УБ 17°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Apple 2026 оны шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа: iPhone Duo
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Apple 2026 оны шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа: iPhone Duo

Apple 2026 оны шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа: iPhone Duo

Г.Цэнд-АюушМ.Энхмаа
Г.Цэнд-Аюуш, М.Энхмаа
Ерөнхий редактор
2026.09.10 · 3 унших · — үзсэн

Apple жил бүрийн намрын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж, iPhone, Apple Watch, AirPods-ын шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа. Энэ жилийн арга хэмжээний хамгийн том онцлох бүтээгдэхүүн нь Apple-ийн анхны эвхэгддэг iPhone болох iPhone Duo байв.

Түүнчлэн iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max, Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4 болон AirPods 5-ыг дэлгэлээ. Ингээд шинэ бүтээгдэхүүнүүдээс онцлох өөрчлөлтүүдийг нэг дор хүргэж байна.

Apple-ын анхны эвхэгддэг iPhone

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн том шинэ бүтээгдэхүүн нь iPhone Duo байв. Apple ийнхүү Samsung, Google, Huawei зэрэг үйлдвэрлэгчдийн хэдэн жилийн өмнөөс өрсөлдөж эхэлсэн эвхэгддэг ухаалаг утасны зах зээлд анх удаа орж байна.

Шинэ iPhone нь ном буюу паспорт шиг хажуу тийш дэлгэгддэг хийцтэй. Хаалттай үедээ ердийн ухаалаг утас шиг ашиглах боломжтой бол дэлгэхэд илүү том дэлгэцтэй төхөөрөмж болж хувирах юм байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Гадна дэлгэц: 5.4 инч
  • Дотор дэлгэц: 7.6 инч
  • Процессор: A20 Pro чип
  • Камер: 48MP Fusion үндсэн болон 48MP Fusion Ultra Wide камер
  • Батарей: 44 цаг хүртэл ашиглах боломжтой
  • Их бие: Grade 5 титан
  • Санах ой: 2TB хүртэл
  • Эхлэх үнэ: 1,999 ам.доллар
  • Урьдчилсан захиалга: Аравдугаар сарын 16
  • Худалдаанд гарах өдөр: Аравдугаар сарын 23

Эвхэгддэг утасны хамгийн түгээмэл асуудлуудын нэг нь дэлгэцийн нугалаас болон нугасны хийц байдаг. Apple дэлгэцийн нугалаасны харагдах байдлыг багасгах шинэ гадаргуу, сайжруулсан олон бүрэлдэхүүнтэй precision hinge системийг ашиглажээ. Ингэснээр iPhone-ийн үндсэн хэлбэр бараг хорин жилийн дараа хамгийн том өөрчлөлтөө хийж байна.

iPhone 18 Pro, 18 Pro Max

Frame 2085666604.jpgApple уламжлалт iPhone-оо ч орхисонгүй. Энэ жилийн үндсэн дээд ангиллын загварууд болох iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max-ыг мөн танилцууллаа. Харагдах байдлаараа өмнөх үеийн iPhone-той төстэй боловч доторх техник болон камерын системд хэд хэдэн өөрчлөлт оржээ.

Гол шинэчлэлтүүд:

  • Шинэ A20 Pro процессор
  • 2 нанометрийн үйлдвэрлэлийн технологи бүхий гүйцэтгэл
  • ProMotion технологи бүхий дэлгэц
  • Илүү нарийвчилсан Dynamic Island
  • Variable aperture буюу хувьсах диафрагмтай камерын систем
  • iPhone 18 Pro нь 36 цаг, Pro Max нь 45 цаг хүртэл видео тоглуулах батарейн ажиллагаатай
  • Pro Controls буюу камерын тохиргоог гараар удирдах дэвшилтэт хэрэгслүүд
  • Apple Intelligence болон шинэ Siri-д зориулсан сайжруулалт

Үнийн хувьд iPhone 18 Pro 1,199 ам.доллар, харин Pro Max 1,299 ам.доллароос эхэлнэ. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 12-нд эхэлж, 18-наас худалдаанд гарах юм байна. Сонирхолтой нь Apple энэ удаа энгийн iPhone 18-ыг танилцуулсангүй.

Apple Watch Series 12

Frame 2085666605.jpg

Apple Watch ч шинэчлэгдэж, Apple Watch Series 12-ыг танилцууллаа. Гадна дизайны хувьд өмнөх үетэйгээ ижил төстэй боловч энэ удаагийн гол шинэчлэл нь эрүүл мэнд болон биометрийн хэмжилтэд төвлөрчээ.

Шинэ боломжууд:

  • Шинэ Health Sensing System
  • Зүрхний цохилт болон HRV үзүүлэлтийг өндөр давтамжаар нарийвчлан хэмжих
  • Readiness функц (нойр, дасгалын ачаалал болон биеийн ерөнхий байдлыг нэгтгэн үнэлэх)
  • Биометрийн мэдрэгчийн нарийвчлалыг сайжруулсан
  • S11 чип
  • Өдрийн хэрэглээг даах батарейн хугацаа
  • Хөнгөн цагаан болон бусад материалын сонголт

Apple Watch Series 12-ын үнэ 399 ам.доллароос эхэлнэ.

Apple Watch Ultra 4

Илүү удаан цэнэгээ хадгалах батарей, спорт болон гадаа орчны хэрэглээнд зориулсан Apple Watch Ultra цуврал мөн шинэчлэгдлээ. Apple Watch Ultra 4 нь сайжруулсан процессор, илүү тод дэлгэц, эрүүл мэндийн дэвшилтэт боломж болон GPS-ийн нарийвчлалын шинэчлэлтэй.

Apple Watch Ultra 4 нь энгийн хэрэглээнд 50 цаг хүртэл, Low Power Mode горимд 84 цаг хүртэл ажиллах боломжтой. Үнэ нь 799 ам.доллар бөгөөд есдүгээр сарын 18-наас худалдаанд гарах юм байна.

AirPods 5

Frame 2085666606.jpg

Утасгүй чихэвчнийхээ шинэ үе болох AirPods 5-ыг мөн танилцууллаа. Шинэ AirPods нь идэвхтэй дуу чимээ дарах технологи, сонсголын эрүүл мэндийг дэмжих функц болон сайжруулсан аудио системтэй болжээ.

Гол өөрчлөлтүүд:

  • Active Noise Cancellation (ANC) буюу идэвхтэй дуу чимээ дарах технологи нэмэгдэж, орчны дуу чимээг 50 хүртэл хувиар илүү бууруулах
  • Apple Intelligence-д суурилсан Live Translation (бодит шууд орчуулга) функц
  • Сайжруулсан acoustic architecture, Adaptive EQ болон computational audio
  • Өдрийн турш ажиллах батарейн нөөц
  • Үнэ: 129 ам.доллар

Live Translation нь Apple Intelligence, Translate апп болон тохирох Apple төхөөрөмж, AirPods-ын хослол ашиглан ажиллах бөгөөд хэрэглэгчдэд харилцан яриаг бодит цагт орчуулах боломж олгоно.

Шинэ Siri ба Apple Intelligence

Шинэ төхөөрөмжүүдээс гадна Apple-ийн энэ жилийн чухал сэдэв Siri болон Apple Intelligence байлаа. Apple шинэ Siri-ийн тусламжтайгаар хэрэглэгчийн туршлагыг шинэ шатанд гаргаж байна. Ингэснээр Siri хэрэглэгчийн асуултад хариулахаас гадна дэлгэц дээрх мэдээллийг ойлгох, апп хооронд үйлдэл хийх, хувийн контекст ашиглах зэрэг боломжуудтай болж байна.

Үүнээс гадна шинэ хиймэл оюуны боломжууд iOS 27 үйлдлийн системтэй хамт есдүгээр сарын 14-нөөс хэрэглэгчдэд нэвтрэх бөгөөд шинэ Siri-ийн дэвшилтэт боломжууд эхний ээлжид beta хувилбараар нэвтрэх юм. Siri-ийн шинэ хиймэл оюуны боломжууд эхлээд англи хэл дээр нэвтэрч, дараа нь франц, япон, солонгос, португал, испани хэлүүд нэмэгдэхээр байна.

Тэгэхээр энэ жилийн хамгийн том өөрчлөлт юу байв?

Сүүлийн жилүүдийн Apple-ийн намрын арга хэмжээ ихэвчлэн iPhone-ийн камер, процессор, батарейн шат дараалсан шинэчлэлтүүдэд төвлөрч байсан бол 2026 он арай өөр дүр зурагтай байна. Хамгийн том өөрчлөлт нь Apple эвхэгддэг утасны зах зээлд анх удаа орсон явдал байгаагаас гадна iPhone 18 Pro цуврал техник болон камерын шинэчлэл хийж, Apple Watch эрүүл мэндийн төхөөрөмжийн чиглэлд улам хөгжиж, Apple Intelligence болон Siri нь Apple-ийн төхөөрөмжүүдийг хооронд нь холбох гол технологийн нэг болж байна.

iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max-ийн урьдчилсан захиалга есдүгээр сарын 12-нд эхэлж, есдүгээр сарын 18-наас эхний орнуудад худалдаанд гарна. Харин Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4 болон AirPods 5-ын урьдчилсан захиалга есдүгээр сарын 9-нөөс эхэлж, мөн есдүгээр сарын 18-наас худалдаалагдаж эхлэх юм. Apple-ийн анхны эвхэгддэг iPhone болох iPhone Duo-ийн урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, аравдугаар сарын 23-наас худалдаанд гарах юм байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчдийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.