

Өнгөрсөн удаа Posted.mn сайтын редакцаас “Унших дадал” сэдвийн хүрээнд дөрвөн цуврал нийтлэлийг бэлтгэн хүргэсэн билээ. Хэрэв өмнөх дугааруудыг уншиж амжаагүй бол Цуврал №1, Цуврал №2, Цуврал №3, Цуврал №4-ийг холбоос дээр дарж, ороод уншаарай.
Тэгвэл энэ сар бидний амны уншлага болсон хэдий ч яг утга учир, хэрэглээг нь төдийлөн сайн мэддэггүй “ЭКО” хэмээх ойлголтын талаар тайлбарлаж, “бид үнэхээр ЭКО хэрэглээтэй юу”, “хэрхэн ЭКО байх боломжтой юм бэ”, зэрэг асуултад уншигч та бүхэнтэйгээ хамт хариулт хайхаар дараагийн цуврал нийтлэлийнхээ эхний дугаарыг хүргэж байна.
ЭКО байна гэдэг нь…
Эко хэрэглээний 3R буюу гол гурван зарчим байдаг ажээ. Тодруулбал,
- Хэмнэх (Reduce): Ус, цахилгаан, дулаан зэргийг хэмнэлттэй ашиглах, хэрэгцээгүй зүйл худалдан авахгүй байх.
- Дахин ашиглах (Reuse): Нэг удаагийн бүтээгдэхүүнээс (гялгар уут, хуванцар аяга) татгалзаж, даавуун уут, олон дахин хэрэглэх боломжтой сав суулга ашиглах.
- Дахин боловсруулах (Recycle): Хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт тушаах гэсэн гурван зарчмыг та мөрддөг бол өөрийгөө ЭКО хэрэглээтэй хэмээн дүгнэж болох юм байна. Гэвч бодит байдал дээр бид үнэхээр ЭКО байж чаддаг болов уу?
Монгол дахь бодит байдал
Дэлхий дээр жилд 300 сая тонн давсан хуванцар үйлдвэрлэдэг хэр нь дахин боловсруулалт нь 10% ч хүрдэггүй аж. Өөрөөр хэлбэл, бидний ангилж хаясан хог хаягдал эцэстээ хөрсөнд булшлагдах юм уу, шатаагддаг байна.
Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг хэмжих бүтцийн судалгааг 2018-2019 онд хийж байсан бөгөөд судалгаанаас үзэхэд орон сууцанд амьдардаг хүн өдөрт дунджаар 521 грамм хог хаягдал гаргадаг бол гэр хороололд амьдардаг хүн ойролцоогоор 1038 грамм буюу 1 кг орчим хог хаягдал гаргадаг байна.
Улсын хэмжээнд бий болсон энгийн хог хаягдлын хэмжээ 2023 онд 2607.1 мянган тонн болж, 2022 оноос 109.5 мянган тонноор буюу 4.4%-иар нэмэгдсэн байна.

Ийнхүү улсын хэмжээнд энгийн хог хаягдлын хэмжээ нэмэгдэхэд цаас, цаасан бүтээгдэхүүний хаягдал 57.9 (28.2%) мянган тонн, хуванцар бүтээгдэхүүний хаягдал 66.1 (39.4%) мянган тонн, хүнс, био массын төрлийн хаягдал 58.2 (28.7%) мянган тонноор тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин автомашины эд ангийн хаягдал 2023 онд 95.4 мянган тонн болж, 2022 оноос 96.5 (50.3%) мянган тонноор буурсан аж.
Харин боловсруулалт талаас нь аваад үзэхээр сүүлийн тооцоогоор манай улсад 70-80 орчим дахин боловсруулах үйлдвэр байгаагийн ихэнх нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тогтмол ажилладаг, хүчин чадал нь бүрэн хөгжсөн үйлдвэр ойролцоогоор 20 орчим байдаг аж. Ундаа, усны PET хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрүүд хангалттай хэдий ч картон цаас боловсруулах зэрэг үйлдвэрүүд хомс, хүчин чадлын хувьд бүх түүхий эдийг боловсруулах боломжгүй юм байна. Олон нийт хог хаягдлаа бараг ангилан ялгаж хаядаггүй учир үйлдвэрүүдийн дахин боловсруулах боломж багасаж түүхий эдийн хомсдолд ордог ажээ.
Монгол Улсын хэмжээнд дахин боловсруулах үйлдвэрүүд хангалттай үйл ажиллагаагаа явуулдаг ч хүмүүс хогоо ангилалгүй шууд хаядаг үйлдэл нь бодит үр дүнд хүрэхэд саад болдог гэдгийг судалгааны тоо баримтаас харж болохоор байна.
Тэгвэл бодитоор ЭКО хэрэглээг суулгахад эхлээд ЭКО байх гэдэг нь ямар учиртай болох, бид хэрхэн ЭКО байх боломжтой вэ? зэрэг асуултын хариултыг нийтлэлийн дараа дараагийн дугаараас хамтдаа олж мэдэцгээе.
Сэтгэгдэл