

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд наймдугаар сарын 18-27-ны өдрүүдэд олон нийтэд зориулсан өдөрлөг, хэлэлцүүлэг, сайн туршлага, төсөл хөтөлбөрийн танилцуулга зэрэг өргөн хүрээний арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа билээ.
Олон нийтэд нээлттэй Ногоон бүс нь Цагаадай, Өгэдэй, Тулуй гэсэн гурван танхимаас бүрдэх бөгөөд өдөр бүр өөр өөр сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, танилцуулга, сайн туршлагууд өрнөх юм. Хэрэв та уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой бизнес, байгаль хамгаалал зэрэг сэдвийг сонирхдог бол эдгээр өдрүүдэд Ногоон бүсэд болох онцлох арга хэмжээнүүдийг зорин очоорой.
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Ногоон бүсэд олон нийтэд зориулсан кино үзвэрийн хөтөлбөр зохион байгуулагдана. Хөтөлбөрөөр дамжуулан цөлжилт, газрын доройтол, байгаль орчны асуудлыг кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийн зэрэгцээ Монгол орны байгаль, түүх, соёл, өв уламжлалыг харуулсан бүтээлүүдийг толилуулах юм.
Наймдугаар сарын 18: Интерактив өдөр
Ногоон бүсийн хөтөлбөрийн хоёр дахь өдөр технологи, инновац, байгаль орчны шийдлүүдийг онцолсон интерактив хэлэлцүүлэг, танилцуулгуудаар үргэлжилнэ. Энэ өдөр сэргээгдэх эрчим хүч, газар нөхөн сэргээлт, биологийн олон янз байдал, хотын ногоон байгууламж, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг сэдвийг хөндөж, хэрэгжүүлж буй төсөл, сайн туршлага, шинэ шийдлүүдийг танилцуулах юм.

“Fast is Over” загварын шоу мөн тус өдөр зохион байгуулагдана. Монголын үндэсний брэндүүд Fast Fashion-ийн эсрэг нэгдэж “хувцас бол түр зуурын хэрэглээ биш, зөв сонголт бол байгальд оруулж буй хувь нэмэр” гэсэн санааг хүргэхийг зорьжээ.
Наймдугаар сарын 19: Хүн төвт өдөр
Нийгмийн оролцоог онцолсон энэ өдөр жендерийн эрх тэгш байдал, залуучуудын оролцоо, иргэдийн манлайлал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг сэдвийг хөндсөн арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Байгаль орчны асуудлыг зөвхөн экологийн хүрээнд бус, хүний оролцоо, нийгмийн хэрэгцээтэй хэрхэн уялдахыг энэ өдрийн хэлэлцүүлэг болон хөтөлбөрүүдээр дамжуулан авч үзнэ.
Наймдугаар сарын 20: Бизнесийн өдөр
Ногоон шилжилтийг бизнес, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй уялдуулан авч үзэх энэ өдөр ESG, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой бизнесийн загвар зэрэг сэдвийг хөндсөн хэлэлцүүлэг, танилцуулгууд багтана. Мөн тогтвортой хөгжлийг бизнесийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын шийдвэртэй хэрхэн уялдуулах талаар бодит шийдэл, туршлага хуваалцах арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Мөн энэ өдөр урлаг, соёлоор дамжуулан байгаль орчны хамгааллын үзэл санааг хүргэх тусгай арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүрдсэн “МОНГОЛ СОНГОДОГ” гала концерт 18:00-19:00 цагт Ногоон бүсэд болох аж. Уг концертоор Монголын үндэсний сонгодог урлаг, хөгжмийн өв, уран бүтээлчдийн авьяас чадварыг олон улсын төлөөлөгчдөд танилцуулахын зэрэгцээ урлагаар дамжуулан байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг илэрхийлэх зорилготой юм.
Наймдугаар сарын 21: Тогтвортой, ногоон дадлын өдөр
Өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох байгальд ээлтэй хэрэглээ, ногоон хот, экосистемийн нөхөн сэргээлт, залуучуудын оролцоо, хог хаягдлын менежмент зэрэг сэдвийг энэ өдөр онцолно. Мөн байгаль орчныг хамгаалах, нөөцийг зөв зохистой ашиглахад иргэн бүрийн оролцоо ямар ач холбогдолтой болохыг бодит төсөл, сайн туршлага, хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг танилцуулна.

Наймдугаар сарын 23: Тэсвэрлэх байдлын өдөр
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг эрсдэлийг даван туулах чадвартай хот, орон нутаг, экосистемийг хэрхэн бий болгох талаар хэлэлцэнэ. Мөн уур амьсгалын эрсдэлийн менежмент, хотын ногоон байгууламж, байгальд суурилсан шийдэл, газрын доройтлыг бууруулах зэрэг сэдвээр сайн туршлага, бодит шийдлүүдийг танилцуулна.
Наймдугаар сарын 24: Санхүүжилтийн өдөр
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, нүүрстөрөгчийн зах зээл, дасан зохицох санхүүжилт зэрэг сэдвийг энэ өдөр онцолно.
Наймдугаар сарын 25: Усны өдөр
Усны нөөц, усны аюулгүй байдал, усны инновац, гүний болон гадаргын усны хамгаалал зэрэг асуудлыг хөндөх бөгөөд усны экосистемийг сэргээх, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, шийдлүүдийг танилцуулна.
Мөн тус өдөр “Fashion 4 Land” загварын шоу зохион байгуулагдах бөгөөд монголчуудын эртнээс байгальд ээлтэй, эргээд байгальдаа шингэдэг материалыг ахуйдаа ашиглаж ирсэн уламжлалыг орчин үеийн загвараар дамжуулан харуулна.
Наймдугаар сарын 26: Газрын өдөр
Газрын доройтол, бэлчээрийн менежмент, нөхөн сэргээлт, ой болон газрын экосистемийг хамгаалах зэрэг асуудлыг хөндөнө. Түүнчлэн цөлжилттэй тэмцэх шинэлэг арга, технологи, газрын доройтлыг бууруулах шийдлүүдийг танилцуулж, хэрэгжүүлж буй сайн туршлагаас хуваалцана.

Наймдугаар сарын 27: Хүнс ба хөрсний аюулгүй байдлын өдөр
Хөрсний эрүүл мэнд, тогтвортой бэлчээр, мал аж ахуй, хүнсний тогтолцоо, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвийг онцолно. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй үйлдвэрлэл, тогтвортой хүнсний тогтолцоог бий болгох шийдлүүд болон хэрэгжиж буй сайн туршлагуудыг танилцуулах юм.
Түүнчлэн ногоон бүсийн хурлын танхимуудаас гадна павильонуудаар зочлох боломжтой. Энд тогтвортой хөгжлийг бодит ажил хэрэг болгож буй бизнес, байгууллагуудтай танилцах боломжтой бөгөөд тогтвортой бизнес эрхлэгчид болон олон улсын байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, төсөл хөтөлбөр, байгальд ээлтэй шийдлүүдээ танилцуулж, ногоон шилжилт бидний өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжиж болох бодит жишээтэй танилцах боломжтой.
Хэрэв COP17-гийн хүрээнд ямар арга хэмжээ, хэлэлцүүлэг болохыг сонирхож байгаа бол өөрийн сонирхож буй сэдвийн өдрөө сонгоод дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаарай.
Хэрхэн очих вэ?
COP17 хурлын үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын автозамын хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд тус бүсэд зөвхөн нийтийн тээвэр болон тусгай зөвшөөрөл бүхий автомашин нэвтрэх зохицуулалттай байна.
Үүнтэй холбоотойгоор хурал үргэлжлэх хугацаанд нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн хоёр чиглэл ажиллана. Үүнд:
- Офицер - Нарантуул - Дүнжингарав
- 120 мянгат - Хоум Плаза - Нарантуул - Дүнжингарав
Иймээс COP17-гийн Ногоон бүсэд очихоор төлөвлөж байгаа иргэд хувийн автомашинаар зорчихоос илүүтэй дээрх нийтийн тээврийн чиглэлүүдийг ашиглахыг зөвлөж байна.
Ногоон бүсээр хамтдаа зочилцгооё!








Сэтгэгдэл