Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл

2026.06.154 минут унших
Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Монголын уран зургийн галерейн хоёр болон гуравдугаар давхрын танхимд дэлгэгдсэн “Бие биедээ тусах гэрэл” олон улсын хамтарсан үзэсгэлэнгээр зочиллоо. БНСУ-ын Гвангжу хотын Уран зургийн музейн төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнгээс хоёр орны 12 уран бүтээлчийн соёл, түүхийн огтлолцол болоод өнөө цагийн тулгамдсан асуудлууд хэрхэн медиа арт, видео болон орон зайн инсталляциар дамжин бидэнд хүрч буйг энэхүү нийтлэлээс хүлээн авч уншаарай!

Галерейн хоёр давхарт гарахад танхимын өвөрмөц гэрэл сүүдрийн тоглолт, механик нэгэн хэмнэлт чимээ уран бүтээл рүү алгуур татах шиг санагдав. Хоёр давхрыг дамнан байрлах энэхүү орчинд Монгол, Солонгосын уран бүтээлчдийн 30 гаруй шинэлэг шийдэл бүхий медиа болон инсталляци бүтээлүүд эгнэн байрлах бөгөөд өнөөгийн суурин иргэншлийн уур амьсгалыг тайван боловч тодорхой хэлээр өгүүлнэ.

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Нэгэн зэрэг асаж, унтрах проекторын тусгал, танхимын дэглэлтүүд дунд Улаанбаатар, Гвангжу хотуудын дотоод уур амьсгал нэг дор нэгдэх шиг санагдана. Шулуун шугамаар хоёр мянга гаруй километрийн зайд орших эдгээр хотууд өөр өөрийн түүх, соёлын өвөрмөц хэмнэлтэй ч, газар зүйн байршлын хувьд алслагдсан хоёр орны бүтээлчид бие биеийнхээ нийгэм, ахуйн дүр төрхийг хэрхэн тольдож, харилцан гэрэлтүүлж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн өвөрмөц огтлолцол юм. Хотуудын амьдралын стресс, хүмүүсийн харилцааны хөндийрөл, байгаль эхтэйгээ зохицон орших хэрэгцээ зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудлуудыг тэд ижил давтамжтайгаар ажиглаж, уран бүтээлийн хэлээрээ нэгэн зэрэг хариу үйлдэл үзүүлж байна.

Суурин амьдралын хямрал ба хайр халамжийн сэтгэл зүйн хөдөлмөр

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Танхимын эхэнд байрлах солонгос уран бүтээлч Жон Дог Ёны "Үгүй ээ, мэдэхгүй байна" хөдөлгөөнт инсталляци үзэсгэлэнгийн ерөнхий уур амьсгалыг тодорхойлох шиг санагдана. Тойрог хэлбэрийн элсэн суурин дээр алгуур эргэх тус төхөөрөмжөөс унжсан зургаан гар доорх элсийг тасралтгүй шүүрдэх бөгөөд төхөөрөмж эргэх бүрдээ механик хяхтнах чимээ гаргах нь хааяа намуухан болж, хааяа чангарна.

Энэхүү үйлдэл нь ямар нэгэн сэтгэл хөдлөлгүйгээр, зөвхөн тулгасан үүрэг хариуцлагыг хүлээцтэйгээр давтаж буй хүний хөдөлгөөнийг санагдуулна. Хайр халамж, гэр бүлийн хариуцлага гэдэг нэршлийн цаана хувь хүний дотоод сэтгэл ядарч туйлдсан ч өдөр тутмын нэгэн хэвийн үүргээ зогсолтгүй үргэлжлүүлсээр байдгийг элсэн дээр үлдэх гүн мөр, хүнд хэмнэлээр ийнхүү илэрхийлжээ.

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Нийгмийн суурин амьдралын хямрал, орон зайн эзгүйрлийн сэдэв Пак Сэ Хый-гийн "Birthday Party" видео болон гэрэл зургийн бүтээлээр үргэлжилнэ. Баярын ширээ, тал дундаа орсон бялуу, асаасан лаатай ч хүн үгүй эзгүйрсэн тэрхүү дүр төрх орчин үеийн амьдрал дахь хүмүүсийн ижилсэл, ганцаардлыг өгүүлдэг байна. Мөн уран бүтээлч Им Юн Хён "Tic Tok" болон "Moon Rainy" бүтээлүүдээрээ цахим платформд донтсон хүний ухамсар хэрхэн аюултай экосистемд живж буйг болон технологиос үүдэлтэй байгаль устгалын ирээдүйг асуух шиг сэтгэгдэл төрүүлнэ. Өдөр тутмын богино хугацааны цахим өдөөлтүүд нь хүнийг амьдралын бодит хэмнэлээс салгаж буйг каталогийн тайлбартаа шүүмжилсэн байдаг.

Үндэсний сэтгэлгээний хувьсал ба түүхийн ой санамж

Үзэсгэлэнгийн Монгол талын уран бүтээлчдийн бүрэлдэхүүн үндэсний сэтгэлгээ, уламжлалт бэлгэдэл, ахуйн элементүүдийг өнөө цагийн урлагийн хэлбэрт хэрхэн хөрвүүлж буйг харуулснаараа онцлогтой юм. Венецийн биеннальд улсаа төлөөлөн оролцож буй Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нарын эрэлхийлэл, тэдэнтэй хамт орчин үеийн урлагийн өнгө төрхийг тодорхойлж буй Б.Хишигсүрэн, Э.Энхзаяа нарын бүтээлүүд энд нэгэн доор зангилагджээ.

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Уран бүтээлч Б.Номингийн давуу болон нэхмэл ашигласан "Memento Mori I" бүтээл уламжлалт Монгол зургийн арга барилыг хөгжүүлж, өнөөгийн залуу үеийн ижилсэл, дотоод зөрчлийг илэрхийлэх шиг санагдана. Танхимын төв дэх жижиг модон авдар дээрх цам харын баримал цаанаа хана дүүрэн өрөгдсөн олон зуун баг, нүүрний дүрслэлүүдтэй нэгдсэн нь хүний дотоод ертөнцийн зөрчилт байдлыг тодосгох мэт.

Үүнтэй зэрэгцэн Г.Гэрэлхүүгийн шугаман зургийн нарийн ажиллагаа нийгмийн шилжилт, дарамтыг хөнддөг бол Ё.Төгөлдөрийн медиа болон судалгаат шийдлүүд түүхэн ой санамжийг ухах шиг санагдана. Мөн Д.Дорждэрэмийн материаллаг чанар, хэлбэр дүрсийн эрэлхийллүүд хүний оршихуйн суурь асуултуудыг тавьдаг бол Б.Хишигсүрэн, Э.Энхзаяа нарын бүтээлч хандлага дотоод сэтгэл, бэлгэдлийн гүн рүү хөтөлнө.

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн нэрд шингэсэн "гэрэл" гэх ухагдахуун нь уран бүтээлчдийн сэтгэлгээний параллель холбоосоор дамжин үзэгчдэд хүрдэг. Тэдэнд шингэсэн уламжлалт хийгээд гүн ухааны энэхүү "гэрэл" нь Солонгосын медиа уран бүтээлч И И Намын уламжлалт уран зургийг нар жаргах туяа, сарны гэрлийн тусгалаар баяжуулсан "Contemplating Water" (Ус ширтэн суугаа мэргэд) видео арттай утга санааны хувьд нэгдэнэ. Дүрсийг дижитал хэлбэрт шилжүүлэх замаар хоёр орны бүтээлчид уламжлалт өв соёл өнөө цагт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, бие биедээ уусан тусаж буйг харуулж байна.

Орчны уусгалт ба харилцан тусах гэрэл

Үзэсгэлэнгийн танхимын ерөнхий зохион байгуулалт бүтээлүүдийг хооронд нь уусгах таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Шалан дээр спот гэрлээр гэрэлтүүлсэн, модны цагариг болон байгалийн тогтцыг санагдуулам гурван том шовгор хэлбэртэй инсталляциуд байрлажээ. Эдгээр өвөрмөц шийдлүүд Пак Сан Хвагийн видео техникээр харуулсан байгаль, хүний эргэх холбоог дэмжихээс гадна Мун Чан Хваны Улаанбаатар, Данжин хотуудыг давхцуулсан уур амьсгалын хямралын тухай "Агаар угаах" бүтээлтэй утга санааны хувьд нэгдэнэ. Байгаль эхтэй холбогдох хүний анхдагч хэрэгцээ суурин иргэншил, техникийн хөгжлийн дунд хэрхэн хумигдаж буйг Монгол, Солонгосын уран бүтээлчид ижил түвшинд ажиглажээ.

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Өөр өөр техник, өвөрмөц материал ашигласан уран бүтээлчдийн эдгээр өнцгүүд Монголын уран зургийн галерейн орон зайд нэгдсэнээр соёл хоорондын томоохон харилцааны сүлжээг үүсгэж, үзэгчдэд нэгийг бодуулах биз ээ.

Үзэсгэлэнг зорих үзэгчдэд

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Үзэсгэлэнгийн танхимаас: Бие биедээ тусах гэрэл нийтлэлийн зураг

Хоёр орны соёлын харилцан тусгал, өнөө цагийн амьдралын хэмнэл дэх дотоод сэтгэлгээний эрэлхийллийг өгүүлэх тус үзэсгэлэн 6 дугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Орчин үеийн урлагийн шинэлэг шийдэл, инсталляци урлагийн өвөрмөц мэдрэмжийг авахыг хүсвэл та бүхэн Монголын уран зургийн галерейг зорин үйлчлүүлээрэй.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд