“Монголын зөөлөн хүчний нөөц бидэнд юу байгаад биш, тэдгээрийг хэрхэн таниулж, итгэлцэл болгоход оршино”

2026.08.214 минут унших
“Монголын зөөлөн хүчний нөөц бидэнд юу байгаад биш, тэдгээрийг хэрхэн таниулж, итгэлцэл болгоход оршино” - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Улс орны хүчийг юу тодорхойлдог вэ? Цэрэг, эдийн засаг, газар нутаг уу? Эсвэл дэлхий нийт тухайн улсыг хэрхэн харж, хэрхэн хүлээж авдаг нь үүнээс дутахгүй чухал болсон уу? Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаанд "зөөлөн хүч" (Soft Power) гэх ойлголт улам их яригдах болсон. К-попоороо дэлхийд нөлөөлсөн Өмнөд Солонгос, аниме, технологиороо танигдсан Япон, их сургуулиуд, энтертайнмент соёлоороо дэлхийн нийтийн төсөөлөл, харах өнцгийг бүтээдэг АНУ гээд улс орнууд өөрийн үнэт зүйл, соёл, нэр хүндээрээ нөлөөллийн хүрээгээ тэлж байна. 

Иймд “Policy Point" булангийн энэ удаагийн дугаарт зөөлөн хүч гэж юу болох, дэлхийн зөөлөн хүчний индекс улс орнуудыг хэрхэн үнэлдэг, Монгол Улс энэ өрсөлдөөнд ямар давуу тал, ямар бэрхшээл байгааг тайлбарлан хүргэж байна.

Зөөлөн хүч гэж юу вэ? 

Улс орнууд цэрэг, эдийн засгийн хүчээр биш, хүмүүсийн сонирхлыг татаж, итгэл төрүүлж, өөрийн үнэт зүйл, соёл, амьдралын хэв маягийг бусдад хүлээн зөвшөөрүүлж, дэлхийд нөлөөгөө тогтоохыг олон улсын харилцаанд “зөөлөн хүч” (Soft Power) гэж нэрлэдэг байна.

Улс орнууд бусдад хоёр өөр аргаар нөлөөлж чаддаг ажээ. Нэг нь хүчээр, нөгөө нь таталцлаар. Харвардын их сургуулийн профессор Жозеф Най 1990-ээд онд анх энэ ойлголтын “зөөлөн хүч” гэж нэрлэж байв. Түүний тодорхойлсноор, зөөлөн хүч гэдэг нь бусдыг албадалгүй, өөрийн соёл, үнэт зүйл, улс төрийн нэр хүнд, гадаад бодлогоор татах чадвар юм. Монголын зөөлөн хүчний талаар хийсэн судалгаанд ч энэ ойлголтыг соёл иргэншил, улс төрийн нэр хүнд, хууль ёсны гадаад бодлого гэсэн гурван тулгуураар тайлбарласан байдаг.

Энгийнээр хэлбэл:

“Монголын зөөлөн хүчний нөөц бидэнд юу байгаад биш, тэдгээрийг хэрхэн таниулж, итгэлцэл болгоход оршино” нийтлэлийн зураг

Дэлхий хэнийг “хүчтэй” гэж харж байна вэ?

Зөөлөн хүчийг хэмжих оролдлогуудын нэг нь Brand Finance-ын Global Soft Power Index буюу Дэлхийн зөөлөн хүчний индекс юм. Зөөлөн хүч гэдэг нь тухайн улс өөрийгөө хэр хүчтэй гэж бодож байгааг биш, бусад хүмүүс тухайн улсыг хэрхэн хүлээж авч байгааг хэмждэг аж. 2026 оны индексээр НҮБ-ын 193 гишүүн улсыг хамруулж, 100 гаруй улсын 150,000 гаруй хүний тухайн улс орнуудын талаарх ойлголтыг судалсан байна. Улс бүрийг 55 үзүүлэлтээр үнэлж, нийт 100 оноогоор эрэмбэлжээ.

2026 онд АНУ нийт зөөлөн хүчээрээ дэлхийд нэгдүгээр байраа хадгалсан ч оноо нь өмнөх оныхоос мэдэгдэхүйц буурсан байна. Харин БНХАУ хоёрдугаарт, Япон улс гуравдугаарт, Их Британи дөрөвдүгээрт, Герман тавдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Зөөлөн хүчийг ганц салбар бүтээдэггүй

Ялангуяа Япон улсын гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн нь сонирхол татахуйц үр дүн юм. Тус улсын зөөлөн хүч нь соёлын танигдалтаас гадна, бизнес, тогтвортой хөгжил, боловсрол, шинжлэх ухаан, засаглал зэрэг олон салбарын талаарх эерэг ойлголттой холбоотой байна. Жишээлбэл, кино урлагийн салбар нь тухайн улс орныг гадаадад таниулж болох ч дангаараа зөөлөн хүч болж чаддаггүй аж. Сайн засаглал нь итгэл төрүүлнэ. Технологи нь сонирхол татна. Харин боловсрол, эдийн засаг, дипломат харилцаа нь тэр сонирхлыг урт хугацааны харилцаа болгон хувиргах хүчтэй байдаг байна.

“Монголын зөөлөн хүчний нөөц бидэнд юу байгаад биш, тэдгээрийг хэрхэн таниулж, итгэлцэл болгоход оршино” нийтлэлийн зураг

Монголын зөөлөн хүчний “түүхий эд”

Тэгвэл Монголд юу байна вэ? 2022 оны “Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг дэлхийн бүс нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх нь” хэмээх судалгаанд манай улсын зөөлөн хүчний боломжит давуу талуудыг нэлээд өргөн хүрээнд тодорхойлсон байдаг юм байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө: Монгол Улс 1990 онд нэг намын тогтолцооноос олон намын ардчилсан тогтолцоонд тайван замаар шилжсэн. Энэ нь Монголын олон улсын дүр төрхийг тодорхойлох нэг чухал суурь юм.

Олон тулгуурт, энх тайванч гадаад бодлого: Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улс гадаад бодлогодоо тэнцвэртэй харилцааг хадгалахыг эрмэлздэг. Мөн гуравдагч хөршийн бодлогоор дамжуулан АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг улстай харилцаагаа өргөжүүлдэг.

Цөмийн зэвсэггүй статус, энхийг сахиулах ажиллагаа: Монголын олон улсын дүр төрхийг нүүдэлчин ахуй өв соёлоос гадна энх тайван, аюулгүй байдалтай холбоотой байр суурь ч тодорхойлж чадна. Тодруулбал, Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2002 оноос хойш олон мянган цэргийн алба хаагчийг ажиллагаанд оролцуулсаар байна.

Түүх ба нүүдлийн соёл: Энэ бол Монголын хамгийн тод ялгарах давуу талуудын нэг юм. Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүх, нүүдлийн соёл, уламжлалт ахуй, байгаль, адууны соёл зэрэг нь бусад олон орноос Монголыг ялгах томоохон өгөгдөл юм.

Монгол улсын зөөлөн хүч мэргэжилтний нүдээр

Харин мэргэжилтний нүдээр Монгол Улсын зөөлөн хүчний бодлого ямар түвшинд байгаа талаар бид Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн Ахлах багш Г.Баасанхүүгээс тодруулга авсан юм.

“Монголын зөөлөн хүчний нөөц бидэнд юу байгаад биш, тэдгээрийг хэрхэн таниулж, итгэлцэл болгоход оршино” нийтлэлийн зураг

Монгол Улс зөөлөн хүчний эх сурвалжийн хувьд давуу талтай бөгөөд тэдгээрийг бодит нөлөөлөл болгон хувиргах институцын болон бодлогын механизмыг бэхжүүлэх хөгжлийн шатанд явж байна гэж хэлж болно. Миний бодлоор Монгол Улсын зөөлөн хүчний хамгийн том нөөц бидний юу эзэмшиж байгаад бус, харин түүнийг дэлхийд хэрхэн өгүүлж, тайлбарлаж, итгэлцэл болон урт хугацааны хамтын ажиллагаа болгон хөрвүүлж чадах вэ гэдэгт оршиж байна.”

Монголын тухай анх удаа сонсож буй хүнд “Монгол” гэхэд хамгийн түрүүнд юу төсөөлөгдөх бол? Магадгүй Чингис хаан, уудам тал нутаг, морь, нүүдэлчин ахуй. Энэ дүр зураг Монголын түүх, соёлын хүчийг дэлхийд таниулахад чухал үүрэгтэй ч нэгэн чухал асуултыг дагуулдаг нь, Монголын зөөлөн хүч өнгөрсөн түүхээрээ л хязгаарлагдах ёстой юу?

Монголын зөөлөн хүчний талаар хийсэн дээрх судалгаанд ч энэ боломжийг зөвхөн түүх, уламжлалаар хязгаарлалгүй, кино урлаг, спорт, хэвлэл мэдээлэл, соёлын элч, гадаадын оюутнуудыг Монголд суралцуулах, Монгол судлалыг дэмжих зэрэг олон сувгаар өргөжүүлэхийг санал болгосон байдаг. 

Тэгвэл Монголын кино, хөгжим, спорт, технологи, боловсрол, бүтээлч үйлдвэрлэл, байгаль орчны санаачилга, орчин үеийн нүүдэлчдийн амьдрал Монголын тухай шинэ түүхийг бүтээж эхэлжээ. Тухайлбал, 3x3 сагсан бөмбөгөөр Монголыг таньдаг хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна. Улаанбаатар дэлхийн хэмжээний FIBA 3x3 тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг хот болж, Монголын эмэгтэй шигшээ Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн нь спорт өөрөө улсын зөөлөн хүчний хэрэгсэл болж чаддагийг харуулсан жишээ юм.

Хөгжмийн ертөнцөд ч мөн адил. The Hu хамтлаг морин хуур, хөөмийг орчин үеийн рок хөгжимтэй нэгтгэж, зөвхөн Монголын уламжлалыг танилцуулаад зогсохгүй дэлхийн хөгжмийн урсгал дунд шинэ өнгө бий болгосон байна. Монгол соёл энд дэлхийн поп соёлын нэг хэсэг болж чаджээ.

Кино урлаг ч энэ өөрчлөлтийг үргэлжлүүлж байна. Сүүлийн жилүүдэд Монголын кинонууд Канн, Венец, Бусаны кино наадам зэрэг олон улсын фестивалиудад шалгарч, гадаад үзэгчид Монголыг түүхэн эсвэл байгалийн дүрслэлээр хязгаарлалгүй, орчин үеийн нийгэм, хотын амьдрал, хүмүүсийн түүхээр нь харж эхэлсэн байна. Эдгээр нь дэлхий дахинаа Монголын тухай шинэ ойлголтыг бүтээж буй жижиг хэсгүүд юм. Өөрөөр хэлбэл, дэлхий Монголыг зөвхөн Чингис хаан, тал нутаг, морь, Үндэсний их баяр наадмаар төсөөлөхөө больж, спорт, хөгжим, кино, бүтээлч үйлдвэрлэл, орчин үеийн соёлтой нь хамт төсөөлж эхэлж байна.

Ингэж харвал зөөлөн хүч гэдэг нь өнгөрсөн түүхээсээ үндэс авч, өнөөдөр дэлхийд сонирхуулах шинэ зүйл бүтээх чадвар аж. Магадгүй ирээдүйд хэн нэгэн “Монгол” гэхэд зөвхөн Чингис хааныг биш, өнөөдрийн Монголын бүтээж буй зүйлийг бас төсөөлдөг болох нь жинхэнэ зөөлөн хүчний нэг илрэл байх биз ээ.

Сул тал бий…

Монголд зөөлөн хүчний боломж байгаа ч түүнийг хэрэгжүүлэхэд саад болох хүчин зүйлс ч бий. Хоёр их гүрний дунд орших газар зүйн байрлал, хүн ам цөөн, санхүүгийн нөөц боломж хязгаарлагдмал байдал, улс төрийн авлига болон хүнд суртал, эдийн засаг, нийгмийн зарим салбарын хөгжлийн хоцрогдол зэрэг нь Монголын олон улс дахь эерэг дүр төрхийг сулруулах эрсдэлтэй гэж судалгаанд тэмдэглэсэн байна.

Иймд бид Монголын зөөлөн хүчний бодлогын өнөөгийн нөөц болон тулгарч буй сорилтуудын талаар Г.Баасанхүү багшийн байр суурийг мөн сонслоо.

“Монголын зөөлөн хүчний нөөц бидэнд юу байгаад биш, тэдгээрийг хэрхэн таниулж, итгэлцэл болгоход оршино” нийтлэлийн зураг

Монголын гол боломж нүүдлийн соёл иргэншил, ардчиллын туршлага, энхийг эрхэмлэгч дүр төрх, гуравдагч хөршийн олон улсын сүлжээ гэсэн хослолд оршиж байна. Монгол Улс ардчилсан тогтолцоотой, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэггүй статус бүхий, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог, бүс нутгийн хурц мөргөлдөөнөөс ангид, хоёр их гүрний дунд тогтвортой харилцаа хадгалж чадсан цөөн орны нэг. Ийм төрлийн нөөцийг зэрэг эзэмшиж буй улс олон байдаггүй. 

Харин хамгийн том эрсдэл юу вэ гэвэл, миний бодлоор нөөцийн хомсдол биш, хөрвүүлэх чадварын хомсдол. Монгол Улс соёлын өвтэй ч түүнийгээ олон улсын нөлөөлөл болгох институцын тогтолцоо сул байж магадгүй. Ардчилсан нэр хүндтэй ч түүнийгээ боловсролын солилцоо, соёлын дипломат ажиллагаа, олон улсын судалгааны сүлжээ, үндэсний брэндийн бодлогоор тогтвортой дэмжиж чадахгүй бол давуу тал аажмаар алдагдах эрсдэлтэй. Нөгөө талаас, зөөлөн хүчний хамгийн эмзэг суурь нь итгэлцэл байдаг. Соёлын өв нэг өдөр алга болдоггүй ч нэр хүнд хурдан алдагдаж болдог. Хэрэв дотоод улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэх, авлигын талаарх сөрөг ойлголт өсөх, ардчиллын чанарт эргэлзээ төрөх, эсвэл Монгол Улсын олон улсад түгээдэг үнэт зүйлс болон бодит үйл ажиллагааны хооронд зөрүү үүсэх юм бол зөөлөн хүчний үр нөлөө буурч болно.

Багшийн ярианаас үзэхэд, Монгол Улс өөрийгөө ардчилсан, энх тайванч, байгальд ээлтэй орон гэж танилцуулж болно. Гэвч дэлхий нийт зөвхөн бидний хэлсэн үгийг сонсохгүй, бидний хийж буй үйлдэл, бий болгож буй үр дүнг бас харна. Үнэт зүйлээ хэр хэрэгжүүлдэг вэ, амласан зүйлдээ хэр хүрдэг вэ, бусадтай харилцахдаа хэр найдвартай вэ гэдэг нь Монголын тухай ойлголтыг хадгалах хүчин зүйлс юм.

Эндээс Монголыг сурталчлах болон Монголын зөөлөн хүчийг бий болгох хоёрын жинхэнэ ялгаа харагдана. Эхнийх нь хүмүүсийн анхаарлыг Монгол Улс руу чиглүүлнэ. Харин хоёр дахь нь тэр анхаарлыг сонирхол, итгэл, цаашдын харилцаа болгон хувиргах хүчтэй зүйл юм.

МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн Ахлах багш Г.Баасанхүү: Иймээс Монголыг сурталчлах нь зөөлөн хүчний хэрэгсэл, Монголын зөөлөн хүчийг бий болгох нь стратегийн зорилго. Яг л “өөрийгөө танилцуулах” болон “итгэл төрүүлэх” хоёрын ялгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, асуудал зөвхөн Монголыг хүмүүст таниулахад биш, харин бий болсон танигдах байдлыг урт хугацааны итгэлцэл, хамтын ажиллагаа, нөлөөлөл болгон хөрвүүлэхэд оршдог. Эцсийн дүнд Монголын зөөлөн хүчний үнэ цэн биднийг хэдэн хүн мэддэгээр биш бидэнд хэдэн хүн итгэдгээр хэмжигдэнэ. 

Тухайлбал,  2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан, мөн байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлаарх COP17 зэрэг олон улсын томоохон арга хэмжээ, уулзалтыг хүлээн авч зохион байгуулж байгаа нь Монгол Улсын дипломат чадавх, олон улсын итгэлцэл, сүлжээний капиталын бодит илэрхийлэл юм. Ийм арга хэмжээнүүд Монгол Улсыг олон улсын хамтын ажиллагааг зуучлан холбох чадвартай, итгэл даах түнш улс, олон улсын яриа хэлэлцээний талбар, харилцааны зангилаа улс болохыг харуулж байна. Эдгээр нь Монголын дипломат капитал, сүлжээний капитал болон олон улсын нэр хүндийн бодит илэрхийлэл мөн.

Гол түлхүүр нь төрийн бодлого болон иргэдийн бодит харилцаа 

Хэн нэгэн Монголыг 3x3 сагсан бөмбөгөөр таньж болно. Нөгөө нь The Hu хамтлагаар.. Өөр нэг нь Каннын кино наадамд шалгарсан бүтээлээс. Харин тэр хүн Монголд ирэхэд, монгол хүнтэй ажиллахад, Монголд сурахад тэр анхны төсөөлөл батлагдах тэр үед сурталчилгаа зөөлөн хүч болж хувирах юм.

Энэ тухай Г.Баасанхүү багш “Саймон Анхолтын үзсэнээр улс орны нэр хүнд сурталчилгаанаас илүүтэй, тухайн улс бодит байдал дээр ямар улс вэ гэдэг ойлголтоос үүсдэг. Хэрэв эрэмбэлэх шаардлагатай бол би төрийн бодлого болон иргэдийн бодит харилцаа хамгийн суурь ач холбогдолтой гэж үзнэ.

Учир нь төрийн бодлого тухайн улсын талаарх олон улсын итгэлцэл, хүлээн зөвшөөрөгдсөн байдлын суурийг бүрдүүлдэг. Улс орон өөрийгөө ардчилсан, нээлттэй, хариуцлагатай гэж сурталчилж болох ч бодит үйл ажиллагаа үүнтэй нийцэхгүй бол ямар ч сурталчилгаа удаан хугацаанд үр дүнтэй байх боломжгүй. Жозеф Найн тэмдэглэснээр, зөөлөн хүчний хамгийн чухал нөхцлүүдийн нэг нь итгэл даах чанар (Credibility) юм. Тиймээс сайн бодлого нэр хүндийг бий болгодог бол муу бодлого хамгийн сайн сурталчилгааг ч үгүй хийж чадна.

Хоёрдугаарт, иргэдийн бодит харилцаа асар чухал. Судалгаагаар хүмүүсийн бусад улс орны талаарх ойлголт ихэвчлэн төрийн мэдэгдлээс илүү тухайн улсын иргэдтэй хийсэн шууд харилцаанаас бүрэлддэг. Жуулчин Монголд ирээд монгол айлд зочлох, гадаад оюутан Монголд суралцах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажилласан орон нутгийн иргэд, олон улсын хамтрагчид Монголын энхийг сахиулагчидтай харилцах, бизнес эрхлэгчид монгол түншүүдтэй хамтрах зэрэг нь аливаа сурталчилгаанаас илүү хүчтэй сэтгэгдэл үлдээдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүс улс орныг логогоор биш, хүмүүстэй нь уулзаж таньдаг.

Тиймээс төрийн бодлого итгэлцлийг бий болгодог, иргэдийн бодит харилцаа итгэлцлийг баталгаажуулдаг, соёлын бүтээгдэхүүн сонирхлыг бий болгож, аялал жуулчлал тэр сонирхлыг бодит туршлага болгон хувиргадаг. Үр дүнд нь зөөлөн хүч амжилттай хэрэгжих юм.

Монгол Улсын хувьд хамгийн үр дүнтэй загвар нь эдгээр зөөлөн хүчний нөөц боломжоо нэг тогтолцоо болгон ашиглах явдал юм. Өөрөөр хэлбэл, нүүдлийн соёл иргэншлээр сонирхол төрж, аялал жуулчлалаар туршлага бий болж, монголчуудтай хийсэн харилцаагаар итгэлцэл бүрэлдэж, төрийн бодлого тэр итгэлцлийг баталгаажуулах үед Монголын эерэг дүр төрх урт хугацаанд тогтвортой хадгалагдана. Миний бодлоор зөөлөн хүчний жинхэнэ үндэс нь хэрхэн сурталчилхаас илүү хүмүүсийн бодит туршлага, түүнээс бий болсон итгэлцэлд оршдог. Өөрөөр хэлбэл, зөөлөн хүч бол Монголд байгаа зүйлсээ стратегийн давуу тал болгон холбох тухай юм” хэмээн тайлбарлав.

Тиймээс энэ нийтлэлийн эхэнд тавьсан асуултад эргээд хариулбал, улс орны хүчийг зөвхөн цэрэг, эдийн засаг, газар нутаг тодорхойлохгүй. Дэлхий нийт тухайн улсыг хэрхэн харж, хэрхэн мэдэрч, хэрхэн итгэж байгаагаар хүч хэмжигдэх болсон цаг үед Монголын хамгийн том боломж нь эдгээр нөөцийг бодит туршлага, бодлогын итгэлцэлтэй нийцүүлэхэд оршиж байна. Үндэсний онцлогийг үнэ цэн болгож, үнэ цэнийг нөлөө болгож, нөлөөгөө урт хугацааны бодлогоор цаашид тогтвортой хадгалах шаардлагатай аж. Иймд бид Монголыг сурталчлах тухай ярианаас нэг алхам цаашилж, Монголын зөөлөн хүчийг хэрхэн системтэйгээр бүтээх вэ гэдэгт анхаарах цаг болжээ.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

“Монголын зөөлөн хүчний нөөц бидэнд юу байгаад биш, тэдгэ...