УБ 20°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Шинэхэн аав ээжүүдийн заавал унших нийтлэл: Сэтгэл зүйдээ хэрхэн анхаарах вэ?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Шинэхэн аав ээжүүдийн заавал унших нийтлэл: Сэтгэл зүйдээ хэрхэн анхаарах вэ?

Шинэхэн аав ээжүүдийн заавал унших нийтлэл: Сэтгэл зүйдээ хэрхэн анхаарах вэ?

М.ЭнхмааД.Жавхлан
М.Энхмаа, Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.09.15 · 6 унших

Шинэ хүнээ өлгийдөн авч, аав ээж болно гэдэг хүний амьдралын хамгийн сайхан өөрчлөлтүүдийн нэг. Гэхдээ баяр хөөрийнхөө хажуугаар ядарч, сандарч, “би зөв хийж байгаа болов уу?” гэж өөрөөсөө асуух үе ч олон. Учир нь хүүхэдтэй болсноор бидний тархи, сэтгэл зүй, өдөр тутмын амьдрал хүртэл дагаад өөрчлөгддөг байна. Тэгвэл хүүхэдтэй болсны дараа бидний биед, сэтгэл зүйд, өдөр тутмын амьдралд яг ямар өөрчлөлт гардаг вэ. Заримдаа яагаад ингэж ядарч, сэтгэл санаа өөрчлөгдөж, бүх зүйлд амжихгүй байгаа мэт санагддаг юм бол? Posted.mn сайтын редакцаас шинэхэн аав, ээжүүддээ зориулан хүүхэдтэй болсны дараах өөрчлөлтүүд, энэ үед өөртөө болон гэр бүлдээ хэрхэн анхаарах талаар энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

fin.jpg

Эцэг эх болсны дараа хүний амьдралд гардаг хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь сэтгэл зүйн хувьд байнгын сонор сэрэмжтэй болох явдал юм. Америкийн сэтгэл судлалын холбоо (APA) болон тархи судлаачдын тогтоосноор эцэг эх болсны дараа хүний тархи автоматаар өөрчлөгдөж, зарим хэсэг нь онцгойлон идэвхэждэг байна. Тухайлбал, Frontiers in Psychology сэтгүүлд нийтлэгдсэн эцэг эхийн тархины судалгаагаар энэ нь хүүхдийнхээ хамгийн сулхан уйлах чимээг ч алдалгүй анзаарах, бяцхан үрсээ ямар нэг аюулаас хамгаалах байгалийн суурь чадвар ажээ.

Гэхдээ энэ бүхэн биднийг байнгын сонор сэрэмжтэй байлгахын хажуугаар оюун санааны хувьд асар их ачаалал, түгшүүрийг дагуулдаг. Урьд нь бүх зүйлийг өөрийн хүссэн цагтаа хийдэг байсан хүмүүс цаг хугацаа харгалзахгүйгээр үргэлж бэлэн байдалд байх шаардлагатай болсноор хүний үнэт зүйлсийн тогтолцоо эрс өөрчлөгддөг байна. Энэ нь хуучин эрх чөлөөтэй амьдралаа санагалзах, өөрийн хүсэл мөрөөдөлд санаа зовних болон хүүхдээ асран хүмүүжүүлэх зэрэгт дотооддоо зөрчилдөж, сэтгэл зүйн хувьд ачаалал үүсгэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.

Тэгвэл хүүхэдтэй болсны дараах энэ өөрчлөлтийг эцэг эхчүүд хэрхэн хүлээж авах хэрэгтэй вэ? Анхны хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх мөчөөс л “аав, ээж байх" анхны хичээлийг зааж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхэд төрөхөд давхар шинэ аав, ээж хамт мэндэлдэг байх нь. Амьдралын энэхүү хариуцлагатай бөгөөд нандин цаг үед эртнээс бэлдэж, хосын харилцаа болон хүүхдийнхээ сэтгэл зүйд хэрхэн анхаарах талаар Хүүхдийн сэтгэл зүйч С.Хулантай цөөн хором ярилцлаа.

fin-5.jpg

- Шинэхэн аав ээжүүд “би сайн аав, ээж байж чадаж байгаа болов уу” хэмээн санаа зовнидог шүү дээ. Тэгвэл сайн аав, ээж гэж хэнийг хэлэх вэ?

- Сайн эцэг эх байхад ийм, тийм байх ёстой гэх тогтсон ойлголт байхгүй. Харин зайлсхийх шаардлагатай эрсдэлүүд бол бий. Жишээлбэл, хүүхдийнхээ хажууд муудалцаж болохгүй, хүүхэдтэйгээ хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй, муу зуршилгүй байх ёстой гэх мэт. Аав ээж өөрөө хүүхдийнхээ толь нь болж байдаг учраас биеэ зөв авч явахаас эхлээд амьдралын хэв маягтаа анхаарч эрүүл зөв дадал зуршилтай байх шаардлагатай. Энэ талаар манай эцэг эхчүүд харьцангуй ойлголт сайтай байдаг. Гэхдээ нэг гаргадаг алдаа нь "би чиний л төлөө ажиллаж байна" гэдэг. Гэтэл хүүхдийнхээ юу хүсэж, мөрөөддөг, сэтгэл зүйн байдал нь ямар байгааг огт сонирхдоггүй. "Хичээлээ хийсэн үү”, “гэрээ цэвэрлэсэн үү?" гэх хэдхэн асуултаа давтсаар л байдаг. Гэвч хүүхдэд тэднийг шүүмжлэхгүйгээр сонсож, илэн далангүй ярилцах амьд харилцаа маш чухал. Нийгмийн хэрэгцээнээс шалтгаалаад эцэг эхчүүд маш завгүй ажиллаж амьдарч байгаа ч өдөрт хамгийн багадаа 30 минутыг хүүхдэдээ чин сэтгэлээсээ зориулаарай.

Эхний 10 минут сонсох: Аав ээж 20 хувьд нь "Хоолоо идсэн үү?" гэх энгийн асуулт биш, "чи энэ талаар юу гэж бодож байна?" гэсэн нээлттэй асуулт тавьж, 80 хувьд нь хүүхдийнхээ яриаг таслахгүй, шүүмжлэхгүй анхааралтай сонсох.

Дараагийн 10 минут тоглох: Хүүхдийн хэл нь өөрөө тоглоом болдог. Хамт тоглож, тэдэнтэй яг ижил түвшинд сэтгэж байж хүүхэдтэйгээ илүү ойлголцоно.

Сүүлчийн 10 минут тайвшруулж, хайрлах: Орой унтахынх нь өмнө хүүхдийнхээ гарыг барьж, толгойг нь илж, үлгэр ярьж өгөх хэрэгтэй. Хайрлагдсан мэдрэмж төрсөн хүүхэд бөх нойрсож, стрессийн даавар буурч, шөнөдөө өсөлтийн даавар сайн ялгарснаар маргааш нь илүү тайван, тархи шинэ зүйлд суралцахад бэлэн сэрдэг гэсэн үг.

- Хүүхэдтэй болсны дараа хувь хүнд ямар томоохон өөрчлөлтүүд явагддаг юм бол?

- Анхны хүүхэд хэвлийд бүрэлдэж эхлэх үеэс л ээж хүн өөрийгөө хоёрдугаарт тавьж, бие махбод болон сэтгэл зүйн хувьд томоохон өөрчлөлтөд ордог бол аавуудын хувьд ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөх эр хүний үүрэг хариуцлага шууд нуруун дээр нь буудаг. 

Хосуудын дурлалын дааврын идэвхтэй үе 1.8-аас 2.2 жил үргэлжилдэг бөгөөд ихэнх гэр бүл 3-5 дахь жилдээ анхны хүүхдээ өлгийдөн авдаг. Яг энэ үед төрөхийн өмнөх болон төрсний дараах сэтгэл зүйн хямрал аав, ээжийн аль алинд нь зэрэг тулгардаг. Харин энэ хямралыг хамтдаа ярилцаж, нэг баг болж даван туулж чадаагүйгээс болоод депрессд орох, цаашлаад гэр бүл салалт ч үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс эцэг эх байхын хажуугаар хувь хүн гэдгээ марталгүй өөртөө цаг гаргаж, хосууд бие биедээ халамжтай байж, болзож энэ бүхний тэнцвэрийг хадгалах нь маш чухал. Учир нь аз жаргалтай аав ээжээс л аз жаргалтай хүүхэд төрдөг юм шүү дээ. 

- Залуу хосууд шинэхэн аав ээж болохоосоо өмнө анхаарах ёстой зүйл бий юу, та өөрийнхөө туршлагаас хуваалцаач?

- Би өөрөө гурван хүүхдийн ээж хүн. Анх "би хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж, том болгоно" гэж боддог байсан ч үнэндээ хүүхдүүд маань намайг давхар хүмүүжүүлж түүнийгээ дагаад бид ч бас өсөж хөгжиж байдгийг ойлгосон. Жишээлбэл, би нойрондоо их харам хүн байсан ч хүүхдээ жаахан хөдлөхөд л сэрдэг болсон гэх мэт. Удалгүй хүүхэд өсвөр насан дээрээ ирэхэд бид дахиад л өсвөр насны хүүхэдтэй ээж аав ямар байх ёстой арга барил, амьдралын хэв маягт суралцдаг.

Бид амьдралдаа математик эсвэл гадаад хэл сурахад маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг хэр нь аав, ээж болох хамгийн чухал үүрэгтээ бараг бэлддэггүй. Гэр бүл болно гэдэг нь зөвхөн хоёр хүн нийлж байгаа хэрэг биш, цаана нь хоёр өөр гэр бүлийн хүмүүжил, хандлага, ген огтлолцож байдаг гэсэн үг. Тэгэхээр хосууд хүүхэдтэй болохоосоо өмнө бие биеэ маш сайн таньж мэдэн, ойлголцох нь эрүүл гэр бүлийн үндэс суурь болох юм шүү.

fin-1.jpg

Хүүхэдтэй болсны дараах өөрчлөлт сэтгэл зүйгээр хязгаарлагдахгүй. Шинэ хүн нэмэгдэхэд амьдралд хамгийн түрүүнд, хамгийн хурц хэлбэрээр нөлөөлдөг хүчин зүйл бол яах аргагүй нойр юм. Германы эрүүл мэндийн "Blackroll" байгууллагаас явуулсан "Family Sleep Study" судалгаагаар нярай болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дийлэнх нь өдөрт дунджаар 1-3 цагаар бага унтаж, шөнийн цагаар чанартай, бат бөх нойр авч чадалгүйгээр олон дахин сэрдэг болохыг тоон баримтаар нарийвчлан гаргажээ.

Шөнө олон удаа сэрж, хүүхдээ тайвшруулах нь бие махбодын амарч сэргэх үйл явцыг алдагдуулдаг байна. Дээрх судалгаанд оролцогчдын дийлэнх нь нойргүйдлийн сөрөг үр дагаврыг биеийн эрч хүч эрс буурах, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, уур уцаар амархан хөдлөх хэлбэрээр өдөр тутмын амьдралдаа хүчтэй мэдэрдэг болохоо илэрхийлжээ. Иймд удаан хугацааны нойргүйдэл нь сэтгэл зүйн тэвчээрийг шавхаж, стрессийг нэмэгдүүлдэг тул боломж гарах бүрд хамтрагчтайгаа ээлжлэн амрах нь энэ үеийн хамгийн чухал эмчилгээ юм.

Нойр дутуу, өдөр тутмын ачаалал ихтэй үед хүүхэд асрах, ажил хөдөлмөр эрхлэх, гэрийн ажлаа хуваалцах асуудал ч хосуудын хувьд шинэ туршлага болдог. Энэ нь цаашлаад гэр бүлийн санхүү, карьерын төлөвлөгөөнд дараах байдлаар нөлөөлдөг байна.

fin-2.jpg

Гэр бүлд шинэ хүн нэмэгдэхэд хүүхдийн хэрэгцээ, эрүүл мэнд, асрах үйлчилгээ гээд л өрхийн төсөвт шууд ачаалал нэмэгдэж эхэлдэг. Монголчууд “хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ” гэж ярьдаг шүү дээ. Энэхүү эдийн засгийн өөрчлөлтийг эдийн засагчид шинжлэх ухааны түвшинд нарийн судалсан байдаг бөгөөд Принстоны их сургуулийн профессор Хенрик Клевен болон Лондонгийн эдийн засгийн сургуулийн профессор Камилле Ландаис нарын "Review of Economic Studies" сэтгүүлд нийтлүүлсэн суурь судалгаагаар анхны хүүхэд төрсний дараах эцэг эхчүүдийн орлогын зөрүүг нарийн тооцоолжээ. Уг судалгааны үр дүнгээр эрэгтэйчүүдийн орлого хүүхэд төрөхөөс өмнөх болон дараах үед ямар нэгэн сөрөг өөрчлөлтөд өртдөггүй болох нь батлагдсан байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлсний дараа хүүхдээ асрахын тулд ажлын цагаа багасгах, карьераа түр завсарлах эсвэл түр чөлөө авахаас шалтгаалан орлого нь эрс буурдаг бөгөөд энэ ялгаа нь урт хугацаанд хадгалагдаж үлдэх хандлагатай байдаг аж.

Өмнө нь хосууд өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн санхүүгээ зохицуулдаг байсан бол энэхүү шилжилт нь гэр бүлийн санхүүгээ шинээр төсөвлөхөд хүргэдэг. Нэг талаараа орлого хязгаарлагдмал байхад зардлын хэмжээ өсөх нь санхүүгийн дарамт үүсгэдэг бол нөгөө талаас ажил хөдөлмөр эрхлэх боломж хумигдаж, хувь хүний мэргэжлийн өсөлтөд нөлөөлөн карьераа тодорхой хугацаагаар хойшлуулахад хүргэдэг байна. Тиймээс санхүүгийн төлөвлөлтөө урьдчилан ярилцаж, бодит байдалд дасан зохицох нь чухал юм.

Түүнчлэн цалинтай ажил болон гэрийн ажлын үүрэг хуваарилалт хүүхэд төрсний дараа эрс өөрчлөгддөг болохыг олон улсын судалгаанууд нотолсон байдаг. Судалгаагаар хүүхэд төрөхөөс өмнө харьцангуй тэгш байсан ачаалал төрсний дараа бодит амьдрал дээр эхчүүдэд илүү хүнд ачаалал болон хувирдаг болохыг харуулжээ.

Тухайлбал, эрчүүдийн зарим хэсэг нь хүүхэд асрах үүрэгт  "бид тэгш оролцдог" гэж үздэг боловч судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь шөнө сэрэх, хүүхдээ унтуулах, гэрийн ажилтай холбоотой гол ачааллыг өөрөө нуруундаа үүрдэг хэмээн хариулсан байна. Энэ нь ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай атлаа гэрт үлдсэн хүүхдийнхээ асаргааны талаар санаа зовох сэтгэл зүйн давхар ачааллыг үүсгэж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг ажээ.

fin-3.jpg

Иймээс хүүхэдтэй болсны дараа гэр бүлийн өдөр тутмын ачааллыг хэрхэн хуваарилах нь хосуудын харилцаанд ч чухал нөлөөтэй. Америкийн Гэр бүлийн харилцааг судлах үндэсний хүрээлэнгийн (NCFR) панел судалгаагаар хүүхэдтэй болсны дараа хосуудын хоорондын харилцааны сэтгэл ханамж тодорхой хэмжээгээр буурдаг болохыг баталжээ. Байнгын ядралт, нойргүйдэл, цаг зав хомсдох зэрэг хүчин зүйлс нь хосуудын хоорондын харилцаанд ачаалал үүсгэдэг. Хоёр биедээ анхаарал халамж тавих боломж багасаж, зөвхөн хүүхдийн асрагаа болон ахуйн асуудал дээр төвлөрөх болсноор үл ойлголцох байдал үүсэх нь элбэг.

Гэсэн хэдий ч төрөхөөс өмнөх харилцааны чанар сайн байх, гэрийн болон хүүхэд асрах ачааллыг аль болох бодитоор хуваалцах, бие биетэйгээ нээлттэй ярилцах чадвар нь энэхүү сорилтыг даван туулахад хамгийн чухал түлхүүр юм. Хүүхэд өсгөх энэхүү урт замнал нь хосуудыг амьдралын аливаа хүндрэлийг хамтдаа туулах тэсвэр хатуужлыг хөгжүүлж, бие биеэ илүү гүнзгий ойлгох боломжийг олгодог билээ. Тиймээс энэ бүхэн түр зуурын үе гэдгийг санаж, бие биедээ халамжтай байж, энэ хүндхэн атлаа гайхалтай үеийг хамтдаа даван туулаарай.

fin-4.jpg

Орой бүр "өнөөдөр би хэтэрхий чанга дуугарчхав уу?", "ажилдаа анхаараад хүүхдэдээ цаг гаргаж чадсангүй дээ" гэж өөрийгөө шүүдэг дүр зураг танд танил санагдаж байж магадгүй. Бид бусдын амьдралын өнгөц хэсгийг хараад өөрийн бужигнасан бодит амьдралтай харьцуулж өөрсдөдөө хэтэрхий хатуу хандаж эхэлдэг нь нууц биш юм. Дээрээс нь "ингэж болохгүй, тэгж болохгүй" гэх түмэн зөвлөгөөний дунд өөртөө ч итгэхээ больж, алдаа бүрээ хүүхдийнхээ ирээдүйг сүйрүүлж буй мэтээр хүлээж авдаг шүү дээ.

Гэвч сэтгэл зүйчдийн хэлж буйгаар хүүхдэд төгс эцэг эх огт хэрэггүй байдаг гэнэ. Учир нь загнаж зэмлэдэггүй, үргэлж бөөцийлж өсгөсөн хүүхэд амьдралын аливаа бэрхшээлийг даван туулах чадвар сул болж өсөх эрсдэлтэй байдаг аж. Тэгэхээр таны санаа зовдог энэ асуулт эргээд хүүхдэд тань сөргөөр нөлөөлж ч магадгүй юм. Сэтгэл судлалын ухаанд "сайн эцэг эх" гэдэг нь бухимдаж, ядардаггүй нэгнийг биш, харин хийсэн алдаандаа уучлалт гуйж чаддаг, хүүхдийнхээ уур, гуниг, айдсыг үгүйсгэлгүйгээр байгаагаар нь хүлээн авч хажууд нь байж чаддаг, алдаа гаргасан ч харилцаагаа засаж, эвлэрч чаддаг хүмүүсийг хэлдэг гэжээ.

Хүүхэд тэр үед "миний аав ээж алдаа гаргасан ч намайг хайрласаар байх юм байна. Гаргасан алдаандаа хариуцлага хүлээх ёстой юм байна" гэх ойлголт, итгэл, аюулгүй байдлыг мэдэрдэг ажээ. Тиймээс та хүүхдийнхээ супер баатар эсвэл алдаа гаргадаггүй робот болох гэж хичээх хэрэггүй. "Би сайн эцэг эх байж чадаж байгаа болов уу?" гэж сэтгэл чилээж, өөрөөсөө асууж байгаа цагт та аль хэдийн сайн эцэг эхийн замаар алхаж яваа гэсэн үг.

fin-6.jpg

Энэ бүхнийг даван туулахын тулд шинэхэн аав, ээжүүд өөрсдөөсөө төгс байхыг шаардахын оронд шинэ үүрэгтээ бага багаар суралцах нь чухал. Тиймээс хүүхэд өсгөх явцдаа эцэг эх өөрсдөө ч мөн адил суралцаж, өөрчлөгдөж байдаг талаар залуу эцэг эх Э.Энхтүвшин, О.Одчимэг нар туршлагаа хуваалцлаа.

О.Одчимэг: Би өмнө нь хүүхэдтэй болоход арай эрт байна, бэлэн биш байна гэж бодож байсан ч яг ээж болоод өнөөдрийг хүртэлх хугацааг эргээд харахад хүүхэд гэдэг хүний амьдралд хамгийн зөв цагтаа ирдэг юм билээ. Хүүхэдтэй болсноор амьдрал маань муугаар өөрчлөгдөх вий, эсвэл карьер маань зогсох вий гэж айж эмээх огт хэрэггүй санагдсан. Учир нь бяцхан үрс ээждээ урьд өмнө байгаагүй их хүч чадал, урам зоригийг хайрлаж, илүү өсөж дэвжих, амжилтад хүрэх шинэ түлхүүрийг авчирдаг юм байна. Тиймээс шинээр ээж болох гэж буй бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд, ээж болоход бэлэн эсэхдээ эргэлзэхийн оронд амьдралын хамгийн нандин, сайхан бэлэг хэмээн зоригтойгоор хүлээж аваарай гэж хүсэж байна.

Э.Энхтүвшин: Хэрвээ би аав болбол үр хүүхэд, гэр бүлдээ ийм зүйл хийж өгнө дөө, ийм аав болно доо" гэж үргэлж боддог байлаа. Тиймээс ч аав болох бэлтгэлээ эртнээс базааж, их ч зүйл уншиж судалсан. Тэгээд олон жил мөрөөдөж, хүсэн хүлээсэн бяцхан ертөнцөө анх энгэртээ тэврэх тэр мөчид үнэхээр гайхалтай, үгээр хэлэхийн аргагүй нандин мэдрэмж төрдөг юм билээ. Аав болсны дараа хувь хүн, үзэл бодол, амьдралын хэв маягийн хувьд бүрэн өөрчлөгдсөн. Одоо аливаа шийдвэрийг гаргахдаа үргэлж гэр бүл, хүүхдийнхээ ирээдүйг бодож, алсын хараатай, нухацтай ханддаг болжээ. Аав болсноор хүн жинхэнэ утгаараа төлөвшиж, амьдралын зөв хэмнэлд суралцдаг гэдгийг ойлгосон.

Амьдралын утга учрыг ойлгох нь

Хүүхэд бол хариуцлага гэхдээ дарамт биш, хүүхэд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг дагуулдаг бяцхан сахиусан тэнгэрүүд юм. Тиймээс хүүхэдтэй болж, сайн аав ээж болохоос айх хэрэггүй дээ. Учир нь бид бүгд л анх удаа аав, ээж болж үзэж байгаа шүү дээ. Аав ээж тань ч гэсэн таныг өсгөхдөө энэ мэдрэмжтэй нүүр тулсан. Бяцхан үрс гэр бүлдээ инээд хөөр, аз жаргал цацруулж бидэнд өөрөөсөө илүү бусдыг хайрлаж, илүү ухаантай, зоригтой нэгэн болоход сургадаг. Тиймээс шинэхэн аав, ээж болохоос, алдаа гаргахаас битгий эмээгээрэй. Харин үр хүүхдээ чин сэтгэлээ хайрлаж, цаг хугацаагаа зориулж, хүүхдийнхээ гараас хөтлөөд хамтдаа илүү утга учиртай, аз жаргалтай амьдралд хөл тавиарай!

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчдийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.