үзүүлж байлаа. Тэр мөчийг одоо хүртэл мартдаггүй юм.
"Охиноо эрэгтэй хүний чанга дуу сонсож өсөөсэй гэж хүсдэггүй"

- Төрсний дараах эхний сарууд сэтгэл санааны хувьд нэлээд өөрчлөлттэй байдаг шүү дээ. Танд төрсний дараах сэтгэл гутрал, эсвэл сэтгэл санааны хүнд үе мэдрэгдэж байсан уу. Тэр үедээ өөртөө болон ойр дотнын хүмүүсээсээ ямар дэмжлэг авсан бэ?
Энүү: Төрсний дараах сэтгэл санааны уналт бол мэдрэгдэж л байсан. Би гэхдээ тэр үед эхнэртээ яаж туслахаа нэг их мэддэггүй байсан. Бараг тусалж байгаагүй байх аа.
Жо: Үгүй ээ, тусалсан шүү дээ. Би чинь хүүхдээ төрүүлэх хүртлээ хөлдүү маханд ч хүрч үзээгүй. Өглөө сэрэхэд л Энүү өглөөний цайгаа бэлдчихсэн байдаг. Хааяа цэцэг, кофе бариад ороод ирдэг. Тиймэрхүү жижигхэн үйлдлүүд хүртэл төрсний дараа их нөлөөлдөг юм билээ. Тэгээд ер нь хүмүүс чинь төрөнгүүт л “Наадах нь хүүхдэд сайн, тэр нь хүүхдэд муу” гээд өөрсдөө төрүүлчихсэн юм шиг л хэт их оролцох гээд байдаг шүү дээ. Энүү тэгээгүй. Надад зүгээр л өөртөө анхаарах, хүүхдээ өөрийнхөөрөө өсгөх эрх чөлөөг өгсөн.
- Та хоёрын хувьд анх аав, ээж болоход хамгийн их хэрэг болсон зүйл юу байсан бэ. Мөн эцэг эх болох гэж байгаа залуу хосууд юунд урьдчилж бэлдэж, юуг заавал мэдэж байгаасай гэж боддог вэ?
Энүү: Бид төрөхөөсөө өмнө аав, ээжийн сургалтад сууж байсан нь төрсний дараа их хэрэг болсон. Тэр сургалтаар хүүхдийг яаж өлгийдөхөөс эхлээд өдөр тутамд хэрэг болох олон зүйлийг зааж өгдөг. Гэхдээ надад хамгийн чухал санагдсан нь хүүхдээ хэрхэн асрахыг заахаас гадна эцэг эх болох сэтгэл санааны бэлтгэлийг маш сайн бэлдэж өгсөн. Тэр бэлтгэлтэй байсан болохоор хүүхэдтэй болсныхоо дараа бүх зүйлийг тэгээс эхлэх биш, бага багаар өөрсдөө ойлгож, суралцаад явсан байх.
Жо: Бид хүүхэдтэй болсон хэр нь яг бодит байдал дээр төрөх, хүүхэдтэй болох гэдэг зүйлээ ерөөсөө төсөөлөөгүй байсан. Тэгсэн тэр сургалтаар төрөх үед яаж дүлэх, яаж амьсгалах, ямар байрлалд байх вэ гээд бодитоор хэрэг болох зүйлсийг зааж өгсөн. Ер нь хүүхэдтэй болохоосоо өмнө иймэрхүү сургалтад сууж, юу болох талаар урьдчилж мэддэг байх нь их хэрэгтэй юм билээ.
- Та хоёр хоёулаа дизайнер мэргэжилтэй, бүтээлч салбарт ажилладаг. Ижил мэргэжилтэй байх нь та хоёрын өдөр тутмын амьдрал, юманд хандах хандлагад ер нь нөлөөлдөг үү?
Энүү: Дизайнер хүний хамгийн сонирхолтой зүйл нь аливаа зүйлийг зүгээр байгаагаар нь хүлээж авахаас илүү “Яагаад ингэж хийсэн бол, өөрөөр хийвэл ямар байх бол?” гэж бодож, сайжруулахыг хичээдэгт байдаг. Ер нь дизайнер хүн асуудал шийддэг хүн шүү дээ. Тиймээс энэ хандлага ажил дээр ч, харилцаан дээр ч давтагддаг. Заримдаа “болчихлоо” гээд орхихын оронд арай өөрөөр хийвэл илүү гоё, илүү зөв болох юм шиг санагдаад дахин дахин боддог. Нэг алаараа илүү цаг, хүч хөдөлмөр шаарддаг ч нөгөө талаасаа бид хийж байгаа зүйлдээ өөрсдийн харах өнцөг, мэдрэмжийг шингээхэд тус болдог.
Жо: Надад бол адилхан мэргэжилтэй хүнтэй хамт амьдрахад зарим юмыг тайлбарлах шаардлага гардаггүй нь их амар. Нэг юманд гэнэт дурлачихна, ямар нэгэн санаа төрнө, эсвэл зүгээр л ийм юм хийгээд үзмээр байна гэхэд л нөгөө хүн чинь яагаад гэдгийг нь ойлгодог. Заримдаа бид зүгээр л хамтдаа болзож, зугаалж, ярилцахад тэр нь өөрөө нэг төрлийн бүтээлч ажлын эхлэл болчихдог. Бидний харилцааны хамгийн нандин холбоос нь хайр дурлал, гэр бүлээс гадна аливааг хамтдаа бүтээх хүсэл байдагт оршдог.
- Эцэст нь, гэр бүл зохиох гэж байгаа хосуудад бие биетэйгээ харилцах, хамтдаа амьдралаа бүтээх тал дээр хэлэх зүйл байна уу?
Жо: Бид хоёр ажил, гэр бүлийнхээ цагийг тусад нь гаргахыг хичээгээд өглөө есөн цагаас оройн арван долоон цаг эсвэл өглөө арван цагаас оройн арван найман цаг гээд хуваарь гаргачихсан. Тэгээд оройн цагаар ямар ч ажил авахгүй, гэртээ ирээд ажил ярихгүй гэж хоорондоо хатуу тохиролцсон. Тэр үеэс хойших цагийг гэр бүлдээ зориулахыг хичээдэг.
Нөгөөтээгүүр хосуудын амьдралд ганц нэг маргалдах зүйл гардаг. Гэхдээ тэрийгээ нэг их хүндрүүлэхгүй, асуудал гарсан дээр нь ярилцаад шийдээд явъя гэж боддог. Бас бид хоёр хүүхдийнхээ хажууд чанга дуугаар ерөөсөө ярьдаггүй. Охиноо загнах шаардлагатай болбол би өөрөө загнадаг. Яагаад гэвэл охиноо эрэгтэй хүний чанга дуу сонсож өсөөсэй гэж хүсдэггүй.
Энүү: Таваас зургаахан жилийн дотор гэхэд бид хоёр маш их зүйлийг хамтдаа бүтээсэн байна. Уг нь энэ чинь зарим хүмүүсийн үерхлийн хугацаа шүү дээ. Энэ бүхий л хугацаанд мэдээж муудалцах үе гарна. Би уурлавал Жо сонсоод л, Жо уурлахаар би сонсоод л явдаг. Нэгнийхээ ууртай үед зүгээр л сонсож, тайвшрахыг нь хүлээдэг. Ер нь хамтын амьдралд тэвчээртэй байх хамгийн чухал юм шиг санагддаг. Тэгээд хоёулаа итгэж байгаа зүйл дээрээ нэгнийгээ дэмжээд, зоригтой л байх хэрэгтэй.