

Posted.mn сайтын редакцаас уншигч та бүхэндээ өдөр тутмын амьдралдаа “ЭКО” амьдрахын ач холбогдол, арга замуудын тухай цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх Цуврал №1, Цуврал №2-оор бид ЭКО амьдралын хэв маяг өдөр тутмын энгийн сонголт, дадал зуршлаас эхэлдэг болохыг онцолсон. Харин энэ удаагийн дугаарт “ЭКО” амьдрах ямар ямар шийдэл манай нийгэмд бий болоод байгаа талаар онцлон хүргэж байна.
Бидний бодит байдлыг товчхон тайлбарлавал…
Монгол Улсын хэмжээнд энгийн хог хаягдлын хэмжээ 2023 онд 2.6 сая тоннд хүрчээ. Үүнээс цаас, цаасан бүтээгдэхүүний хаягдал 205.6 мянган тонн, хуванцар бүтээгдэхүүний хаягдал 167.6 мянган тонныг эзлэх аж.
Нөгөө талаас нийслэлчүүдийн усны хэрэглээ жилд 109.5 сая шоо метр байдаг бөгөөд нийт усны хэрэглээний 23.8 хувийг станцууд гүний уснаас ашигладаг байна. Үүнээс 18 сая шоо метр ус хөргөлт, үнс зайлуулахад ашиглагдсаны дараа хаягдал ус болдог аж.
Хаягдал ус болон хуванцар, цаасыг дахин боловсруулах, албан бичиг баримтыг цахимжуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүд нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ач холбогдолтой.
Тэгвэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд монголчууд бид хогоо хэр их дахин боловсруулж чаддаг болсныг нотлох тоо баримт байна. Тухайлбал, 2015 онд цаас цаасан бүтээгдэхүүнийг дахин боловсруулах нь арваас бага хувьтай байсан бол 2020–2023 оны байдлаар цаасан хаягдлын 22 хувийг дахин боловсруулсан байна.
Харин хуванцар хог хаягдлын хувьд Дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаагаар 2015-2025 оны хооронд дахин боловсруулалт 6.2 хувиас 29.2 хувь хүртэл өсжээ.

Үүнээс үзэхэд манай улс хаягдал ус болон хуванцар, цаасыг дахин боловсруулах арга хэмжээ нь байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ач холбогдолтойг ойлгож, үйл хэрэг болгож эхэлсэн байна. Ингэснээр байгалийн нөөцийг хэмнэж, эрчим хүчний үр ашигтай зарцуулж, ногоон хөгжлийн сэргэлтийг дэмжих боломж бүрдүүлж буй жишээнүүдээс хүргэж байна.
Жишээ №1: Хувь хүний түвшинд хэрэгжиж буй ЭКО санаачилга
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан П.Болортуяа найз нартайгаа хамтран цаас дахин боловсруулж, сонин эрхлэн гаргаж байгаа ажээ. Их сургуулийн орчинд цаасны хаягдал их хэмжээгээр гардаг учраас тэдгээрийг цуглуулан дахин боловсруулж, шинэ цаас гарган сонин болгон хэвлүүлдэг байна. Энэ нь хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ дахин ашиглах боломжийг бий болгож буй бодит жишээ юм.
Жишээ №2: Байгууллагын түвшинд хэрэгжиж буй ЭКО шийдлүүд
М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүнийхээ бүх савыг цуглуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд “Ти Эм Эл” үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулсан бөгөөд уг үйлдвэр өдөрт 4,000 тонн PET хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай аж.
Мөн “Смарт эко гэр” ХХК-ийн хамт олон мод, эсгий ашиглахгүйгээр орчин үеийн технологи, эко материал, ухаалаг удирдлагыг нэгтгэсэн, жилийн дөрвөн улиралд тухтай амьдрах боломжтой шинэ үеийн ухаалаг, байгальд ээлтэй гэрийг зохион бүтээжээ. Тэд монгол гэрийн баялаг өвийг хадгалахын зэрэгцээ агаарын бохирдол, эрчим хүчний хэмнэлт зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорьж буй аж.
Жишээ №3: Бодлогын түвшинд хэрэгжиж буй ЭКО шийдлүүд
2024 оны аравдугаар сараас “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдэж, 3.8 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академи албан бичиг солилцооны дундын систем (Docx) хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэсэн бөгөөд төрийн 2001 байгууллага уг системийг ашиглаж байгаа юм байна.
Түүнчлэн шинэ Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болоод буй. Нийт 17 байгууламжаас бүрдэх энэ үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг боловсруулж, жилд 18 сая хүртэл шоо метр дахин ашиглах цэвэрлэсэн усыг дулааны цахилгаан станцуудын хэрэгцээнд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа аж.
Дээрх жишээнүүдээс харахад иргэд, байгууллага, төрийн түвшинд хэрэгжиж буй эко санаачилгууд ногоон хөгжлийн сэргэлтийг дэмжиж, эрчим хүч, усны хэмнэлт, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээж буйг цөөн жишээгээр харуулахыг хичээлээ. Дараагийн дугаарт бид дээрх жишээнүүдээс сурвалжлан, бодитоор хэрхэн хэрэгжиж буй талаар уншигч та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэх болно.
Сэтгүүлч Н.Нарванчин
Сэтгэгдэл