Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид!

2026.07.243 минут унших
Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголын Үндэсний Их Баяр Наадмын өдрүүд өндөрлөж, түмэн олноороо дэлгэр сайхан наадлаа. Жил бүрийн долоодугаар сард Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон”, “Ардын дуу мину”, “Монгол бүжгийн гайхамшиг” хэмээх ардын урлагийн гурван тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Энэ жил Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрлын “Монголын сайхан орон” тоглолт болон Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтууд уламжлалт ёсоороо амжилттай тоглогдлоо. Харин “Ардын дуу мину” тоглолт энэ жил өнжсөн ч ижил нэрт кино концертоо бүх IPTV-д байршуулсан юм байна. 

Үндэсний баяр наадмын өдрөөр “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг үзсэн сэтгэгдлээ “Урлагийн түүх” булангийнхаа шинэхэн дугаараар нийтлэн хүргэж байна. 

Монгол ахуйгаас урган гарсан ардын бүжиг 

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

Нүүдэлчин түмний хэдэн мянган жилийн турш туулж ирсэн ахуй амьдрал, байгаль дэлхийтэйгээ харилцах гүн ухаан, зан үйлийн биежсэн илэрхийлэл нь “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт болох юм. Бүжгийн урлаг өөрөө үггүй урлаг учраас монголчуудын түүх, соёлыг бүжигчид үгээр бус, үйлдлээр өгүүлдэг. Тэрхүү бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн утга санааг үзэгчид ойлгож хүлээж авахад нэг талдаа тухайн бүжгийн дэглээч, найруулагчийн шийдэл болон бүжгийг тайзнаа амилуулах бүжигчдийн ур чадвар нөлөөлөх бол нөгөө талд үзэгчийн ойлгон хүлээж авах чадвар буюу урлагийн боловсролын түвшин нөлөөлөх болов уу. Гэхдээ урлаг “ойлгодог” гэх хүрээгээр хязгаарлагдах ёсгүй. Тиймээс хэн ч байсан “Жалам хар” бүжгийг үзээд хар хилэн азарганы талаар эсвэл үлгэрт гардаг нисдэг цагаан морины тухай бүжиг хэмээн өөрийн хүссэнээрээ ойлгох эрхтэй гэсэн үг.

“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт нийтдээ 2-3 цаг үргэлжилдэг бөгөөд хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт Ц.Сэвжид агсаны дэглэсэн “Хөдөө нутгийн залуус”, “Саальчин”, “Монгол бүсгүй” зэрэг чуулгын урын сан дахь эртний бүтээлүүд тоглогдох бол хоёр дахь хэсэгт орчин үеийн монгол бүжгийн төлөөллүүд болох С.Сүхбаатар, Б.Баярбаатар, А.Даваахүү,  Х.Хашхүү нарын бүжгээр үргэлжилсэн юм. Ингээд олон арван алдартай, сонгодог бүтээлүүд толилуулснаас дараах таван бүжгийг энд онцолмоор байна. 

Аягат

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

Хэдэн жилийн өмнө бүжгийн тоглолт ихэвчлэн “Монгол бүжгийн чуулбар” бүжгээр нээдэг байв. Харин энэ удаа тоглолт Ц.Сэвжидийн дэглэсэн “Аягат” бүжгээр хөшгөө нээлээ. Дэлгэцэн дээр монгол гэрийн дотор хэсгийг дүрслэн харуулах бөгөөд шаазан аяганы хавиралдах чимээ, бүжигчид үзэгчдээ урин бүжиглэх нь өргөө цагаан гэрт уригдан ирж цайлан суух шиг дотно мэдрэмж төрүүлнэ. 

Бүжгийн тавилтын хувьд эмэгтэй бүжигчид толгой дээрээ нийт таван аяга тогтоодог. Хүмүүс ихэвчлэн аяга тогтоох тусгай хэрэгсэл байдаг гэж боддог байх. Гэвч бүжигчид ямар нэг хэрэгсэл ашиглахгүй аягаа тогтоодог бөгөөд аягатайгаа биелэх, чичрэх хөдөлгөөнийг саадгүй хийж чаддаг. Энэ талаар ҮУИТ-ын бүжигчин МУГЖ Ж.Мандухай манай сайтын “Бидний нэг” буланд өгсөн ярилцлагынхаа үеэр “аягаа тогтоодог тусгай зүйл байхгүй ээ, ард түмнээ тэгж хуурахгүй шүү дээ” хэмээн хэлж байсан билээ. Мөн ахмад бүжигчид олон жил аягатай бэлтгэл сургуулилт хийдэг учраас эмэгтэй бүжигчдийн зулай хэсэг хавтгайрдаг гэж ярих нь ч бий. 

“Аягат” бүжгийн бас нэг онцлог нь “эрэгтэй гоцлооч” юм. 2025 оны тоглолтод С.Сүхбаатар багш гоцолж байсан бол энэ жилийн эхний өдрийн тоглолтыг ҮУИТ-ын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү гоцоллоо. Бүжигчин Х.Хашхүү бол ОХУ-ын Москва хотын Театр урлагийн их сургуулийг бүжиг дэглээчээр төгссөн манай театрын урдаа барьдаг бүжигчдийн нэг. “Монгол бүжгийн гайхамшиг” 2014 онд тоглогдож байхад тэрбээр бүх бүжигтээ гардаг байлаа. Тухайн үед “Жалам хар”-ыг тайзны доод эгнээнээс үзэн суухад үсрэлт, эргэлтийн техникийг хийхэд ямар ч чимээ гараагүйд нь гайхан хоцорч билээ. Тэрээр энэ удаа хэд хэдэн номерт оролцон бас л ур чадвараа гайхуулан бүжих бөгөөд урт хугацааны дараа тайзан дээр дахин харах сайхан байлаа.

Саальчин

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

"Саальчин" бүжиг нь монгол эмэгтэйчүүдийн ажилсаг, уран зан чанар болон нүүдэлчдийн ахуй амьдралын хамгийн нандин мөчийг тайзнаа амилуулсан уран бүтээл юм. Малчин ардын өдөр тутмын сааль сүүний ажил, үнээ саах, хувин саваа бэлтгэх, цагаан идээгээ боловсруулах зэрэг ахуйн энгийн хөдөлгөөнүүдийг тайзны урлагийн гоо зүй, нарийн хэмнэлтэй хослуулж чадсанаараа энэхүү бүжиг асар үнэ цэнтэй бүтээл болох юм. 

Уг бүжгийг амилуулахад эмэгтэй бүжигчдийн гар, хурууны уран налархай хөдөлгөөн болон хөнгөн шингэн алхаа чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хувин, цагаан алчуур зэрэг жижиг хэрэгсэлтэй харьцах чадвар шаардлагатай. Тэрхүү цагаан алчуураа ашиглан тайзан дээр гэр барьж, бүр нэг хувингаас нөгөө хувин руу сүү юүлж үзүүлнэ. Тэрхүү зураглал нь үзэгчдийг эрхгүй хөдөөгийн цэлгэр тал, сааль сүүний үнэр ханхалсан малчин айлын хотонд аваачих шиг.

Адуучин залуус

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

1951 онд анх “Адуучин залуус” бүжгийг зохиож, тухайн үед дан эрэгтэй бүжигчид бүжиглэдэг байжээ. Тэр үеэс хойш тус бүтээлд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан бөгөөд сүүлд 1976 онд шинэчлэн найруулсан хувилбараар өнөөдрийг хүртэл тоглогдож байна.

Монгол бүжгийн сан хөмрөгт эмнэг догшин адууг сургахаас эхлээд морины жороо явдлыг хүртэл өгүүлэх олон бүтээл бий. Тэр дотроос бүжигчдийн жинхэнэ шандсыг сорьдог бүжиг бол “Адуучин залуус” юм. Эмнэг догшин адууг сургахаар уурга, бугуйл шүүрэн давхих адуучин залуусын зориг зүрх, хийморь лундааг энэхүү бүжигт амилуулахын тулд эрэгтэй бүжигчдээс булгих, бугуйлдах зэрэг маш өндөр техник шаарддаг. Нөгөө талаараа манай эрэгтэй бүжигчид өөрийгөө хэн болох, хэр хэмжээний бүжигчин болохоо энэхүү бүжиг дээр баталж харуулахаар зорьдог юм шиг санагддаг юм. 

Өнгөрсөн гуравдугаар сард Ц.Сэвжидийн 110 жилийн хүндэтгэлийн тоглолтоор “Адуучин залуус” бүжиг дуусахад үзэгчид суудлаасаа босон хоёр минутын турш тасралтгүй алга ташсан бөгөөд анх удаа тайзан дээр “Адуучин залуус”-ыг дахин бүжиглэсэн юм. Бэлтгэлийн үеэр нэг бүжгийг хэдэн ч удаа бүжиглэх тохиолдол байдаг ч тоглолтын үеэр дахиулна гэдэг ховор үзэгдэлд тооцогдох биз ээ. Хажууд үзэн суусан нэгэн үзэгч нулимс дуслуулан алга ташихаас харахад тайзан дээрх бүжигчдийн эрчим энерги театрын арын эгнээний үзэгчид хүртэл хүрч чадсан гэсэн үг. Хамт дагаад бүжиглэмээр эсвэл салхи татуулан давхимаар санагдтал монгол хүн бүрийн сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид.

“Монголын их хатад” бүжгэн жүжгийн хэсгээс

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

Тоглолтын нэгдүгээр хэсэг дуусаж, хоёрдугаар хэсэг эхлэхэд цаг хугацаа өнгөрсөнд буюу Алтан ургийн үед очсон мэт санагдана. “Ёслол хүндэтгэлийн бүжиг”-ийг үзэгчдээс гадна тайзан дээр Чингис Хаан болон түүний хатан Бөртэ үзэн суугаа харагдана. Гярхай үзэгч бол дараагийн номер ямар бүжиг болохыг шууд таахаар байлаа. Монгол бүжгийн гайхамшиг тоглолтод өмнө нь хоёр солисттой бүтээл гэвэл “Насны хайр” тоглогдож байсан. Харин энэ удаа таамагласны дагуу тэд “Монголын их хатад” бүжгэн жүжгийн Бөртэ, Чингис хаан хоёрын дуэтээс тоглохоор бэлджээ.

Анх 2013 онд үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш гол дүрийн бүжигчид нь хэд хэдэн удаа шинэчлэгдэн тоглогдсон бүтээл бол “Монголын их хатад” бүжгэн жүжиг билээ. Харин энэ удаагийн “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтод уг бүтээлийн анхны гоцлоочид болох П.Мөнхцацрал, О.Тулга нар дахин хаан, хатны дүрээрээ тайзнаа гарч ирсэн нь энэ үдшийн бас нэгэн онцгой бэлэг байв. Энэ нь үзэгч бидний хувьд бүжгийн гайхамшигт тоглолт үзэхтэй зэрэгцэн, тоглогдоогүй удаж буй алдартай бүжгэн жүжгийн эх хувилбарыг дэргэдээс нь үзэх алтан боломж байсан бөгөөд үүнд туйлын их олзуурхан суусан юм.

Тэнгэрт шувууд салхи татуулан нисэх шиг…

Хоёрдугаар хэсгийн бас нэгэн онцлох номер бол “Салхит шувуу”, “Жороон жороо” бүжгийн хослол байлаа. Хоёулаа хөгжмийн зохиолч М.Бирваагийн хөгжим болоод ч тэр үү, хоорондоо төгс зохицож байх юм. 

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

Бүжиг дэглээч А.Даваахүү “Салхит шувуу” бүжгээ Цагаан шонхор шувууг дүрслэн дэглэсэн хэмээн ярьдаг. Мэдээж шувууны тухай бүжиг учраас шувууны далавчийг илэрхийлэхийн тулд гарын хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна үсрэлт, эргэлтийн техникийг шигтгэж өгснөөрөө онцлогтой. Хувцаслалтын хувьд ч уламжлалт хэв шинжээс илүү чөлөөт хэв маягийг сонгосноороо энэхүү бүжиг мэндэлсэн үе буюу 2000-аад оны бүжгүүдээс эрс ялгардаг. Энэ нь монгол бүжиг зөвхөн түүх, хуучин хэв маягт баригдалгүй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн хувьсан, өөрчлөгдөж, хөгжиж байдгийн тод жишээ болох юм. Ийнхүү “Салхит шувуу” бүжиг дуусахад угсруулан “Жороон жороо” бүжиг эхэлнэ.

“Жороон жороо” бол торгууд бий биелгээ, мөр, цээжний нарийн сугсраа, чичиргээ хөдөлгөөн, биелгээний үндсэн элементүүдийг хамгийн тодоор шингээж, уламжлалт хэв маягийг орчин үетэй хослуулсан жороо морины явдал, алхаа, гишгээг санагдуулам  хөдөлгөөнүүд нь бүжигчдээс асар их мэдрэмж шаарддаг нь гарцаагүй. Түүнээс гадна энэ бүжгийн хамгийн оргил хэсэг бол бүх бүжигчид гарч ирээд хойноос урагш сүрэг адуу давхиж яваа мэт үйлдлийг харуулснаа ая чимээгүй болохтой зэрэгцэн бүгд намбас хийж суугаад биелж эхэлдэг дундын бий биелгээний хэсэг байдаг. 

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

Мэргэжлийн бүжигчдийн сүрлэг тавилттай энэхүү номер нь уг тоглолтын хамгийн оргил, сэтгэл догдлом агшнуудын нэг байлаа. “Жороон жороо” бүжгийн төсгөлд “Салхит шувуу” гарч ирэн бүх бүжигчид тайзан дээр хамтдаа бүжиглэх нь яг л тэнгэрт шувууд салхи исгэрүүлэн нисэж, газарт жороо морьд салхи татуулан давхих шиг харагдана.

Дээр нэр дурдсанаас гадна, “Шилийн Богдын салхи”, “Цамын бүжиг” хоёр аргагүй нүд, сэтгэл булаасан. Эдгээр бүх бүжгийн амин сүнс, үзэгчдийг соронзон мэт татах увдис нь бүжигчдийн дотоод ертөнцөөс шууд хамааралтай оршино. Өөрөөр хэлбэл, тайзан дээр бүжигчдийн нүдний гал үргэлж асаж байдаг бөгөөд хэрэв тэр оч нь бөхвөл бүжиг тэр чигтээ амьгүй болж хувирах магадлалтай. Өдгөө “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтод багтсан бүх бүжгийг зөвхөн театрын тайзнаа гэлтгүй өөр олон газар бүжиглэдэг болсон. Одоогоор театрын мэргэжлийн, сонгомол бүжигчдээс өөр тултал хийсэн тохиолдлыг олж үзээгүй л явна. Арга ч үгүй биз дээ, их театрын бүжигчид шүү дээ.

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус”-таа хайртай, бид! нийтлэлийн зураг

Бусад тоглолттой харьцуулахад

Бүжгийн урлагийн тоглолт дээр бүжигчид өөрсдөө тайзаа дүүргэдэг учраас нүсэр чимэглэл шаардлагагүй байдаг. Тиймээс тайзны арын том дэлгэцээр тухайн бүжгийн утга санааг илэрхийлсэн дүрсийг гаргасан нь энгийн хэр нь оновчтой шийдэл болжээ. Хэдий дэлгэцийн шийдэл зөв байсан ч том лед дэлгэцийн гэрэлд гоцлол бүжгийн хувцас, чимэглэл бага зэрэг дарагдаж байх шиг харагдсан. Мөн "Монгол угсаатан мину" ардын урлагийн тоглолтын үеэр театрын зураачдын урласан амьд, сүрлэг тайзны чимэглэлийг бишрэн харж суусан тэр үе өөрийн эрхгүй дурсагдаж байлаа.

Мөн энэ үдэш их найрал хөгжимдөж, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид оролцоогүй нь жаахан дутуу мэдрэмж төрүүлснийг нуух юун. Гэхдээ бүжгийн үдэш учраас тоглолтод заавал театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох албагүй шүү дээ. Түүнээс илүү ахуй амьдралаас эхтэй монгол бүжгийн соёл тайзнаа амилахдаа үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, өв соёл, үүх түүхээрээ бахархах омогших сэтгэлийг бадрааж, монгол хүн гэж хэн болох, хэн байх ёстойг бүжгийн урлагаар өгүүлж чаддагтаа л энэ тоглолтын гайхамшиг оршиж байгаа юм. 

Гэрэл зургуудыг Х.Өлзийсайхан

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Монгол хүний сэтгэлийн галыг асааж чаддаг “Адуучин залуус...