Хувцас, загварын ертөнцөд ямар чиг хандлага дэлгэрч байна вэ?

2026.05.133 минут унших
Хувцас, загварын ертөнцөд ямар чиг хандлага дэлгэрч байна вэ?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хүн төрөлхтний амьд үлдэхийн төлөөх тэмцлийн үр дүнд хувцас анх бий болсон аж. Нар, салхи, бороо, цаснаас биеэ халхлан хамгаалах хэрэгсэл төдий байсан хувцас нь түүхэн цаг хугацааны явцад улам боловсорсоор нийгэм, соёлын томоохон илэрхийлэл болтлоо хөгжжээ. Өнөөдөр бид хувцасны загварыг цаг үеийн шинэ чиг хандлага, хувь хүний илэрхийлэл хэмээн үздэг болсон бол өнгөрсөн он жилүүдэд энэ нь огт өөр утгатай байжээ. 

Бид цуврал нийтлэлийнхээ өмнөх дугааруудад унших дадал, эко хэрэглээ, мэргэжил сонголт зэрэг сэдвүүдийг онцолсон билээ. Тэгвэл энэ удаагийн цувралаараа бидний анхдагч хэрэглээ төдийгүй соёл, үнэт зүйлийг илэрхийлэгч хувцас, загварын чиг хандлагыг бэлтгэн хүргэх гэж байна. 

Хувцас үнэ цэнтэй, үнэнч нөхөр байв…

Өнгөрсөн үед хувцас нь одоогийнх шиг өргөн сонголттой, хувьсан өөрчлөгддөг хэрэглээ биш байжээ. Харин ч эсрэгээрээ үнэ өртөг ихтэй, олдоц ховор, удаан эдлэхэд тохиромжтой чанартай бүтээгдэхүүн байсан аж. Хувцас ийм үнэ цэнтэй байх нь юун түрүүнд үйлдвэрлэл, түүхий эдээс шууд хамаарч байлаа. Тодруулбал, хувцасны үйлдвэр, оёдлын машингүй үед нэг даашинзыг гараар оёход долоо хоногоос нэг сарын хугацаа зарцуулдаг байв. Тиймээс ч хүмүүс чанартай цөөхөн хэдэн хувцсаа оёж нөхөөд ч хамаагүй удаан хугацаанд ашигладаг байсан аж. 

Мөн хуучин цагт хүмүүсийн нийгмийн анги давхаргыг хувцас хэрэглэлээр нь ялган зааглаж, өмсөх хувцсыг нь хуулиар тогтоодог байсан зэрэг олон сонирхолтой үзэгдэл түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Жишээлбэл, Хятадаас Торгоны замаар тээж авчирсан торго, даавуу нь маш үнэтэй тул Европын орнуудын хаад язгууртан л өмсдөг байжээ. Нийгмийн ялгааг хадгалахын тулд энгийн иргэд болон ихэс дээдсийн өмсөх хувцсыг заасан хууль 1963 онд Англи улсад батлагдаж байжээ. Түүнчлэн зарим оронд язгууртан хүмүүс тод улаан, нил ягаан, алтлаг өнгийн саа чимэглэл, хатгамал зүйсэн гоёмсог өмсгөлөөр гангардаг бол энгийн иргэд саарал, бор зэрэг бүдэг өнгийн энгийн хувцас өмсөх эрхтэй байсан аж.

Харин 1981 онд АНУ-ын өрхийн зардлын 5-10% нь хувцас худалдан авахад зарцуулагддаг болсон бөгөөд хувцас нь хүний амьдралын үндсэн хэрэгцээ, зарим талаараа нийгмийн байр суурийн илэрхийлэл болдог байв. Өөрөөр хэлбэл, хувь хүний хүсэл сонирхол гэхээс илүү нийгмийн байр суурь, эдийн засгийн боломж хувцасны сонголтод хүчтэй нөлөөлдөг байсан гэнэ. 

Хувцас, загварын оргил үе

Хувцас загварын ертөнцөд хувьсал авчирсан оргил үе XX зуунд тохиожээ. Аль нэг брэнд болон шинэ загвар нь хуучин загварыг тайзнаас “түлхэж”, хүмүүсийн хувцасны чиг хандлагыг бүрэн тодорхойлдог энэ үеийг “iconic” буюу оргил үе хэмээн нэрлэдэг. Тэгвэл тэртээх он жилүүдэд олныг “хошууруулж” байсан брэндүүдийн талаар мэдэж авцгаая.

Chanel брэнд эмэгтэйчүүдийг хатуу корсет, хүнд гоёл чимэглэлээс чөлөөлөн, энгийн хэр нь дэгжин хэв маягийг гаргаж ирснээрээ 1920-1930 онд загварын ертөнцөд хувьсал хийсэн байна. Асрамжийн газарт хувцас оёж сурсан Коко охины чөлөөтэй, дэгжин брэнд дэлхийн загварын тайзнаа гялалзсаар байгаа билээ. Ялангуяа тус брэндийн богино, классик загварын хар даашинз одоо ч үнэ цэнтэй хэвээр байгаа юм. 

Dior брэнд дэлхийн II дайны дараа загварын чиг хандлагыг эрс өөрчилсөн байдаг. Тухайлбал, тус брэндийн “Шинэ төрх (new look)”  хэв маяг нь Парис хотыг дэлхийн загварын нийслэл хэвээр үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг ажээ. Тодруулбал, хомсдол, хэмнэлтээр дүүрэн дайны хүнд цаг үе өнгөрсний дараа Францын нэхмэл үйлдвэрлэлийг дахин сэргээж тансаг зэрэглэлийн даавуугаар эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгон, гоо сайхнаараа гайхуулах загвар зохион бүтээсэн нь дэлхий даяар дайны үед бие, сэтгэлээрээ хохирсон олон сая эмэгтэйн итгэлийг сэргээж, зүрх сэтгэлийг булааж чаджээ. 

Louis Vuitton брэнд загварын ертөнцөд хувцаснаас гадна жижиг эдлэл хэрэглэлийг өдөр тутмын хувцаслалтад нэмж өгснөөрөө бусад брэндээс ялгарч байжээ. Тус брэнд анх хувцас биш, аяллын чемодан үйлдвэрлэсэн нь өнөөгийн загварын салбарын “accessory-heavy” буюу гоёл чимэглэлд суурилсан загварыг үндэслэсэн хэмээн үздэг аж. 

Харин одоо үйлдвэрлэл хөгжлийн шинэ шатанд гарснаар хувцас хүний хэрэглээ, хувь хүний өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл бүхий соёл болжээ. Орчин үед хувцасны олдоц, сонголт эрс нэмэгдэж хүмүүс байгаль орчны асуудалд илүү анхаарах болсны улмаас өөр өөрийн онцлогтой хэрэглэгчдийн бүлэг бий болсон аж. Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар хэрэглэгчдийн зан төлөвийг хэрхэн ангилсныг хамтдаа харцгаая.

Та аль төрлийн хувцас хэрэглэгч вэ?

  • Ухамсартай хэрэглэгч: Байгаль орчинд ээлтэй материалаар хийгдсэн хувцас хэрэглэхийг чухалчилдаг. Тэд цөөн тооны чанартай хувцсаа удаан хэрэглэхийг илүүд үздэг ажээ.
  • Түрэмгий хэрэглэгч:  Тэд ихэнхдээ тренд дагах хандлагатай байдаг учраас олон хувцас худалдан авдаг ч түүнийгээ маш цөөн удаа өмсдөг аж. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд дэлхий дахинд үүнийг “fast fashion” гэж нэрлэдэг юм байна.
  • Уламжлалт хэрэглэгч: Шинээр хувцас худалдаж авах нь бага, нэг хувцсаа элэгдтэл нь удаан өмсдөг хүмүүс энэ төрөлд хамаарна. Байгаль орчны асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй ч энэ төрлийн хэрэглээ нь шууд утгаараа тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлдэг аж.
  • Хоёрдогч зах зээлийн хэрэглэгч: Хуучин хувцас худалдан авах эсвэл солилцон хэрэглэх замаар хуучин хувцсыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаль орчинд ээлтэй сонголт хийдэг бол та хоёр дахь зах зээлийн хэрэглэгч юм.

Ийнхүү техник технологи хувьсан өөрчлөгдөж, байгаль орчны асуудлыг илүү анхаардаг болсон өнөө үед хувцасны соёл, хэрэглэгчийн зан төлөв ч даган өөрчлөгдсөөр байгаа ажээ. 

Цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт бид хувцас загварын оргил үе, өнгөрсөн болон одоо үеийн хувцас хэрэглэх соёлыг мэдэж авлаа. Дараагийн дугаарт хувцас загварын чиг хандлагын талаар мэдээлэл авах боломжууд, хамрагдах боломжтой дадлагын хөтөлбөрүүдийн талаар уншигч та бүхэнд хүргэх болно. 

 

Сэтгүүлч: Б.Нарангэрэл

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Хувцас, загварын ертөнцөд ямар чиг хандлага дэлгэрч байна...