Залуусын орон зай

Б.Дэлгэрбаяр: Хогийг зөв ангилж, дахин боловсруулах нь тогтвортой менежментийн суурь

М.Энхмаа2025.11.275 минут унших
Б.Дэлгэрбаяр: Хогийг зөв ангилж, дахин боловсруулах нь тогтвортой менежментийн суурь - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид “Urban Solid Waste Management” компанийн ахлах зөвлөх Б.Дэлгэрбаярыг урьж, хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, боломжит шийдлийн талаар ярилцлаа.

Бидний ярилцлага хог хаягдлын асуудлыг хэрхэн ойлгож, хариуцлагатай хандах талаарх яриагаар эхэлсэн юм. Өнөөгийн хурдтай амьдралд бид өдөр тутамдаа хог гаргадаг ч тэр бүр хогийн үнэ цэнийг мэддэггүй хэмээх агуулгыг хөндлөө. 

Хаягдал уу, нөөц үү: Хог хаягдлыг ахин тодорхойлох нь

Хог хаягдлын менежментийн талаар ярихаасаа өмнө хог хаягдал гэх ойлголтын талаар ярих хэрэгтэй болов уу. Хог хаягдал гэдэг нь тухайн хүнд хэрэгцээгүй болсон ч бусдад хэрэгтэй зүйлсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, “хог” гэдэг ойлголт дан ганц хаягдах ёстой зүйл биш бөгөөд надад хэрэггүй болсон зүйлийг бусад хүн дахин ашиглах боломжтой гэсэн үг юм. 

Иймд хог хаягдлын менежментийн эхний зарчим нь бий болж буй хаягдлын хэмжээг хэрхэн бууруулах вэ гэдэг ойлголтоос эхэлдэг. Хүн бүр хог гаргадаг ч түүнийгээ “миний л хог” гэж хариуцлагагүй хандаж, замбараагүй хаявал дэлхий нийтээрээ хэт их хогонд дарагдах эрсдэл бий. Тухайлбал, Монгол Улсад жилд дунджаар 2.3-2.5 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд үүний 50 гаруй хувь, ойролцоогоор 1.4 сая тонн нь Улаанбаатар хотод үүсдэг. Үүнээс 90 орчим хувь нь хөрсөнд булшлагдаж, жил бүр 10-15 га талбайгаар хогийн цэгийн хэмжээ тэлж байгаа нь өнөөдөр бид ямар их хэмжээний нөөцөө хаяж, байгалиа бохирдуулж буйг харуулж байна шүү дээ.

Тиймээс хог хаягдлын менежмент гэдэг энэ их хэмжээг хэрхэн бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг яаж багасгах талаас нь эхлэх ёстой. Үүссэн хогийг зөв ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах боломжийг нэмэгдүүлэх нь тогтвортой менежментийн суурь ойлголт юм.

Сүүлийн жилүүдэд “хог” гэдэг ойлголтыг нөөцийн нэг хэлбэр гэж дахин тодорхойлох чиг хандлага дэлхий даяар нэмэгдэж байна. Дэлхийн Банкны Waste 360° тайланд хаягдал бол эдийн засгийн эргэлтэд буцаан оруулах боломжтой хоёрдогч түүхий эд гэж тодорхойлсон байдаг. Тиймээс хог хаягдлыг заавал сөрөг утгатай “хаягдал” гэдэг утгаар нь бус дахин ашиглах боломжтой нөөц гэж үзэх нь зохистой гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

“Гурван төвлөрсөн хогийн цэгт 250-300 орчим хүн гараар дахивар түүдэг”

Улаанбаатар хотод одоогоор 150 гаруй дахивар хог хүлээн авах цэг ажиллаж байгаа бөгөөд эдгээр цэгт зөвхөн дахин боловсруулах боломжтой хаягдлыг авч, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Гэвч хотын гурван төвлөрсөн хогийн цэг болох Морингийн даваа, Нарангийн энгэр, Цагаан чулуутын хогийн цэгт айл өрхөөс гарсан бүх төрлийн хог хаягдал ялгалтгүй очдог бөгөөд 250-300 орчим хүн гараар дахивар түүдэг нөхцөл одоог хүртэл хэвээр байна.

Б.Дэлгэрбаяр: Хогийг зөв ангилж, дахин боловсруулах нь тогтвортой менежментийн суурь нийтлэлийн зураг

Манай улсад эдийн засгийн үнэлгээтэйгээр боловсруулагдаж буй нь PET ундааны сав, HDPE төрлийн хатуу болон зөөлөн хуванцар, гялгар уут, картон цаас, хөнгөн цагаан лааз, зарим шилэн лонх зэрэг цөөн ангиллын бүтээгдэхүүнийг дахин боловсруулдаг. Монголд одоогоор дахин боловсруулах технологи өргөн хүрээнд хөгжөөгүй тул ангилагдаагүй хогийг булшлахаас өөр аргагүй байдаг. Тиймээс эх үүсвэр дээрээ хогийг зөв ангилж хэвших нь хувь хүний түвшний хог хаягдлын менежментийн хамгийн чухал алхам юм.

НҮБ-ын Хот байгуулалтын байгууллагаас гаргасан 2023 оны тайланд хөгжиж буй орнуудад хотжилт нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын өсөлт хяналтаас гарах эрсдэлтэй болсон талаар анхааруулсан нь манай хотод үүсээд буй нөхцөлтэй давхцаж байгаа гэдгийг эдгээр мэдээллээс бид харж болохоор байна. 

Хаягдлын хэмжээ, бүтэц, эрсдэл: Бодлогын шийдэл яагаад яаралтай хэрэгтэй вэ?

Хог хаягдлын бодит хэмжээг тооцоолохын тулд бүтцийн судалгаа чухал үүрэгтэй. Улаанбаатар хотын хог хаягдлыг хэмжих бүтцийн судалгааг 2018-2019 онд хийсэн бөгөөд 2025 оны шинэ судалгааны үр дүн хараахан нийтлэгдээгүй байна.  Судалгаагаар орон сууцанд амьдардаг нэг хүн өдөрт ойролцоогоор 521 грамм хог хаягдал гаргадаг бол гэр хороололд амьдардаг нэг хүн ойролцоогоор 1038 грамм буюу 1 кг орчим хог хаягдал гаргадаг байна.

Зуны улиралд үнсийг хасаад тооцвол нийт хог хаягдлын 41 хувь нь хүнсний хаягдал,  цаас 13.9 хувь, шил 13.3 хувь, ариун цэврийн хаягдал 9.6 хувь, дахин боловсруулах боломжтой PET сав 5.3 хувь, гялгар уут 4.4 хувь, хатуу хуванцар 4.2 хувь, металлын хаягдал 1.9 хувийг эзэлж байна. Харин өвлийн улиралд гэр хорооллын үнсний хэмжээ эрс нэмэгддэг тул нийт хог хаягдлын 70 орчим хувь нь үнс болдог. Үүнээс харахад, нийт хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой ч 7 орчим хувь буюу ойролцоогоор 300 мянган тонн хог хаягдлыг л дахин боловсруулж байна.

Сүүлийн тооцоогоор манай улсад 70-80 орчим дахин боловсруулах үйлдвэр байгаагийн ихэнх нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Тогтмол ажилладаг, хүчин чадал нь бүрэн хөгжсөн үйлдвэр ойролцоогоор 20 орчим байна. Ундаа, усны хуванцар сав PET сав дахин боловсруулах үйлдвэрүүд хангалттай, түүхий эдийн хомсдолтой байдаг бол картон цаас боловсруулах зэрэг үйлдвэрүүд хомс, хүчин чадлын хувьд бүх түүхий эдийг боловсруулах боломжгүй байдаг.

Б.Дэлгэрбаяр: Хогийг зөв ангилж, дахин боловсруулах нь тогтвортой менежментийн суурь нийтлэлийн зураг

- Ийм их хэмжээний хог үүсэж байгаа өнөөдрийн нөхцөлд хогийг булшлах үйл явц байгаль орчинд ямар эрсдэл дагуулж байна вэ?

- Хогийг булшлах явцад хөрс бохирдож, гүний усанд нэвчих эрсдэл үүсдэг. Мөн ялзралын явцад метан хий ялгардаг бөгөөд энэ нь агаарын чанарт сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хүлэмжийн хийн агууламжийг нэмэгдүүлдэг. Метан хий нь нүүрстөрөгчийн давхар ислээс тав дахин хүчтэй хүлэмжийн хий ялгаруулдаг тул байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тухайлбал, Монгол Улс дулааралд хамгийн өртөмтгий бүсэд багтдаг бөгөөд одоогоор дундаж температурын өсөлт 2°C-д хүрсэн. Энэ нь цэвдэг хайлах, ой модгүй болох, цөлжилт нэмэгдэх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Иймээс хог хаягдлын салбарын дараагийн том зорилт нь метан хийн ялгарал болон хог тээвэрлэлтээс гарч буй азотын исэл, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах явдал юм.

Хог хаягдлын менежмент хүн бүрийн хэрэглээний сонголтоос эхэлдэг

Хог хаягдлын менежмент гэдэг нь ганц нэг байгууллагын хийдэг ажил биш, олон шатлал, олон үйл явцыг уялдуулсан цогц тогтолцоо юм. Энэ бүхний эхлэл нь хогийг үүсгэж буй хүмүүсээс өөрсдөөс л эхэлдэг. Төрөхөөс эхлээд хүн бүр хог гаргаж эхэлдэг тул менежментийн үндсэн суурь нь “би өдөрт үүсгэж буй хогоо хэрхэн багасгах вэ?” гэсэн асуултаас эхлэх учиртай. Хэрэглээгээ хянах, зөвхөн хэрэгтэй зүйлээ авах, авсан зүйлээ удаан ашиглах, засаж сэлбэж хэрэглэх, дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн сонгох зэрэг дадал бол хог багасгах хамгийн үр дүнтэй алхмууд. Иргэдэд энэ талаарх ойлголтыг өгч, дадал хэвшил төлөвшүүлэхгүйгээр хог хаягдлын менежмент цааш ахиж хөгжих боломжгүй.

Гэвч зөвхөн иргэдийн дадал хэвшил сайжрахаас гадна цуглуулалт, тээвэрлэлтийн систем оновчтой ажиллах ёстой. Өнөөг хүртэл ангилсан, ангилаагүй хогоо ялгалгүй нэг машинд ачиж хогийн цэг рүү хүргэдэг байдал хэвээр байна шүү дээ. Энэ нь ангилсан хогийг дахин боловсруулах боломжийг хааж, логистикийн хувьд үр ашиггүй шийдэл юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд ангилсан хогоо тусад нь хаяж, тэдгээрийг тусад нь цуглуулж тээвэрлэх тогтолцоо бий болгох шаардлагатай. Ингэж байж дахин боловсруулах үйл явц бодитоор эхэлнэ.

“Мал аж ахуйн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой”

Иргэдийн дадлаас эхэлсэн энэ өөрчлөлт цуглуулалт, тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалтаар дамжин дахин боловсруулах салбар руу шилжих учиртай аж. Ингэсний дараа л хогийг булшлах бус, сэргээн ашиглах арга замууд бодитоор ажиллах байна. Иймд бидний ярилцлага манай оронд ямар төрлийн хогийг хэрхэн ангилж, ямар технологиор дахин боловсруулах боломжтой талаар үргэлжилсэн юм.

Б.Дэлгэрбаяр: Хогийг зөв ангилж, дахин боловсруулах нь тогтвортой менежментийн суурь нийтлэлийн зураг

Хогийг зөвхөн булшлах аргаар шийдвэрлэдэг үе өнгөрсөн. Дахин боловсруулах салбарыг дэмжихгүйгээр хог хаягдлын асуудал шийдэгдэхгүй. Үүний тулд эрх зүйн зохицуулалт, татварын бодлого, урамшууллын тогтолцоо, технологийн шинэчлэл, логистикийн шийдэл зэрэг олон талын дэмжлэг хэрэгтэй. Хогийг сэргээн ашиглаж дулаан, эрчим хүч гаргах, хүнсний хаягдлаас компост бордоо болон био эрчим хүч гаргах технологи нэвтрүүлэх нь хогийг зөв ашиглах, булшлах хэмжээг бууруулах чухал алхам болдог.

Хог хаягдлыг ерөнхийд нь шатах боломжтой болон шатах боломжгүй гэж хоёр ангилдаг. Шатах боломжгүй хогт батарей, химийн бодис, газын сав зэрэг аюултай хаягдлыг тусгай технологиор устгуулах ёстой. Харин үнс, барилгын хаягдал зэрэг хатуу хог нь зохих ёсоор булшлагдах шаардлагатай. Үлдсэн хаягдал нь дахин боловсруулах эсвэл шатааж эрчим хүч болгох боломжтой гэж үздэг.

Манай улсын онцлогоос харахад мал аж ахуйн гаралтай хог их гардаг тул эдгээрийг дахин ашиглах, компост бордоо гаргах, био эрчим хүч үйлдвэрлэх боломжийг нутагшуулах хэрэгтэй. Улаанбаатарын хувьд ч ялгаагүй, Эмээлтийн малын зах болон үйлдвэрүүдээс гарах түүхий эд, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж тодорхой хэмжээнд байсаар байгаа ч бодит ажил болтол нь дэмжих бодлого хэрэгтэй.

Энэ бүхий л үйл ажиллагаа нь хогийг багасгаж, зөв ангилж, дахин ашиглах боломжийг нь нэмэгдүүлэх гэсэн нэг зорилго рүү чиглэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад эх үүсвэр дээрх ангилалт буюу гэрийн түвшинд олон төрөлд хийгддэг ч манай нөхцөлд ийм систем шууд хэрэгжихэд хүндрэлтэй. Учир нь тээвэрлэлтийн зардал өсөхөөс гадна дахин боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал хангалтгүй. Тиймээс манайд илүү тохиромжтой шийдэл нь хоёрдугаар түвшний буюу төвлөрсөн ангиллын систем юм. Энэ хувилбарын үед ахуйн ангилалт хэт нарийвчлах шаардлагагүй бөгөөд төвлөрсөн цэг дээр дахин боловсруулах боломжтой хаягдлыг ялган авдаг. Нойтон хогийг компост бордоо болгох, дахин боловсруулах боломжгүй хогийг ландфиллд булшлах зэргээр үр ашигтай менежмент хийх боломжтой гэж харж байна.

Тиймээс хог хаягдлын менежмент гэдэг хогоо тээвэрлэж хаяхтай холбоотой энгийн ойлголт биш бөгөөд иргэдийн дадал, хууль эрх зүй, санхүүжилт, технологи, тээвэрлэлтийн зохион байгуулалт, дахин боловсруулах дэд бүтэц гээд бүх түвшний уялдаатай ажиллагаанаас бүрддэг том систем юм. Энэ тогтолцоо зөв ажиллаж чадвал хог буурах, дахин ашиглалт нэмэгдэх, байгальд үзүүлэх сөрөг нөлөө багасах, улмаар эрүүл, тогтвортой орчин бий болдог.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт бол ирээдүйн үр ашиг

- Дахин боловсруулах үйлдвэрийг дэмжихэд хамгийн эхний алхам юу байх ёстой вэ, мөн энэхүү хөрөнгө оруулалт ирээдүйд ямар үр ашиг авчрах вэ?

- Дахин боловсруулах үйлдвэрийг дэмжих хамгийн эхний алхам нь татварын орчныг хөнгөлөх, төрөөс урамшуулал үзүүлэх явдал юм. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь өртөг шаарддаг ч байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөлөлтэй харьцуулахад энэ өртөг харьцангуй бага. Гэтэл зарим тохиолдолд хог “Ийм өндөр өртөгтэй хаягдал боловсруулах, ангилан ялгах үйлдвэр бариад яах юм? Бараг булах нь хямд юм биш үү, энд хөрөнгө оруулах шаардлага байна уу?” гэх эдийн засгийн зарчмаар хараад байдаг. Гэтэл бид экологи, эдийн засгийн үнэлгээ нь ямар байх буюу энэ хогийг булснаар ирээдүйн 50, 100 жилдээ бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Өнөөдөр зарцуулах мөнгө ирээдүйн нөлөөллийн нэг хувьд ч хүрэхгүй байхгүй юу. Тиймээс энэ хөрөнгө оруулалт маань ирээдүйд үзүүлэх сөрөг нөлөөллөөс өнөөдөр сэргийлэх, урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Мөн дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжихэд түүхий эдийг цуглуулах менежмент чухал үүрэгтэй. Өнөөдөр дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд хогийг тээвэрлэдэг ч олон тохиолдолд ангилсан хогийг холиод хүргэж, дахин боловсруулах боломжийг хааж байна. Энэ системийг шинэчлэхэд хууль эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй шаардлагатай. 

Тухайлбал, Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчтай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ" гэж заасан нь томоохон аж ахуйн нэгжүүдэд хязгаарлалт болж, ангилсан хогийг өөрсдөө тээвэрлэх боломжийг хааж байна.

Б.Дэлгэрбаяр: Хогийг зөв ангилж, дахин боловсруулах нь тогтвортой менежментийн суурь нийтлэлийн зураг

Хуулийн шинэчлэлээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө тээвэрлэгчээ сонгож, ангилсан хогийг тээвэрлүүлэх боломжийг нээх нь зах зээлд өрсөлдөөн бий болгож, хог хаягдлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тээвэр, логистикийн системийг сайжруулах боломж олгоно. Зарим төрлийн хаягдал үнэлгээтэй, орлого олох боломжтой тул СӨХ-тэй ч энэ зарчмаар ажиллаж, тодорхой хэмжээний орлого олох боломжтой боломжтой гэсэн үг.

- Олон улсын туршлагаас харахад, гадаад орнуудад хог хаягдлын менежмент ямар бодлого, аргачлал дээр суурилдаг вэ, тэдгээрээс хөгжиж буй манай орны нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой сайн туршлагууд юу байна вэ?

Мэдээж хог хаягдлын менежментийг сайжруулахад олон улсын сайн туршлагаас суралцах нь чухал. Хөгжиж буй манай орны хувьд хэрэгжүүлэх боломжтой хэд хэдэн сайн туршлага байна. Тухайлбал: 

  1. Хогийг дахин ашиглах технологи нэвтрүүлэх: Хогийг зөвхөн булшлах бус, эрчим хүч гаргах, компост бордоо, био эрчим хүч болгон ашиглах боломжийг судалж хэрэгжүүлэх.
  2. Өрсөлдөөн бий болгох: Хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, тээвэрлэгчийг сонгох боломжийг олгох замаар менежментийг үр дүнтэй, ил тод болгох.
  3. Бохирдуулагч төлдөг системийг нэвтрүүлэх: Хогоо гаргасан хэмжээгээр төлөх системээр иргэд, аж ахуйн нэгжүүд хог багасгах, ангилан ялгах сонирхолтой болно.
  4. Үйлдвэрлэгч, импортлогч хариуцлагаа хүлээх: Сав, баглаа боодол буцааж авах депозит системийг нэвтрүүлэх замаар хаягдлыг цуглуулах, дахин ашиглах боломжийг бүрдүүлэх.

Дэлхий нийт ийм бодлогын шийдлүүдийг нэвтрүүлснээр хог хаягдлын урсгалаа бууруулж, байгальд учрах дарамтыг багасгаж чадсан. Харин манайд эдгээр алхам хийгдэхгүй тохиолдолд сөрөг үр дагавар нь тодорхой. Тухайлбал, Улаанбаатар хотын газар нутгийн нөөц хязгаарлагдмал шүү дээ. Хэрэв жил бүр сая тонн хог булшилсаар байвал ойрын 5–10 жилд булах газаргүй болох, хөрс болон бэлчээр бохирдох, метан хийн ялгарал дэлхийн дулааралд нөлөөлөх, хог шатаахад үүсэх диоксин, фуран зэрэг хорт бодис хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэлтэй.

Иймд хог хаягдлын менежментийн амжилт нь зөвхөн төрийн үүрэг биш, иргэн бүрийн өдөр тутмын дадалтай холбоотой. Өөрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг сонгон худалдан авах, байгаа зүйлээ удаан ашиглах, хогийг ангилан ялгаж хогийн саванд хаях нь энгийн боловч үр дүнтэй алхам юм. Энэ дадлыг төлөвшүүлснээр хог хаягдлын менежмент амжилттай хэрэгжиж, эрүүл орчин, тогтвортой ногоон ирээдүй бий болох боломжтой.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Холбоотой нийтлэлүүд