Б.Чинзориг: Хэвлэл мэдээллийн боловсрол нэмэгдэх тусам нийгмийн хяналт сайжирдаг


Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэдэг билээ. “Solution Journal” булангийн арван долоо дахь дугаарт бид МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн доктор Б.Чинзоригийг урьж, цахим орчин хурдацтай хөгжин буй энэ цаг үед бид хэвлэл мэдээллийн боловсролтой байж, цахим орчноос хэрхэн үнэн зөв мэдээллийг олж авах боломжтой талаар ярилцлаа.
Энэ удаагийн дугаарт бид хэвлэл мэдээллийн боловсрол сул байх нь хувь хүн, нийгэмд ямар эрсдэл дагуулдаг, техник технологийн эрин зуунд бид хуурамч мэдээллээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах боломжтой талаар тодорхой хэмжээний ойлголт өгч, олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг сайжруулах боломжит шийдлийг эрэлхийлэхийг зорилоо. Бидний яриа хэвлэл мэдээллийн боловсрол гэж юу болох, яагаад өнөөдөр энэхүү ойлголт илүү чухал болоод буй тухай ярилцсанаар эхэлсэн юм.
Манай улсын 22-40 насныхны хэвлэл мэдээллийн боловсрол өндөр байна
Олон нийт ихэвчлэн сэтгүүл зүй, сэтгүүлч, хэвлэл мэдээллийг хооронд нь хольж ойлгоод байдаг. Үнэндээ хэвлэл мэдээлэл гэдэг нь мэдээллийг олон нийтэд түгээж буй бүх төрлийн хэрэгсэл буюу телевиз, сонин, сайт, сошиал платформ зэрэг сувгуудыг хамарсан өргөн ойлголт юм. Эдгээр сувгаар дамжуулан мэдээлэл бэлтгэж, түгээж байгаа хүмүүсийг сэтгүүлч гэнэ. Харин энэ бүх мэдээлэл дамжуулах хэрэгсэл, медиаг хамруулсан том нэршил нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.
Үүнээс гадна хэвлэл мэдээллийн боловсролыг зөвхөн телевизээр гарч буй мэдээг үзэх, сошиал сүлжээнээс мэдээлэл авах чадвараар ойлгох нь түгээмэл байдаг. Гэтэл хэвлэл мэдээллийн боловсрол бол мэдээллийг хэрхэн олж авах, үнэн зөв эсэхийг нь ялгаж таних, шүүн тунгаах, мэдлэг болгон боловсруулах, улмаар бусдад хариуцлагатайгаар түгээх хүртэлх цогц чадварыг хэлдэг. Тиймээс хүн зөвхөн мэдээлэл хүртэгч бус, мэдээлэл түгээгч болсон өнөө цагт хэвлэл мэдээллийн боловсрол нь иргэн бүрд шаардлагатай суурь чадвар болоод байна.

Саяхан манай сургуулийн зүгээс Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын нийт 4,200 оролцогчийг хамруулан, математикийн тэнцвэрийн зарчмаар олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролын судалгааг хийсэн юм. Судалгааны үр дүнд тэнцвэрийн муруйлт хэвлэл мэдээллийн боловсролгүй буюу мэдээ мэдээллийг ойлгох чадвар сул гэдэг рүү шууд хазайсан. Ялангуяа 16-21 насны залуучууд болон 40-өөс дээш насны бүлэгт хэвлэл мэдээллийн боловсролын түвшин харьцангуй доогуур үзүүлэлттэй гарсан юм. Харин 22-40 насны иргэдийн дунд арай өндөр үзүүлэлттэй байлаа. Мөн орон нутгийн иргэдийн хувьд мэдээллийн боловсролын түвшин хот суурин газрынхнаас доогуур үр дүнтэй байв.
Сонирхолтой нь үе үеэрээ маш ялгаатай үр дүн гарсан. Залуучууд худал мэдээлэл, хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн зураг, бичлэг, контентыг танихдаа харьцангуй сайн ч мэдээллийг агуулгаар нь гүнзгий ойлгох, олон өнцгөөс нь харах тал дээр дутагдалтай байсан. Харин ахмад үеийнхэн мэдээлэл худал болохыг олж мэдсэн тохиолдолд илүү төлөвшсөн байдлаар хүлээж авч, зөв дүгнэлт хийх хандлагатай байсан юм. Нэг үеийнхэн нь мэдээллийн технологийн орчинд илүү сайн дасан зохицсон ч шүүн тунгаах чадвар дутмаг, нөгөө хэсэг нь туршлага дээрээ тулгуурлан мэдээллийг ойлгох чадвартай ч шинэ төрлийн мэдээллийн хэрэгсэлд суралцах, дасан зохицох чадвар сул байгаа ажиглагдсан. Энэ нь нийгмийн бүх түвшинд хэвлэл мэдээллийн боловсролыг дэмжих шаардлагатайг харуулж байгаа юм.
“Хэвлэл мэдээллийн боловсролгүйгээс үүдэн мэдээллийн хямрал үүсэх эрсдэлтэй”
-Яагаад бидэнд хэвлэл мэдээллийн боловсрол хэрэгтэй юм бэ?

-Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед хэвлэл мэдээллийн боловсрол нь хувь хүний төдийгүй нийгмийн тогтвортой байдлыг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна. Учир нь иргэд мэдээллийг зөв үнэлэх чадваргүй бол хуурамч мэдээлэл түгээх, ташаа ойлголтод автах, улмаар нийгмийн чухал шийдвэрүүдэд бодитой оролцох боломж нь хязгаарлагддаг. Тухайлбал, сонгуулийн ач холбогдол, өөрийн оролцооны үнэ цэнийг ойлгохгүй байх нь хүртэл хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг байгаагийн илрэл юм.
Хэвлэл мэдээллийн боловсрол сул байх тусам хуурамч болон бодит мэдээллийг ялгах чадвар суларч мэдээллийн хямрал үүсэх эрсдэлтэй. Ялангуяа хиймэл оюун ухаан хөгжсөн өнөө үед бодит мэт харагдах худал мэдээлэл, эсрэгээрээ үнэн мэдээллийг хуурамч хэмээн үгүйсгэх эрсдэл улам нэмэгдэж байна. Хэрвээ хэвлэл мэдээллийн боловсрол байхгүй болчихвол сэтгүүлч мэргэжил ч устаж алга болох магадлалтай юм. Харин эсрэгээрээ хэвлэл мэдээллийн боловсрол өндөр байвал нийгмийн хяналт дагаад нэмэгдэх юм уу, иргэдийн сонгуулийн оролцоо нэмэгдээд, төр засаг өөрөө шилэн болоод ирдэг. Яагаад гэвэл хүмүүс илүү хэрсүү болоод эхлэхээрээ ирээдүйгээ харсан зөв сонголт хийдэг гэх мэт олон давуу тал бий болох юм.
“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс зарим жил 10 байр урагшилж, зарим жил 10 байр хойшилдог нь бусад улсын өөрчлөлтөөс хамаардаг. Өөрөөр хэлбэл, манай улсын хэвлэлийн эрх чөлөөний орчин дорвитой урагшилсан ч үгүй, доройтсон ч үгүй, харин нэг түвшинд зогсонги байдалтай байна” хэмээн доктор Б.Чинзориг онцолж байлаа.
Салбарын асуудал иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролд сөргөөр нөлөөлдөг үү?
Өнөөдөр иргэдийн мэдээлэл авдаг гол суваг нь нийгмийн сүлжээ болчихлоо. Үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэдээллээ сошиал орчинд түгээдэг болсон. Гэтэл хэвлэл мэдээллийн боловсрол муутай нөхөд сошиалаар явж байгаа бүхнийг сэтгүүлчийн дамжуулж буй мэдээ мэдээлэл гэж ойлгож хүлээж авдаг. Үүний улмаас сэтгүүл зүйн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, мэргэжлийн сэтгүүлчид болон контент бүтээгчдийн ялгаа зааг нь арилж эхэлдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд гар утсаараа лайв хийдэг, олны анхаарал татсан контент түгээдэг хүмүүс олширсноор мэдээллийн орчинд “хэн түрүүлж чанга дуугарсан нь үнэн мэт” ойлголт газар авах болсон. Тиймээс сэтгүүл зүйн салбар мэргэжлийн байж нийгмийн сүлжээтэй өрсөлдөх биш, харин мэргэжлийн ёс зүй, баримт шалгалт, хариуцлагатай мэдээллээрээ ялгарч үлдэх шаардлагатай байна.
2021 онд бид Монголын хэвлэл мэдээллийн цахим орчны загварчлал, хөгжлийн чиг хандлагыг судалсан юм. Судалгааны үр дүнгээс харахад манай мэдээллийн сайтуудад нийтлэг ажиглагддаг нэг том асуудал нь гарчгаар уншигчдыг татах, өөрөөр хэлбэл “clickbait” буюу сүржин гарчгаар хандалт цуглуулах хандлага байлаа. 2021 онд энэ үзэгдэл тодорхой хэмжээнд ажиглагдсан бол дараа дараагийн жилүүдэд улам нэмэгдэж эхэлсэн юм. Үүний гол шалтгаан нь сошиал платформуудын алгоритмтай холбоотой. Анхаарал татсан, маргаан үүсгэхүйц, сэтгэл хөдлөл өдөөсөн гарчиг илүү олон хүнд хүрдэг учраас мэдээллийн хэрэгслүүд хандалт авахын тулд ийм арга барил руу түлхүү чиглэж байна. Тэгээд олон нийт хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг учраас гарчигт нь хууртаад дараад орчихдог. Алгоритм “энэ хүн ийм юм сонирхож байна” гээд байнгын давтамжтай санал болгоод эхэлдэг. Нөгөө хүн маань хашрахгүй ороод л байна, тэгээд хортой мэдээлэлд хордоод, хайран цагаа дэмий зүйлд зарцуулаад байдаг байхгүй юу. Орж үзэхгүй, цааш нь түгээхгүй байвал алгоритм харуулахаа болчихно шүү дээ, ерөөсөө маш энгийн.

“Хэвлэл мэдээллийн орчинд үүсээд буй энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн эхний алхам бол хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө мэргэжлийн стандартаа чанд мөрдөх явдал юм. Үүний зэрэгцээ олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх сургалт, нөлөөллийн ажлууд тогтмол явах шаардлагатай. Ялангуяа фактчек буюу баримт нягтлах үйл ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлж, худал мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй тайлбарлаж, залруулж байх нь чухал” хэмээн тэрбээр тайлбарласан юм.
Ийнхүү олон нийт хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг байх нь дан ганц хувь хүний ухамсрын асуудал биш, мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага, боловсролын тогтолцоо зэрэг өргөн хүрээний асуудал болохыг дээрх ярианаас дүгнэж болохоор байна. Тэгвэл хэрхэн худал мэдээллээс өөрийгөө хамгаалж болох энгийн алхмуудыг доктор Б.Чинзориг бидэнд зөвлөлөө.
“Эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл үзүүлж, мэдээллийг шүүмжлэлтэй хүлээн авахад сургах хэрэгтэй”
Олон нийтийн хувьд худал мэдээллээс өөрийгөө хамгаалах хамгийн эхний алхам бол мэдээллийн боловсролоо дээшлүүлэх явдал. Ер нь бол олон нийт өөрийгөө хамгаалахаас илүү бодлогын түвшинд мэдээллийн боловсролтой болгох талаас нь анхаарах шаардлагатай байна. Дэлхийн олон оронд хэвлэл мэдээллийн боловсролыг бага ангиас нь эхлээд заадаг. Цаашлаад их, дээд сургуулиудад ерөнхий эрдмийн суурь хичээлийн нэг хэсэг болгон оруулснаар иргэд бага наснаасаа мэдээллийг шүүн тунгаах, үнэн худлыг ялгах дархлаатай болж төлөвшдөг.
Харин Монгол Улсад энэ тогтолцоо хангалттай бүрдээгүй байна. ЕБС-д Нийгмийн ухааны хичээл дээр л хэвлэл мэдээллийн талаар богино агуулга орж ирдэг. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд тодорхой хэмжээнд медиа боловсрол эзэмшдэг ч бусад мэргэжлийн оюутнууд хэвлэл мэдээллийн ямар ч мэдлэггүй төгсөх нь түгээмэл. Гэтэл бакалаврын боловсролтой хүн бүр нийгмийн идэвхтэй оролцогч, дараагийн үеэ хүмүүжүүлэгч байх ёстой. Эцэг эхчүүд мэдээллийн боловсролтой байж хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл үзүүлж, мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад сургах хэрэгтэй. Гэр бүлийн өдөр тутмын мэдээлэл хүлээж авах байдал нь хов жив хөөсөн, баталгаагүй мэдээлэл байвал хүүхдүүд ч мөн адил тэр хэв маягт суралцаж өсөх эрсдэлтэй байдаг.

Мэдээллийн боловсролгүй хүн бол одоо “ойд төөрсөн сармагчин” болчхоод ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байна шүү дээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд мэдээллийн боловсролын хичээлээс гадна, уран зохиолын хичээл маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Хүүхэд ном сайн уншдаг болоод эхлэхээр аливаа мэдээллийг ойлгох, задлан шинжлэх чадвар нь сайжирдаг. Тэгэхээр эх хэлний боловсрол, хэвлэл мэдээллийн боловсрол хоорондоо холбоотой гэж ойлгож болно.
Өндөр хөгжилтэй орнууд ард иргэдээ хэвлэл мэдээллийн боловсролтой болгоход ихээхэн анхаардаг аж. Тодруулбал, Европын Холбоо хэвлэл мэдээллийн боловсролын ач холбогдлыг эртнээс бодлогын түвшинд дэмжихээр 2009 онд “Цахим орчин дахь хэвлэл мэдээллийн боловсрол” зөвлөмжийг баталж, гишүүн орнуудыг медиа боловсролыг сургуулийн хөтөлбөр болон насан туршийн боловсролын тогтолцоонд тусгахыг уриалжээ. Үүний хүрээнд Европын олон оронд хэвлэл мэдээллийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлтэй уялдуулан заахаас гадна насанд хүрэгчдэд зориулсан сургалт, цахим хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг байна.
“Хиймэл оюун ухаанаар боловсруулсан контентод заавал ‘AI-аар бүтээв’ гэсэн тэмдэглэгээ байх ёстой”

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хэрэглээ сэтгүүл зүйн салбарт эрчимтэй нэмэгдэж, мэдээлэл бэлтгэх, боловсруулах, түгээх үйл явцад шинэ өөрчлөлтүүдийг авчирч байна. Цахим сэтгүүл зүй, хиймэл оюун ухаан, блокчейн сэдвээр түлхүү судалгаа хийдэг мэргэжилтний хувьд сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюуны хэрэглээ, түүний эерэг болон сөрөг үр дүнгийн талаар доктор Б.Чинзоригийн байр суурийг тодрууллаа.
Хиймэл оюун ухааны хэрэглээ өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт гурван өөр хандлагаар илэрч байна. Нэгдүгээрт, бүх ажлаа хиймэл оюун ухаанд бүрэн даатгадаг буюу “шүтдэг нэг хэсэг” байна. Зарим редакцууд мэдээний анхны хувилбар, гарчиг, бүр эмгэнэлийг хүртэл хиймэл оюун ухаанаар бичүүлээд шалгахгүй шууд нийтэлсэн тохиолдол гарлаа шүү дээ. Хоёрдугаарт, хиймэл оюун ухааныг огт хэрэггүй, эсвэл аюултай гэж үзээд “бүрэн татгалздаг нэг хэсэг” байна. Гуравдугаарт, хамгийн оновчтой хандлага болох “туслах хэрэгсэл байдлаар зөв зохистой ашиглаж байгаа” редакцууд бий.
Хиймэл оюуныг ашиглахад хамгийн чухал нь “хүн төвтэй хяналт” байх ёстой. Хиймэл оюун ухаан бол сэтгүүлчийг орлох субъект биш, харин сэтгүүлчийн ажлыг хөнгөвчлөх туслах хэрэгсэл юм. Харин өнөөдөр зарим тохиолдолд эсрэгээрээ сэтгүүлч өөрөө хиймэл оюун ухааны туслах болж, автоматжуулсан контентод бүрэн найдах хандлага ажиглагдаж байна. Энэ нь мэргэжлийн сэтгүүл зүйн үнэт зүйл алдагдах эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс нэгдүгээрт сэтгүүлч, хоёрдугаарт хиймэл оюун ухаан гэх зарчмыг барьж ажиллах ёстой.
Нөгөө талаас хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хуурамч дүрс, дийпфэйк бичлэгүүдийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь олон нийтийн итгэлцэлд нөлөөлж байна. Сонгуулийн үеэр улс төрчдийн талаар зохиомол бичлэгүүд тархах, эсвэл бодит мэт харагдах хуурамч контентууд түгээмэл болдог шүү дээ. Олон улсын туршлагаас харахад Reuters зэрэг томоохон редакцууд хиймэл оюун ухаанаар боловсруулсан контентод заавал “AI-аар бүтээв” гэсэн тэмдэглэгээ хийж, уншигчид мэдээллийн эх сурвалжийг ялгаж таних нөхцөлийг бүрдүүлж, ард нь “давхар шалгаарай, худлаа байх магадлалтай шүү” гэдгийг сануулж ажиллаж байна. Манай улсын зарим мэргэжлийн редакцууд “AI-аар бүтээв” гэсэн тэмдэглэгээ хийж эхэлсэн нь зөв жишиг боловч бүх платформд энэхүү нэгдсэн стандарт хараахан тогтож амжаагүй байна.
“Сэтгүүл зүй шүүх биш, мэдээлэх үүрэгтэй”

Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг харвал сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй гурван гол асуудал байна. Нэгдүгээрт, бизнес загварын асуудал нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын эдийн засгийн хараат бус байдалд шууд нөлөөлж байна. Урьд нь зар сурталчилгаа болон бизнесийн гэрээ хэлцэл үндсэн орлого болж байсан бол өнөөдөр хэрэглэгчид нийгмийн сүлжээ, Google, YouTube зэрэг платформ руу шилжсэнээр дотоодын зах зээл дэх мөнгөний урсгал ихэнхдээ гадагшаа чиглэж байна. Үүний улмаас редакцууд оршин тогтнохын тулд төрийн байгууллага, эсвэл тодорхой санхүүжилтэд илүү найдах хандлага үүсэж, энэ нь редакцын хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Хоёрдугаарт, хуурамч мэдээллийн асуудал нь мэдээллийн орчны хамгийн том бэрхшээл болж байна. Мэдээлэл хаанаас ч, хэн ч түгээх боломжтой болсон энэ цаг үед баталгаагүй, ёс зүйгүй, үнэнийг зориуд гуйвуулсан мэдээлэл тархаж, олон нийтийг төөрөгдүүлээд зогсохгүй, мэргэжлийн сэтгүүл зүйн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байна. Шийдлийн хувьд редакцууд дотооддоо баримтаа маш сайн шалгадаг тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн мэдээллийн боловсролыг системтэйгээр нэмэгдүүлэх нь чухал юм.
Гуравдугаарт, мэргэжлийн ёс зүйн асуудал байна. Мэргэжлийн сэтгүүлч хэзээ ч камер эсвэл утас бариад лайв хийгээд, чанга дуугараад, хандив цуглуулаад явдаггүй. Сэтгүүл зүй мэдээ мэдээллийг түгээх ёстой байгууллага болохоос цагдаа, шүүхийн байгууллага биш шүү дээ. Хэвлэл мэдээллийг “дөрөв дэх засаглал” гэж ярьдаг ч, бид засаглалын үүрэг гүйцэтгэж хэвлэлээр мэдээлсэн мэдээллээр хэн нэгнийг шүүх боломжгүй. Хэвлэл мэдээлэл аливаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, тэдэнд шийдлийг санал болгох юм уу, бодит нөхцөл байдлыг дамжуулах, шийдвэр гарах хүртэлх үйл явцад хяналтын үүрэг л гүйцэтгэдэг байх ёстой.
“Хуурамч мэдээллээс болоод хүмүүс уламжлалт медиаг сонгох хандлагатай байна”
-Сошиал сүлжээ иргэдийн мэдээлэл авах гол хэрэгсэл болж байна. Цаашид уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэрэгцээ, шаардлага хэр өөрчлөгдөх бол?

-Ирэх 5-10 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудын 90-95 хувь нь дотоод бүтэц, хүний нөөц, контент түгээлт гээд бүх түвшиндээ цахим орчинд бүрэн шилжих байх. Мөн хэвлэл мэдээллийн боловсрол аажмаар сайжрахын хэрээр чанаргүй, сенсац хөөсөн контентуудын нөлөө буурна гэж найдаж байна. Үүнтэй зэрэгцээд хиймэл оюун ухааны хэрэглээ эрчимтэй нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ боловсролын асуудал орхигдвол эсрэгээрээ сэтгүүлч мэргэжлийн үнэ цэн унаж, олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл суларч, улмаар мэдээллийн хямрал үүсэх эрсдэлтэй.
Иргэд сошиал медиа гэхээс илүү телевиз, сайт, сонин, сэтгүүлээс мэдээлэл авдаг хэвээрээ байх төлөв ажиглагдаж байна. Өдөр тутмын сонин, зурагт бол үнэ цэнээ алдах магадлал маш бага. Яагаад гэвэл хуурамч мэдээлэл хэтэрхий их байгаа учраас хамгийн бодит, үнэн зөв мэдээлэл түгээдэг зүйл нь зурагт гэх систем яваад байгаа юм. Уг нь нийгмийн сүлжээ, цахим медиа тэргүүлэх хандлагатай байсан ч хуурамч мэдээллээс болоод хүмүүс уламжлалт медиаг сонгох хандлага нэмэгдэж байгаа. Цахим шилжилт гэдэг нь сонин, сэтгүүл, телевиз радио цахим хувилбаруудтай, редакц, хүний нөөцийн хувьд цахим чадвартай болно л гэсэн санаа.
Хөөсөрлийн үе гэж бий. Анх телевиз гарч ирэхэд хүмүүс радио байхгүй болно гэж ярьж байсан ч, одоо болтол радио байж л байна. Сонин уншдаг хүн багассан юм шиг харагдаж байгаа ч сүүлийн үеийн статистик судалгааг үзэхээр уншдаг бүлэг байсаар л байна. Гэхдээ контентын түвшний өсөлт нь сул байгаа учраас олон нийтийн телевизийн сувгаар үзэх контентын чанар, сонголт маш бага байна. Энэ нь эдийн засгийн хөшүүрэгтэй шууд холбоотой. Хөдөө яваад гоё нэвтрүүлэг хийе эсвэл дэлхийн алдартай шоуны эрхийг нь аваад, Монголдоо хийе гэхээр санхүүгийн бэрхшээл болон хүний нөөцийн асуудал тулгардаг. Энэ мэт асуудлыг шийдчихвэл телевизийн салбарт тодорхой хэмжээний ахиц дэвшил гарах бүрэн боломжтой.
Нягтал, шалга!
-Мэдээллээр дүүрэн орчинд бид үнэн зөв мэдээллийг хэрхэн таньж, худал мэдээллээс өөрийгөө хамгаалах боломжтой вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ мэдээллийг л үзэж бай гэж зөвлөх байна даа. Өөрөөр хэлбэл, сошиал дээрх нэг пэйж, хэн нэгний пост бол мэдээлэл биш шүү дээ. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “редакторын гараар орсон мэдээлэл бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл” буюу “үнэн зөв мэдээлэл” гэж тодорхойлдог. Редактор нь үг үсгийн алдаа засахаас гадна тухайн эх сурвалж, баримтыг нягталсан байдаг. Хуучин хариуцлагатай нарийн бичгийн дарга, дугаарын удирдагч гэж байлаа. Одоо бол редактор, телевизэд продюсер зэрэг хүмүүсийн гараар орсон аливаа мэдээ, мэдээлэл нь өөрөө үнэ цэнтэй мэдээлэл болох юм. Өөрийн уншиж, үзэж харж байгаа зүйлдээ тодорхой хэмжээний цензур тогтоож бай гэсэн үг шүү дээ.
Мөн баттай мэдээлэл авах гэж байна гээд зөвхөн нэг эх сурвалж буюу нэг сайтаас мэдээлэл аваад байж болохгүй. Тодорхой хэмжээнд хоёроос гурван эх сурвалжаар баталгаажуулж байж тэр мэдээлэл үнэн бодитой болдог. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад хүмүүс аливаа мэдээ, мэдээллийг түрүүлж мэдээлсэн сайтаас олж авдаг ч, нэр бүхий хэд хэдэн сайт руу давхар орж шалгадаг гэж хариулсан. Тэгэхээр нягталж үздэг соёл, дадал сууж байна гэсэн үг. Энэ нь хэвлэл мэдээллийн боловсрол бас дээшилж байгаагийн нэг илрэл болох юм. Манай сэтгүүл зүйн салбар өмнө нь түрүүлж мэдээлэх нь сайн гэдэг байсан бол одоо түрүүлж биш харин илүү чанартайгаар мэдээлэх ёстой гэдэг зарчим руу шилжиж байгаа нь мөн сайшаалтай хэрэг болж байна.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа!
Сэтгэгдэл