А.Уянга: Хүүхдийн театр бол хүүхэлдэйн жүжгээс ялгаатай, маш өргөн цар хүрээтэй ойлголт юм


Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэдэг билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид Бамбүү театрын Үүсгэн байгуулагч, АССИТЕЖ Монголын удирдах зөвлөлийн дарга А.Уянгыг урьж, хүүхдийн хөгжил, хүмүүжилд театрын урлаг хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.
Бидний ярилцлага Монголын хүүхдийн театрын өнөөгийн нөхцөл байдал, тус салбарын онцлог, мөн хүүхэд, залуучуудад урлагийн боловсрол хэрхэн хүрч буй тухай асуудлыг хөндсөнөөр эхэлсэн юм. Мөн хүүхдийн театрын боловсролыг дан ганц нийслэлд төвлөрүүлэхээс илүү, хэрхэн орон нутгийн хүүхдүүдэд театрын урлагийг хүртээмжтэй хүргэх боломжтой талаар энэ удаагийн дугаарт онцоллоо.
“Хүүхдийн театр бол хүүхдийн ертөнцийг харах цонх”

Манай “Бамбүү” театр анх 2017 онд байгуулагдсан. Би өөрөө инженер мэргэжилтэй, урлагийн салбарын хүн биш ч гэсэн ээж хүний хувьд хүүхдүүд маань өөрсдийн хүсэл сонирхлыг олсон, хүүхэд насаа хүүхэд чигээр нь хадгалж үлдсэн хүмүүс болоосой гэж хүсдэг юм. Хүүхэд том болоод нийгэмд гараад олон л төрлийн ааш араншинтай хүмүүстэй учирна шүү дээ. Тиймээс бусдыг ойлгодог, гэгээлэг, хүмүүнлэг хүн болж өсөхөд нь багаас нь ямар орчин, хүмүүжил чухал вэ гэж их боддог байлаа. Тэр үед л манай улсад хүүхдэд чиглэсэн, ялангуяа хүүхдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлдэг байгууллага тун ховор байдаг юм байна гэдгийг анзаарч хүүхдийг хөгжөөх гэхээс илүү, зөв хүн болгон төлөвшүүлэхэд нөлөөлсөн хүүхдийн театр байгуулахаар шийдсэн юм.
Тиймээс ч манай театр анхнаасаа үзэгч хүүхдүүдийн оролцоонд тулгуурласан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг Монголын хамгийн анхны хувийн, хүүхдийн оролцоот жүжиг тавьдаг театр гэдгээрээ онцлогтой. Бид үндсэндээ хоёр чиглэлээр уран бүтээл туурвидаг. Нэгдүгээрт, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон нийгмийн асуудлыг хөндсөн бүтээлүүд хийдэг. Хоёрдугаарт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай ойлголтыг хүүхдүүдэд хүргэхийг зорьдог юм. Учир нь хүүхдийн театр бол хүүхдийн хувьд ертөнцийг харах цонх, өөрөө өөрийгөө олох, ойлгох орон зай болдог маш чухал газар.
“Монголд хүүхдийн театрыг одоо ч хүүхэлдэйн театраар төсөөлж байна”

“Бамбүү” театрыг байгуулж байхад хүүхдийн театрын талаарх олон нийтийн ойлголт тун хязгаарлагдмал байсан. Тухайн үед Улаанбаатар хотод тогтмол үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн театр гэвэл ганц Монгол Улсын хүүхэлдэйн театр байлаа шүү дээ. Тиймээс хүүхдийн театр гэхээр ихэнх хүн шууд л хүүхэлдэйн жүжигтэй холбож ойлгодог байлаа. Ер нь монголчуудын төсөөлөлд хүүхдийн театр гэхээр шууд модон, утсан хүүхэлдэй, том тайз, чимэглэл л буудаг байх. Бид өөрсдөө ч багадаа тийм л зүйл үзэж өссөн. Гэтэл хүүхдийн театр дэлхийд бэйби театр, бэйби опера болтлоо хөгжсөн байдаг маш өргөн ойлголт юм шүү дээ.
Би Дани улсад хүүхдийн театрын фестивальд оролцох үеэрээ анх удаа бэйби опера үзэж, бага насны хүүхдэд зориулсан тайзны урлагийн асар том боломж байгааг олж харсан юм. Тухайн үед би “яагаад ийм зүйл Монголд байдаггүй юм бол” гэж бодож байлаа. Тэгээд л бэйби театрын урсгалыг Монголд оруулж ирэхийг хүссэн юм. Тэгээд Бамбүү театр анх 1-4 насны хүүхдэд зориулсан бэйби жүжгүүдээ тавьж эхлэхэд эцэг эхчүүд “хэлд ч ороогүй, алхаж ч сураагүй байгаа хүүхэд юу ойлгох юм бэ” гэж хүлээж авах хандлага түгээмэл байдаг ч, хүүхдээ дагаад 1-2 удаа ирж үзсэн аав ээжүүдийн бодол өөрчлөгдөж эхэлдэг. Учир нь хүүхдүүдийн нүдэнд оч гялалзаад л, хэрхэн хүлээж авч байгааг харах нь өөрөө эцэг эхчүүдэд маш том хариулт болдог байх гэж боддог юм. Одоо манай Бамбүү театрын хамгийн эрэлттэй, хамгийн хурдан дүүрдэг үзвэр 1-4 настай хүүхдүүдэд зориулсан хүүхдийн бэйби жүжгүүд болсон байна.
Бамбүү театр өнгөрсөн найман жилийн хугацаанд олон нийтийн дунд түгээмэл байдаг хүүхдийн театрын тухай ойлголтыг бага ч болов өөрчилж чадсан болов уу гэж найдаж байна. Үүний үр дүнд ч сүүлийн жилүүдэд манай улсад Мафи театр, Про театр, Рома театр гээд хүүхдэд зориулсан чанартай уран бүтээл хийхийг зорьдог хувийн театрууд олноор байгуулагдаж эхэлжээ. Манай салбар маш хүнд бас маш эмзэг шүү дээ. Гэхдээ Бамбүү театр тодорхой хэмжээнд бат бөх суурийг нь тавьж чадсан болов уу гэж боддог юм.
Олон улсад бэйби театр буюу 0-4 насны хүүхдэд зориулсан тайзны урлагийг сүүлийн 30 жилийн хугацаанд хурдацтай хөгжиж буй хүүхдийн урлагийн салбаруудын нэг гэж үзэх болжээ. Олон улсын АССИТЕЖ байгууллагын 2024 оны “early years theatre” судалгаанд дурдсанаар бэйби театр нь хүүхдийн мэдрэхүй, сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөл, эцэг эх, хүүхдийн харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг хэмээн онцолсон байна. Тухайлбал, Европын олон оронд 6 сараас эхлэн хүүхдэд зориулсан бэйби жүжиг, бэйби опера тогтмол тоглогддог бөгөөд Дани, Норвеги, Франц зэрэг улсад энэ төрлийн урлагийг хүүхдийн эрт үеийн боловсролын нэг хэсэг гэж үздэг аж.
Хүүхдийн театрын салбарт тулгамдаж буй гол асуудлууд

Хүүхдэд зориулсан чанартай уран бүтээл гаргахад нэгдүгээрт мэргэжлийн, чадварлаг уран бүтээлчдийн эрэлт хэрэгцээ дутагдаж байна. Монголд Соёл Урлагийн Их Сургууль төгсөж буй залуу жүжигчдийн хувьд ихэвчлэн драмын театр эсвэл кино урлагт төвлөрч ажилладаг шүү дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхдийн театрын салбарт тодорхой хэмжээний ахиц гарч, их сургуулиудад хүүхэлдэйн театрын чиглэлийн тусгай хөтөлбөр бий болж, 4 жилийн сургалттай анги нээгдсэн нь сайшаалтай алхам боллоо. Гэсэн ч хүүхдийн театр нь зөвхөн хүүхэлдэйн жүжгээр хязгаарлагдахгүй, мим, хөдөлгөөнт жүжиг, үггүй театр, бүжгэн жүжиг, опера хэлбэрийн бүтээл хүртэл багтдаг өргөн хүрээтэй тайзны урлагийн салбар юм. Ийм олон төрөл хэлбэрийг цогцоор нь эзэмших уран бүтээлчдийн бэлтгэл өнөөдөр бодлогын түвшинд дутмаг хэвээр байна.
Хэдэн жилийн өмнө хүүхэлдэйн театрын чиглэлээр ОХУ-д манай залуучууд суралцаад, одоо төгсөөд ирчихсэн Про театрт ажиллаж байна. Одоо энэ боломжийг илүү өргөжүүлээд хүүхдийн театрын хөгжил нь асар өндөр хөгжиж байгаа Европын бусад орон руу явуулж сургалтын систем, практик туршлага зэргийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Яг дипломоо аваад хүүхдийн жүжгийн мэргэжлийн жүжигчин болдоггүй юм гэхэд, богино хугацааны чадавхжуулах сургалт, олон улсын дадлага, урт болон богино хугацааны солилцооны хөтөлбөрүүдийг тогтмолжуулах нь энэхүү салбарын хөгжлийг хурдасгахад чухал алхам болох юм.

Хоёрдугаарт, орон нутгийн хүүхдүүдэд театрын урлаг тэгш хүртээмжтэй хүрч чадахгүй байна. Манай орон нутгийн театруудын хувьд хүүхдийн уран бүтээлийг хүртээмжтэй хүргэхэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь бүтэц, зохион байгуулалтын нүсэр тогтолцоо хэвээр байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, аймгийн төвийн театрууд ихэвчлэн нэг жүжиг дээр том баг ажиллаж, жилдээ цөөн тооны хүүхдийн жүжиг тавьж, эсвэл өмнөх уран бүтээлээ олон удаа давтан тоглодог. Гэвч энэ нь сум, багийн хүүхдүүдэд театрын урлагийг бодитоор хүргэхэд хангалтгүй хэвээр байна.
Тиймээс хүүхдийн урлагийн боловсрол эзэмших эрхийг нь бид хангахын тулд заавал 30-аад хүний бүрэлдэхүүнтэй том тоглолт тавих гэж зүтгэхээс илүү 2-3 хүний бүрэлдэхүүнтэй, зардал мөнгө багатай нүүдлийн уран бүтээлүүдийг системтэй хөгжүүлбэл алслагдмал байршилд байгаа хүүхэд бүрд театрын урлаг хүртээмжтэй хүрэх боломж нэмэгдэнэ. Мөн орон нутгийн театрууд хоорондоо тогтмол аялан тоглолт хийх, туршлага солилцох тогтолцоог бий болгож одоо байгаа арга барил, модель, стратегиа өөрчлөх шаардлага үүсэж байна уу, гэж харж байна.
Гуравдугаарт, олон нийт буюу эцэг эхчүүдэд театрын урлагийн боловсролын үнэ цэнийг ойлгуулах ажил хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Үнэндээ театр бол монгол хэл, математикийн хичээлтэй адил хүний хөгжлийн суурь боловсрол байх ёстой байхгүй юу. Театрын урлаг нь хүүхдэд урлагийн мэдрэмж суулгахаас гадна бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, бусадтай зөв боловсон харьцах, хамгийн чухал нь хүнлэг байх, хүн байх чухал чанарыг төлөвшүүлдэг. Хүн хэчнээн өндөр мэдлэг боловсролтой байлаа ч бусдыг ойлгож чаддаггүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй бол нийгмийн харилцаанд тэнцвэртэй, аз жаргалтай амьдрахад хүндрэлтэй шүү дээ.
Энэ утгаараа эцэг эхчүүдийн ойлголтыг системтэйгээр өөрчлөх, боловсролын байгууллагын хөтөлбөрт урлаг соёл, театрын боловсролыг тогтсон цогц байдлаар тусгаж, илүү өргөн хүрээнд авч үзэж, сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болгон системтэй хөгжүүлж эцэг эх, багш нар, олон нийтэд зөв ойлголт өгөх тал руу чиглэж ажиллах хэрэгтэй байна.
Монголд хүүхэд, залуучуудад зориулсан театрын фестиваль байдаггүй нь мөн энэ салбарын хамгийн том асуудлуудын нэг ажээ. Харин олон улсад хүүхдийн театрын фестиваль нь салбарын хөгжлийг тодорхойлдог гол талбар болдог байна. Тэгвэл дээр дурдсан гол асуудлын бодит шийдэл болгож Бамбүү театрын хамт олон өнгөрсөн дөрөвдүгээр сард “Wanderlust” нүүдлийн театрын фестивалийг амжилттай зохион байгуулсан юм. Тус фестиваль зохион байгуулагдсанаар хүүхдийн театрын салбарт ямар эерэг өөрчлөлтүүд гарах боломжтой талаар бид цааш тодрууллаа.
“Wanderlust” төсөл хүүхдийн театрын хөгжлийн шинэ эхлэл болох нь

Монголд хүүхэд, залуучуудад зориулсан театрын фестиваль байдаггүй учраас Бамбүү театр болон АССИТЕЖ Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Wanderlust” төсөл нь нэг удаагийн аялан тоглолт гэхээс илүү хүүхэд, залуучуудад зориулсан театрын хөгжлийн дараагийн шатны суурийг тавих зорилготой чухал төсөл болсон юм. Бид маш их эрсдэл, зардал үүрч байгаа. Гэхдээ энэ төслийг ирээдүйн хүүхдийн театрын хөдөлгөөний суурь болоосой гэж хүсэн энэ удаагийн нүүдлийн театрын фестивалиа аль болох олон улсын жишигт ойртуулж, өөрсдийн нөхцөл боломждоо тааруулан хамгийн сайнаараа зохион байгуулахыг хичээлээ.
Олон улсын жишгээс харахад хүүхдийн театрын фестиваль өөрөө тухайн салбарынхаа хөгжлийг тодорхойлдог хамгийн чухал талбар болдог юм билээ. Учир нь театр бол амьд урлаг. Кино шиг дэлгэцээр үзээд бүхнийг мэдэрч чаддаггүй. Уран бүтээлчид нэг дор цугларч, нэг нэгнийхээ бүтээлийг үзэж, туршлага солилцож байж тэндээс шинэ санаа төрж, дараа дараагийн уран бүтээл мэндэлдэг. Энэ үйл явц л салбарыг урагшлуулдаг. Харин Монголд яг энэ орон зай, соёл дутагдаж байна. Тиймээс бид энэ удаагийн нүүдлийн театрын фестивалиа аль болох олон улсын жишигт ойртуулж, өөрсдийн нөхцөл боломжид тааруулан хамгийн сайнаараа зохион байгуулахыг хичээлээ.
Фестивалийн хамгийн чухал зүйл бол жүжгийн сонголт байдаг. Ялангуяа нүүдлийн театрын хувьд бүр ч өндөр шалгууртай. Манай баг сая орон нутгуудаар явж олон улсад театрын фестивалийг хэрхэн зохион байгуулдаг талаар бичлэг үзүүлэхэд хүмүүсийн хариу үйлдэл маш сонирхолтой байсан. Зарим нь “хүүхдийн жүжиг байж яагаад ийм хувцастай байгаа юм, ийм хувцаслалт, дүр төрхтэй байвал зөвшөөрөхгүй” гэж хүртэл хэлсэн. Мэдээж Монголын ахуй, соёл, сэтгэлгээ гадаадын орнуудаас өөр байх нь ойлгомжтой. Гэхдээ бид театр гэдэг зүйлийг зөвхөн нэг хэвэнд барьж ойлгож болохгүй шүү дээ. Яагаад хүүхдийн жүжигт опера байж болохгүй гэж, яагаад усан тайзтай, үггүй, эсвэл илүү визуал шийдэлтэй байж болохгүй гэж. Тиймээс энэ удаагийн нүүдлийн театрын фестивалиар хүүхдийн театрын урлагийн боловсролыг хангаад зогсохгүй үзэгчид, тэр дундаа эцэг эхчүүдийн театрын талаарх ойлголт, сэтгэлгээний орон зайг нь бага багаар ч болов тэлэхийг зорьсон.
“Хүүхдийн театр заавал нүсэр байх албагүй, хамгийн чухал нь хүүхдэд үлдэх мэдрэмж”

“Wanderlust” төслийн хүрээнд АССИТЕЖ Монгол байгууллагатай хамтран олон улсын воркшоп зохион байгуулсан юм. Тус сургалтаар “хүүхэд, залуучуудад зориулсан уран бүтээл хийхдээ үзэгчдийг бүтээлийн эхнээс нь дуустал хэрхэн оролцуулах вэ” гэх сэдвийн хүрээнд явагдсан. Үзэгчид ихэвчлэн тайзан дээр тоглож байгаа жүжигчдийг л үздэг уламжлалт хэлбэр давамгайлдаг манай улсын хувьд энэхүү сэдэв нь бараг шинэ ойлголт юм. Гэтэл олон улсад хүүхдийн театр бүтээл туурвихдаа зохиолын санаа гарсан мөчөөс эхлээд үзэгчидтэйгээ хамтарч ажилладаг. Тухайлбал, үзэгчид жүжгийн зохиол бичигдэж эхлэх үеэс, тайзны тавилт, гэрэлтүүлэг гээд жүжиг тайзан дээр тоглогдох үе хүртэл бүх үйл явцад өөрийн биеэр, бодитоор оролцох боломжтой гэсэн үг.
Энэ жишгийн дагуу манай театр ч шинэ жүжиг тавихдаа цэцэрлэгүүдээр явж тоглож, хүүхдүүдийн хариу үйлдлийг ажигладаг байхгүй юу. Жишээлбэл, хэлсэн үгийг маань хүүхэд хэрхэн хүлээж авч байна, аль хэсэг дээр төвлөрөл нь алдагдаж байна, ямар хөдөлгөөн сонирхлыг нь илүү татаж байна гэдгийг бүгдийг нь судалж үзээд зохиол, тайз, арга барилаа сайжруулдаг. Энэ бол хүүхдийг үзэгч гэж харахаас илүү оролцогч гэж харж байгаа хэлбэр юм. Тэр нь ч хүүхдүүдэд маш их таалагддаг.
Ер нь хүүхдийн театр гэхээр монголчууд маш нүсэр тайз, үнэтэй хувцас, олон жүжигчин төсөөлөөд байдаг. Гэтэл олон улсын хүүхдийн театр эсрэгээрээ маш энгийн. Зарим театр нэг чемоданд бүх тайзаа багтаасан байх жишээний. Гэхдээ тэр жижигхэн чемодантай театрын хоёрхон уран бүтээлч 35 минутын турш 200 гаруй хүүхдийг гайхшруулж, амьд мэдрэмж төрүүлж чаддаг. Тэгэхээр хүүхдийн театрын хамгийн чухал зүйл бол тайз биш, жүжгийн агуулга, хүүхдэд үлдэх мэдрэмж, гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Гэхдээ нүүдлийн театрын үеэр нэг зүйлээс эмээж байсан нь зарим эцэг эх, багш нар нүүдлийн театрын талаар сайн ойлголтгүйгээс болоод “үүнийг одоо хүүхдийн жүжиг гэх үү” гэж хүлээж авах вий гэхээс л санаа зовж байлаа. Учир нь хүүхдүүд аав ээжийнхээ хандлагаар л бүхнийг ойлгож хүлээж авна шүү дээ. Аав ээж нар ганц сөрөг зүйл хэлэхэд л хүүхдийн үнэлэмж тэр дороо өөрчлөгддөг. Тиймээс хүүхдэд зориулсан урлагийг эхлээд томчууд өөрсдөө ойлгож сурах хэрэгтэй юм шиг санагддаг юм. Хүүхэд юу ч ойлгохгүй гэж бодох нь хамгийн буруу. Хүүхэд ч гэсэн мэдэрдэг, ойлгодог, хүндлэгдэх эрхтэй. Тиймээс хүүхдийн театр хүүхдэд яг тэр мэдрэмжийг төрүүлж чаддаг ганц газар гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Ногоон нүүдэл ба ногоон амлалт
- Та бидэнд нүүдлийн театрын фестивалийн “ногоон нүүдэл” үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
Манай фестивалийн бас нэг онцлог нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөж байгаа явдал юм. Бид нүүдлийн театрын фестиваль зохион байгуулаад зогсохгүй, ногоон соёлыг түгээж, өөрсдөө үлгэрлэхийг зорьж ажилласан. Фестивалийн турш аль болох пластик хог хаягдал гаргахгүй байх, гарсан хаягдлаа бүгдийг нь буцааж цуглуулаад дахин боловсруулах үйлдвэрт хүргэх, хамгийн бага хүлэмжийн хий ялгаруулах маршрутаар явах зэрэг зарчмыг барьж ажилласан юм.
Мөн фесвитальд оролцож буй уран бүтээлч, арын алба гээд бүх хүмүүстэй “ногоон амлалт”-ын гэрээ байгуулж ёс зүйтэй, байгальд ээлтэй байх уриалгыг түгээж хамтран ажиллалаа. Олон улсын хэмжээний томоохон соёлын арга хэмжээг ч байгальд ээлтэй, хариуцлагатай байдлаар зохион байгуулж болдог гэдгийг бид “Wanderlust” фестивалиараа дамжуулан харуулахыг зорьсон.

Дэлхийн театр малчны хотонд
- Цаашид хүүхдийн театрын салбарыг хөгжүүлэхэд хувь хүн, Бамбүү театрын зүгээс хийхээр төлөвлөсөн ажил бий юу?
Миний хамгийн том мөрөөдөл бол театрын боловсролыг хүүхэд бүрийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болгох. Ядаж эхний таван жилдээ Улаанбаатар хотын сургуулиудад театрын урлагийн боловсролыг хичээлийн хөтөлбөрт нь тусгаж чаддагүй юм гэхэд, хичээлийн дараах хөтөлбөрийн хүрээнд драмын дугуйлангууд тогтмол ажилладаг болох хэрэгтэй. Сургуулиудад шатар, сагсан бөмбөгийн дугуйлан байдагтай адил драмын дугуйлан ч гэсэн байгуулагдаад өөр өөрсдийн уран бүтээлийг нэг нэгэндээ үзүүлдэг, бие биеэсээ суралцдаг соёл бий болоосой гэж хүсэж байна.
Бамбүү театрын маань хувьд ч хүүхдийн театр зөвхөн Улаанбаатар хотод төвлөрөх ёсгүй, Монголын бүх аймаг, сумын хүүхдүүдэд хүрэх ёстой боловсролын нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс ч 10-15 жилийн дараа гэхэд жил бүр Монголын 21 аймагт “Wanderlust” нүүдлийн театрын фестиваль зохиогддог болохын төлөө бид ажиллах болно. Театр заавал том хотод, үнэтэй танхимд л байдаг зүйл биш шүү дээ. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамаараад театраас л авах боломжтой тэр амьд мэдрэмжийг хүртэх эрхтэй. Уг төслийг цаашид би заавал өөрөө удирдах албагүй гэж боддог юм. Тиймээс олон хүн нүүдлийн театрын маань үнэ цэнийг ойлгож, хамтран ажиллаж энэхүү төсөл олон жил үргэлжлээсэй гэж хүсдэг.
Энэ жил Булган, Орхон аймгуудад манай фестиваль зохиогдсон бол дараа жил бусад аймгууд “манайд ирээч” гээд орон нутаг өөрсдөө санаачлаад эхэлбэл тэр нь бидний хувьд хамгийн том амжилт болох юм. Энэ удаагийн фестивалийн хүрээнд бид баримтат кино, фото товхимол зэрэг урт хугацаанд үлдэх бүтээлүүдийг давхар хийлээ. Учир нь монгол гэрт, монгол хүүхэд Францын жүжиг үзээд инээгээд сууж байгаа тэр дүр зураг олон жилийн дараа асар үнэ цэнтэй, түүхэн баримт болон хадгалагдан үлдэнэ шүү дээ.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл