"Эко хэрэглээг төлөвшүүлэхэд амьдралын нэг хэсэг гэж хүлээж авах хэрэгтэй"


Posted.mn сайтын редакцаас “ЭКО” хэмээх ойлголтын утга учир, хэрэглээ, ач холбогдлыг тайлбарлах цуврал нийтлэлээ уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Эхний дугаарт бид үнэхээр ЭКО байж чаддаг уу? гэх асуултад сүүлийн үеийн судалгааны баримт дээр тулгуурлан эргэцүүлсэн. Тэгвэл цуврал нийтлэлийнхээ хоёр дахь дугаарт “ЭКО” гэж яг юу гэсэн ойлголт болох, бидний өдөр тутмын амьдралтай хэрхэн холбогддог талаар хамтдаа олж мэдэцгээе.
ЭКО хэмээх үгийн утга
“ЭКО” гэдэг нь экологи буюу “эко”- амьдрах орчин, орон зай, “-логи” буюу судалгаа хэмээх үгээс гаралтай ажээ. Энэхүү нэр томьёог анх 1866 онд Германы эрдэмтэн А.Геккель гаргаж ирсэн юм байна.
Өнөөдөр “ЭКО” гэдэг үгийг өргөн утгаар нь байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөө багатай, тогтвортой хэрэглээтэй гэсэн санааг илэрхийлэхэд түлхүү хэрэглэж байгаа юм. Тодруулбал, байгальд хор нөлөө багатай бүтээгдэхүүн, хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, байгалийн нөөцөө хэмнэх, байгальд ээлтэй эрүүл амьдралын хэв маяг зэргийг “ЭКО” хэмээн тодорхойлох боломжтой аж.
ЭКО хэрэглээ гэж юу вэ?
Дээр дурдсанчлан ЭКО гэх үг нь хэрэглээ хэмээх үгтэй салшгүй холбоотой билээ. Тиймээс ЭКО хэрэглээний суурь ойлголт, түүний бодит утга агуулгыг тодруулж, өдөр тутмын амьдралтай хэрхэн холбогддог талаар илүү тодорхой ойлголт өгөх үүднээс ЭКО хэрэглээг бодитоор хэрэгжүүлэгч хүмүүсийн төлөөлөл болох Breathe Mongolia-Clean Air Coalition НҮТББ Үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Наранцэцэгийн өнцгийг хүргэж байна.
“Эко хэрэглээг төлөвшүүлэхэд амьдралын нэг хэсэг гэж хүлээж авах хэрэгтэй”

Нэн түрүүнд би энэ салбарт ажиллаад удаагүй залуу мэргэжилтэн тул мэргэжлийн хүний үг гэхээс илүү хувь хүний үзэл бодол гэдгийг минь ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна.
Бид бүх зүйл элбэг дэлбэг болсон энэ цаг үед маш их сонголт дунд амьдарч байгаа. Тэгвэл сонголт хийх бүрдээ “энэ зүйл надад яг хэрэгтэй юу” гэдэг асуултыг өөртөө тавьж, шаардлагагүй хэрэглээгээ хянаж, ухамсартай сонголт хийдэг байдлыг ЭКО хэрэглээ хэмээн тодорхойлж болох юм. Сүүлийн үед импортын зарим нэг бараа эко хэмээх нэрийдлээр ашиг олдог тохиолдол нэмэгдэж байна шүү дээ. Энэ үед хэрэглэгчид тухайн үйлдвэрлэсэн газар нь үйлдвэрлэлийн түвшинд ямар бодлого баримталдаг болохыг маш сайн судалж, шалгах хэрэгтэй юм. Монголд бүтээгдэхүүний сав, баглааг дахин боловсруулах үйлдвэр маш цөөхөн бий. Тиймээс бидний тушаасан сав, баглаа боодол дахин боловсруулах үйлдвэрт үнэхээр очдог эсэхийг тогтмол хянаж сурах хэрэгтэй болов уу. ЭКО буюу байгальд ээлтэй байна гэдэг нь үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчид хүрэх, хэрэглэгдэж дуусах хүртэлх бүх процесс хамаарна.
ЭКО соёл, амьдралын хэв маяг бол өвөг дээдсийн амьдралын хэв маягийн уг үндэс, бидний генд байдаг зүйл гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Эрт дээр үеэс бид хэрхэн амьдарч ирснийг анзаараад үзвэл дандаа л юмхнаар юм хийдэг, эдийн шунал бага хүмүүс байсан юм шиг санагддаг. Тиймээс ч ЭКО хэрэглээ гэдэг гаднын эсвэл шинээр бий болох гэж буй өөр хэв маяг гэж харах нь бид бодитоор ЭКО хэрэглээг төлөвшүүлэхэд саад болдог юм шиг.
- Бидэнд яагаад ЭКО хэрэглээ хэрэгтэй юм бол?
Бидний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой гэж бодож байна. Сүүлийн үед хүмүүсийн хуванцрын хэрэглээ нэмэгдэж, хүн жилд дунджаар 70,000 ширхэг микропластик иддэг гэх судалгаа хүртэл гарсан байна. Ялангуяа халуун зүйл хуванцар соруулаар уух үед микропластик жижиг хэсгүүд маш ихээр ялгардаг. Энэ мэт бидний өдөр тутмын амьдралдаа гаргадаг жижиг шийдвэр бүр ямар нэг байдлаар өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хийдэг сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй.
Миний хувьд нүүдэлчин ахуйн хүмүүжлээр өссөн учраас гэрлээ унтрааж тогоо хэмнэх, ашиглаагүй залгуураа салгаж орхих, будаа угаасан усаараа цэцгээ услах зэрэг энгийн үйлдлүүд өглөө бүр шүдээ угаадагтай адил зуршил болсон зүйл. Энэ мэт байгаль орчиндоо ээлтэй үйлдлийг “тусдаа амьдралын хэв маяг” мэтээр бодох нь эко хэрэглээг төлөвшүүлэхэд улам л төвөгтэй мэт санагдана. Харин зүгээр л амьдралын нэг хэсэг гэж хүлээж авах нь илүү үр дүнтэй байж болох юм.
Ийнхүү бид ЭКО хэрэглээ гэдэг нь бидний өдөр тутмын энгийн сонголт, дадал зуршлаас эхэлдэг болохыг олж мэдлээ. Тэгвэл өдөр тутмын амьдралдаа ЭКО хэрэглээг хэрхэн бодитоор хэрэгжүүлж болох вэ, хамгийн энгийн алхмууд юу байж болох бол? Эдгээр асуултын хариултыг нийтлэлийн дараагийн дугаараас хамтдаа олж мэдэцгээе.
Сэтгэгдэл