Хэрхэн дэлхийн хэмжээний загварын брэндүүдэд дадлага хийх вэ?

2026.05.203 минут унших
Хэрхэн дэлхийн хэмжээний загварын брэндүүдэд дадлага хийх вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас хувцас загвар, хэрэглээний талаар цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Бид өмнөх Цуврал №1-ээрээ хувцас загварын түүхэн хөгжил, хүмүүсийн хувцасны талаарх ойлголт цаг хугацааны аясаар хэрхэн өөрчлөгдөж буй талаар хуваалцсан. Харин энэ удаагийн дугаарт хувцас загварын салбарыг мэргэжлийн түвшинд ойлгож, мэдээлэлд ухаалаг ханддаг болоход тань туслах дижитал сувгууд болон олон улсын загварын салбарт ажиллах боломжтой дадлагын хөтөлбөрүүдийг танилцуулах болно.

Интернэт дэх мэдээллийг ашиглан загварын чиг хандлагыг ойлгох нь 

Хувцасны түүх, брэндинг, материалын чанарыг мэргэжлийн түвшинд судлах нь зөвхөн загвар зохион бүтээгчид гэлтгүй ухаалаг хэрэглэгч бүрд нээлттэй байдаг байна. Загварын салбар бол дэлхийн хамгийн том эдийн засгийн нэг юм. Тиймээс хэрэв та хувцас загварын чиг хандлага, тэнд өрнөж буй үйл явдлуудыг илүү гүнзгий мэдэхийг хүсвэл The Business of Fashion (BoF) дижитал платформыг уншихыг зөвлөж байна. Тус суваг нь салбарын нарийн анализ, технологийн нөлөө, тогтвортой хөгжлийн бодлогуудын талаар бэлтгэн хүргэдэг бөгөөд тэдний нийтлэл, подкастыг сонссоноор та тренд хэрхэн бүтдэгийг ойлгох боломжтой. Үүнээс гадна дэлхийн хамгийн алдартай сэтгүүл болох Vogue-оос зохион байгуулдаг “Vogue Forces of Fashion” цуврал контентууд нь нэртэй загвар зохион бүтээгчид, соёлын зүтгэлтнүүдийн чөлөөт ярилцлагыг хүргэдэг бөгөөд эндээс та ирээдүйн соёлын чиг хандлага хаашаа эргэж байгааг мэдэх боломжтой юм. 

Загварын долоо хоногоор зах зээлийн таамаглал гаргадаг

Хувцас загварын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийг хүсэж байвал Парис, Милан, Нью-Йорк, Лондоны загварын долоо хоногуудыг ажиглаад үзээрэй. Учир нь судлаачид ирэх 6-9 сарын зах зээлийн чиг хандлагыг үүгээр тодорхойлдог бөгөөд үүний тулд дараах гурван зүйлийг хараарай. 

Хамгийн эхэнд тэдний ашиглаж буй материалд анхаарлаа хандуулаарай. Тэд дахин боловсруулсан материал онцолж байна уу, эсвэл байгалийн цэвэр түүхий эдийг чухалчилж байна уу гэдгээс тухайн брэндийн философи төдийгүй, хувцас үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлага харагддаг. 

Хоёрт, тухайн загварын хэлбэр дүрс сул чөлөөтэй байна уу, эсвэл илүү цэгцтэй бүтэцтэй байна уу гэдгийг ажиглах нь тухайн цаг үеийн нийгмийн сэтгэл зүй, үзэл баримтлалын илэрхийлэл болдог. 

Гуравт, зохион бүтээгчид хувцсаар дамжуулан эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны хамгаалал зэрэг нийгмийн томоохон мессежүүдийг илгээдэг. Үүнийг анзаарах нь таныг илүү мэдрэмжтэй хэрэглэгч болоход туслах болно. 

Дэлхийн хэмжээний ямар ямар брэндүүдэд дадлага хийж болох вэ?

Хэрхэн дэлхийн хэмжээний загварын брэндүүдэд дадлага хийх вэ? нийтлэлийн зураг

Хэрэв та загварын салбарыг сонирхогчийн түвшнээс давж, илүү гүнзгий түвшинд  судлахыг  хүсэж байвал дэлхийн топ брэндүүдийн дадлагын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Тухайлбал, загварын тансаг зэрэглэлийн брэндүүдэд зөвхөн дизайнер гэлтгүй маркетинг, сэтгүүл зүй, эдийн засагч, хуулийн чиглэлээр оюутнуудыг дадлагажуулдаг аж. Үүний тод жишээ нь Louis Vuitton, Dior, Celine зэрэг 75 гаруй тансаг зэрэглэлийн брэндийг нэгтгэсэн LVMH групп юм. Тэд жил бүр  дадлагын хөтөлбөрүүд болон "INSIDE LVMH" нэртэй боловсролын платформыг ажиллуулж, брэндүүдийн удирдлага, маркетингийн стратеги зэрэг олон чиглэлээр суралцах боломжийг олгодгоороо онцлог юм.  Түүнчлэн Chanel брэнд нь жил бүр бүтээлч дизайн, сошиал медиа менежмент, болон тогтвортой хөгжлийн чиглэлээр залуусыг дадлагажуулдаг бөгөөд тэд ихэвчлэн өөрийн гэсэн өвөрмөц өнцөгтэй, брэндийн түүхийг мэдэрч чадах ухаалаг залуусыг хайдаг байна. Мөн үүнтэй адилаар  Kering Group нь тогтвортой хөгжил болон бүтээлч дизайн хосолсон дадлагын хөтөлбөрүүдийг тогтмол зарладаг аж. Эдгээр нэр хүндтэй хөтөлбөрүүдэд өргөдөл гаргахад хувийн бүтээлийн багц (Portfolio), брэндийн үнэ цэнийг хэрхэн ойлгож буйг харуулсан эсээ (Motivation letter) явуулах хэрэгтэй бөгөөд дижитал ур чадваруудыг эзэмшсэн байвал маш том давуу тал болдог аж.

Цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаараар бид хувцас загварын чиг хандлагыг зөв тодорхойлох сувгууд болон залууст зориулсан олон улсын дадлагын хөтөлбөрүүдийн талаар хүргэхийг зорилоо. Дараагийн дугаарт өнөөгийн хувцас үйлдвэрлэл, хэрэглэгчдийн хувцас сонгох хандлага хэрхэн өөрчлөгдөж буй талаар, чанартай бүтээгдэхүүн авах нь яагаад эдийн засагт хэмнэлттэй байдаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэх болно. Уншигч та бүхэн бидэнтэй хамт байгаарай.

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Хэрхэн дэлхийн хэмжээний загварын брэндүүдэд дадлага хийх...