О.Ундрал: Сэтгэл зүйчийн хэлсэн нэг үг хүний амьдралын шийдвэрт нөлөөлөх хүчтэй тул ёс зүйтэй ажиллах нь хамгийн чухал


Posted.mn сайтын редакцаас салбар бүрийн мэргэжилтнүүдийг урьж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын гарц, шийдлийг эрэлхийлэхээр “Solution Journal” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаа бид сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй сэтгэл судлалын салбарыг онцлон сэтгэл судлаач, Edumonia сэтгэл зүйн төвийн Гүйцэтгэх захирал О.Ундралыг урин ярилцлаа. Өдөр тутмын амьдралын дадал, хэмнэлээс эхлээд амьдралын чанар, эрүүл мэнд, амьдрахуйн үндэс болсон хүний сэтгэл зүй яагаад чухал болох тухай бидний ярилцлага өрнөсөн юм.
Хамгийн чухал нь сэтгэл санаа
Хүн бүрийн амьдралд хүнд цаг үе, эсвэл зүгээр л гунигтай мөч тохиолддог. Энэ нь байх ёстой, хэвийн л зүйл. Гэхдээ өдөр бүр хийдэг ажил, амьдралын энгийн хэв маягтаа түүртэж, ядрах, сэтгэлээр унах шинж тэмдэг илрээд хоёр долоо хоногоос дээш хугацаа өнгөрвөл сэтгэл зүйчид хандах хэрэгтэй гэж үздэг. Жишээлбэл, ажилдаа явах, хоол хийх, хүүхдээ хүргэж өгөх, найзуудтайгаа уулзах зэргийг хийхэд маш их энерги зарцуулдаг болж, амьдралын хэв маяг алдагдах юм бол сэтгэл зүйч дээр очих цаг нь болсон байна гэсэн үг юм.
Хамгийн анхны шинж тэмдгүүд нь өглөө ажилдаа явмааргүй санагдах, архи, тамхи их хэмжээгээр хэмжээгээр хэрэглэхийг хүсэх, нийгмээс өөрийгөө тусгаарлах зэргээр илэрдэг. Мөн аливаа асуудлыг ганцаараа шийдэхэд хүндрэлтэй байх юм бол сэтгэл зүйчийн туслалцаа авч болно.
Сэтгэл зүйн ачаалал ихэссэн ч мэргэжлийн үйлчилгээ авахгүй өнгөрөөх нь сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг цаашлаад хүнд өвчин болтлоо даамжрах эрсдэлтэй юм.
Сэтгэл зүйчид хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь оройтож ирдэг л дээ. Сэтгэл гутрал нь нойрны хямрал, толгой өвдөлт болон бүр бие махбодын өөрчлөлт болж даамжрахаар ихэнх нь эмнэлэгт үзүүлж, онош тодорхойлуулдаг. Оношоо олох гэж бие эрхтнээ үзүүлж, шинжилгээ хийлгэж явсаар цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохирох нь түгээмэл байдаг. Тиймээс бид сэтгэл зүйн эрүүл мэндээ бие махбодын эрүүл мэндээсээ ялгалгүй сайн анхаарч байх хэрэгтэй. Сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ нуулгүй бусадтай хуваалцах, шаардлагатай үед мэргэжлийн үйлчилгээ авах нь чухал юм.
Сэтгэл судлалыг хүмүүс ойлгохдоо…

Сэтгэл судлалын талаар хүмүүс олон төөрөгдөл, буруу ойлголттой явдаг. Хамгийн наад зах нь сэтгэл судлаач, сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, сэтгэл засалч нарын ялгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй.
- Сэтгэл зүйч, сэтгэл судлаач - Энэ хоёр нь угтаа нэг мэргэжил. Тухайлбал, энэ сэтгэл судлалаар бакалавр, магистрын диплом хамгаалсан мэргэжилтнийг хэлж байгаа юм. Сэтгэл зүйч хүн хэзээд шинэ мэдлэгийг суралцаж, судалж байх ёстой учраас энэ мэргэжлийг сэтгэл судлаач гэдэг. Тэд жороор олгох эм бичиж өгөх, эмнэлгийн онош тавих эрхгүй.
- Сэтгэцийн эмч - Хүний их эмчээр төгсөөд, үргэлжлүүлэн сэтгэцийн эмгэг судлалаар мэргэшсэн хүнийг хэлнэ. Энэ хүмүүс албан ёсоор онош тавих, сэтгэцэд нөлөөлөх эм тариа бичиж өгөх бүрэн эрхтэй.
- Сэтгэл засалч - Сэтгэл судлаач, сэтгэцийн эмч нарын аль нь ч сэтгэл заслын мэргэшүүлэх сургалтад сууж, тусгай зөвшөөрөл авсныхаа дараа сэтгэл засал хийх эрхтэй болдог. Энэ нь мэргэжил биш эмчилгээний арга зүй, үйл явц юм.
Тэгэхээр хүн ажилдаа ядарч, стрессээ зохицуулж чадахгүй байвал, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Харин өнгөрсөн хугацаанд авсан сэтгэлийн гүн гэмтлээ эдгээхийг хүсвэл сэтгэл засалчид хандаж болно. Айдас түгшүүрээс болоод унтаж чадахгүй, толгой өвдөх, физиологийн хүнд шинж тэмдэг илэрвэл сэтгэцийн эмчид хандах шаардлагатай гэсэн үг юм.
-Мөн траума, нарциссист, токсик гэдэг үгсийг залуус их ашиглах болсон шүү дээ. Эдгээр үгсийг бид хэр бодитой, зөв ойлгож хэрэглэдэг вэ?
-Сүүлийн үед хүмүүс сэтгэл зүйн асуудал, гэмтэл, эмгэгийн талаар сонирхох болсон нь сайн хэрэг. Гэхдээ дээрх үгсийг буруу хэрэглэх нь олонтоо.
Траума /Сэтгэцийн гэмтэл/ - Амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн, тархи болон мэдрэлийн системд гүн цочрол өгсөн асар хүнд тохиолдол (Жишээ нь: осол, хүчирхийлэл, гамшиг гэх мэт).
Буруу хэрэглээ: Хүн бүрийн өдөр тутамд тохиолддог таагүй зүйлс, бяцхан бүтэлгүйтэл, түр зуурын сэтгэл гонсойлтыг “Би трауматай болчихлоо” гэж нэрлэх.
Нарциссист (Narcissist / Өөрийгөө хэт өгөгч) - Хүн амын 1-2%-д л илэрдэг, бусдыг өрөвдөх сэтгэлгүй, бусдыг ашиглан манипуляци хийдэг сэтгэцийн эмгэг.
Буруу хэрэглээ: Өөрт нь таалагдаагүй, сөрөг зан авир гаргасан, эсвэл өөрийгөө чамладаг эсвэл онгироо хамтрагч, найзыгаа шууд л “Нарциссист” гэж шошголж, оношлох.
Токсик (Toxic/Холч) - Бусдын сэтгэл зүй, бие махбодод системтэйгээр, тасралтгүй хохирол учруулдаг харилцаа эсвэл орчин.
Буруу хэрэглээ: Өөртэй нь санал нийлээгүй, өөр үзэл бодолтой, эсвэл таагүй мэдрэмж төрүүлсэн төдийг шууд л “токсик хүн” гэж нэрлэх.
Хотжилт ба монгол хүний сэтгэл зүй

Хүний сэтгэл зүй, зан төлөв нь амьдрах орчин, өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаалан өөр өөр байдаг аж. Манай орон нүүдэллэн амьдрах өвөрмөц соёлоороо дэлхийд ганцхан. Мөн өндөрлөг, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бид өөрсдийн гэсэн сэтгэл зүй, зан төлөвийн онцлогтой юм байна.
Монголчууд бид нүүдэлчин соёл, амьдралын хэв маягтай учраас ямар ч нөхцөлд хурдан дасан зохицох чадвартай, тэсвэр тэвчээртэй, биеэ даасан, эрх чөлөөг дээдэлдэг зан төлөвтэй хүмүүс. Ер нь байгальтайгаа ойр байх нь стрессийг бууруулж, тархийг амраадаг. Тиймдээ ч хөдөө өссөн хүүхдүүд сэтгэл гутралд орох магадлал хотод өссөн хүүхдүүдээс бага байдаг. Хотын дуу чимээний бохирдол, замын түгжрэл, хүн амын хэт бөөгнөрөл нь хүний мэдрэлийн системийг тогтмол ачаалуулж, амрах боломжийг багасгадаг. Мөн суурин газрын хэт хурдан хэмнэл, өрсөлдөөн нь аливаад бусдаасаа хоцрохгүйгээр “амжиж амьдрах” айдас, сэтгэцийн цуцалтыг (burnout) үүсгэнэ. Яагаад вэ гэвэл хүн гэдэг амьтан байгальтай ойр байж стрессээ тайлах биологийн өгөгдөлтэй. Хотын энэ их бүтээн байгуулалтын бетон, асфальт зэрэг л гэхэд тархины амарч, нөхөн сэргээгдэх чадварыг бууруулдаг гэдэг. Тиймээс хөдөө нутагт амьдардаг, зундаа очдог, хөдөө нутгаа санадаг нүүдэлчин монголчууд уужуу тайван, тэсвэр тэвчээртэй байдаг байх.
Гэвч монголчууд гэр бүл, нийгмийн хүмүүжлээс шалтгаалан дотоод мэдрэмж, эмзэг байдлаа шууд илэрхийлэхдээ харьцангуй хаалттай, тэвчээртэй байхыг урьтал болгодог. Ойр дотнын хүнээсээ хагацсан ч их уйлж болохгүй гэсэн яриа байдаг шүү дээ. Энэ нь дотор хурсан гуниг, гашуудлаа илэрхийлж гаргаагүйн улмаас сэтгэл зүйн хувьд доройтоход хүргэх эрсдэлтэй. Тиймээс аль болох дотоод мэдрэмжээ илэрхийлж байх нь маш чухал. Интроверт буюу дотогшоо хүн бол мэдрэмжээ илэрхийлээд бичиж байх хэрэгтэй. Ямар нэгэн аргаар мэдрэмжээ хуваалцаж байх нь чухал.
Эрүүл харилцааг бүтээх нь

Бидний амьдралын алхам тутамд үе хоорондын ялгаанаас үүдсэн харилцааны асуудал ундран гардаг. Энэ нь зөвхөн цаг хугацаа төдийгүй нийгмийн байдал, төрж өссөн орчин нөхцөлөөс хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл, ахмад болон залуу үеийнхний хувь хүний үнэт зүйлс нь өөр байна гэсэн үг юм.
Нийгмийн байдал, өсөж төрсөн орчин, цаг хугацаанаас хамаараад ахмад үе, залуу үеийн хүмүүст үл ойлголцол их гарч байна. Хэдий ойлголцохгүй зүйл олон байгаа ч бидэнд эрүүл харилцаа маш чухал. Дийлэнх эцэг эхчүүдийн хамгийн их алддаг зүйл нь хүүхдээ бусадтай харьцуулах, мэдрэмжийг нь үгүйсгэх болон өөрийн биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулан биелүүлэх явдал юм. Гэтэл хүүхдийн багадаа мэдэрсэн мэдрэмж зан төлөвт нь шингэх, таагүй дурсамж үлдээх эрсдэлтэй. Тиймээс бид уламжлалт буюу загнаж зандран хүүхэд хүмүүжүүлэх аргаас татгалзан хүүхдийнхээ мэдрэмжийг сонсдог, үзэл бодлыг нь хүндэтгэдэг, нээлттэй харилцаа руу шилжих шаардлагатай.
Хосын харилцаанд ч тэр үл ойлголцол их гарна шүү дээ. Хамгийн багаар бодоход л 15 жил өөр орчинд амьдарсан хүмүүс нэг гэрт ороод асуудалгүй амьдарна гэсэн төгс хүлээлтийг хүмүүс тавиад байдаг. Ид хайрлаж дурлах үед бол тархид допамин, окситоцин зэрэг хүлээцтэй байдал, баяр баясгаланг төрүүлдэг даавар ихээр ялгарч, шүүмжлэлт сэтгэлгээ идэвхгүй болдог нь шинжлэх ухаанаар батлагдсан. Энгийнээр хэлбэл хайрлаж дурласан хүнийхээ сул талыг харахаа болино гэсэн үг юм. Гэтэл урт хугацаандаа харилцаанд үл ойлголцол болон санхүүгийн асуудал тулгарна. Тиймээс үүнд аль болох тайвуу уужуу хандаж, хүлээн зөвшөөрснөөр нөхцөл байдал арай дээрдэнэ.
Нас насанд тохиодог сэтгэл санааны хямралууд

Хүний нэг насны амьдрал ганцхан учраас олгогдсон энэ цаг хугацаандаа сайн сайхан амьдрахын төлөө бид тэмүүлдэг. Гэвч цаг хугацаа хэнийг ч ялгалгүй өнгөрч, бид жилээс жилд нас нэмсээр байдаг тул нас насны хямралууд тохиодог аж.
Цаг хугацаа улирах тутамд амьдралын шинэ хуудас нээгдэж, бид өнгөрсөн он жилүүддээ дүгнэлт хийн, дараагийн үедээ шилжих хэрэгтэй болдог. Энэ мөчлөгүүдэд сэтгэл зүй ч мөн адил өөрчлөгдөн, хямрах үе бий.
Хүүхэд 3 настайдаа бие хүн гэдгээ ухамсарлан, аав ээжийнхээ үгнээс зөрж аливааг өөрөө хийх хүсэлтэй болдог. Харин 7 настайдаа тоглох биш суралцах үе рүү шилжин, нийгмийн шинэ дүр буюу сурагч болох, мөн сэтгэл хөдлөлөө хянаж сурах зэрэг ачаалалтай нүүр тулдаг. 13-17 настай хүүхдэд бэлгийн болон бие махбодын өсөлттэй хамт “Би хэн бэ?” гэдэг асуултууд гарч ирнэ. Энэ үед хүүхэд эцэг эхийн хяналтаас гарч, найз нөхдийн хүрээлэл болон эрх чөлөөт, бие даасан байдлыг хамгаас илүүд үздэг.
Идэр насандаа ихэнх хүмүүс хоёр хямралтай нүүр тулдаг. Эхнийх нь сургуулиа төгсөн, бодит амьдралд хөл тавих үед үүснэ. Мэргэжил, ажил, санхүүгийн бие даасан байдал болон хүлээлт, бодит байдлын зөрүүгээс болж сэтгэл түгших болдог. Харин дараагийнх нь 30 насны хямрал юм. Тухайлбал, хүн 30 хүрээд "Би юу амжуулав?" гэж туулсан амьдралдаа анхны дүнгээ тавьдаг. Сонгосон амьдралын зам, гэр бүл, карьераа дахин нэг харж, үнэхээр зөв замдаа байна уу гэдэгт эргэлзсэнээс үүдэн хямарч эхэлнэ.
Харин дунд ба ахимаг насны хямрал 40 наснаас эхэлнэ. Хүн 40 хүрээд залуу нас нь дуусаж, амьдралын хагас нь өнгөрсөн болохыг ухамсарлана. Ингэснээр хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун бус байвал карьер, амьдралын хэв маягаа огцом өөрчлөх хүсэл төрдөг.
Сүүлийнх нь бидний хамгийн их орхигдуулах гээд байдаг 50-55 насны хямрал юм. Тэтгэврийн насны энэ хямралыг сэтгэл судлалд “Хоосон үүрний” хямрал гэж нэрлэдэг. Ерөнхийдөө хүүхдүүд нь тусдаа гарч, ажил карьер нь ч төгсгөл рүүгээ дөхөхөөр хүнд нийгэмд эзлэх байр сууриа алдаж байгаа мэдрэмж төрдөг. Хачирхалтай нь тэтгэврийн насны хүмүүсийн хямрал эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөрөөр тусдаг. Яг тэтгэвэрт гарах үед эрэгтэй хүмүүс ажил хийхгүй, амралтын байдалд шилжих болсондоо баяртай байдаг бол эмэгтэй хүн нийгэмд хэрэггүй болж байна гэж гутардаг. Гэтэл тэтгэвэрт гарсны дараа эмэгтэй хүн ач зээгээ харах, гэрийн ажил хийх зэргээр үр хүүхдүүд, хүрээлэлдээ хэрэгтэй, эзлэх байр суурьтай болдог учраас сэтгэл санаа нь тэгтлээ хямрахгүй байж чадна. Харин эрчүүд жинхэнээсээ нийгэмд эзлэх байр суурьгүй, хэрэггүй болсон мэтээр хямрах нь түгээмэл.
Харин 65-аас дээш насныхан бие махбод болон сэтгэл зүйн талаасаа амьдралын төгсгөл ирж байгааг мэдэрч, эвлэрэхийн өмнө хямардаг. Энэ үед хүн туулсан амьдралаа дүгнэж амар тайвнаар хүлээн зөвшөөрөх, эсвэл харамсал цөхрөлд автах хандлагатай байдаг юм.
“Бакалавраа сэтгэл судлалаар төгссөн байх нь хамгийн чухал”

Сэтгэл санааны байдал амьдралын чанарт нөлөөлөх чухал шалтгаан болохыг ойлгох болсноор энэ салбарын эрэлт нэмэгдэж байна. Эрэлт өсөхийн хэрээр мэргэжлийн бус сэтгэл зүйчид ч олшрох болсон нь энэ салбарт халгаатай байгааг тэрбээр онцолж байлаа.
Өнөөдөр олон улсад ч, Монголд ч сэтгэл судлалын шинжлэх ухаан хурдан хөгжиж, эрэлттэй байна. Манай улсад жилд багадаа 400 сэтгэл судлаач төгсөж байна. Гэхдээ сүүлийн үед өөр мэргэжилтэй хэр нь сэтгэл судлаач мэргэжлээр магистр хамгаалаад сэтгэл судлаач болж байгаа хүмүүс маш их байна. Үнэндээ би үүнийг буруу гэж боддог. Сэтгэл судлаач бол зайлшгүй 4 жил энэ чиглэлээрээ суралцан төгссөн байх ёстой. Төгссөний дараа өөрсдөө сэтгэл зүйчийн тодорхой хугацаанд үйлчилгээ авах ёстой зэрэг олон шалгуур бий. Гэтэл энэ шинжлэх ухаанаар бакалаврын хөтөлбөрт ч суралцаагүй, огт өөр мэргэжилтэй хэр нь сэтгэл судлалын магистрын хөтөлбөр төгсөөд л шууд хүмүүст зөвлөгөө өгч, цахим орчинд ч хүмүүст ташаа мэдээлэл өгөөд байгаа нь харамсалтай.
Сэтгэл зүйч мэргэжлийн хамгийн хүнд зүйл нь бусдын өвдөлт, шаналал, гэмтлийг өөртөө наалдуулахгүйгээр сонсож, өөрийн сэтгэл зүйн ачааллыг тэнцвэртэй авч үлдэх нь чухал байдаг. Хэрвээ ингэж чадахгүй бол мэргэжлээсээ халширч залхах эрсдэлтэй. Бид ажлын байран дээрээ үйлчлүүлэгчийн мэдээллийг чандлан хадгалах, шүүмжлэхгүй чин сэтгэлээсээ ойлгох, хил хязгаарыг тогтоон барих зарчимтай ажилладаг. Сэтгэл зүйч хүний хэлсэн ганцхан үг үйлчлүүлэгчийн амьдралыг шийдвэрлэх нөлөөтэй байдаг. Тиймээс үйлчлүүлэгчийг сэтгэцийн гүн дарамтад оруулах, дахин гэмтээх, сэтгэл зүйн салбарт итгэх нийгмийн итгэлийг алдагдуулахгүйн тулд ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах шаардлагатай.
Жишээ нь, сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж ганц л удаа очоод итгэл алдарч, ахиад сэтгэл зүйн үйлчилгээ авахгүйгээр шийдсэн хүмүүс маш их байдаг. Хүний асуудлыг сонсоод ёжлох, эвгүй харах, бүдүүлэг харилцах, шүүмжлэх зэрэг нь сэтгэл зүйч мэргэжлийн стандартад нийцэхгүй.
“Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд ч стандарт бий”

Хүн сэтгэл зүйн үйлчилгээ авахдаа аюулгүй, тайван, амар амгалан мэдрэмж төрүүлэхүйц онцгой орчинд байх ёстой. Өрөөний яриа гадагшаа сонсогдохгүй, гаднах чимээ дотогшоо сонсогдохгүй байх нь чухал. Өрөөн доторх тавилга, хана нь хэт тод улаан, шар гэх мэт өнгөнөөс татгалзаж, сэтгэл санааг тайвшруулах цайвар, дулаан, саармаг өнгө (цайвар цэнхэр, цайвар ногоон, шаргал, саарал) сонгох хэрэгтэй.
Мэргэжилтэн ба үйлчлүүлэгчийн суудал тухтай, нуруунд ачаалал өгөхөөргүй зөөлөн буйдан байна. Хоёр суудлын хоорондох зай 1.5 - 2 метр, 45 градусын өнцөгтэй байх нь сэтгэл зүйн аюулгүй орон зайг бий болгодог. Хоёр суудлын дунд амны цаас (салфетка), усны аяга, цаг тавих жижиг кофе ширээ байна. Сэтгэл судлаач болон үйлчлүүлэгчийн дунд том, зааг үүсгэсэн ширээ тавихаас татгалздаг. Цаг нь үйлчлүүлэгчийн ард буюу мэргэжилтэнд шууд харагдахаар, гэхдээ үйлчлүүлэгчид сэтгэл зүйн шахалт үзүүлэхгүй газар, чимээгүй цаг байх ёстой. Сэтгэл зүйн асуудал нь харьцангуй хүнд байх юм бол аль болох саруулхан, зайтай өрөөг сонгодог.
Зургаар сэтгэл засахуй

Сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сэтгэл заслын болон оношилгооны олон аргууд гарч ирж байна. Зураг, үлгэр, элсээр сэтгэл засах арга, үйлчилгээ ч манайд байх болсон. Нэг сэтгэл зүйч нэг л аргаараа мэргэшин ажиллах нь илүү үр дүнтэй байж чадна гэж боддог юм. Миний хувьд мандала терапи буюу урлагийн сэтгэл заслыг сонгон хэрэглэж байгаа. Мандала зуруулаад үйлчлүүлэгчийнхээ зан төлөв, сэтгэл зүйн байдлыг үнэлнэ гэсэн үг юм. Мандала зурах үед хүний анхаарал өнгө, дүрс дээр төвлөрч, гаднах стрессээс түр холдон, тухайн мөчдөө бүрэн орших боломж бүрддэг. Энэ нь тайвшрал, төвлөрөл, бүтээлч байдлыг дэмждэг. Хийж байгаа зүйлдээ бүрэн автаж, цаг хугацааг ч үл анзаарах явдал байдаг шүү дээ. Мандала зурах үед яг тийм болдог.
Мандала зурахдаа ямар дүрс, зурлага, өнгө ашиглаж байгаагаас хүний зан төлөв, сэтгэл зүйн байдал зэргийг багцаалдан, оношлох боломжтой. Тиймээс сэтгэл зүйн үйлчилгээний эхний уулзалт дээр мандала зуруулах нь тохиромжтой байдаг.
Мандала зурах нь сэтгэл зүйд:
- Өөрийгөө танин мэдэх үйл явцыг дэмжих,
- Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх аюулгүй орон зай бүрдүүлэх,
- Анхаарал төвлөрөл, тайвшралыг нэмэгдүүлэх,
- Дотоод зөрчил, стрессийг бууруулахад туслах,
- Хувь хүний сэтгэл зүйн төлөв байдлыг үнэлэх зэрэг ач тустай.
“Сэтгэл зүйн үйлчилгээний тухай хууль хэрэгтэй”

Сэтгэл зүйн үйлчилгээ үнэтэй байдаг гэх ойлголт маш түгээмэл ажиглагддаг. Тиймдээ ч дийлэнх хүмүүс сэтгэл зүйчид очих ёстой цагаасаа хожимдож очдог болов уу. Харин энэ асуудлыг шийдэх боломжит гарц нь даатгалын тогтолцоо юм байна.
Сүүлд нэг судалгаа уншихад манай хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг, дундаас дээш орлоготой хүмүүс сэтгэл зүйчийн үйлчилгээнд хамгийн их хамрагддаг юм байна. Энэ нь хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээний үнэ төлбөрөөс хамааран үйлчлүүлэх магадлал буурдаг болохыг илтгэж байгаа юм. Сэтгэл зүйн үйлчилгээний төлбөр янз бүр байдаг л даа. Дунджаар бодоход нэг удаагийн уулзалт 180,000 төгрөг байдаг. Үүнийг зохицуулах боломжит хувилбар нь даатгал юм. Гэхдээ манай оронд сэтгэл зүйн даатгалын үйлчилгээ бараг байхгүй байна. Уг нь үүнийг эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувиар хөнгөвчлөх байдлаар шийдэж болно.
Мөн манай салбарт зайлшгүй шаардлагатай байгаа нэг асуудал нь мэргэжлийн ёс зүй болон хууль эрх зүйн зохицуулалт. Цахим ертөнцөд өөрсдийгөө лайф коуч, сэтгэл зүйч гэж шошголсон маш олон дүр байна шүү дээ. Тэдгээр хүмүүс олон нийтэд энэ салбарын талаар буруу ташаа ойлголт өгч төөрөгдүүлэх, цаашлаад бусдын амьдралд ч нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс сэтгэл зүйн үйлчилгээний тухай хууль ба тусгай зөвшөөрлийн тогтолцоог яаралтай бүрдүүлэх, олон нийтэд чиглэсэн сэтгэл зүйн боловсролын нөлөөллийн ажлуудыг тогтмол хийх хэрэгтэй юм.
Дэлхийд энэ салбар хурдацтай хөгжиж байна шүү дээ. Хэрэгцээ шаардлагын үүднээс ч тэр хөгжихөөс ч аргагүй юм. Ойр ирээдүйд буюу ирэх 10 жилд сэтгэл судлалын салбарт хиймэл оюун ба дижитал орчноос үүдэлтэй ганцаардал, хэт хамаарал, түгшүүрийг даван туулах асуудал их анхаарлын дунд байх магадлалтай байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн сэтгэцэд үзүүлэх нөлөө болон хиймэл оюунд суурилсан сэтгэл засал, нейро-технологийн ёс зүйн асуудлууд гол сэдэв болохоор байна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа!
Сэтгэгдэл