Олон ангит кино бүтээхэд ажиллаж үзсэн тэмдэглэл...

2026.07.315 минут унших
Олон ангит кино бүтээхэд ажиллаж үзсэн тэмдэглэл... - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Сүүлийн жилүүдэд нэг ангит киног театрт очиж үзэх нь багасаж, олон ангит киног стриминг платформоос сонгон үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Netflix, Disney+, Prime Video зэрэг платформ цуврал киноны өрсөлдөөнийг улам хурдасгаж, БНСУ, Турк, Энэтхэг зэрэг орны уран бүтээлүүд дэлхийн зах зээлд гарах боломж нээгдсэн юм. Зөвхөн 2024 онд гэхэд дэлхий даяар үзэгчид 14 их наяд минутыг стриминг платформд өнгөрүүлсэн судалгаа гарчээ. Энэ нь 26.5 сая жил эсвэл 9.7 тэрбум өдөртэй тэнцэх хугацаа юм. Энэ үйлчилгээг ашиглаж буй үзэгчдийн 78 хувь нь олон ангит кино, 22 хувь нь нэг ангит кино сонгон үзэж байгааг мөн дурджээ. Иймд дижитал ертөнцийн нөлөөгөөр хурдацтай хувьсан буй кино урлагийн салбарыг онцлон өнөөдрийн нийтлэлийг бэлтгэлээ. Амьдралынхаа үнэ цэнтэй цаг хугацааг харамгүй зориулан үздэг тэдгээр олон ангит кино Монголд хэрхэн бүтдэгийг сонирхохоор нэгэн продакшны уран бүтээл эхлэхээс цацагдаж дуусах хүртэлх явцад хамт байж танилцсанаа уншигчдадаа сонирхуулъя.

Санаанаас зохиол хүртэлх үе (Development)

Олон ангит киноны зохиолыг шинээр бичиж болно. Эсвэл олон улсад амжилт гаргасан цувралын зохиолыг албан ёсны эрхтэйгээр худалдаж аваад нутагшуулан бичиж болдог. Тодруулбал, Монголын үзэгчдийг байлдан дагуулсан “Бүтэн амьдрал”, “Suits”, “Эрвээхэйн сүүдэр”, “Надад ирээгүй хайр” зэрэг цуврал үүний жишээ юм. Манай үзэгчид гаднын киног дуурайлаа хэмээн шүүмжилж харагддаг ч, энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэр. БНСУ, ОХУ, БНХАУ-ын цувралууд Монголд амжилттай нутагших нь элбэг байдаг. Тэр дундаас хятад зохиол Монголын үзэгчдийн талархлыг хүлээж байгааг продюсерууд онцолж байлаа. Амьдрал ахуйд ойр, өөрийгөө олж харж болохуйц дүртэй, энгийн сайхан үйл явдал өрнөдөг нь үзэгчдэд ихээр таалагддаг гэнэ.

Зохиол бичнэ гэдэг компьютерын ард нам суугаад, кофегоо уугаад л тачигнаж гарахын нэр огт биш юм билээ. Дүрдээ нэр өгөхөөс ажил эхэлнэ. Дүр нь хэдэн настай, ямар ажил хийдэг, ямар зан араншинтай хүн болохыг тодорхойлж, зохиолынхоо гол шугам, чигийг барих, үйл явдлаа эхлүүлж, өрнүүлэх, ээдрүүлэх, харилцан яриаг буулгах гээд бодох зүйлс тун ихтэй ажил аж. Зохиолч нар ийн эргэж буцаж, босож, суун гашилсаар гурван сарыг, заримдаа хагас жилийг үдсэний ард сая нэг сайхан зохиолтой болдгоо хэлсэн юм. Зарим үед дүрээ хайрлан уйлж, дүрдээ өширхөн уурлаж, хэлцэж, хэрэлдсээр, эвлэрч, эргэсээр бичиж дуусгадаг юм билээ.  

Тэд кинонд болох бүх үйл явдлыг яв цав тодорхой бичиж өгдөг. “Надад ирээгүй хайр” цувралын гол дүр Бүжин олон жилийн дараа нөхөртэйгөө уулзахдаа согтуу таардаг сцена үзэгчдийн эмзэглэлийг төрүүлсэн шүү дээ. Түүнийг зохиолч бичихдээ Бүжингийн сууж байгаа өрөөнд хэдэн онд ашиглаж байсан, ямар өнгө, хэлбэртэй ширээ, ор, сандал байхыг төсөөлөн бичдэг. Ширээн дээр нь ямар нэртэй дарс байх, Бүжингийн үс нь сэгсгэр, гар нь хиртэй, хувцас нь ноорхой, харин Алдар түүнтэй таарахдаа ямар дүр байдалтай байх гэх зэргийг кино багийнханд төсөөлөгдтөл тодруулан бичиж өгснөөр бусад багийн ажил өрнөдөг байна.

Бэлтгэл ажлын үе (Pre-production)

Олон ангит кино бүтээхэд ажиллаж үзсэн тэмдэглэл... нийтлэлийн зураг

Зураг авалт эхлэхээс өмнө продюсерууд нарийн төлөвлөгөө гаргана. Тэд уран бүтээлийн багт ямар хүмүүс хэдэн төгрөгийн цалинтай ажиллах, объект, жижиг хэрэглэл, техник, хоол, шатахуун, хувцас, нүүр хувиргалт зэрэгт ямар зардал гарахыг сайтар тооцох ёстой. 16 ангит киног бүтээхэд дунджаар нэг тэрбум төгрөгийн зардал гардаг гэнэ. Түүхэн зохиолтой, нүсэр кино бол энэ тоог хэд нугалах нь тодорхой.  

Зохиол эцэслэгдсэний дараа жүжигчдээ сонгодог. Найруулагч, продюсерууд кастингийг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт хийдэг ч заримдаа бодсон жүжигчиндээ шууд санал тавих хэлбэрээр ажиллах тохиолдол ч бий. Жүжигчний мэргэжлээр төгссөн олон зуун төгсөгч, кино урлагт хөл тавьж буй залуу жүжигчид, драмын дугуйлангийн хүүхдүүд бүгд кастинг зорин иржээ. Тэд шалгуулахдаа продюсероос өгсөн текстийг уншиж, даалгавар гүйцэтгэх, будагтай, будаггүй нүүр, дүрийн хувцас өмссөн байдал зэргээ шалгуулна. Зарим нь тэр дороо эмээ болж хувирч байхад зарим нь хүйсээ солин жүжиглэж байх жишээний. Энгийн бидэнд хачирхалтай үйл явдал энэ үеэр өрнөж байлаа. Тухайн жүжигчин элдэв тод шивээстэй эсэх, аль өнцгөөсөө зөв харагддаг, үсний засалт, өнгө ямар байх, жин нэмэх, хасах шаардлагатай байгаа зэргийг найруулагч хараад зөвлөгөө өгнө. Ийм нарийн шалгуурын дараа бидний үзэх дуртай киноны жүжигчид сонгогддог байх нь.

Энэ зуурт зураачийн ажил эхэлдэг. Тэд дүрүүддээ өмсгөх хувцас, объект бэлтгэх, павильон барих гэх мэт ажлыг өрнүүлнэ. Хувцасны дэлгүүр, Нарантуул зах, 100 айлын лангууг гаргаахгүй болох нь аргагүй юм. Өнгөрсөн хавар гэмт хэргийн, триллер кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан “Шинжээч” олон ангит кинонд зураач нарын ажил асар их байсныг уран бүтээлчид онцолж байв. Шинжилгээ, задлан, IT, байцаалтын өрөөг шинээр барих, тусгай нүүр хувиргалтын аргаар цогцос хийх, хэргийн газрыг бүрдүүлэх зэргээр нарийн ажиллагаа их байжээ. Энэ мэтчилэн харахад, кино бүтээнэ гэдэг хотын хаа нэгтээ ямар нэг байшинд ороод л зураг авалт хийх тухай ойлголт биш ажээ. 

Ингээд техникийн болоод ахуйн талын бүх бэлтгэл ажлыг продюсерууд хянаж чиг үүргийн дагуу уран бүтээлчид гүйцэтгэдэг. Багийнхны хоолонд ашиглах нэг кг махыг, уух кофены сүү, чихрийг ч алдахгүйгээр тооцох ажлыг продюсер гүйцэтгэж, мотор дуугарахад бэлэн болгох ёстой. 

Зураг авалтын үе (Production)

Олон ангит кино бүтээхэд ажиллаж үзсэн тэмдэглэл... нийтлэлийн зураг

“Мотор дуугарна” гэдэг киноныхонд онцгой үйл явдал. Хамгийн анхны сцена авч эхэлж байхдаа тэд бяцхан ёслол үйлдэж, уран бүтээл нь амжилттай дуусахыг хүсэн үгийн сайхныг хэлэлцэж, ерөөл өргөдөг. Олон ангит киноны зураг авалтын багт 35-40 хүн тогтмол ажиллана. Оролцсон нийт уран бүтээлч нь киноноос хамаарч 300-500 байдаг. Продюсер, найруулагч, туслах найруулагч, зураглаач, зураач, үсчин, нүүр будагч, тогооч, жолооч, зургийн дарга, гэрэлтүүлэгч, дууны найруулагч, жүжигчид гэх мэт олон мэргэжлийн хүн ойролцоогоор хагас жил ажиллаж байж та бидний үздэг 16-20 ангит киног бүтээдэг юм. Зураг авалтыг гадуур бэлэн объектод эсвэл томоохон байшин, студи дотор павильон засаж авч болно. Павильон барина гэдэг нь гол дүрийн айлын гэр, ажлын газар зэргийг яг бодит мэтээр бүтээн байгуулахыг хэлж байгаа юм. Гадуур объектод зураг авбал цагт баригдах, төлбөр нэмэгдэх, найруулагчийн хүссэн орчин таарахгүй байх гэх мэтээр асуудал их. Тиймээс павильонд зураг авах нь өөрсдийн хүссэнээр ажиллах боломжийг олгодог юм билээ. 

Зураг авалт шөнө 3:00 цагт дуусав. Жолооч нар бүгдийг нь гэрт нь хүргэж ирээд ажил дээрээ хоночихно. Учир нь өглөө 6:00 цагаас дахиад л тэднийг гэрээс нь авч, зургийн талбайд бэлэн байлгах ёстой. Яг ийм хэмнэлээр гурваас дөрвөн сар ажилладаг. Тэр дунд цөөхөн хоног л амарна. Ийм л өндөр сахилга бат, тэвчээр хатуужил, хариуцлагыг ухамсарласан уран бүтээлчид л сайн кино хийж чаддагийг харж мэдэрсэн өдрүүд байлаа. 

Хаа нэг илүү цагаар ажиллахдаа л ядарч туйлддаг бидэнд бол ахадсан ачаалал байв. Харин тэд энэ бүхнийг давж гарахад нөлөөлдөг гол зүйл нь хоорондын эерэг харилцаа, багийн дулаан уур амьсгал. Группийн хоол идэхдээ, өглөө ирээд кофегоо уухдаа, элдэв хөгжилтэй явдал ярилцахдаа, инээж наргихдаа тэд ер бусын жаргалтай байх юм. Урлагийн хүмүүс гэдэг хэчнээн ховор сайхан заяанд төрснийг хөндлөнгөөс ажиглан суухдаа бахархан бодож байлаа. 

Эвлүүлгийн үе (Post-production)

Олон ангит кино бүтээхэд ажиллаж үзсэн тэмдэглэл... нийтлэлийн зураг

Киноны дүрсийг эвлүүлэгч хуулж аваад эвлүүлгийн ажилдаа ордог. Зургийн талбайд ашигласан найруулагч нарын нэмэлт тэмдэглэгээтэй зохиолын дагуу эвлүүлэгч нар ажиллах бөгөөд найруулагч нь чиглүүлэг өгөх ёстой. Тэд ч бас хонон өнжин ажилладаг. Монтаж үргэлжлэх үед дууны найруулагч дуугаа засаж, мөн хөгжим бичигдэнэ. Кино үзэж байтал ард нь явдаг аяыг бид анзаарахгүй шахуу өнгөрдөг шүү дээ. Гэтэл тэр хөгжмүүдийг шинээр зохиож, хөгжмийн зэмсгээр тоглон бичдэг юм байна. Тэгээд шаардлагатай тохиолдолд графикийн ажлууд нэмэгдэнэ. Жишээ нь, “Шинжээч” цувралын IT шинжээчийн компьютер дээр гарч буй өгөгдлүүдийг графикч нар хийж гүйцэтгэсэн. Байшингаас үсэрч байгаа хүн, ойд гарч байгаа гал гэх мэт бодитоор авах боломжгүй хүнд хэсгийг ингэж графикаар шийддэг. Ингээд нэг анги бэлэн болсны дараа өнгө засах ажил хийгдэнэ. Түүхий, саарал өнгөтэй дүрсийг үзэхэд таатай болгох гэж өнгө шүүлтийн мэргэжилтнүүд ажилладаг байх нь. Мөн л гурваас дөрвөн сарын дараа ийнхүү эвлүүлэг дуусаж бид киногоо үздэг.  

Түгээлтийн үе (Distribution)     

Олон ангит кино бүтээхэд ажиллаж үзсэн тэмдэглэл... нийтлэлийн зураг

Эвлүүлгийн ажил явагдаж байх үед маркетингийн ажлууд давхар эхэлнэ. Постерын зургууд авах, өрөх, идэвхжүүлэх төлөвлөгөө гаргах, трэйлер бэлтгэх, сошиал контент хийх зэрэг ажлуудыг хийнэ. Кино гарч эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд маркетингийн ажлууд идэвхтэй өрнөдөг юм. 

Бидний үзээд л өнгөрдөг 60 минутын киноны цаана хэдэн сарын ажил, олон зуун хүний хөдөлмөр, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт, сайтар нягталсан төлөвлөгөө, нарийн зохион байгуулалт өрнөж байдаг. Энэ салбар дижитал ертөнцийн нөлөөгөөр цаашид хэрхэн өөрчлөгдөхийг тааварлах аргагүй ч киног бүтээх арга барил, техник технологи, санхүүжилт улам сайжирч, шинэчлэгдэнэ гэдэгт итгэж байна.

Санаа төдий байсан төсөл бүтээл болоод үзэгчдэд хүрэх хүртэлх үнэ цэнтэй цаг хугацааг хураангуйлан бичиж нийтэллээ. Хязгааргүй их сэтгэлийн цэнгэл, уярал, бодрол, ухаарал, эргэцүүлэл үлдээж чаддаг кино урлаг бол хэмжээлшгүй их нөлөөг нийгэм, цаг үедээ үлдээдэг чадалтай салбар. Тиймээс чанар, чансаатай бүтээл тасралтгүй мэндлэхийн сацуу уран бүтээлчдийн хөдөлмөр, оюуны бүтээлийг үнэлж чаддаг хүлээн авагч олшрох болтугай.   

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Олон ангит кино бүтээхэд ажиллаж үзсэн тэмдэглэл... | Posted