“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв?

2026.08.144 минут унших
“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Монголчуудын оюун санааны ертөнц, өв уламжлалын үнэт зүйлсийг үе дамжуулан хадгалж ирсэн түүхэн баримтууд өнөөдөр бидэнд юуг өгүүлнэ вэ? Энэ асуултын хариуг эрэлхийлэхээр “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаараар бид Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулан нээлтээ хийсэн “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг зорилоо.

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү тусгай үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин 200 гаруй үзмэр дэлгэгджээ. Тус үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн олон зууны түүхэн замнал, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал төдийгүй үндэсний өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчдэд өргөнөөр таниулах зорилготой аж.

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн танхимд XVIII-XX зууны үеийн бурхны шашны урлаг, шүтээн урлалын ховор бүтээлүүд болон тахилын хэрэглэлүүд голлон харагдана. Үүний зэрэгцээ тухайн үеийн монголчуудын ахуй амьдрал, өдөр тутмын хэрэглээг илтгэх хорол тоглоом, модон тоглоом, тэр үеийн суурин газрын байдлыг харуулсан зургууд багтжээ. Мөн гууль, хүрэл цутгамал, модон баримал, уран нарийн хийцтэй зээгт наамал, бэхээр зурсан бүтээлүүд нь тухайн үеийн урчуудын гар урлалын өндөр чадварыг харуулж байлаа.

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Насны гурван бурхны дүрслэл

200 гаруй ховор нандин бүтээлүүдээс анхаарал татсан гол үзмэрүүдийн нэг нь насны гурван бурхныг дүрсэлсэн бүтээлүүд байлаа. Үзэсгэлэнд энэхүү сэдвийг хөндсөн хоёр өөр төрлийн буюу зээгт наамал болон гуулин цутгамал хийцтэй бүтээлүүд байршиж, урлагийн хийц арга барилын гайхамшгийг хослуулан харуулж байсан юм.

Насны гурван бурхан гэдэг нь монголчуудын эртнээс шүтэж ирсэн, урт удаан наслах, эрүүл энх байхыг бэлгэдсэн гурван шүтээн юм. Энэхүү гурвал нь амь насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижрах, амгалан тайван байдлыг цогцлоох утга санааг илэрхийлдэг тул хурим найр, баяр ёслолын үеэр ч бэлгэ дэмбэрэл болгон дээдэлдэг байжээ.

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Энэхүү шүтээний гол төвд урт наслахын утга учир шингэсэн Цаглашгүй наст Аюуш бурхан заларна. Түүний лагшны өнгө нь алтан шаргал эсвэл улаан хүрэн байх бөгөөд алтан шаргал нь оюун санааны дээд ариусал, үл эвдрэх чанарыг, улаан хүрэн нь нигүүлсэнгүй үйлс, эрч хүчийг бэлгэддэг байна. Аюуш бурхан хоёр мутартаа амь насыг тэтгэгч рашааны бумба барьсан нь хүн төрөлхтнийг өвчин зовлонгоос гэтэлгэх бэлгэдэлтэй. Харин төвд залрах гол бурхны хоёр талд Цагаан дарь эх, Жүгдэрнамжил бурхан тэгш хэмтэйгээр байрласан нь зохиомжийн хувьд гурвалын шүтэлцээг төгс илэрхийлдэг хэмээн судлаачид үздэг байна.

Зээгт наамал болон гуулин цутгамалын гайхамшиг

Эдгээр бүтээлийг урласан арга барил нь уламжлалт урлагийн өөр өөр өнгийг бидэнд харуулж байлаа. Нэг талаас, үзэсгэлэнд дэлгэгдсэн зээгт наамал нь торго, дурдан, даавууг өнгө өнгөөр нь нямбайлан хайчилж, утсаар эмжин оёх замаар дүрс гаргадаг уламжлалт урлагийн гайхамшиг юм. Уран бүтээлч утас бүрийг нэг бүрчлэн тойруулан оёж, оёдол бүрээрээ дүрсээ тодотгох энэ арга нь асар их тэвчээр, нарийн мэдрэмж шаарддагаараа онцлогтой. Ингэж урласан бүтээл нь өнгөний уусах зохицол, торгоны намирсан зөөлөн чанараараа нүд баясгаж, сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлдэг билээ.

Нөгөө талаас, насны гурван шүтээнийг гуулин цутгамал хэлбэрээр урласан нь цутгуурын урлагийн нарийн арга ухааныг илтгэх шиг. Энэ аргаар бүтээхдээ эхлээд бурхны дүрийн нарийн хийц бүхий загварыг бэлтгэж, түүнийгээ шавраар бүрхэн хэвлэдэг байна. Дараа нь хэв доторх загварыг хайлуулж гаргаад, тэрхүү хоосон зайд нь хайлуулсан гуулиа цутгаж бурхны дүр төрхийг бүтээдэг. Ийнхүү цутгаж авсан бүтээлээ нямбайлан зүлгэж, алтаар шарж, эрдэнийн чулуугаар чимэглэснээр бурхны дүр илүү амьд, цогтой харагддаг байна. Ийнхүү зээгт наамлын зөөлөн торгон бүтэц, цутгамлын хийц хоёр нь нэг сэдвийг өөр өөр материалаар хэрхэн илэрхийлж болдгийг харуулж байлаа.

Нүүдэлчдийн ахуй соёлыг илэрхийлэх тоглоом наадгай

Бурхан шүтээн, зээгт наамлын хийцтэй танилцсаны дараа үзэсгэлэнгийн танхимд нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, ахуй соёлыг харуулах уламжлалт тоглоом наадам харагдана. Энэ нь монголчууд байгаль ертөнцөө танин мэдэх, өдөр тутмын амьдралаа хэрхэн сонирхолтойгоор өнгөрүүлж байсныг энгийнээр илтгэж буй мэт санагдаж байлаа.

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Үзэсгэлэнд дэлгэгдсэн уламжлалт тоглоомын нэг нь хорол тоглоом юм. Энэхүү тоглоом нь гарын мод, газрын мод гэсэн 60 орчим модоос бүрдэх бөгөөд хорол, чандмань, гарди, арслан болон 12 жилийн амьтад багтдаг байна. Тус тоглоомыг ирж буй жилийнхээ өнгийг шинжиж, олз омогтой байхыг бэлгэдэн тоглодог байжээ. Мөн тоглож эхлэхийн өмнө 12 жилийг магтах ёс, зан үйл үйлдэх нь нүүдэлчдийн байгаль дэлхийгээ хүндлэх үзэлтэй салшгүй холбоотой юм. Эдгээр модыг гараар маш нарийн сийлж, дээр нь амьтад болон бэлгэдлийн дүрслэлийг тод гаргасан байдаг нь тухайн үеийн ардын урчуудын чадварыг бэлхнээ илтгэх шиг. 

Үүний зэрэгцээ үзэсгэлэнд дэлгэгдсэн монгол шатар нь нүүдэлчин ахуйн амьдралыг бяцхан загвараар буулгасан мэт харагдаж байлаа. Бидний мэдэх өнөөгийн шатрын дүрслэлээс ялгаатай нь монгол шатрын дүрсүүд ноён, тэрэг, морь, тэмээ, нохой зэрэг дүрслэлүүдтэй байдаг нь яг л нүүдэлчин ахуйн амьдралыг илэрхийлжээ. 

Зүүн Чойр хийд ба түүхэн хүрээний зохион байгуулалт

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгээс сонирхол татсан бас нэгэн бүтээл нь XIX-XX зууны үеийн шашин, нийгэм, соёлын томоохон төв болох Зүүн Чойрын хийд буюу Балдандашгомлинг дүрсэлсэн монгол зураг байлаа. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр, уг хийд нь хуучин Түшээт хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг, Оцол Сансар уулын баруун энгэрт 1779 онд Засаг бэйл В.Дагдандоржийн үед байгуулагджээ. Цаг хугацааны эрхээр өргөжин тэлж, Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг олон дацантай томоохон цогцолбор болон хөгжсөн түүхтэй.

Тухайн үеийн хүрээ хийд нь зөвхөн сүсэг бишрэлийн газар байсангүй. Харин орон нутгийн захиргаа, боловсрол, оюун санааны төвлөрсөн систем байв. Тухайлбал, хорьдугаар зууны эхэн үед гэхэд 1,500 орчим лам шавилан сууж, ном судар хэвлэдэг бархантай, шашин төрийн үйл хэргийг хослуулсан суурин маягийн төв байжээ. Уг зургаас хүрээ хийдийн цогчин дуган, лам нарын гэр сууцын байрлал болон зохион байгуулалтын системтэй бүтцийг тод харж, тухайн цаг үеийн нийгмийн амьдралд шашин ямар өндөр байр суурь эзэлж байсныг бодитоор ажиглах боломжтой ажээ.

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн танхим дахь дүрслэх урлагийн өвийг үргэлжлүүлэн ажиглахад, тухайн цаг үеийн гар урлал, шүтээн болон ахуй соёлын бас нэгэн сонирхол татсан хэсэг нь ханын зургийн төрөл юм. Энэ төрлийн бүтээлүүд нь ихэвчлэн байгалийн гаралтай будаг, материалын сонголт болон тухайн үеийн зураачдын орон зайн зохиомж гаргах арга барилыг илтгэдэг бөгөөд үзэгчдэд Монголын дүрслэх урлагийн цар хүрээг бодитоор харуулах чухал ач холбогдолтой юм.

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” үзэсгэлэнд дэлгэгдсэн 200 гаруй үзмэр бидний тухай юу өгүүлэв? нийтлэлийн зураг

Энэхүү үзэсгэлэн нь монголчуудын олон зууны турш бүтээж ирсэн оюун санааны баялаг ертөнц, байгаль ертөнцөө дээдлэх үзэл, гайхамшигтай гар урлал, нүүдэлчин ахуйн соёлыг урлаг болон түүхийн нарийн нандин өнгө аясаар дамжуулан цогцоор нь мэдрүүлэх онцгой боломжийг бүрдүүлжээ. Тиймээс өвөг дээдсийнхээ үлдээсэн үнэт өв, түүх соёлтой ойроос танилцахыг хүссэн хэн бүхэн наймдугаар сарын 29-нийг хүртэл дэлгэгдэх “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг үзээрэй. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд