Соёолонгийн тоосонд даруулснаар тухайн жилийн хийморь лундаа сэргэнэ хэмээн үздэг

2026.07.112 минут унших
Соёолонгийн тоосонд даруулснаар тухайн жилийн хийморь лундаа сэргэнэ хэмээн үздэг - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаж байна уу?

Хурдан морины уралдаан нь монгол түмний наадмын салшгүй хэсэг бөгөөд нас бүрийн адууг онцлогт нь тохирсон зайд уралдуулж, шандсыг нь сорьдог уламжлалтай. Адууны нас ахих тусам тэсвэр тэвчээр нэмэгддэг тул уралдааны зайг дараах байдлаар тогтоодог. Энэ жилийн баяр наадмын тухайд, их насны морьд 24-26 км, азарга болон соёолон морьд 22-24 км, хязаалан морьд 15-17 км, шүдлэн морьд 12-14 км, харин даага 10-12 км-ийн зайд хурд хүчээ сорьж байна.

Наадмын чимэг болсон соёолон насны морьдын уралдаан маргааш буюу 7 дугаар сарын 12-ны өдөр Хүй долоон худагт 07:00–11:00 цагийн хооронд болно. Соёолон гэдэг нь таван настай адуу юм. Энэ насан дээр адууны яс, булчин шөрмөс бүрэн бэхжиж, хурд болон тэсвэрлэх чадвар нь идэр залуу насны оргилдоо хүрсэн байдаг. Хүүхдээр бол өсвөр үеэ өнгөрөөж, эр бяртай, ид хавтай залуу насанд шилжиж буй үе гэсэн үг юм. Иймээс соёолон морьд хамаг хүч чадлаа шавхан, эцсийн мөчийг хүртэл уралдаанаас буцдаггүй, эрс ширүүн өрсөлддөг онцлогтой.

Тийм учраас монголчууд соёолонгийн тоосонд даруулахыг бэлгэшээдэг. Соёолон бол адууны хамгийн эрч хүчтэй, идэр үе тул түүний дэгдээсэн тоосонд даруулна гэдэг нь тухайн жилийн хийморь лундааг сэргээж, эрч хүчтэй байхын бэлгэдэл хэмээн үздэг. Энэхүү уламжлалын дагуу наадамчин олон соёолон барианд орох тэрхүү хурдтай агшинд барианы зурвас руу очиж, хурдан хүлгийн тоосноос хүртэхийг эрмэлздэг билээ.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд