Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа

2026.03.313 минут унших
Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn-ийн редакцаас уншигч та бүхэндээ “ЭКО” хэмээх ойлголтын хүрээнд цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх дугааруудад бид үнэхээр ЭКО хэрэглээтэй юу?ЭКО байна гэдэг нь юу гэсэн үг болох мөн бидний дунд бодитоор  хэрэгжиж буй ЭКО шийдлийн талаар сурвалжлан хүргэсэн. Ингэхдээ нийтлэлийн гурав дахь дугаарт ЭКО хэрэглээ буюу хог хаягдлын дахин боловсруулалт хувь хүн, албан байгууллага, бодлогын түвшинд хэрхэн хэрэгжиж байгаа талаар дурдсан билээ.

Тэгвэл цуврал нийтлэлийнхээ сүүлийн дугаарт бид ЭКО хэрэглээг бодитоор хэрэгжүүлж буй залуусын төлөөлөл болох “Гэр Агора” нийгэмлэгийг онцолж байна. Тус нийгэмлэгийн гишүүд хаягдал цаасыг дахин боловсруулж, өдөр тутмын хэрэглээндээ дахин ашиглах энгийн атлаа үр дүнтэй аргыг хэрэгжүүлээд удаж буй. ЭКО амьдралын хэв маяг гэдэг нь томоохон өөрчлөлтөөс бус, боломжит нөхцөл байдалдаа тулгуурлан эхэлж болдгийг тэдний санаачилга харуулж байна. Тэгвэл хаягдал цаасыг хэрхэн дахин боловсруулдаг юм бол?

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутнуудтай хамт цаас дахин боловсруулцгаая

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн нэгэн ангид оюутнууд эх дэлхийдээ ээлтэй, бүтээлч соёлыг түгээж байна. Энэ бол “Гэр Агора” нийгэмлэг юм. Тэдний хичээлээс гадуурх энэхүү бүтээлч үйл ажиллагаа нь оюутнуудын тархийг амраах, онолын хичээлээс түр хөндийрч, өөрийгөө хөгжүүлэх нэгэн төрлийн орон зай болон өргөжжээ.

Бид тус нийгэмлэгийн залуустай хамтдаа хаягдал цаас дахин боловсруулах үйл явцтай танилцаж, тэдний бүтээлч ертөнцөөр зочилсон юм. Ингээд "Гэр Агора" нийгэмлэгийн зорилго, үйл ажиллагааны талаар тус нийгэмлэгийг тэргүүн О.Намуундарьтай ярилцсанаа хүргэж байна.

“Оюутнуудын дунд цаасны хэрэглээ өндөр байдаг учраас үүнийг шийдэхийн тулд цаас дахин боловсруулж эхэлсэн”

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг
"Гэр Агора" нийгэмлэгийн тэргүүн О.Намуундарь

"Гэр Агора нийгэмлэг нь 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нэрийн хувьд “гэр” гэдэг нь монгол гэр, “агора” гэдэг нь цуглах гэсэн утгатай бөгөөд монгол гэртээ цуглаж, оюунлаг орон зайг хамтдаа бүтээх зорилгыг агуулдаг. Манай нийгэмлэгийн онцлог нь оюутнууд сайн дурын оролцоо, бүтээлч сэтгэлгээндээ тулгуурлан нийгэмд хэрэгцээтэй үнэ цэнийг бүтээхэд оршдог юм.

Манай нийгэмлэг үндсэн гурван өртөөнд хуваагдаж үйл ажиллагаагаа явуулдгийн нэг нь Сонины өртөө. Хуулийн сургуулийн оюутнуудын сургалтын онцлогоос шалтгаалж цаасны хэрэглээ маш өндөр байдаг тул үүнийг дагаад хаягдал ч их гардаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж, хаягдал цаасыг дахин боловсруулах санааг манай үүсгэн байгуулагчид анх гаргаж байсан.

Бидний хувьд оюутнууд өөрсдийн бодож тунгаасан зүйлээ нийтлэн үлдээнэ гэдэг хамгийн том үнэ цэн. Тиймээс бид дахин боловсруулсан цаасан дээрээ сонин хэвлэн гаргаж эхэлсэн юм. Одоогоор хоёр дугаар сонин хэвлэсэн бөгөөд энэ улирлын шинэ дугаарыг гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Сонин маань зөвхөн мэдээлэл хүргээд зогсохгүй, сургуулийн сул ангиудын хуваарь гаргадаг “Сул өрөөний булан”, гадаадад хуулиар суралцаж буй оюутнуудын ярилцлага, олон улсын тэмцээний туршлага зэрэг тогтсон сонирхолтой булангуудаараа дамжуулан оюутан хоорондын мэдээлэл солилцох гүүр болдог."

Хаягдал цаасыг гэртээ хэрхэн дахин боловсруулах вэ?

Хаягдал цаас дахин боловсруулах энэхүү бүтээлч ажлыг хэн бүхэн гэртээ туршиж үзэх боломжтой эко шийдэл юм. Хичээл, ажлын стрессээс ангижрах нэгэн төрлийн бясалгал болохоос гадна байгальд ээлтэй хэрэглээг хэвшүүлэхэд тань туслах дараах зааварчилгааг хүргэж байна.

Танд юу юу хэрэгтэй вэ?

Цаас дахин боловсруулахад нарийн мэргэжлийн төхөөрөмж шаардлагагүй бөгөөд доорх зүйлсийг бэлтгэхэд хангалттай:

  • Дэвтээх болон шигших сав: Цаасны хольцоо бэлтгэх хоёр өөр хэмжээтэй сав.
  • Холигч (Блендер): Цаасаа зутан болгож бутлахад ашиглана.
  • Шигшүүр бүхий жааз: А4 хэмжээтэй модон рамд сетик (тор) бэхэлж бэлтгэнэ.
  • Даавуу: Нойтон бэлдцийг буулгаж, усыг нь шавхахад хэрэгтэй.
  • Цаас зүсэгч: Бэлэн болсон цаасны ирмэгийг тэгшлэхэд ашиглана.

Дахин боловсруулах алхмууд

1. Цаас жижиглэх ба дэвтээх: Цуглуулсан хаягдал цаасаа (фонт, хор хамаагүй) гараараа жижиглэн тасалж саванд хийнэ. Дээрээс нь ус нэмж, багадаа 1 цаг орчим байлгана. Ингэснээр цаасны ширхэг задарч, бутлахад бэлэн болно. Хэрэв та бага зэрэг өнгөтэй цаас гаргаж авахыг хүсвэл өнгөтэй хаягдал цаас хольж болно.

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

2. Хольц бэлтгэх: Дэвтсэн цаасаа холигчид (блендер) хийж, нэгэн төрлийн саарал өнгийн шингэн хольц буюу шингэн зуурмаг болтол нь бутална. (Зөвлөгөө: Холигчоо хэт ачаалж шатаахаас сэргийлж, хэсэг хэсгээр нь амрааж ажиллуулаарай.)

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

3. Шигших ба хэвэнд оруулах: Бэлдсэн зуурмагаа том савтай усанд хийж, сайтар уусгана. Үүний дараа сетектэй жаазаа ус руу доороос нь дээш зөөлөн өргөж, цаасны ширхгийг тор дээр жигд тогтоож шигшинэ.

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

4. Бэлдцийг даавуун дээр буулгах: Тор дээр тогтсон нойтон бэлдцийг бэлтгэсэн даавуун дээрээ маш болгоомжтой буулгана. Шууд унахгүй тохиолдолд торны ар талаас даавуугаар зөөлөн арчиж, илүүдэл усыг шавхан эвтэйхэн салгах хэрэгтэй байна.

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг
5. Хатаах ба хэлбэр засах: Даавуун дээрх нойтон цаасаа дулаан газар хонуулан хатаана. Маргааш нь бүрэн хатсан цаасаа хуулж аваад, дөрвөн талыг нь цаас зүсэгчээр тэгшлэн зүссэнээр таны өөрийн гараар бүтээсэн шинэ цаас бэлэн болно.

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Энэхүү аргачлалаар гаргаж авсан цаас нь өвөрмөц бүтэцтэй, дурсгалын зүйл бичих эсвэл бэлэг дурсгал болгоход маш үнэ цэнтэй харагддаг байна. Хамгийн гол нь та хаягдал цаасанд "шинэ амьдрал" бэлэглэж, байгаль эхдээ ээлтэй алхам хийж байгаа юм шүү.

“Бид хийж буй зүйлийнхээ үнэ цэнийг ойлгодог учраас хэзээ ч төвөгшөөж байгаагүй”

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг
"Гэр Агора" нийгэмлэгийн гишүүн Б.Үүрцайх

“Анх 2025 оны дөрөвдүгээр сард “Гэр Агора” нийгэмлэгт нэгдэж, бүх үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явж байна. Бусад клубтэй харьцуулахад манай клубийн зорилго тодорхой, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг, сонирхсон хүн бүхэнд нээлттэй байсан учраас эргэлзэлгүй энэхүү нийгэмлэгт нэгдэхээр шийдэж байсан юм.  

Манай клубийн гишүүд Баасан гараг бүрийн орой уулзаж, сургуулийн орчноос гарч буй хаягдал цаасыг цуглуулан дахин боловсруулдаг. Бидний дунд аль хэдийн төгсөөд ажиллаж буй залуус, одоо суралцаж буй оюутнууд ч бий. Ажлын болон хичээлийн ачааллаас болж ядарсан үедээ орой бүр уулзах нь бидэнд нэг төрлийн амралт болдог. Инээлдэж, ярилцаж, эрх чөлөөтэй байж хамтдаа бүтээлч зүйл хийж цагийг үр дүнтэй өнгөрүүлэх үнэхээр сайхан байдаг. Хамгийн чухал нь бид хийж буй зүйлийнхээ  үнэ цэнийг ойлгодог учраас хэзээ ч төвөгшөөж байгаагүй.

Цаас дахин боловсруулах явцад миний бодол, хандлага өөрчлөгдөж эхэлсэн.  Энэ ажлыг хийж байхдаа “дахиж цаасыг хэрэггүй зүйлд үрэхгүй юм шүү” гэсэн бодол аяндаа төрж, аливаад илүү гамтай, хариуцлагатай хандаж сурдаг юм билээ. Бид дахин боловсруулсан цаасаараа өөрсдийн нэрийн сонин гаргахаас гадна постер, захиа зэрэг бүтээлүүдийг тогтмол хийдэг. Нэг мод тайрч цаас хийх амархан ч буцааж ургуулахад маш урт хугацаа шаарддаг шүү дээ. Тиймээс хавар, зуны улиралд хүн бүр ядаж ганц мод тарихыг зорьдог байгаасай гэж хүсдэг юм.” 

Хамгийн энгийн ЭКО шийдэл

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Хатуу хог хаягдлын данс” 2024 оны судалгааны үр дүнд улсын хэмжээнд бий болсон энгийн хог хаягдлын хэмжээ 2023 онд 2,607.1 мянган тонн болсон гэх судалгаа бий. Энгийн хог хаягдлын хэмжээ нэмэгдэхэд цаас, цаасан бүтээгдэхүүний хаягдал 57.9 (28.2%) мянган тонн, хуванцар бүтээгдэхүүний хаягдал 66.1 (39.4%) мянган тонн, хүнс, био массын төрлийн хаягдал 58.2 (28.7%) мянган тонноор тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. 

Дахин ашигласан, боловсруулсан хог хаягдлын бүтцийг хог хаягдлын төрлөөр авч үзвэл 2023 онд хуванцар бүтээгдэхүүний хаягдал 22.5 хувь, метал бүтээгдэхүүний хаягдал 18.5 хувь, цаас, цаасан бүтээгдэхүүний хаягдал 16.0 хувьтай эхний гурван байрт бичигдээд буй. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад Монгол Улсын хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар зэрэг материалын эзлэх хувь өндөр байгааг харж болох юм. 

Ийнхүү бид ЭКО хэрэглээний талаарх цуврал нийтлэлийнхээ хүрээнд ЭКО хэрэглээ гэдэг хол, хийсвэр ойлголт биш, харин бидний өдөр тутмын жижиг сонголт, дадал зуршлаас эхэлдэг гэдгийг ойлгож, цаас цаасан хаягдлыг дахин боловсруулах ажилд заавал өндөр технологи шаардлагагүй, энгийн аргаар хүн бүхэн хэрэгжүүлэх боломжтой гэдгийг олж мэдлээ. Тиймээс цаашид хог гээд л хаядаг зүйлсээ эргэн нэг харж, өөрсдийн амьдралд хэрэгжүүлж болохуйц хамгийн энгийн өөрчлөлтөөс эхлэн байгальд ээлтэй ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

Гэрэл зургууд:

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг
Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг
Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг
Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс төрсөн санаа нийтлэлийн зураг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Эх дэлхийдээ ээлтэй залуус: Оюутны ширээнээс тө... | Posted