Хиймэл оюун ухааны хөгжил хөдөлмөрийн зах зээлд шинэ өөрчлөлт авчирч, үүнийгээ дагаад залуучуудын ажлын байрны үүрэг, хариуцлага хүртэл дагаад өөрчлөгдөж байгаа аж. Өмнө нь шинэхэн төгсөгчид мэргэжлийнхээ суурь ур чадварыг эзэмшиж, туршлага хуримтлуулах замаар карьераа эхлүүлдэг байсан бол өнөөдөр ихэнх залуу ажилчид ажлынхаа ихэнх цагийг хиймэл оюун удирдах, тэдгээрийн гаргасан үр дүнг шалгахад зарцуулах болжээ. Жишээлбэл, BBC-ийн мэдээлснээр, Англи улсын Лондонд төвтэй “Fight or Flight” олон нийттэй харилцах агентлагт ажилд орсон Лотте Андервуд маркетингийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсныхаа дараа тус байгууллагад “AI associate” буюу хиймэл оюун ухааны зохицуулагч хэмээх шинэхэн ажлын байранд ажилд орсон байна. Тэрбээр AI-аар дамжуулан хэрэглэгчийн судалгааг гаргах, тайлан боловсруулах, хэвлэл мэдээллийн мэдээ, нийтлэл зэргийг бэлтгэх, шалгах зэрэг ажлыг гүйцэтгэн багтаа дамжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, Андервуд өөрөө бүх ажлыг хийхээс илүүтэй AI ашиглан ажлаа хэрхэн зөв, үр дүнтэй гүйцэтгэхэд анхаардаг гэсэн үг.
Мөн 24 настай шинэхэн төгсөгч Диллан Пател бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн ч одоо ажилладаг компаниадаа хиймэл оюун ухаанд суурилсан байгууллагын дотоод чатбот хөгжүүлэх ажил хийдэг гэнэ.Тус чатбот нь тэтгэвэрт гарах гэж буй туршлагатай ажилтны хуримтлуулсан мэдлэгийг байгууллагад хадгалж үлдэх зорилготой бөгөөд тэрбээр одоо баг тус бүрд зориулсан хиймэл оюуны агент хөгжүүлэхийн зэрэгцээ олон дахин давтагддаг, хүний гараар гүйцэтгэдэг ажлуудыг хэрхэн автоматжуулах боломжтойг тодорхойлдог ажил хийдэг болжээ.
Ийнхүү хиймэл оюун ухаан бидний ажлын байрыг булаана гэхээс илүү ажлын байранд тавигдах ур чадварын шаардлагыг өөрчилж байна. Зөвхөн мэргэжлийн ур чадвартай байх нь хангалтгүй болж, AI хэрэгслүүдийг зөв ашиглах, гарсан үр дүнг хянах, алдааг нь илрүүлэх, сайжруулах, байгууллагын бодит хэрэгцээнд нийцүүлэн хиймэл оюун ухааныг ажиллуулж сурах нь залуу мэргэжилтнүүдийн нэн тэргүүнд суралцах шаардлагатай ур чадвар болжээ. Тэгэхээр таны ажилд орохоор төлөвлөж буй байгууллагын анкетад “AI-ийн мэдлэгтэй юу?” гэх асуулт багтсан байж ч мэдэх юм.
Эх сурвалж: BBC