Хэлний бодлого: Хууль байгаа боловч бодит хэрэгжилт нь хаана байна вэ?

2026.05.085 минут унших
Хэлний бодлого: Хууль байгаа боловч бодит хэрэгжилт нь хаана байна вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Манай улсад сүүлийн жилүүдэд олон нийтийн орчинд монгол, гадаад хэлийг хольж ярих, зөв бичгийн дүрмийг баримтлахгүй байх, албан бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч найруулгын хувьд чанаргүй агуулгууд гарах үзэгдэл ихэссэн. Үүнийг зарим хүн “бидний хэл мөхөж байна”, зарим нь “залуучууд хэт их гадаад хэлийг сонирхож, монгол хэлээ хайрлахгүй байна” гэх мэтээр тайлбарлах нь элбэг. Гэвч хэлний хэрэглээний өөрчлөлтийг дан ганц хувь хүний соёл, хариуцлага болгон тайлбарлах нь нэг талаасаа бодлогын түвшний асуудлыг далдлах эрсдлийг дагуулж мэдэх юм.

Тэгэхээр энэ үзэгдэл үнэхээр хэлний доройтол юм уу, эсвэл хэлний бодлогын хэрэгжилтийн асуудал юм уу?

Зорилготой боловч сул системтэй бодлого

Монгол Улс монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хэрэглэх, хөгжүүлэх бодлогын хүрээнд “Монгол хэлний тухай” хуулиа баталж, уг хуулийг 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хуульд монгол хэл, бичиг үсэг нь үндэсний соёл иргэншлийн язгуур төдийгүй улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэж үзэж, хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг болохыг онцолсон байдаг.

Гэвч бодит хэрэглээний түвшинд энэ хууль “байгаа” ч, хэрэгжилтийг нь өдөр тутмын хэвшил болгож барьж байдаг систем сул хэвээр гэсэн эргэлзээ сүүлийн жилүүдэд улам хүчтэй мэдрэгдэж байна. Хотын орчин, нийгмийн сүлжээ, үйлчилгээний салбар, албан харилцаанд ч хүмүүс англи монгол үгийг хольж хэрэглэх нь түгээмэл болж, зөв бичгийн дүрэм, найруулгын алдаа нийтлэг үзэгдэл болчихлоо. Ажил олгогчдын хувьд англи хэлтэй хүн олохоос илүү эх хэлээрээ цэгцтэй ярьж, бичдэг хүн олох нь төвөгтэй болсон тухай яриа ч хэвийн сонсогдох болов.

Энэ зураглал нь хэлний бодлого зөвхөн уриалга хэлбэрээр үлдэж, албан хэрэг хөтлөлт, боловсрол, хэвлэл мэдээлэл, дижитал орчинд нэгдсэн стандарт, хяналт, дэмжлэгийн механизм хангалттай ажиллахгүй байгааг илтгэнэ. Хуулийн зорилго бодит хэрэглээ болохын тулд “дагаж мөрдөнө” гэсэн өгүүлбэр хангалтгүй бөгөөд хэрэгжилтийг хэмжих шалгуур, байгууллага бүрийн мөрдөлтийн бодит стандарт, дижитал орчны алдаа хянах хэрэгсэл, хүний нөөцийн ур чадварын шаардлага зэрэг амьд систем зэрэгцэж байж бодлого бодит болно. Өнөөдрийн нөхцөл байдалд харин энэ “амьд систем” бодлогын зорилгыг олон нийтийн дадал болгон хувиргах хэмжээнд бүрэн сууж амжаагүй байна.

Хэлний бодлого: Хууль байгаа боловч бодит хэрэгжилт нь хаана байна вэ? нийтлэлийн зураг

Үүний учир шалтгааныг “Монгол хэлний тухай” хуулийн тодорхой заалтууд болон тэдгээрийн хэрэгжилт дээрх зөрүүгээс харж болно. Тухайлбал, хуулийн 21.7.9-д Хэлний бодлогын үндэсний зөвлөл хэвлэл мэдээллийн байгууллагуудад хяналт тавьж, дүгнэлт гаргах чиг үүрэг хүлээсэн байдаг. Гэвч бодит байдал дээр энэхүү эрх мэдэл нь алдааг засуулах албадлагын хөшүүрэггүй тул хэлний хэм хэмжээний зөрчлийг баримтжуулах ажиглагчийн түвшинд хязгаарлагдаж байж болох юм. Хариуцлагын тогтолцоо сургалтын хөтөлбөр рүү чиглэсэн нь нийтийн мэдээллийн орон зай дахь хэлний хэрэглээг бодлогын дэмжлэгээс гадуур орхиход хүргэжээ.

Нөгөө талаас, англи үгс хэрэглээнд хүч түрэн орж ирж байгааг нэр томьёоны бодлогын хоцрогдол гэж үзэх үндэстэй. Хуулийн 21.7.5-д шинэ нэр томьёог хэлэлцэн батлах үүргийг тусгасан ч энэ нь амьдралын хурдаас тасарсан байна. Технологи, нийгмийн хурдаар орж ирж буй шинэ ойлголтуудыг монгол хэлнээ оновчтой хөрвүүлж, нийтээр дагах стандарт болгон хэвшүүлэх ажил удаашралтай байгаа нь хэлний эрлийзжил үүсэх гол шалтгаан болж байна. Албан ёсны нэршил, орчуулгын шийдэл дутагдаж байгаа нөхцөлд иргэд өөрсдийнхөөрөө нэрлэж, улмаар "монгол-англи" холимог хэллэг харилцааны хэм хэмжээ болон тогтож байна.

Түүнчлэн дижитал шилжилтийн үед хэлний дархлааг хамгаалах технологийн дэд бүтэц дутагдаж байна. Хуулийн 15.1.3-т заасан алдаа хянах программыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хөрсөн дээрээ бууж, нийтийн хүртээл болж чадаагүй. Энэ нь иргэдэд эх хэлээрээ зөв бичих боломжийг технологиор дэмжих хандлагыг хязгаарлаж буй хэрэг юм.

Дэлхийн зарим улс орнууд хэл бол хэрэглээ гэхээс илүү, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой хэмээн үзэж, хэлний бодлого, хууль хэрэгжилтийн олон талт механизмыг бүрдүүлж чадсан байдаг. Тодруулбал, БНСУ-д англи үгийн хэрэглээг багасгахын тулд Солонгос хэлний үндэсний хүрээлэн (National Institute of Korean Language)-гээс жил бүр гадаад үгийн галигласан хувилбарын жагсаалтыг шинэчлэн боловсруулж нийтэд түгээдэг байна. Тэгвэл бусад улс орнууд эх хэлний хэрэглээ, хамгаалалт, дижитал орчин дахь бодлогоо хэрхэн хэрэгжүүлж, зохицуулдаг талаар дэлгэрэнгүй авч үзье.

Франц: Хэл бол төрийн стандарт

Францын хэлний бодлогын хамгийн тод ялгарах шинж нь “хэл бол гоёл” гэхээс илүү төрийн зохицуулалт, нийтийн үйлчилгээний стандарт гэж үздэгт оршдог юм байна. Үүний суурь нь 1994 оны “Франц хэлний хэрэглээний тухай” хууль (олон нийтэд “Toubon law” гэж нэрлэгддэг) бөгөөд франц хэлийг төрийн үйлчилгээ, хөдөлмөр, боловсрол, худалдаа харилцааны үндсэн хэл гэж тодорхойлж, олон салбарт хэрэглээг нь заавал шаарддаг байна.

Албан харилцаа ба хөдөлмөрийн орчинд “заавал ойлгомжтой байх” зарчим

Франц хэлний бодлогын логикт иргэн үйлчилгээ авахдаа, ажилтан хөдөлмөрийн эрхээ эдлэхдээ, хэрэглэгч мэдээлэл авахдаа ойлгомжгүй хэлний саадтай тулгарах ёсгүй. Тиймээс төрийн байгууллага, нийтийн үйлчилгээтэй холбоотой байгууллагуудын баримт бичиг, заавар, мэдээлэлд франц хэл “үндсэн” байх зохицуулалт өргөн хүрээнд үйлчилдэг ажээ.

Боловсролын орчинд буюу сургалт, шалгалт, эрдмийн ажилд франц хэл төв хэл

1996 оны хэрэгжилтийн тайлбар баримтад тус хуулийг бүх шатны боловсролын байгууллагад өргөн хүрээтэй хамааруулж, сургалт, шалгалт, уралдаан, судалгааны ажил зэрэгт франц хэлний байр суурийг тодруулсан байдаг ажээ. Энэ нь “хэлний бодлого бол боловсролын институцийн үндсэн стандарт” гэсэн чиг шугамыг баталгаажуулдаг байна.

Гадаад үгийг шууд хэрэглэхээс илүү нэр томьёог францаар баяжуулж стандартчлах механизм

Франц шинэ нэр томьёо, технологийн хэллэгүүдийг франц хэлэнд нийцүүлэн боловсруулах тусгай тогтолцоотой. Үүний нэг гол тулгуур нь 1996 оны франц хэлийг баяжуулах тухай тогтолцоо бөгөөд төрийн баримт бичиг, удирдамж, албан харилцаанд Journal officiel-д нийтлэгдсэн франц нэр томьёог заавал хэрэглэхийг тогтоосон байдаг байна.

Алдаа бол хувийн асуудал биш институцийн хяналт, салбарын өөрийн зохицуулалт

Францын хэлний бодлого нь ганц яамны уриалгаар явдаггүй юм байна. Соёлын яамных нь дэргэд хэлний бодлогын чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд зар сурталчилгаанд гадаад үг хэрэглэх тохиолдолд франц орчуулгыг тодорхой байдлаар хавсаргах шаардлага зэрэг “хатуувтар” стандартууд бодитоор мөрдөгдөх орчин бүрдсэн байдаг аж.

Тэгэхээр Францын хувьд хэл бол хувь хүний гоо зүйн сонголт биш, харилцаа ойлгомжтой явах нийтийн дэд бүтэц гэж үздэг байх нь. 

Финланд: Хэл бол иргэний чадвар

Финландын хэлний бодлого Франц шиг “хатуу стандарт”-аас илүү иргэний суурь чадвар, үйлчилгээний чанар дээр төвлөрдөг аж. Суурь эрх зүйн түвшинд Финландын Language Act (423/2003) нь иргэн төрийн байгууллага, шүүх зэрэг эрх бүхий байгууллагатай харилцахдаа өөрийн хэлээр (үндэсний хэлнүүд болох финн/швед) үйлчилгээ авах эрхийг баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, хэлний бодлогын гол цөм нь “хэлийг хамгаалах” төдийгүй иргэнд хүрэх үйлчилгээний хүртээмж гэсэн логикоор явдаг гэсэн үг.

Бага боловсролоос эхэлдэг “бичгийн чадвар”-ын бодлого

Финландын боловсролын бодлогын баримт бичгүүдэд эх хэл ба уран зохиолын хичээл нь сурагчийг уншиж ойлгох, бичиж харилцах чадамжтай иргэн болгох суурь гэж тодорхойлогддог. Сургалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэлний чадвар, харилцааны ур чадвар, бүх төрлийн мэдээлэлтэй ажиллах чадвар зэрэг ойлголт хүчтэй ордог юм байна.

Шийтгэхээс илүү засаж, сургах тогтолцоо

Финландад хэлний зөв хэрэглээг төрийн үйлчилгээний чанартай холбож, олон нийтийн байгууллагуудын бичвэрийг ойлгомжтой, энгийн болгох ажлыг хэлний байгууллага нь дэмждэг. Энэ нь “алдааг барьж авч, хяналт тавих” гэхээс илүү иргэн ойлгох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой, бодлогын чанартай ажиллагаа ажээ.

Мөн хэлний чадварт анхааралгүй орхихгүйгээр суурь боловсролын төгсгөл үеийн суралцах үр дүнг үнэлдэг эх хэл, уран зохиолын сургалтын үр дүнгийн үнэлгээ зэрэг тогтолцоо ажилладаг юм байна.

Дижитал орчинд хэлний зөвлөмж, гарын авлага түгээж, зөв хэрэглээг дэмжих бүтэц

Финландын хэлний бодлого “сайн хэл номон дээр л байдаг” гэж туйлшрахгүй. Харин олон нийт хэрэглэж болох зөвлөмж, гарын авлага, стандарт зэрэг чиглүүлгийг тогтмол гаргаж, байгууллага, иргэдэд хэрэглэх боломж олгодог байна. Үүнийг хэлний байгууллагын зөвлөмжийн сан, хэлний төлөвлөлтийн алба зэрэг бүтэц дэмждэг аж.

Тэгэхээр Финландын хувьд хэлний бодлого нь зөв ярихыг шаардсанаар биш, зөв бичих, ойлгомжтой харилцах боломжийг боловсрол, үйлчилгээ, зөвлөмжийн тогтолцоогоор хангах замаар хэрэгждэг байх нь. 

Харьцуулбал: Монголын асуудал хаана байна вэ?

Хэлний бодлого: Хууль байгаа боловч бодит хэрэгжилт нь хаана байна вэ? нийтлэлийн зураг

Франц, Финландын жишээг Монголын өнөөгийн нөхцөлтэй харьцуулж харахад нэг гол зөрүү тод харагдана. Монголын хэлний бодлогын асуудал нь хэлний хэрэглээг системтэйгээр хянаж ч чадахгүй, нөгөө талаар дэмжиж, чадвар болгох түвшинд ч хүрээгүй, түүнчлэн хариуцлага тооцох тодорхой, ойлгомжтой шатлалгүй байгаад оршиж байж болох юм.

Франц хэлний хэрэглээг төрийн стандарт гэж үзэж, албан харилцаа, үйлчилгээ, хөдөлмөрийн орчинд ойлгомжтой, нэгдмэл байх шаардлага тавьдаг бол Финландад хэлний зөв хэрэглээг иргэний суурь чадвар гэж ойлгож, боловсролоор дамжуулан бичих, унших, ойлгох чадварыг системтэй суулгадаг. Харин Монголд хэлний бодлого эдгээрийн аль алинд нь бүрэн хүрч чадалгүй, санаа зорилгын түвшинд үлдэж, өдөр тутмын бодит хэрэглээтэй хангалттай холбогдож чадахгүй л байна.

Хууль, бодлогын баримт бичгүүд дээр монгол хэлний ач холбогдол, үүрэг, хэм хэмжээг тодорхой заасан боловч түүнийг мөрдүүлэх, хэвшүүлэх бодит механизм сул хэвээр. Үүний улмаас хэлний хэрэглээ хувь хүний ухамсар, соёлд даатгагдаж, байгууллага, салбар, орчин бүрд өөр өөр жишиг тогтчихсон байдал ажиглагддаг. Үүний гол шалтгаан нь хэлний бодлогыг нийгмийн нийтлэг дадал болгож чадахгүй байгаатай холбоотой байна.

Боломжит гарц нь юу байж болох юм?

Ийм нөхцөлд Монголд хэлний хэрэглээг сайжруулах асуудлыг “хэн буруу бичив”, “хэн англи үг хольж ярив” гэх хувь хүний түвшний шүүмжлэлээр шийдэх нь оновчгүй. Харин бодлогыг логикоор нь харвал анхаарах ёстой гол цэг нь систем юм.

Нэгдүгээрт, зөв бичгийн дүрмийг шалгалтын хэрэгсэл гэж харалгүй мэргэжлийн стандарт болгон бүх салбарт ижил ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллага, дижитал орчинд хэлний хэрэглээний нэг ижил зарчим үйлчилдэг байх ёстой. Гуравдугаарт, алдаа гаргасныг буруутгах биш, засах, сайжруулах боломжтой орчныг бий болгох нь илүү үр дүнтэй мэт.

Өөрөөр хэлбэл, хэлний бодлого гэдэг нь иргэдийг хянах тухай биш, зөв хэрэглэх боломжийг системээр хангах тухай юм. Стандарт, дэмжлэг, ойлгомжтой жишиг гурвын огтлолцол дээр л бодлого бодит хэрэглээ болж чадна.

Эцэст нь

Англи үг хольж ярих, алдаатай бичих, найруулга сулрах зэрэг үзэгдлийг дан ганц “хэлний мөхөл, соёлгүйдэл” гэж тайлбарлах нь хэтэрхий амар хариулт байж мэднэ. Харин бодлогын өнцгөөс харвал энэ нь хэлний бодлогын орон зай дутсаны, систем нь өдөр тутмын хэрэглээтэйгээ холбогдож чадаагүйн илрэл биш үү...

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Хэлний бодлого: Хууль байгаа боловч бодит хэрэгжилт нь ха...