МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн

Д.Жавхлан
Д.Жавхлан
2026.01.257 минут унших
МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголчуудын уламжлалт соёлын биет бус өвийг тайзны гэрэл дор амилуулж, биеийн уян налархай хөдөлгөөнөөр дамжуулан үзэгчдэд түүх, ёс заншил, монгол ахуйгаараа бахархах сэтгэлийг төрүүлж, монгол хүн гэж хэн болох, хэн байх ёстойг үгээр бус, үйлдлээр өгүүлдэг хүмүүс бол монгол ардын бүжигчид билээ. Тиймээс бид үндэсний урлаг, соёлын биет бус өвөө ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлж яваа Монголын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин МУГЖ Ж.Мандухайг энэ удаагийн “Бидний нэг” буландаа урьж, түүний бүжгийн урлагтай амьдралаа холбосон он жилүүд, үзэл бодол хийгээд уран бүтээлийн замналынх нь талаар ярилцлаа. 

Драмын театрын улаан барилга дотор ҮУИТ, Хүүхэлдэйн театр, Драмын театр гурав хамтдаа оршино. Биднийг ороход Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид удахгүй болох уламжлалт Цагаан сарын баярт зориулсан бүжгийн бичлэгт орохоор “Аягат” бүжгийн бэлтгэлээ хийж байв. Заалны хоймроос нүүр дүүрэн инээмсэглэн биднийг угтан ирэх өндөр нуруутай, урт хар үстэй эмэгтэй бол бүжигчин Ж.Мандухай байлаа.

Бүжгийн бэлтгэл дуусахыг хүлээн, түр ярилцах зуур толгой дээрээ таван аяга тогтоон зогсоох түүнээс “аягаа тогтоодог тусгай зүйл байдаг уу?” хэмээн сониучирхан асуухад “Байхгүй ээ, ард түмнээ тэгж хуурахгүй шүү дээ” хэмээн инээмсэглэн хэлэх нь аргагүй л олон жил бүжиглэсэн туршлагатай нэгэн болохыг илтгэнэ.

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

“Багадаа жоохон бүрэг, ичимхий, даруухан байсан хэр нь хичээл сурлагадаа оролцохоороо нээлттэй, идэвхтэй болчихдог хүүхэд байлаа. Хөгжим бүжгийн коллеж төгсөөд, 2002 онд анх Үндэсний урлагийн их театрт орж ирэхэд манай Зоригт багш “миний хүү, даруухан бүжигчин гэж байдаггүй юм шүү дээ” гэж хэлж байсан юм. Даруухан ааш зантай байх нь нэг талаасаа өөрийгөө “би ийм байх ёстой” гэж хайрцаглаж байгаагаас ялгаагүй юм билээ. Харин урлаг тэр дундаа тайзан дээр гарахад хүн өөрийгөө чөлөөлөх ёстой. Монгол хүн учраас миний дотор гал байгаа. Тэр галыг багш минь асаахыг хүсдэг байсан болов уу гэж боддог юм” хэмээх түүний бүжгийн урлагт анх хөл тавьсан үеийн дурсамжаар бидний ярилцлага эхэлсэн юм.

“Надад ‘ядарч байна, болимоор байна’ гэж хэлэх эрх байгаагүй”

Анх Хөгжим бүжгийн коллежид шалгуулж байхад юугаа ч мэдэхгүй хүүхэд орж байгаа шүү дээ. Шалгаж байсан багш нар маань “хатуу байна, сунгалт жоохон муу байна” гээд мэргэжлийн орос үг хэллэгээр яриад байсан санагддаг юм. Тэгээд тэнцсэн хүүхдүүдээ сарын дамжаанд явуулдаг байсан үе. Эхний шалгалтаар би тэнцээгүй юм шиг байна лээ. Сарын дамжааны дараа дөрвөн охин, дөрвөн хүү тэнцэж байсны нэг нь би. Нарийн мэргэжил учраас замын дундаас хүүхдүүд шантарна. Анх 42 хүүхэдтэй эхэлж байсан анги 15 хүүхэдтэй төгсөж байлаа. 

Сүүлд чуулгадаа ороод олон газраа зэрэг бэртэл авч хүнд үеийг туулсан юм. Тэгэхэд “би чадахгүй юм байна, бүжиглэхээ болилоо” гээд ах руугаа уйлаад ярьж байснаа тод санадаг. Тэгсэн ах орой ирээд “чи одоо ямар ч мэргэжлээр сурч төгсөөд ажиллах боломжтой. Гэхдээ чи үнэхээр бүжиглэхгүйгээр амьдарч чадах юм уу?” гэж асуухад нь би “чадахгүй” гэж хариулж билээ. Тэр цагаас хойш дахиж болих талаар ярьж, бодохыг ч хүсэхгүй болсон доо. Мөн гэр бүл, дотнын хүнтэйгээ нууж хаах зүйлгүй ярилцах их чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон юм.

“Тайзан дээр гарахад бодит амьдрал дээрх тэр Мандухай бараг гарч ирдэггүй. Цаанаасаа л нэг зүйл огшоод байдаг юм. Бөх хүнээр зүйрлэвэл эр бяр нь амтагдана гэж ярьдагтай адилхан гэх үү дээ” хэмээн ярихад түүний нүднээс мэргэжилдээ хэчнээн хайртай болох нь тод харагдаж байв.

Цэнхэр зааланд өнгөрүүлсэн өдрүүд

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

Саяхан хөл, өвдгөө тослоод харж байхад хөхөрчихсөн, хагалгааны хэд хэдэн сорви, хуучин заалны хадаастай модон шалан дээр өвдөг шинээ эргэж байгаад өргөс оруулаад урчихсан гээд л эмэгтэй хүний хөл гэж хэлэхэд хэцүүхэн олон сорвинууд байдгийг анзаарлаа. Тэгээд хөөрхий амьтан дайнд явсан цэрэг эрс сорвиороо чимдэг гэдэг шиг биднийг одоо юу гэж хэлэх юм бол доо гэж бодож л суулаа.

- Гэрээсээ илүү бүжгийн зааландаа их цагийг өнгөрөөдөг байх. Бэлтгэлийн заалтай холбоотой дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?

Надад бүжгийн заал минь авшигтай юм шиг л санагддаг юм. Өнгөрсөн үеэс одоо үе хүртэлх бүх бүжигчид энэ зааланд хөлсөө урсгаж байсан гэж бодохоор сүрдмээр. Тэр хөлсний үнэр тэгээд хамт олны инээд хөөр, хөгжим, бүжиг дэглээчдийн маш олон гайхалтай уран бүтээл бүтэж байсан тэр онгод хийморь, энерги нь одоо хүртэл мэдрэгддэг. 

Заалаа хүндлээд Цагаан сарын шинийн гурванд ч юм уу ирээд арц, хүж уугиулаад мөргөхөд цаанаасаа огшоод, үгээр илэрхийлэхийн аргагүй сонин мэдрэмж төрдөг. Тэгээд театраасаа, цэнхэр заалнаасаа холдоод ирэхээр гундаад байгаа юм шиг санагдах нь бий. 

Бүжигчин хүний амьдрал чинь 20 жил үргэлжээд л хүссэн хүсээгүй тайзнаасаа бууна шүү дээ. Урьд нь залуу байхдаа өглөө босоод л ажилдаа явдаг шөнө ядарч ирээд л унтдаг, тэгээд дахиад босоод л явдаг байсан. Одоо бол их урлагт байгаа, цэнхэр зааландаа бэлтгэл хийж буй хором мөч бүрээ нандигнахыг хичээж байна даа. Тэглээ гээд өдөр болгон заавал төгс байх гэж хичээх шаардлагагүй гэдгийг ойлгосон. 

- Та өөртөө хэр хатуу ханддаг хүн бэ? 

Өмнө нь би өөртөө их хатуу ханддаг байж гэж боддог юм. Тиймээс одоо илүү зөөлөн хандах гэж хичээж байгаа. Олон жил өөртөө өндөр шаардлага тавьчихсан болохоор энэ зангаа хаяхад тийм ч амар биш шүү дээ. Гэхдээ аль болох өөртөө зав гаргаж, эрхлүүлж, өөрийгөө хайрлах гэж хичээж байна даа.

Өөрийнхөө үнэнтэй нүүр тулах нь…

Сайн бүжигчин болохын тулд өөрийгөө хөндлөнгөөс харж чаддаг байх ёстой. Яаж харах юм бэ, гэвэл тольтой л тулах хэрэгтэй болж байгаа юм. Өдөр бүр тольтой харьцаж ажиллах нь өөрийнхөө бодит үнэнтэй л нүүр тулна гэсэн үг. 

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

Баярбаатар багш маань “бүжиг болгон дээр чи танигдахгүй байх юм бол өөрийгөө зөв явж байна гэж бодоорой” гэж хэлж байсан юм. Тэгвэл яг байгаа царай, биеэ яаж өөр байлгах вэ, гэдэг нь тэр бүжигтээ орохыг л хэлж байгаа юм. Тэрнээс нэг бүжгэн дээр нь инээгээд, нөгөө бүжгэн дээрээ хөмсгөө зангидаад байна гэсэн үг биш шүү дээ. Бас би далий инээдэг бол үзэгчдээ хүндлээд түүнийгээ засах ёстой. Тайзан дээр бөгтгөр бүжигчин байж болохгүй. Тиймээс би тэр сул талаа засах хэрэгтэй. Энэ чинь л миний үүрэг байхгүй юу. Тэгэхээр бүжигчин хүн толинд харж өөрөө өөртэйгөө нүүр тулах ёстой.

“Ямар хүчтэй гэдгээ ээж болоод илүү мэдэрсэн”

Эмэгтэй хүн бүрийн амьдрал адилгүй ч нэг л зам дээр огтлолцох нь бий. Тэр бол “ээж” хэмээх эрхэм алдрыг хүртэх үе юм. Урлагийн хүн тэр тусмаа бүжигчин хүн ээж болно гэдэг тийм ч амар зүйл биш ээ. Тэд байнгын дасгал хөдөлгөөн, бэлтгэлийн үр дүнд өдөр тутмынхаа ажлын ачааллыг дааж явдаг улс. Тэгвэл хэдэн сараар түр тайзнаасаа хөндийрч сайн ээж, сайн гэргий байсан тэр нандин үеийг бид энд дурдахгүй өнгөрч болохгүй билээ.

Олон төрөх тусам бүх булчин суларч байдаг. Гэтэл бүжигчид маш олон жилийн хөдөлмөрийн үндсэн дээр энэ булчинг бүтээсэн байгаа шүү дээ. Нэг төрөөд, хоёр төрөөд орж ирэх хугацаа маш ялгаатай. Энэ хүнд үеийг давахад аав ээж, гэр бүлийнхэн минь дэргэд байсанд баярладаг. Тийм болохоор тэр хүмүүстээ илүү дараа болчихгүй юм сан гэсэн сэтгэлээр орой ажлаа тарж ирээд бүх зүйлээ бэлдэж тавиад үүрээр унтдаг, тэгээд босоод дахиад ажилдаа явдаг байлаа. Одоо бодоход үнэхээр ядармаар тэр үеийг би бүжгийн урлагтаа хайртай болохоор л тоолгүй давж гарч чадсан байх.

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

“Миний ээж өдөр бүр л үр хүүхдийнхээ төлөө явдаг даа” гэж мэддэг байсан ч өөрөө ээж болоод ээжийгээ улам ойлгох шиг болсон. Одоо би ч гэсэн хоёр хүүхдэдээ сайн ээж байхын төлөө өөрийгөө жоохон зөөллөе гэж хичээдэг юм. Гэхдээ хичээх гэдэг чинь өөрөө худлаа зүйл юм билээ. Би гэнэт хүүхдүүддээ сайн ээж болох гээд л яриа хөөрөөтэй болоод л хичээгээд эхэлбэл маргааш нь би өөрөө ядарч эхлэх байхгүй юу. Тиймээс зүгээр өөрөөрөө л байх хэрэгтэй. Азаар миний хоёр хүүхэд үнэхээр ухаалаг, ээжийгээ маш сайн ойлгодог хүүхдүүд. Хүү, охин хоёроосоо асар их хайрыг мэдэрдэг дээ.

Өглөө бүгдээрээ ажил, хичээлдээ явах гээд 6 цагт босно. Тэгсэн чинь хоцроод байхаар нь 5:30 гээд босдог боллоо. Тэгсэн яг сайхан таараад өглөө ажилдаа хоёр цагийн өмнө ирдэг болчихсон. Тэгээд надад илүү ганцаараа тайван байх цаг гараад би тэрэндээ их дуртай болсон л доо. Өөрийгөө ямар хүчтэй гэдгийг ээж болоод илүү мэдэрсэн. Төрөөд орж ирэхэд надад ийм хүч байдаг юм байна гэдгийг ойлгосон болохоор би ээж болсондоо их баярладаг. Хүүхэдтэй болоогүй бол бараг өөрийгөө тийм хүчтэй гэдгийг мэдэхгүй өнгөрөх байсан байх гэж боддог юм.

“Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн гүүр”

Агуу бүжиг дэглээчдийн бүтээлийг амилуулж байгаа бүжигчид, дуучид, хөгжимчид гээд маш олон хүний хөдөлмөрийн үндсэн дээр нэг уран бүтээл шинээр мэндэлдэг. Нэг нь алдаа гаргахад л бүгд дахиад эхнээс нь эхэлнэ. Тэгэхээр хүн ганцхан өөрийнхөө төлөө биш бусдыг гэсэн сэтгэлтэй болдог юм билээ. Тэгээд өдөр тутмын амьдралдаа яг л энэ сэтгэлээрээ хандаад эхлэхээр цаашлаад зорилго нь илүү томроод эх орон болоод эхэлдэг юм шиг санагдсан. 

Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн гүүр. Энийг би хүүхэд байхдаа ойлгодоггүй байсан юм билээ. Бага байхдаа “би одоо мундаг эргээд, ингэж үсэрч бууна даа”, “би үүнийг зүгээр хийх ёстой” л гэж бодохоос биш мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгодоггүй явсан. Угаас хүн амьдралын мөч бүрээс суралцаж явдаг шүү дээ. 

Хэдхэн жилийн өмнө МУГЖ цолоор шагнууллаа. Хүмүүс “мундаг юм аа” гэж харж болох ч өөрт минь дутуу санагдах зүйл өчнөөн бий. Багш минь ч надад “ингээд Гавьяат жүжигчин цол авлаа. Энэ бол чиний урьд нь хийж бүтээсэн, яаж ажиллаж, биеэ яаж авч явж байсны чинь илрэл юм. Тийм болохоор одоо болчихлоо гэж бодоод ханаж болохгүй шүү, өөрөө өөрийгөө битгий эвдээрэй” гэж хэлж байсан юм. Мэдээж би энэ бүхэнд ханаад ташуурчих юм бол, хэний ч үгийг сонсохыг хүсэхгүй, хэн ч надад хамаагүй санагдаад эхэлнэ шүү дээ. Маш олон хүн амьдралдаа ингэж алдсан байгаа. Тиймээс би үүнийг заавал биеэр туулж ойлгох биш бусдын алдаанаас суралцаж үлдэх нь чухал гэж боддог юм.

Ардын урлаг ба монгол хүний оршихуй

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

Монгол хүн нүүдэлчин ахуй, дөрвөн улиралдаа зохицсон сэтгэхүйтэй. Байгаль эх дэлхийгээ хайрлан хүндэлдэг. Байгалийн өнгө бороог хүртэл шинжиж мэддэг түүнтэй уялдаж мал хуй бүх юмаа зэхдэг, ажигч гярхай, ажилсаг ард түмэн байсаар ирсэн гээд энэ бүхэн бидний хувьд маш утга учиртай. Үүнийг Монгол ардын бүжиг өөртөө шингээж өгсөн байдаг юм. Жишээлбэл, тэнгэр хангайдаа чин сэтгэлээсээ өргөсөн цацал яаж цацардаг юм, түүнийг мэдэрч байж л уран бүтээлээрээ дамжуулж амилуулж чадна шүү дээ. Тэгэхээр ардын урлаг гэдэг бол тэр чигтээ монгол ахуй, монгол хүний амьдрал байдаг. Үзэгчид тайзан дээр бүжиглэж байгааг маань хараад монгол хүний хийморь харагддаг гэж хэлэхэд нь үнэхээр баярладаг. Тэгээд тэр галаа унтраачихгүй юм сан л гэж хичээдэг дээ.

Өнгөрсөн жил бүжиг дэглээч Дашдаваа ахаар яг Торгууд үндсэн бийг нь заалгаад хуучин товшуур хөгжим дээр тоглодог байснаар нь тоглуулаад торгууд их нүүдлийн тухай шинэ бүжиг мэндэлсэн юм. Тэр бүжиг минь миний сэтгэлд их өег санагддаг. Учир нь Торгууд түмний их нүүдлийн тэр зовлон зүдүүр, тэр агуу түүхийг би судалж үзээд, өөрөө мэдэрч богинохон хугацаанд бүжгээр илэрхийлнэ гэхээс миний сэтгэл зүрх бүр огшоод байдаг юм. Энэ бүтээлээ ямартай ч атгаад авчихсан. Удахгүй улам сайжруулаад, үзэгч олондоо хүргэх төлөвлөгөөтэй байна. 

Монгол хүн бүр ардын урлагтаа хайртай байхаас өөр аргагүй. Гадаадад тоглолтоор явахаар Монголдоо үзэж л байсан гэхдээ маш өөр мэдрэмж төрлөө гээд уйлаад уулздаг тохиолдол цөөнгүй бий. Тэгэхээр хүмүүс хүний нутагт очоод эх оронч үзэл нь илүү төрдөг юм шиг санагдсан. Тиймээс ч “суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг” шиг залуус маань бас хилийн дээс алхаж үзээд, эргээд ирэхдээ өөрсдийнхөө онцлогийг, оршихуйг сайн мэдрээд ирээсэй гэж хүсдэг юм. Тэгээд ирэхээр хэндээ юундаа гомдох юм бэ, харин ч эх орноо хамгаалмаар, өмөөрмөөр санагдаж эхэлнэ шүү дээ.

Түүний ярианаас ардын бүжиг бол монгол хүний оршихуй, түүх, сэтгэлгээний илэрхийлэл болохыг харж болохоор байна. Мөн “сонгодог урлагт дуртай ч балетчин болъё гэж огт бодож байгаагүй. Анхнаасаа л ардын урлагтаа хайртай байсан” хэмээн ярих нь хүн өөрийнхөө дуртай зүйлийг олсон бол явах ёстой зам нь өөрөө тодорч, сэтгэл зүрх нь эргэлзэхээ больдгийг сануулах мэт. 

“Догдлол, төвлөрөл хоёрынхоо тэнцвэрийг олох ёстой…”

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

Бүжигчин хүн бүх талаараа сайн байх ёстой. Сунгалттай байлаа гээд тэр нь мундаг бүжигчин гэсэн үг биш. Тодорхой хэмжээний өөрийн гэсэн техник заавал бүжигчин хүнд байх хэрэгтэй. Эмч хүн би оёдолдоо сайн, зүсэхдээ муу гээд өөрийгөө өмөөрөх эрхгүйтэй адил бүжигчин хүн ч гэсэн сурах ёстой юмаа бүгдийг нь сурсан байх шаардлагатай. Тиймээс аливаа мэргэжлийг эзэмших гэж байгаа л бол тэр мэргэжлийнхээ чадваруудыг бүгдийг нь сурах л ёстой. 100 хувь биш юм аа гэхэд 60 хувьтай сурч болно шүү дээ. Тэгээд өдөр бүр хийж, дадал болгох хэрэгтэй. Өнөөдөр сайн хийлээ гээд маргааш нь хаячихдаг бол тэр чинь амжилт биш шүү дээ.

- Тоглолтын үеийн ачааллын талаар дурдвал. Нэг тоглолтонд нэг бүжигчин хэдэн бүжигт ордог вэ?

Үндэсний баяр наадмын үеэр тоглогддог “Монгол бүжгийн гайхамшиг” гээд нийт гурван цаг үргэлжилдэг тоглолт байдаг юм. Тэр үеэр нэг бүжигчин 10-14 бүжгийн номерт гардаг. Гэтэл монгол бүжиг ихэнхдээ морины үйл явдал дүрсэлсэн байдаг тул хөлний ажиллагаа их шаарддаг. Тиймээс ачаалал маш өндөр байдаг. Мөн хатдын үеийн бүжиг гэхэд хүрээ намбыг хэрхэн гаргах вэ гэдгээс эхлүүлээд анхаарах ёстой зүйл их учраас амархан бүжиг гэж байхгүй дээ. Бид хоёр хоног амрахад л ажлаа гүйцэхгүй болчихдог юм. Тиймээс өдөр болгон л бэлтгэлтэй, ачааллаа авч байвал формоо хадгалж чаддаг. Амарчихаар форм алдагдаад гэнэт том тоглолтод орох үед шууд бэртэл авах эрсдэлтэй.

- Тайзан дээр гарах үеийн сандрал одоо хүртэл байдаг уу?

Мэдээж сандарна. Гэхдээ анх сандрахаараа төвлөрлөө алддаг байсан юм билээ. Догдлол, төвлөрөл хоёрынхоо тэнцвэрийг олох ёстой байтал би төвлөрлөө алдаад догдлол нь хэтрээд, сандрал болчихдог байсан гэдгийг ойлгосон.

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

“Бусдын ажил мэргэжлийг хүндэлж харьцаасай”

Бид гурав тавхан бүжгийг хоёр хоногт бичүүлэхийн тулд сар гаран ажиллаж байна. Гэтэл хүмүүс үүнийг тайзан дээр гараад инээж байгаад л ордог гэж хөнгөнөөр бодох нь бий. Бүх нарийн нандин бүжиг,  уран бүтээлийг гаргахын тулд бид маш олон сарын бэлтгэл сургуулилт хийдэг. Тиймээс хүн болгон бусдын ажил мэргэжлийг хүндэлж харьцаасай гэж хүсдэг юм.

Толгой сайтай байж л бүжиглэнэ. Хөлийн чигчий хуруунаас гарын хурууны үзүүр хүртэл хөдөлгөж, хөгжимтэй уялдуулж, бүх анализыг хийгээд, бусад бүжигчдээ, орон зайгаа мэдрээд тооцоолол хийж байгаа эрхтэн бол тархи шүү дээ. Түүнээс биш аясаараа хөл гараа хөдөлгөөд бүжиглээд байдаг гэж ойлгож болохгүй. Тэгээд тэр чинь маш олон уран бүтээл байгаа бүгдийнх нь хөдөлгөөн, онцлогийг цээжлэх ёстой.

Бүжигчид Хөгжим бүжгийн коллеж төгсөж театрт орж ирээд, эхний таван жил дахиад л эхнээс нь сурдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Бас зүгээр ч нэг амархан сурчихгүй шүү дээ. Арван жил болж байж яг тодорхой хэмжээний бүжигчин гэж харагддаг гэж хэлж болно. Гэтэл бүжигчин хүний бүжиглэх нас 20 жил байтал энэ богино хугацааны талд нь сурчихаар үлдсэн 10 жилдээ л өөрийгөө харуулах боломж олдох үе бий. Тиймээс бүжиг гэдэг залуу насны л мэргэжил.

Хүссэндээ хүрлээ ч хэзээ ч зогсохгүй

2024 онд дуучин Д.Амаржаргал гавьяаттай хамтарч дуучин, бүжигчин хоёр хүний хоршсон тоглолт хийж байсан юм. Тэгэхэд С.Сүхбаатар багш надад массын, гоцлолын хамгийн ачаалал өндөртэй 13 бүжгийг сонгож өгч байлаа. Тэгээд би тэр бүжгийн жагсаалтыг хараад багшид хандаад “багш аа, би талд нь хүрээд үхвэл яах вэ” гэсэн чинь багш над руу харснаа “багш нь хамгийн өндөр залуучуудыг гаргаж ирээд нэр төртэйгөөр өргөөд орно оо” гэж хэлж билээ.

Гэхдээ хүн дийлнэ, чадна л гэж бодох юм бол юу ч байсан ард нь даваад гардаг л юм билээ. Тэр тоглолтыг хүмүүс үнэхээр сайхан хүлээж авч, баяр хүргэсэн ч миний хувьд зүгээр л дайны талбар шиг санагдаж байсан. Тэгээд ямар ч байсан би ард нь гарчихлаа гэж бодох төдийд л миний бүх энерги шавхагдаад дуусчихсан юм шиг л мэдрэгдэж дахиж тэр бүжгүүдийг ганцаараа бүжиглэмээргүй юм шиг санагдаж байлаа. Гэхдээ хүн хүссэндээ хүрсэн ч хэзээ ч ханахгүй, дараа нь юу хийх билээ гээд л бодогдоод эхэлж байгаа юм.

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг

“Монгол хүн бол зүрхэндээ галтай, нүдэндээ цогтой нарыг үргэлж хардаг, уяхан замбуутивийн дуутай, морин дэл дээрээ давхиж өссөн хийморьтой, харц тэнэгэр, гүндүүгүй, хэтэрхий тайван ч юм шиг хэр нь асар их ухааныг цаанаа тээж явдаг ийм л ард түмэн гэж би боддог юм” хэмээн хэлсэн түүний үг тайзан дээр бүжиглэх өөрийнх нь гал цогтой төрхийг нь санагдуулна.  

Тайз руу гарахын өмнөх сандралыг мэдэрч , тоглолт дууссаны дараа сонсогдох үзэгчдийн халуун алга ташилтын дор театрын алтан тайзнаа зогсох ховорхон заяанд төрсөн тэрбээр олон жил “Жороон жороо” бүжгийн гоцлолыг хийж, монгол хүн бүрийн зүрхэн дэх галыг асааж явах учиртай. Ардын урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулсаар яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Ярилцлагыг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя!

МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертөнцтэй холбож өгсөн нийтлэлийн зураг
ҮУИТ-ын Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид

Гэрэл зургийг Г.Өнөболд

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
МУГЖ Ж.Мандухай: Монгол ардын бүжиг намайг ертө... | Posted