Тойм: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ


Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийж, хэсгийн тоглолтууд хуваарийн дагуу эхэллээ. Наймдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлэх тивийн чансаа өндөр энэхүү тэмцээнд Хятад, Өмнөд Солонгос, Япон, Тайвань (Chinese Taipei), Хонконг, Макао болон Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ багууд өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагт "ACA Aрeнa"-д ёслол төгөлдөр зохион байгуулагдаж, Монголын Волейболын Холбооны төлөөлөл болон хүндэт зочид хүрэлцэн ирж, нийт баг тамирчдад амжилт хүслээ. Мөн энэ үеэр үндэсний өв соёл, ёс заншлаа шингээсэн урлагийн үзүүлбэрүүдийг сонирхуулж, хүрэлцэн ирсэн үзэгчид болон баг тамирчдад спортын уур амьсгал, эрч хүчийг мэдрүүлсэн утга төгөлдөр арга хэмжээ болж өндөрлөсөн юм.
Н:Амарзаяа: Монголын волейболын спортын ирэх зуун жилийн шинэ хуудсыг нээх түүхэн үйл явдал болж байна

Нээлтийн ёслолын үеэр Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Н.Амарзаяа "Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн нь улс орнуудын найрамдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд волейболын спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хүүхэд залуучуудын оролцоо нэмэгдэж, олон улсын түвшинд өрсөлдөх зорилгоо улам тодорхой болгож байгаа төдийгүй туршлага хуримтлуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах чухал алхам, Монголын волейболын спортын ирэх зуун жилийн хөгжлийн шинэ хуудсыг нээж байгаа түүхэн үйл явдал болж байна” хэмээн онцоллоо.

Тивийн шилдгүүдтэй өрсөлдөх энэхүү хариуцлагатай тэмцээний талаар Монгол Улсын эрэгтэй үндэсний шигшээ багийн тамирчин, Багийн ахлагч М.Цэрэнбаатар тэмцээний нээлтийн үеэр "Манай Зүүн Азид Азийн бүсдээ эхний тавд эрэмбэлэгддэг хүчтэй гурван баг байдаг. Япон, Солонгос, Тайванийн багууд энэ удаад ч маш өндөр бэлтгэлтэй ирсэн байна. Мөн Хятадын багийн хувьд энэ удаагийн тэмцээнд тун өндөр бүрэлдэхүүнтэй, чансаатай иржээ. Хөгжөөн дэмжигч та бүхэн минь биднийг зүрх сэтгэлээрээ дэмжээрэй. Үзэгчдийнхээ уухайн дунд, эх орныхоо талбай дээр хүчтэй өрсөлдөж, медаль авахыг хичээх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эхний өдрийн тоглолтын үр дүн

Нээлтийн ёслол өндөрлөсний дараахан хуваарийн дагуу хэсгийн тоглолтууд үргэлжилж, багууд талбайд анхны гараагаа амжилттай эхлүүллээ. Тэмцээний салхийг хагалж 13:30 цагаас эхэлсэн Тайвань болон Макаогийн шигшээ багуудын тоглолтод Тайванийн тамирчид давуу тоглолт үзүүлж, 3:0 харьцаагаар хожсоноор энэ жилийн тэмцээний анхныхаа ялалтыг авлаа.

Тоглолтын дараа Макао багийн тамирчин, голын хаагч Хо Сү Кү (Ho Su Ku) сэтгэгдлээ хуваалцахдаа, "Өнөөдөр манай багийн хувьд тэмцээний анхны тоглолт байсан бөгөөд бид хүссэн хэмжээндээ хараахан хүрч чадсангүй. Ялангуяа давуулалт гүйцэтгэх, өрсөлдөгчийн давуулалтыг хүлээн авах тал дээр дутагдалтай зүйлс олон ажиглагдлаа. Түүнчлэн шийдвэрлэх довтолгоонуудаа илүү сайжруулах тал дээр бэлтгэл хэрэгтэй гэж бодлоо. Бусад өрсөлдөгч багуудаас хамгийн хүчтэй нь Японы шигшээ баг болов уу. Миний хувьд өмнө нь Японы багт тоглож байсан учраас тэдний ур чадвар, түвшнийг сайн мэднэ. Биднийг тууштай дэмжиж байдаг нийт хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа" гэлээ.

Үүний дараа буюу 16:30 цагаас бүс нутгийн топ шигшээ багуудын нэг болох Өмнөд Солонгос болон Япон улсын багууд хоорондоо учраа тааран талбайд гарсан бөгөөд хоёр багийн өрсөлдөөн тун ширүүн үргэлжилж, тоглолт 3:1 харьцаагаар өндөрлөн Өмнөд Солонгосын баг ялалт байгуулав.

Өмнөд Солонгосын шигшээ багийн тамирчин, довтлогч Шин Хо Жин (Shin Hojin) тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа, "Монголд анх удаа ирж байгаа ч газар зүйн байрлал ойрхон болоод ч тэр үү, маш дотно мэдрэмж төрж байна. Цаг агаар нь сэрүүхэн, хоол нь ч амттай болохоор сайн амарч, бие сэтгэлээ тайван байлгаж чадсан нь эхний тоглолтод ялалт байгуулахад тус боллоо. Японы шигшээ болох хүчтэй багийн эсрэг тоглосон болохоор амархан байлаа гэж хэлж чадахгүй нь. Дөрвөн үеийн турш үргэлжилсэн маш сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт боллоо. Бас тэмцээний эхний өдөр атлаа заал дүүрэн хөгжөөн дэмжигч цуглаж, манай багийг дэмжсэнд баярлалаа. Бид цаашид улам хичээх болно, Монголын үзэгчиддээ баярлалаа" гэлээ.

Харин эхний өдрийн оргил үе болох 19:30 цагийн хуваарьтай хүлээлт өндөртэй тоглолтод эзэн орны эрэгтэй үндэсний шигшээ баг Хонконгийн багтай талбай дээр хүч сорилоо. Монголын шигшээ багийн тамирчид тоглолтын туршид өндөр төвлөрөлтэй, нямбай тоглолт үзүүлж, үзэгчдийн халуун дэмжлэг дор өрсөлдөгчөө 3:0 харьцаагаар итгэл төгс буулган авлаа.

Маргаашийн тоглолтын хуваарь
Тэмцээний хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр "ACA Aрeнa"-д дараах багуудын хэсгийн тоглолт үргэлжлэх юм.

- 13:30 цагаас: Япон vs Макао (JPN vs MAC)
- 16:30 цагаас: Өмнөд Солонгос vs Тайвань (KOR vs TPE)
- 19:30 цагаас: Хятад vs Хонконг (CHN vs HKG)
Зүүн Азийн шилдэг багуудын өрсөлдөөн дөнгөж эхэлж байгаа бөгөөд баг тамирчдын тоглолтын хуваарь, үр дүнг бид Posted.mn цахим хуудсаараа дамжуулан цаг алдалгүй хүргэх болно. Иймд волейболын спортод хайртай, сонирхогч та бүхэн манай цахим сувгуудтай ойр байж, тэмцээний мэдээллээс бүү хоцроорой.
Сэтгэгдэл