

Цалин буусан өдөр данс хамгийн сайхан харагддаг. Гэвч тэр мөнгө зээл, хоол хүнс, жижиг сажиг хэрэгцээнд зарцуулагдаад төд удалгүй ахиад л мөнгөгүй өдрүүд эхэлдэг нь бидний амьдралд хэвшил болжээ. Хүний амьдралд амар тайван байдал, сонголт хийх эрх чөлөөг авчирдаг зүйл нь гэнэтийн их мөнгө биш хуримтлал, сахилга бат юм. Posted.mn сайтын редакц энэ удаагийн “Solution Journal" буландаа хувийн санхүүгийн зөвлөх, лектор Г.Мөнгөнийг урин хуримтлал, хувь хүний санхүүгийн талаар ярилцлаа.
Хуримтлал бол таныг хамгаалах бамбай
Мөнгө бол сонголт хийх эрх чөлөө юм. Гэхдээ хүн бүрд тийм эрх чөлөө байдаггүй. Бидний ихэнх нь орлогоо өсгөж байж сайхан амьдарна гэж итгэдэг. Гэвч ирээдүйд илүү сайхан амьдрахын тулд өнөөдөр бидний дагах ёстой зарчим нь санхүүгийн сахилга бат аж. Ингээд бидний ярилцлага санхүүгийн сахилга батын сорилт болсон хуримтлалын талаар эхэлсэн юм.

“Хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд өдөр тутамдаа эрүүл амьдралын хэв маяг, зөв дадлыг хэвшүүлдэг. Үүнтэй адил хувь хүний санхүүгийн сахилга бат гэдэг нь ирээдүйн эрсдэлээс хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй өнөөдрийн зөв дадал зуршил юм. Эдгээр зөв дадлын нэг нь хуримтлал бөгөөд орлогоосоо тодорхой хувийг тогтмол хуримтлуулснаар ирээдүйд гарах санхүүгийн гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг.
Жишээлбэл, ковид-19 цар тахлын үед хүмүүс ажил хийж орлого олох байтугай гэрээсээ ч гарах боломжгүй нөхцөлд чамгүй удаан хугацааг өнгөрөөсөн шүү дээ. Тэр үед манай улсын иргэдийн хэдэн хувь нь хуримтлалтай талаарх асуулга явуулахад маш бага хувь нь л хуримтлалтай байсан юм. Түүнээс хойш 5, 6 жил өнгөрсөн болохоор хүмүүс тэр хүнд хэцүү цаг үеийг ер нь мартсан л даа. Санасан ч ахиад тийм нөхцөл байдал битгий тохиолдоосой гэж бодож байгаа байх.
Гэхдээ дэлхий дахинаа олныг хамарсан цар тахал, улс төр, эдийн засгийн хүнд нөхцөл байдал хэзээ гарч ирэхийг хэн ч таашгүй шүү дээ. Эдгээр нөхцөлд хүнийг хэр удаан оршин тогтнохыг тодорхойлдог гол шалгуур нь санхүүгийн байдал юм. Тиймээс өөрт тохиосон санхүүгийн хүнд бэрх асуудлуудтай дахин тулгарахгүйн тулд өнөөдөр олсон орлого, цалин мөнгөнөөсөө тодорхой хувийг хуримтлуулах хэрэгтэй. Ингэхдээ мөнгөөрөө хүнс авахаасаа өмнө машин, орон сууцны зээлээ төлдөгтэй адилхан тогтмол, зайлшгүй хуримтлуулах нь чухал.
Энгийнээр хэлбэл, хэрэгцээндээ зарцуулаад үлдэгдлийг нь хураах биш, хуримтлуулаад үлдсэнээр нь амьдрах нь хуримтлалын алтан дүрэм. Гунигтай, сэтгэл санаа тогтворгүй, залхуурсан үедээ ч дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй гэж дасгалжуулагчид зөвлөдөг шиг мөнгийг ч бас ямар нэгэн шалтгаанаас үл хамааран “нүдээ аниад л” хадгаламжийн данс руугаа шилжүүлэх хэрэгтэй.”
Орлого бүрээсээ хуримтлуулах нь чухал

Орлогынхоо 20-30 хувийг хадгалахыг эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин мөнгөө хуримтлуулах давтамж нь сар бүр биш орлого орж ирэх тоолонд байх ёстой аж.
“Тогтмол дүнгээр, тогтсон өдрүүдэд данснаасаа мөнгө татуулан хуримтлуулахыг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ нь урт хугацааны, найдвартай мөнгө хуримтлуулах анхан шатны арга мөн. Гэхдээ энэ нь нөгөө талаасаа амьдралын хэв маягт бодитой өөрчлөлт авчрах нь бага гэж би боддог юм. Учир нь хуримтлал үүсгэе гэж бодож байвал тогтмол дүнгээр данснаасаа татуулахын оронд орлогоо хувилан хуримтлуулах нь илүү үр дүнтэй. Татварт орлогынхоо тодорхой хувийг зарцуулдагтай адилхан хэдэн төгрөг олсноосоо хамааран хуримтлуулах нь илүү ухаалаг, сайн арга юм.
Учир нь орлого гэдэг бол зөвхөн цалин биш юм. Найзынхаа ажилд туслаад авсан урамшуулал, орчуулга хийсэн төлбөр, бүр и-баримтын буцаан олголт ч гэсэн орлого мөн. Тиймээс сар тутам гэхээсээ илүү орж ирсэн бүх л орлогоосоо нэг бүрчлэн хадгалж байж хуримтлуулах дадал сууна.
Мөн хүмүүсийн дунд нийтлэг байдаг хуримтлалын арга нь зорилго тавьж хадгалах арга. Би энэ аргыг муу арга гэж хэлэхгүй ч ганцхан энэ аргаар хуримтлуулахыг зөвлөхгүй. Учир нь хэдэн сар, жил хадгалсан мөнгөө бүгдийг нь нөгөө зорилтот бүтээгдэхүүн, эсвэл аялалдаа зарцуулахаар хуримтлал нь ахиад хоосорно гэсэн үг шүү дээ. Тиймээс зорилгодоо хүрэхийн төлөө хуримтлуулдаг аргыг хэрэглэж болох ч түүнтэй зэрэгцээд эрсдэлд зориулсан хуримтлал үргэлж байх хэрэгтэй.”
Банк бол мөнгийг үнэгүйдэхээс хамгаалдаг “хөргөгч”

“Хуримтлуулсан мөнгө инфляцад ‘идэгдэх’ гэсэн нэг төөрөгдөл хүмүүст байдаг. Хуримтлуулсан мөнгө нь инфляцад идэгдээд юу ч үгүй болсон хүн үнэхээр байдаг бол таарч үзмээр л байна. Ханын цагныхаа ард таван төгрөг хийгээд мартчихаагүй л бол тийм зүйл болохгүй. Учир нь банк мөнгийг инфляцаас хамгаална. Жилд инфляц 9 хувьтай явагдаж байхад банк бидний хуримтлуулсан мөнгийг 12 хувиар өсгөх хүүтэй хадгалж байдаг. Тэгэхээр хөргөгч хүнсийг муутгахгүй хадгалдаг шиг банк мөнгийг үнэгүйдэхээс сэргийлдэг гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалт шиг тэгтэл нь өсгөхгүй ч үнэ цэнийг нь хадгалж байдаг.”
Хуримтлал үүсгэхэд орлогын түвшин биш хандлага чухал
Өндөр орлоготой болохоороо эсвэл зээлээ төлж дуусахаар хадгална даа гэж хойшлуулах нь бидний дийлэнх олонхын хэлдэг үгс. Гэтэл хуримтлуулах гэдэг нь өр зээлтэй, хэрэгцээгээ хангах мөнгөгүй байхдаа ч хийх л ёстой дадал зуршил аж.
“Мөнгө хуримтлуулах нь хүний орлогын түвшин бус хандлагаас шалтгаалдаг гэж би боддог. Хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгөөд сууж байхад янз бүрийн нөхцөл байдалтай таарна. Бага орлоготой хүн өөрийнхөө орлогыг угаасаа хүрэхгүй гэж бодоод хуримтлуулахгүй байх нь түгээмэл. Саяхан над дээр сард 5-6 сая төгрөгийн орлоготой хүн ирсэн юм. Монголд дундаж орлого ойролцоогоор 2 сая төгрөг шүү дээ. Тэгэхээр би тэр хүнийг өндөр орлоготой гэж үзнэ. Гэтэл мөнгөө хуримтлуулахад орлого нь хүрэлцдэггүй гэж байгаа юм. Яагаад гэвэл үнэтэй автомашины лизингтэй, дээрээс нь хүүхдээ маш өндөр төлбөртэй сургуульд өгсөн гэх мэтээр хэрэглээ нь орлогоосоо давчихсан. Тиймээс тэр хүн хуримтлуулж хүрэхгүй байна гэж боддог.
Үүнтэй харьцуулах нэг жишээ байна. Гадаадад амьдардаг, гэртээ хүүхдээ хардаг нэг ээж байна л даа. Тэр хүн ажил хийж орлого олдоггүй, нөхөр нь л ажил хийдэг учраас хуримтлуулах боломж бага шүү дээ. Гэтэл хоёр жилийн хугацаанд 58 сая төгрөг хуримтлуулсан байгаа юм. Ингээд харахаар хуримтлуулна гэдэг нь орлогын дүнгээс биш хандлагаас л хамаардаг.

Надад өнөөдөр 100 мянган төгрөг орж ирэхэд би түүнийг 70 мянган төгрөг орж ирсэн гэж итгэх хэрэгтэй. Тэр 70 мянган төгрөгийн захиран зарцуулалтыг хүний тархи төгс төлөвлөж чадна. Би ч бас энэ арга, дүрмээр хуримтлуулдаг. Олсон орлогынхоо 30 орчим хувийг хадгаламжийнхаа данс руу тогтмол шилжүүлнэ. Хэрэглээгээ тооцвол надад тоолж барахгүй л хэрэгцээ байна. Одоо есдүгээр сарын нэгэн болох гэж байгаа учраас хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлтгэнэ. Үнэтэй юм авбал их зарлага гарна. Хямд юм авбал удахгүй эвдрээд түүнээс ч их зардал гарч магадгүй. Мөн ойр зуурын хүнс, хэрэглээ гээд нийт 1.5 сая төгрөгийн хэрэг бол байна. Гэтэл миний дансанд 200 мянган төгрөг байгаа. Би хамгийн түрүүнд 60-70 мянган төгрөгийг хадгаламжийн данс руугаа хийнэ. Үлдсэн мөнгөөр нь энэ бүх хэрэгцээгээ яаж хангах вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байгаа юм. Хойшлуулж болохгүй хэрэгцээ нь аль нь вэ, алийг нь түр хойшлуулж эсвэл хэмнэж болох вэ гэдгийг төлөвлөх хэрэг гарч байна. Өөрөөр хэлбэл, маш бага сумны нөөцтэйгөөр дайн, тулаанд орох хэрэгтэй болж байгаа юм.
Гэхдээ энэ тулаанд хүн байнга орохгүй. Тодорхой хугацааны дараа гэхэд хүн энэ нөхцөл байдалдаа дасан зохицох болно. Хоёрдугаарт, санхүүгийн нөхцөл байдал нь сайжирч, хуримтлал нь эргээд нэмэлт орлого болох буюу үр шим, өгөөжөө өгч эхэлнэ. Тэгэхээр бага орлоготой хүн мөнгөө хуримтлуулснаар ирээдүйд илүү хангалуун, сайхан амьдрах сонголтыг хийж байгаа юм. Харин өндөр орлоготой хүн амьдралын гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд хуримтлуулах хэрэгтэй.”
Санхүүгийн мэдээлэл бол хувийн нууц
Бидний ихэнх нь найз нөхөд, гэр бүлдээ санхүүгийн асуудлаа ил тод байлгадаг. Гэтэл санхүүгийн мэдээлэл нь чандлан нууцлах ёстой хувийн мэдээлэл юм байна.

“Санхүүгийн амьдралдаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь хувийн мэдээллээ алдах болон зээл авах юм. Бидэнд өнөөдөр хэдэн төгрөг бэлэн болон хуримтлалд байгаа бас хэдэн төгрөгийн зээлтэй болох нь хувийн мэдээлэл. Хувийн мэдээллийг бид нууц байлгах ёстой шүү дээ. Нууц юмыг нууц байлгахгүйгээр гэр бүл, найз нөхдийн харилцаандаа дэлгэх нь буруу. Наанадаж хүмүүс таны санхүүгийн асуудалд оролцоно, мөнгө зээлэхийг гуйна. Цаашлаад юу хийх, юу худалдаж авах зэрэг шийдвэр гаргахад хүртэл нөлөөлж болно шүү дээ.
Дараагийн асуудал бол зээл юм. Богино хугацаанд өндөр төлөлттэй зээлүүд хамгийн их дарамт шахалттай байдаг. Хэрвээ үнэхээр зээл төлөх хэцүү санагдаад байвал анх яагаад энэ зээлийг авсан тухайгаа бодох хэрэгтэй. Зээл авахыг шууд буруутгаж болохгүй ч зохимжтой харилцаа хэрэгтэй. Тухайн зээл орлогын хэдэн хувийг эзэлж байгаа нь мөн чухал. Хүмүүс өндөр дүнтэй зээлээс айж, бага дүнтэй олон зээл авах нь түгээмэл байдаг. Тэр олон жижиг зээл нийлээд хүү нь ч, төлөлт нь ч ихсээд орлогын дийлэнхийг нь аваад явчихдаг талтай.
Түүнчлэн, хүмүүс орон сууцны зээл их авдаг шүү дээ. Уг нь орон сууцны зээл авах нь буруу биш ч хэт өндөр төлөлттэй зээлийг тохиромжгүй үедээ авах нь санхүүгийн дарамтыг нэмэгдүүлдэг. Өндөр дүнгээр сард зээл төлөөд л байтал ажлаа хийж чадахаа больчихвол яах вэ? Мөнгө ч үгүй, байр ч үгүй болох эрсдэлтэй шүү дээ.
Мөн орлогоо төлөвлөх нь маш чухал. Бага орлоготой хүн өндөр цалинтай болоод дампуурсан олон жишээ бий. 2 сая төгрөгийн орлоготой хүнийг 10 сая төгрөгийн цалинтай болгож л дээ. Өмнө нь тэр 2 сая төгрөгөөрөө болоод байсан ч өндөр орлоготой болохоороо ингэж амьдарна гэсэн дутуугийн мэдрэмж их төрж байсан аж. Тэгээд жинхэнэ үрж эхэлж байгаа юм. Өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгөөд, үнэтэй машин, утас зээлээр аваад л. Гэтэл хэдэн сарын дараа орлого нь ахиад буурчихсан. Ингээд л өр зээлд ороод дампуурсан байгаа юм. Тэгэхээр өндөр орлоготой л бол сайхан амьдарна гэдэг бас бүх зүйлийн хариулт биш байх нь.
Миний хуримтлал ингэж эхэлсэн

Орлого бага хэр нь өр, зээл ихтэй үедээ би сайхан амьдрахын тулд санхүүгийн асуудалдаа л хариуцлагатай хандах юм байна гэдгийг ойлгосон юм. Мөнгө хадгалж сураагүй, дөнгөж эхэлж байх үедээ өөрийгөө сорихын тулд 6 дансны аргаар хуримтлуулж үзэв. Гэхдээ тэр 6 дансыг шууд л нэг дор нээчхээгүй. Нэг нэгнээсээ ургаж, “шаардлагатай юм байна” гэдгийг ойлгосны үндсэн дээр нээсэн данс л даа.
Эхдээд би ганцхан харилцах данстай байж байгаад хуримтлуулах хэрэгтэй гэдгийг ойлгоод хадгалах данс нээсэн юм. Тийшээ орлогынхоо 40 орчим хувийг хадгалдаг байлаа.
Тэгтэл зээлээ төлөх мөнгө хэрэг болоод, хуримтлалаараа төлнө гэхээр хайран санагдаад байсан юм. 6-7 сар хадгалж хадгалчхаад зээл төлчихнө гэхээр хайран шүү дээ. Тэгээд би гурав дахь дансаа зээл төлөх мөнгөө хадгалах зориулалтаар нээлээ. Тэнд байгаа мөнгөөрөө зээлээ төлөөд үлдсэнийг нь авалгүйгээр дараагийн сарын төлөлтдөө л зарцуулна. Ингэхээр ирэх сарын зээлдээ санаа зовох нь ч багасчихдаг юм байна лээ.
Гурван данстай явж байтал надад өөрийгөө шагнах баярлуулах хэрэгцээ гарч ирэв. Аялалд явчихмаар, шинэ загварын гар утас зээлээр авчихмаар санагдаад л. Ингээд дөрөв дэх дансаа “Аяллын данс” нэртэйгээр нээлээ. Энэ бол өөрийгөө шагнах зориулалттай мөнгөө хадгалдаг данс бөгөөд би л аяллын гэж нэрлэсэн болохоос бусад хүмүүс юу ч гэж нэрлэж болно л доо.
Яг сайхан дөрвөн данстай явж байтал хүн бүрд байдаг шунал намайг хатгасан юм. Хуримтлуулаад ирэхээр тэр мөнгөө богино хугацаанд улам өсгөмөөр, койн авах эсвэл бизнес хиймээр санагдаад л. Ихэнх хүмүүст ийм бодол, хүсэл төрөөд эхлэхээр л мөнгөө хөдөлгөчхөөд байдаг. Тиймээс би тав дахь дансаа нэмэлт орлого олдог, өөрөөр хэлбэл харамсах юмгүйгээр мөнгөө өсгөх оролдлого хийдэг данс болгосон юм. Тэр мөнгөөр үнэт цаас эсвэл эд бараа гэх мэт юу ч юм аваад зарж болно. Алдсан ч харамсахгүй гэсэн л зарчимтай данс юм.
Харин хамгийн сүүлийн данс бол зугаа цэнгэлийн данс. Мөнгөө дэмий үрэхгүй хуримтлуулах гэж явсаар найз нөхөдтэйгөө ч уулздаггүй, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан гэхэд буруудахгүй болсон өөрийгөө эргээд нийгмийн харилцаа, үйлчилгээнд оруулахын тулд би тэр дансыг нээсэн гэсэн үг. Энэ зургаан дансны арга бол миний өөрийгөө сорьсон нэг хэлбэр байсан."
Хөрөнгө оруулалтын аргууд
Дараагийн асуудал нь мөнгөө хуримтлуулсаар л байх уу, өсгөх үү гэдэг сонголт юм. Мөнгөө богино хугацаанд өсгөх хүсэл хэн бүрд төрдөг ч тэр бүр амжилттай үр дүнд хүрээд байдаггүй. Иймээс хөрөнгө оруулалтын олон хэлбэрээс аюул багатай, зөв аргыг сонгон мөнгөө өсгөх нь чухал аж.

“Койн шуугиан тарьж байх үед би хэд хэдэн подкастад оролцож, өөрөө ч подкастдаа мэргэжилтнүүдийг урин ярилцаж байлаа. Койн бол хүн төрөлхтний шинэ, дэвшилтэт бөгөөд илүү програм суурьтай баялаг гэж ойлгож болно. Тэрийг сайн мэддэг, мэргэжлийн хүмүүс нь аваад, ашиг олоод явж байгаа тохиолдол олон бий. Бас мэдэхгүй байж ороод, алдаж хохирсон нь ч маш их. Миний бодлоор бүрэн дэмжихэд хэцүү ч бүрэн үгүйсгэж болохгүй холимог зүйл. Тиймээс би койнтой нэг их орооцолдохыг хүсээгүй. Монголд маш их хохирогч байгаа шүү дээ.
Харин хөрөнгө оруулалт гэдэг бол зайлшгүй зүйл л дээ. Хүн төрөлхтний хамгийн сонгодог хөрөнгө бол орон байр, газар юм. Бидэнд мөнгө байвал хамгийн түрүүнд амьдрах орон байр аваад цаашид мөнгөө арвижих тусам хаус, зуслангийн байшин, газар авахыг хүсдэг шүү дээ. Тийм болохоор ч хүмүүс үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь их түгээмэл. Орон сууц худалдаж аваад зарахад мөнгө гоё өсдөг шүү дээ. 160 сая төгрөгөөр байр аваад, 210 сая төгрөгөөр зарж болдог. Бэлэн мөнгөтэй учраас 50 сая төгрөгийн цэвэр ашиг олж байгаа юм. Харин сул тал нь авахаас зарах хүртэл хугацаа их ордог. Зарагдахгүй удаад байхаар зөрүүнд нь автомашин, газар оролцуулж арилжих болдог. Энэ мэтчилэн сул талууд бас байна.
Уламжлалт хөрөнгөнөөс ялгаатай биет бус хөрөнгө бол үнэт цаас буюу хувьцаа, бонд юм. Биет бус буюу цаасан дээр буусан үнэ цэнтэй зүйл гэсэн үг. Би 7 сая төгрөгөөр хувьцаа авч үзсэн. Одоо тэр нь 4 сая төгрөг болоод уначихсан байгаа. Тэндээс би өөрийгөө хувьцаанд хөрөнгө оруулалт хийх түвшний мэдлэггүй гэдгээ ойлгосон. Хувьцаа сайн мэддэг хүмүүс бол “унах тусам нь ав” гэсэн дүрэмтэй юм байна лээ. Ер нь урт хугацааны хүлээлт үүсгэдэг хөрөнгө оруулалт учраас байнгын тогтвортой тоглогчид хөрөнгөө оруулдаг гэхэд болно. Хөрөнгөө оруулаад л мартчих хэрэгтэй юм шиг байгаа юм. Өсөж буураад байдаг учраас сэтгэл зүйн хувьд дарамттай санагддаг. Надад АПУ ХХК, Түмэн шувуут ХХК-ийн бага бага хэмжээний хувьцаа байлаа гэхэд би тэр компанийн нэг жижигхэн эзэн нь болж байна гэсэн үг. Тэр компани цаашид өсөж томрох тусам миний эзэмшдэг хөрөнгө өсөх болно. Тиймээс оруулсан хөрөнгөө аль болох өсгөөд байвал ирээдүйд илүү арвижина. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтаар энгийн хүмүүс биш мэргэжлийн хүмүүс тоглох хэрэгтэй байх. Спортоор бол мэргэжлийн тамирчин тоглох ёстой тэмцээнд сонирхогч тоглох гээд байгаатай агаар нэг юм.

Харин мөнгөө хувь хүнд биш компанид зээлэхийг бонд гэж нэрлээд байгаа юм. Монголоор өрийн бичиг гэж хэлж болно. Бонд бол маш ойлгомжтой, аюул эрсдэл багатай харилцаа л даа. Мөнгөө 1-2 жилийн хугацаатайгаар нэг компанид хүүтэй зээлнэ. Компани тэр мөнгийг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаад буцаан төлнө. Гэхдээ энэ харилцаанд банк орохгүй. Бид мөнгөө банканд хадгалуулахад банк тэр мөнгөөр аж ахуйн нэгжид зээл олгон дундаас нь ашиг олдог шүү дээ. Тэгвэл бонд нь тэр харилцаанаас банкийг хассан хэлбэр юм. Нэр нь хүнд, хол сонсогддог ч маш энгийн, эрсдэл багатай учраас сэтгэл зүйн хувьд ч амар тайван хөрөнгө оруулалт.”
Хуримтлалтай хүн “өвөл” ирэхэд даарахгүй…
Хүний ажиллаж хөдөлмөрлөн орлого олох нас хязгаартай. Хэзээ нэг өдөр ажлаа хийж чадахаа болино, залуу насандаа бүтээсэн баялгаа хүртэх үе ирдэг. Тэр үед яаж амьдрахаа бид өнөөдөр сонгох боломжтой аж.
“Амьтад амьдрах чадвараа алддаг үе нь өвөл байдаг. Тэр хүйтнийг давж гаран амьд үлдэхийн тулд зүгээр л унтсан нь дээр. Өвөлжин тайван унтах дулаан үүр, идэх хоол тэжээлээ бусад улиралд нөөцлөн бэлддэг. Түүнтэй адил хүний амьдралд ч бас өвөл гэж бий. Тэр нь ажил хийж орлого олох боломжгүй болсон цаг хугацаа юм. Хүмүүсийн амьдралын өвөл нь 50 наснаас дээш буюу тэтгэвэрт гарснаас хойш үе. Нас ахиад ирэхээр ажлын бүтээмж буурч, орлого огцом багасна. Ажил хийх цаг багасан, зав чөлөө ч ихтэй болно. Энэ үедээ тайван, дураараа, сэтгэл хангалуун амьдармаар байна шүү дээ. Тэгвэл ажил хийх эрч хүчтэй, залуу насандаа хуримтлуулсан мөнгөөрөө амьдарч болно.
Мөнгө бодохгүйгээр мөрөөдье л дөө. Өглөө босоод дуртай өглөөний цайгаа уугаад, найз нөхөдтэйгөө уулзан цагийг сайхан өнгөрөөе. Жилдээ тогтмол хүссэн газраараа аялалд явъя. Тэр үед л жинхэнэ амьдралын амтыг мэдэрч болно. Гэтэл үнэндээ манай тэтгэврийн насныхны хийдэг зүйл нь ач зээгээ харах, эмнэлэгтээ үзүүлэхээс хэтрэхгүй. Сайндаа л зун ойрхон салхинд гарна. Ингээд харахаар хүн яаж амьдрахаа өөрөө сонгох боломжтой санагддаг юм. Хуримтлалын үр шимээ хүртээд, ахимаг насандаа тааваараа амьдрах хэв маягийг бид эхлүүлээд, цаашид энэ соёл дэлгэрээсэй гэж хүсэж байна.”
Хөдөлмөрлөж бас хуримтлуулж чаддаг иргэдтэй орон хөгждөг
Иргэн баян бол улс баян гэдэг. Хувь хүн орлогоосоо ирээдүйдээ зориулан хуримтлуулах нь улс орны эдийн засгийн хөгжилд ч сайнаар нөлөөлдөг аж.
“Хуримтлал нэмэгдэх тусам хүмүүсийн худалдан авах чадвар, гэнэтийн эрсдэлийг даах чадвар өсдөг. Мөн даатгал хөгжин, санхүүгийн зах зээл илүү хүчтэй болдог. Түүнээс гадна хүнд ахин нэг том ур чадвар төлөвшдөг нь хүлээх чадвар юм. Хүлээх чадвартай байснаар хөрөнгө оруулалт хийчхээд түүнийгээ үнэ цэнтэй болох хүртэл нь тайван хүлээн, үр өгөөжийг нь хүртэж чаддаг болно.
Дундаж орлоготой хүн амьдралынхаа туршид нэг тэрбум төгрөг цуглуулж чаддаг гэж байгаа юм. Тэр мөнгөө бонд болгоход жилд хамгийн багадаа 180 сая төгрөгийн өгөөж өгнө. Тэн хагасыг нь ахиад өсөж л байг гээд бонд дээрээ нэмээд хийчихье. Үлдсэн 90 сая төгрөгийг нь нэг жил хэрэглэвэл би сард 7.5 сая төгрөг хэрэглэнэ. Харин үлдэгдэл нэг тэрбум 90 сая төгрөг миний өмнөөс ажлаа хийнэ. Тэгэхээр би хуримтлуулсны хүчинд сард 7 сая 500 мянган төгрөг олдог машин бүтээчих юм байна.
Энэ бол баян хүмүүсийн л хийдэг зүйл биш. Харин дэлхий дээр өндөр хөгжилтэй орнуудыг бүтээсэн хүмүүсийн амьдралын хэв маяг. Хөдөлмөрлөсөн, түүнийхээ хэрээр хуримтлуулсан хүмүүс эх орныхоо эдийн засгийг хөгжүүлдэг. Эх орон нь тэр хэрээр хөгжиж дээшилдэг. Иргэд нь хуримтлуулахгүйгээр өндөр хөгжсөн улс орны жишээ одоогоор би олж хараагүй л байна.”
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл