Йоко Оно “Cut Piece”: Хязгааргүй эрх мэдэл таныг хэн болгож хувиргах вэ?

М.Энхмаа
М.Энхмаа
2026.02.064 минут унших
Йоко Оно “Cut Piece”: Хязгааргүй эрх мэдэл таныг хэн болгож хувиргах вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бид урлагийг ихэвчлэн холоос харж биширдэг зүйл гэж ойлгодог. Гэвч уран бүтээлч өөрийн биеийг урлагийн талбар болгож, үзэгчидтэй шууд харилцдаг нэгэн өвөрмөц төрөл бий. Энэ бол перформанс арт буюу үйлдлийн урлаг юм.

“Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт бид перформанс артын хамгийн зоригтой, магадгүй хамгийн өвтгөм жишээ болох Йоко Оногийн "Cut Piece" бүтээлийг онцолж байна. Хүн чанар, итгэлцэл, нийгмийн далд төрхийг ямар ч шүүлтүүргүйгээр дэлгэн харуулсан энэхүү түүхэн туршилт таныг хүн төрөлхтний мөн чанарын тухай эргэцүүлэлд хөтлөх болов уу.

Бие махбод урлагийн талбар болох нь

Перформанс арт гэдэг нь уран бүтээлч өөрийн бие, дуу хоолой, цаг хугацааг ашиглан үзэгчидтэй нэгэн орон зайд амьд харилцаа үүсгэдэг урлагийн өвөрмөц төрөл юм. Уламжлалт урлагийн хэв маягийг үгүйсгэхээс илүүтэй хүний оршихуйг ямар ч нууж хаах зүйлгүй, чин үнэнээр нь дэлгэн харуулж, хил хязгаарыг нь тэлдгээрээ онцлогтой. Үзэгчид хөндлөнгийн ажиглагч байхаа больж, үйл явдлыг хамтран бүтээлцэх, тэр ч байтугай шийдвэр гаргах түвшинд оролцох боломжтойд энэ төрлийн гол үнэ цэн оршдог. Хүний мөс чанар, амьдралын үнэн, нийгмийн зөрчлийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр, яг тухайн мөчид нь мэдрүүлдэг нь перформанс артын гайхамшиг юм.

Йоко Оногийн ертөнц: Урлаг бол дуусаагүй зааварчилгаа

Йоко Оно “Cut Piece”: Хязгааргүй эрх мэдэл таныг хэн болгож хувиргах вэ? нийтлэлийн зураг

Йоко Оно бол 1960-аад оны урлагийн ертөнцөд шинэ салхи авчирсан нөлөө бүхий эрхэм билээ. Түүний үзэл баримтлалын гол цөм нь "дуусаагүй байдал" юм. Йоко Оно урлагийг уран бүтээлчийн гарт бэлэн болоод дуусчихдаг эд зүйл гэж үзээгүй. Харин ч үзэгч өөрийнхөө сэтгэмж, оролцоогоор тухайн бүтээлийг гүйцээж, амилуулах ёстой гэж үздэг байв. Тэрбээр алдарт "Grapefruit" номдоо уншигчдад хандаж олон сонирхолтой зааварчилгаа бичсэн байдаг нь ердөө л хүмүүсийг өөрсдөө бүтээгч болоосой гэсэн уриалга байсан гэдгийг судлаачид онцолдог аж.

Түүний энэхүү өвөрмөц сэтгэлгээнд өөрийгөө зориулах, юунд ч үл баригдах гэсэн дорнын гүн ухаан маш гүн шингэсэн байдаг. Йоко Оногийн хувьд урлаг бол бусдад чин сэтгэлээсээ барьж буй "бэлэг" юм. Харин "Cut Piece" үзүүлбэр бол энэхүү өгөөмөр сэтгэлийн хамгийн туйлширсан, зоригтой хэлбэр гэж хэлж болохоор. Оно үзэгчдэд хайч атгуулж, өөрийнхөө биед хүрэхийг зөвшөөрснөөрөө тэдэнд хязгааргүй эрх мэдэл өгсөн юм. Ингэхдээ тэрбээр ямар ч хориг тавилгүй, өөрийгөө бүрэн даатган үлдээсэн нь хүн бүрд хэрцгий байх уу, эсвэл нинжин байх уу гэдэг сонголтыг өөрсдөд нь үлдээж буй хэрэг байлаа.

Йоко Оно энэхүү бүтээлээ 1964 оноос хойш нийт таван удаа биечлэн толилуулсан байдаг. Киото хотоос эхэлсэн уг үзүүлбэр Токио, Нью-Йорк, Лондон, сүүлд 2003 онд Парис хотноо дахин тавигдсан юм. Сонирхолтой нь, хот бүрийн үзэгчдийн хариу үйлдэл өөр өөр байв. Киотогийн үзэгчид туйлын хүлээцтэй, болгоомжтой байсан бол Лондон болон Нью-Йоркийн үзэгчид илүү задгай, түрэмгий хандаж байсныг судлаачид онцолдог ажээ.

Хайч ба даашинз: Хүн чанарыг сорьсон туршилт

Йоко Оно “Cut Piece”: Хязгааргүй эрх мэдэл таныг хэн болгож хувиргах вэ? нийтлэлийн зураг

1964 онд Киото хотын "Ямаичи" танхимд Йоко Оно тайзны голд өөрийн хамгийн үнэтэй даашинзыг өмсөн, өмнөө том хайч тавиад суужээ. Тэрээр үзэгчдэд хандан, "тайзан дээр гарч ирээд, миний хувцаснаас өөртөө таалагдсан хэсгийг хайчилж ав" гэсэн заавар өгсөн юм. Ингэхдээ тэр үзэгчдээс өөр ямар нэгэн зүйл шаардаагүй бөгөөд өөрөө ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, чимээгүй суужээ. 

Үзүүлбэр эхлэхэд хүмүүс болгоомжтой хандаж, даашинзны зах эсвэл хормойноос хуруун чинээ жижиг хэсгийг хайчилж авч байлаа. Хүний орон зайг хүндэтгэх нийгмийн соёл, хүмүүжил нь тэднийг эхэндээ ийм төлөв даруу байхад нөлөөлжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам танхимын уур амьсгал эрс өөрчлөгдөж эхлэв.

Хүмүүс нэг нэгнийхээ үйлдлээс чимээгүй зөвшөөрөл авч, улам зоригжсоор сүүлдээ түүний дотуур хувцасны мөрийг таслах, биеийнх нь ойролцоо хайчаа заналхийлсэн байдалтай хүргэх зэрэг түрэмгий үйлдэл гаргаж эхэлжээ. Ялангуяа 1965 оны Нью-Йоркийн Карнеги танхимд болсон тоглолтын үеэр үзэгчдийн зан төлөв хяналтаас гарч, Йоко Оног уран бүтээлч биш, ердөө л нэг "биет зүйл" мэтээр харьцаж байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 30-60 минут үргэлжлэх энэ үйл явц нь хүний мөн чанар дахь нинжин болоод харгис талыг ямар ч засваргүйгээр илчилсэн юм.

Урлагийн цаадах утга: Нийгмийн толь ба феминист шүүмжлэл

"Cut Piece" үзүүлбэрийн далд утга санааг урлаг судлаачид хоёр үндсэн өнцгөөс тайлбарладаг. Тухайлбал, Йоко Оногийн уран бүтээлээр дагнан мэргэшсэн, урлагийн түүхч Кевин Конканнон 2000 онд хийсэн судалгаандаа үүнийг “бэлэглэхүй ба золиосын тухай гүн ухаан” хэмээн тодорхойлсон юм. Түүний үзэж буйгаар Оно өөрийгөө ямар ч хамгаалалтгүйгээр бусдад даатгаснаар үзэгчдийн дотор нуугдаж буй сайн, муу чанарыг нэгэн зэрэг өдөөн гаргаж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний мөн чанарыг сорьсон туршилт байв.

Йоко Оно “Cut Piece”: Хязгааргүй эрх мэдэл таныг хэн болгож хувиргах вэ? нийтлэлийн зураг

Нөгөө талаас, орчин үеийн урлагийн нэрт онолч, перформанс артын мэргэжилтэн Кристин Стайлз нийгэм дэх эмэгтэй хүний эсрэг далд хүчирхийллийг илчилсэн феминист шүүмжлэл хэмээн үздэг байна. Үзэгчид Оногийн хувцсыг хайчлах тусам түүнийг “хүн” гэж харахаа больж, ердөө харьцаж болох “эд зүйл" мэтээр хандаж эхэлснийг тэрээр онцолсон. Хүнд хязгааргүй эрх мэдэл, хяналтгүй боломж олгоход хувь хүн хэрхэн хувирч болдгийг энэ бүтээл нийгмийн толь мэт тусган харуулжээ.

Урлагийн түүхэн дэх арилшгүй мөр

Йоко Оно “Cut Piece”: Хязгааргүй эрх мэдэл таныг хэн болгож хувиргах вэ? нийтлэлийн зураг

"Cut Piece" яагаад ийм үнэ цэнтэй вэ гэж үү? Хариулт нь үзэгчдийн гарт үлдсэн даавууны өөдөснүүдэд нуугдаж байдаг. Үзүүлбэрийн төгсгөлд Йоко Оно нүцгэн шахуу үлдсэн ч тэр ялагдагч биш. Харин үзэгчид өөрсдийн гаргасан сонголтын өмнө "нүцгэн" үлддэг. Хүн болгон өөр өөрийн хувийг хайчилж аваад явсан ч тэдний гарт үлдсэн тэрхүү өөдөс тухайн үзэгчийн хүн чанарын хэмжүүр юм. Соёлтой, боловсон дүр төрхийн цаана ямар нэгэн хяналтгүй эрх мэдэл ирэхэд бид хэн болж хувирах вэ гэдгийг харуулснаараа энэ бүтээл урлагийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн билээ. Төгсгөлд нь эрхэм уншигч танаас асуухад, хэрэв та тухайн үед тэр танхимд хайч бариад зогсож байсан бол сонголт тань ямар байх байсан бэ? 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
Йоко Оно “Cut Piece”: Хязгааргүй эрх мэдэл таны... | Posted